Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 02307

 

    А  ХХН-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01999 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХН-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдох

 Төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл, хууль зүйн үйлчилгээний зардал нийт 1 426 487 рубль буюу 41 168 415 төгрөг гаргуулах тухай,

Гэрээний урьдчилгаа төлбөр, алданги нийт 126 812 295 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нийгэмлэг нь М ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, А  ХХН нь тус компанийн захиалгаар Хөшигт олон улсын нисэх буудал хүртэлх гол шугам хоолойн урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах М  ХХК нь үйлчилгээний хөлс 3 042 850 рубль төлөх үүргийг тус тус хүлээсэн. А  ХХН-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохих ёсоор гүйцэтгэж М ХХК-д илгээсэн бөгөөд хүлээн авснаа тус компани 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр цахим албан бичгээр мэдэгдсэн. Үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.3.1-д зааснаар гүйцэтгэгчээс үзүүлэх үйлчилгээ дууссан тухай мэдэгдэл хүлээн авсны дараа 10 өдрийн дотор буюу энэ гэрээний 1.4-д заасан хугацаа дуусмагц үзүүлсэн үйлчилгээний үр дүнг судлан хүлээн авах, харин үзүүлэх үйлчилгээний үр дүнг муутгах гэрээний зөрчил буюу үзүүлсэн үйлчилгээн дэх өөр бусад дутагдал илэрвэл энэ тухай гүйцэтгэгчид нэн даруй мэдэгдэх үүргийг хүлээсэн боловч энэхүү хугацаанд үр дүнг хүлээн авах, эсвэл илэрсэн дутагдлыг засуулах арга хэмжээ аваагүй. Хариуцагч М  ХХК-аас 2015 оны 07 дугаар сарын 03-нд төслийн талаарх жагсаалт бүхий 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 192/5 тоот албан хүсэлтийг хүлээн авсан. Ийнхүү асуудлыг гаргаж тавих хугацааг сар гаруй хугацаагаар хэтрүүлсэн, ихэнх асуудал нь төлөвлөлтийн өнөөгийн үе шатанд нийцэхгүй байгаа зэргийг үл харгалзан бидний зүгээс түүний талаар 2015 оны 04-10/15 тоот албан тоотоор дэлгэрэнгүй хариу ба тайлбарыг гаргаж өгсөн. Гэрээ байгуулмагц үлдэгдэл 70 хувийг ажлыг гүйцэтгэл илгээсний дараа төлөхөөр тогтсон. М  ХХК-аас урьдчилгаа 30 хувь болох 912 855 рублийг зохих ёсоор, гэрээний үлдэгдэл төлбөрөөс 1 029 995 рублийг хугацаа хожимдуулж шилжүүлсэн боловч үлдэгдэл 1 100 000 рублийг төлөөгүй.

 Иймд М ХХК-аас үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 1 100 000 рубль, хууль зүйн үйлчилгээний зардал 220 000 рубль, алдангид 106 487 рубль, нийт 1 426 487 рубль буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 28,86 төгрөгөөр тооцон 41 168 415 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Монгол улсад шинээр байгуулагдаж байгаа Хөшигт олон улсын шинэ нисэх буудлын үйлчилгээнд зориулан 2016-2017 онд Буянт-Ухаа дахь агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх агуулах сумлах үйлчилгээ цогцолбороос Хөшигт олон улсын шинэ нисэх буудал хүртэл агаарын хөлгийн шатахууныг дамжуулах хоолойн барилга байгууламж байгуулах төслийг хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байсан. Ингээд М  ХХК нь төсөл барилгын ажлыг 2016 онд эхлүүлэхийн тулд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын А компанитай “Төлбөртэй үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-г байгуулсан ба гэрээгээр захиалагч нь гүйцэтгэгчээр Буянт-Ухаа дахь Шатахуун түгээх цэнэглэх цогцолбор агуулахаас Хөшигт олон улсын шинэ нисэх буудал хүртэл нефтийн бүтээгдэхүүн дамжуулах хоолойн барилга байгууламж байгуулах урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл /цаашид ТЭЗҮ гэх/-ийг боловсруулах ажлыг гүйцэтгүүлсэн. Гэрээний дагуу ТЭЗҮ боловсруулах ажил үйлчилгээний хөлсийг 3 042 850 рубль байхаар тохирч, үйлчилгээний хөлсийг дараах үе шаттайгаар төлөхөөр гэрээний 3.2 дах хэсэгт зааснаар үйлчилгээний хөлсний 30 хувийг талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш банкны 5 хоногийн дотор үйлчилгээний үнийн үлдсэн 70 хувийг үйлчилгээг хүлээн авсан өгсөн актад гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш банкны 5 хоногийн дотор гүйцэтгэгчид төлнө. Гэрээний дагуу манайх урьдчилгаа төлбөрийг төлсөн тул гэрээ баталгаажиж, хэрэгжиж эхэлсэн.

Тодруулбал, захиалагчаас үйлчилгээний хөлсний 30 хувь болох 912 855 рубль буюу 33 793 892,10 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, мөн гэрээний үйлчилгээний үр дүнг хүлээлгүй дахин урьдчилан ТЭЗҮ-г хүлээн авсан актад гарын үсэг зураагүй хэр нь гэрээний 35 хувьтай тэнцэх 34 793 468,33 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ханш 31,59 төгрөгөөр тооцоход 1 101 407.7 рубль  гүйцэтгэгчид шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, манай компани үйлчилгээг бүрэн хүлээн аваагүй өмнө нь үүргээ илүү биелүүлж, гэрээний 65 хувь буюу нийт 68 587 360,43 төгрөг төлсөн. Гүйцэтгэгч тал нь ТЭЗҮ-г эх хувиар нь биш цахим файлаар 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн. А компаниас манайд ирүүлсэн гадаад орос нарийн мэргэжлийн хэл дээр бичсэн 148 хуудас ТЭЗҮ-г манай МУ-ын ШУТИС-ийг төгссөн залуу инженерүүд шууд орчуулж, ойлгоход хүндрэлтэй байсан тул Оросод төгссөн инженер хүмүүсээр албан бус орчуулга хийлгээд ойлгоход, дараа нь тооцоог хянаж, бүрэн бүтэн, шаардлага хангах эсэхийг тогтоож, хариу өгөхөд бодитоор 1 сарын хугацаа зарцуулсан.

Манай талаас ТЭЗҮ-г чанарын шаардлага хангахгүй, мэдээлэл, өгөгдөл, тооцоолол дутуу, буруу гэж дүгнэж, засаж сайжруулах талаар гомдлыг гүйцэтгэгч талд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 155/15 тоот, 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 192/5 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн. Гэтэл А компаниас ТЭЗҮ-ийн дутагдлын талаарх манай мэдэгдлийг 10 хоногийн дотор 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор мэдэгдээгүй тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шалтаг хэлдэг. Мөн гүйцэтгэгч нь алдаатай, дутуу ТЭЗҮ ирүүлсэн алдаа дутагдлыг засаж өгөхөөсөө өмнө үлдэгдэл төлбөрийг бүрэн авсны дараа хийхээр тулган шаардаж, нэхэмжилсэнд гомдолтой байна. Уг нь гэрээ ёсоор бүрэн үйлчилгээ үзүүлсэн дараа үлдэх 70 хувь төлөгдөх ёстой байгаа.

Захиалагч талаас доорх үндэслэлүүдийн дагуу ТЭЗҮ-ийг засч сайжруулах, судалгааг нарийвчлан хийх, нэмж тодруулж тусгах, гомдлын шаардлагыг хүргүүлсэн боловч гүйцэтгэгчээс хүлээн авахаас татгалзаж, гүйцэтгэлийн шатанд хийгдэнэ гэсэн товч хариу тайлбар өгсөн. Манай компаниас гүйцэтгэгч талд 2015 оны 155/15 тоот, 2016 оны 192/5 тоот албан бичгүүдээр доорх утга бүхий алдаа дутагдлууд ТЭЗҮ-д байгаа тул гомдолтой байгаагаа мэдэгдсэн. Түрэлтийн алдагдлын үзүүлэлт нь тооцооны хэсгийн хамгийн дээд тэмдэглэгээний цэгийн хувьд 1400 м-ийн оронд 1620 м-ийн цэгийг авах ёстой байсан. Энэ тохиолдолд насосын хүчин чадлын үзүүлэлт өөрчлөгдөх ёстой. Үүнийг тооцоонд авч харгалзан үзэх ёстой бөгөөд насос сонгох үзүүлэлтэд шууд нөлөөлж стандартын бус тусгай захиалгын насос ч захиалах хэрэг гарч болзошгүй байгаа. ТЭЗҮ-д тооцоолсон насосын үзүүлэлт нь бүхэлдээ хуучин Зөвлөлтийн хаагдмал үеийн 1960-1980 оны шинжлэх ухааны үндсэн дээр 33 жилийн өмнө 1985 онд батлагдаж мөрдөж байсан норм үзүүлэлттэй дүйж байна. Өнөөдрийн орчин үеийн олон улсын өрсөлдөөнт жишиг, дэвшилтэт техник технологитой харьцуулж, оновчтой шийдэл гаргаагүй, 40-өөд жилийн өмнө зөвхөн СССР үед хэрэглэж байсан шугам хоолойн стандарт снип, зөвлөмжийг ТЭЗҮ-д шууд ашигласан. Орчин үеийн барууны өрсөлдөөнт бусад стандарт снип зэргийг огт ашиглаагүй, адил төстэй төхөөрөмж нь хамаагүй хэмнэлт, удаан эдэлгээтэй байгааг бодолцон, технологи, насосын сонголтын хувьд хослох саналуудын олон хувилбар гаргах ажлыг гүйцэтгээгүй.

Шугам хоолойн ашиглалтын горимыг зохиоход чиглэлийн газрын гадаргууг тооцоолж, хийгдвэл зохих шугаман краны зангилааны техникийн үзүүлэлт байхгүй. Төсөл хэрэгжих газар нутгийн орчны суурь судалгаа байхгүй. ТЭЗҮ-д тооцсон мэдээлэл нь хэт ерөнхий, хамааралгүй мэдээллүүдийг ТЭЗҮ-д хэрэглэсэн. Хэдийгээр манай компанийн зүгээс ТЭЗҮ-ийг мэргэжлийн зүгээс засч сайжруулж өгнө гэдэгт итгэж, гүйцэтгэгч талд 70 хувийн төлбөрийн тал буюу 35 хувийг урьдчилан төлсөн ба манайхаас ТЭЗҮ-тэй танилцаад тавьсан шаардлагын дагуу бүрэн дүүрэн үйлчилгээг үзүүлсэн тохиолдолд төлбөрийн үлдээд байгаа 35 хувийг гүйцээн төлөхөө илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл шаардлага хангасан чанартай ТЭЗҮ-ээ хүлээн аваагүйд гомдолтой байна.

Дээр дурдсан бүрэн бус, тодорхойгүй мэдээллээс үүдэн төслийг цаашид хэрэгжүүлэхэд ТЭЗҮ шаардлага хангахгүй гологдох байдал үүссэн, зураг төсөл хийх, техник тоног төхөөрөмж сонгох боломжгүй болж, 3 жилийн хугацаа алдаж, бидний бизнес, мөрөөдөл хохирч үлдсэн. Шүүхээс ТЭЗҮ-ийн дутагдлын асуудлаар шинжээч Л.Оросоог томилсон нь шүүхийн 11 асуултын 5-д нь манай гомдлыг зохих үндэслэл бүхий байгааг нотолсон, харин 4-н асуултын хариултад нь бид гомдолтой тайлбар гаргаж байна. Манай М  ХХК-ийн зүгээс дээрх А ба Б асуултын хариултыг хүлээн зөвшөөрөхгүй.

Бид захиалагчийн хувьд урьд нь дандаа ОХУ-ын насос тоног төхөөрөмжүүдийг ашиглаж ирсэн тул энэ 2 насос ямар чадалтай, ямар сайн болон муу талтайг мэдэх тул захиалагч нь гүйцэтгэгчийг ОХУ-ын болон дэлхийн түвшинд мэдлэгтэй гэж итгэж, мөнгө төлж өгсөн даалгавар бол үүнээс илүү олон улсын өрсөлдөгч орчин үеийн илүү дэвшилтэт сайн талтай тоног төхөөрөмж /насос/-үүдийг харьцуулан сайныг нь сонгож өгөхийг хүссэн. Гэвч гүйцэтгэгч хуучин зүйлээс илүү, шинэ зүйлийг мэдэхгүй байна. Шинжээч гэрээний 1-р хавсралтад заасан даалгаврыг уншиж үзээгүй бололтой бөгөөд зөвхөн өөрийн хуучин орос номын мэдлэгээр шүүхийн асуултад хандсан харагдаж байна. Шинжээч “Өөр орны ийм хүчин чадалтай насос сонгож ашиглах нь захиалагчийн сонголт юм” гэснийг үзэхэд Гэрээний 1-р хавсралт “Ажил гүйцэтгэх техникийн даалгавар”, “Ю.Үйлдвэрийн горим үндсэн тоног төхөөрөмж ба технологид тавих шаардлага” гэсэн хэсэгт “Техник-технологийн шийдэл нь адил төстэй обьектийг байгуулах дэлхийн туршлага дээр суурилсан, хамгийн бага тооны хүн хүчтэйгээр, ашиглалтын найдвартай байдлыг хангахуйц, ...шинэ гэгдэх техникийн шийдэл хэрэглэхийг бодолцсон байх ёстой", “Техник-технологийн шийдэл нь хөрөнгө оруулалт ба ашиглалтын зардлыг бууруулахыг бодолцсон, дэлхийн түвшинд нийцсэн байх ёстой" гэсэн тодорхой заалтууд байгаа. Гэвч эдгээр заалтыг гүйцэтгэгч ТЭЗҮ боловсруулахдаа мартсан, хайхраагүй байгааг шинжээч олж хараагүй. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний үнийг зөвхөн СНМ30-200 загварын насос ашиглахаар тусгасан, СНМ30-200 өөр байх боломжтой хувилбар сонгоогүй. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний үнийг Эрчим хүчний салбарын статистик мэдээлэл болон жишиг үнээр тооцоолон бодоогүй Иймд өөр гүйцэтгэгч болон өөр шинжээчийн баг томилж дүгнэх нь зүйтэй байна. Мөн шинжээч 2НК-Е65/35-240 гэсэн насосыг хаанаас гаргаж ирсэн нь ойлгомжгүй.

Гүйцэтгэгч болон шинжээч нарын аль алины үндэслэл болгосон 1985 оны 2.05.06-85 СНИП-ийг ОХУ-ын “Барилга, Орон сууц, Нийтийн аж ахуйн Агентлагийн 2012- 12-25-ны өдрийн 108/ГС тушаалаар “СП 36.13330.2012 СНиП 2.05.06-85*” гэсэн шинэ нэрээр шинэчлэн өөрчлөн батлагдсаныг мэддэггүй бололтой. Иймд гүйцэтгэгчийн тооцоолол нь бүрэн зөв гэхэд эргэлзээтэй байна. Бас бусад орны дэвшилтэт снип нормтой харьцуулсан хувилбарыг гаргаж дэлгэрэнгүй үзүүлээгүй. Шинжээч харин гал гарах эрсдэл, бусад олон төрлийн урьдчилан тооцоолж болдог, болдоггүй эрсдэлээс хамгаалах орчин үеийн мэдлүүдийг шаарддаг зарим орны стандарт, снипийг ашиглах нь илүү үр дүнтэй байсныг дурдах хэрэгтэй гэсэн нь захиалагчийн гомдол үндэслэлтэйг баталж байна. Шинжээч ажлыг цааш нь дүгнэхдээ зайлшгүй нэмж тооцох зарим үзүүлэлтүүдийг тооцсон тохиолдолд Хөшигт олон улсын нисэх буудал хүртэлх шатахуун дамжуулах гол шугам хоолойг угсрах боломжтой гэж үзлээ, гэсэн нь шинжээч ТЭЗҮ-г бүрэн бус учир дутагдалтай байгааг нотолсон байна. Шүүхээс маргаанд томилсон шинжээч нь ихэнх хариултыг мөн л хуучин 1985 оны снипээс өөр бусад 3-дагч орны тооцооны зүйлээр харьцуулж чадахгүй онолын болон олон улсын орчин үеийн түвшний шаардлагыг хангаж чадахгүй, зөвхөн 85 оны снип, өөрийн хуучин практикт би хийж байсан гэсэн байдлаар ихээхэн учир дутагдалтай дүгнэж байгааг шүүх анхаарах ёстой. Иймд өөр шинжээч томилох нь шаардлагатай байна.

Гүйцэтгэгч нь гэрээний 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.5 дэх заалт, зэрэг үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний 1.5-д зааснаар үйлчилгээг хүлээн авах-хүлээлгэн өгөх актад захиалагч буюу түүний бүрэн эрхт төлөөлөгч гарын үсэг зурсны дагуу үйлчилгээг үзүүлсэнд тооцно гэж заасан. Гэвч гүйцэтгэгчээс гэрээт ажил үйлчилгээг нарийн мэргэжлийн түвшинд чанартай боловсруулж, манайхаас гомдол гаргуулахгүй сэтгэлд нийцүүлсэн зүйл байхгүй захиалагч тал гомдолтой байгаа тул ТЭЗҮ-ийг хүлээлгэн өгөх, хүлээн авах актад талууд буюу манай талаас гарын үсэг зураагүй тул гэрээт ажил үйлчилгээ дууссан гэж боломжгүй. Нэгэнт захиалагч тал чанартай үйлчилгээг бүрэн хүлээн аваагүй тул гэрээний 4.4, 4.5-д заасны дагуу хоногт дутагдлыг бүрэн арилгах хүртэл 0,3 хувийн алдангийг гүйцэтгэгчид ногдуулан нэхэмжлэх эрхтэй. Гэрээний 2.4.1-т заасан захиалагчийн эрхийн дагуу урьдчилгаа төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэй.

Иймд А компани бидний итгэл найдварыг үгүй хийж, гүйцэтгэгч талд бүрэн бус нэмж тодорхойлох шаардлагатай мөн огт дурдаагүй мэдээлэл олон байгааг удаа дараа сануулж. хийж гүйцээж өгөхийг хүссэн боловч гүйцэтгэгч А компани үгүйсгэж хүлээн авахаас татгалзаж, гэрээнд заасан ажил үйлчилгээг чанартай бүрэн үзүүлээгүй, захиалагчийн аман болон бичгээр өгсөн зааврыг чанд мөрдөөгүй, гэрээнд заасан даалгавар нөхцөлөөр бүрэн сэтгэл ханамж олгох үйлчилгээг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй нь үнэн тул А компани нэхэмжилсэн нийт 41 168 415 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .Ганболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар, татгалзал, агуулгад дурдсан үндэслэлээр цахим файлаар ирүүлсэн дутуу ТЭЗҮ-ний чанар байдал, гүйцэтгэл, мэдлэгийн хүрээ, илүү сайн зүйл хийлгэж авах итгэл үнэмшил төрөхгүй байх тул бид дахин өөр сайн гүйцэтгэгч олж хийлгэх зайлшгүй шаардлагын үүднээс манай компани гэрээний 2.4.1-д заасан эрх болон Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д заасны дагуу гүйцэтгэгчид урьдчилан төлсөн 68 587 360,43 төгрөгийг нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний 4.4, 4.5-д зааснаар гүйцэтгэгч нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар гэрээт ажлыг бүрэн хүлээлгэн өгөөгүй 1119 хоног болсон тул гэрээний 4.4, 4.5-д зааснаар хоног тутам 0,3 хувийн алданги тооцоход 309 922 211,91 төгрөг болох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги 58 224 935 төгрөгийн хамт А  ХХН-өөс гаргуулж гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд ажил гүйцэтгэх техникийн даалгаврын 19 дүгээр зүйлд цахимд үр дүнгийн материалыг шилжүүлэхэд тавих шаардлагыг гүйцэтгэгч нь материалыг захиалагчид цахим хэлбэрээр гаргаж өгнө гэж заасан бөгөөд 10 хоногт гомдол саналыг хүлээн авч тухайн хоногтоо гомдлын талаар санал солилцох гомдол санал байхгүй тохиолдолд актаар хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байдаг. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч талаас 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2/10/15 дугаар гүйцэтгэсэн ажлын актад гарын үсэг зурах тухай албан тоот мөн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/10/15 дугаар гүйцэтгэсэн ажлын актад гарын үсэг зурах ба гэрээний ажлын тооцоо хийх тухай 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6/10/15 дугаар эвлэрэх ажлыг хэрэгжүүлэх тухай зэрэг гэрээний актад гарын үсэг зурах тухай шаардлагуудыг хүргүүлж байсан. Хариуцагч талаас зарим тохиолдолд хариу өгдөггүй, үндэслэлгүй тайлбар гаргаж захиалагчаас гэрээний актад гарын үсэг зурах үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-д зааснаар гүйцэтгэсэн ажлын  үр дүнг захиалагч хугацаанд хүлээж авах талаар заасан бөгөөд үүргээ биелүүлээгүй бол ажлыг хүлээлгэж өгсөнд тооцно гэх зохицуулалт байдаг. Гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгөх талаар удаа дараа шаардлага тавьсан боловч захиалагч хүлээж аваагүй. Энэ ТЭЗҮ-г хүлээж аваагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа хүлээж авсан талаар бичсэн.

Мөн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр М ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “Содмонгол” группийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж хүлээж авсан ТЭЗҮ-г танилцуулж, танилцуулсантай холбоотой 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1 029 995 рубль буюу гэрээний үнийн дүнгийн 35 хувийн үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн. Иймд ТЭЗҮ-г хүлээн аваагүй бол тухайн төлбөрийг шилжүүлэх боломж байхгүй. Энэ нь хариуцагчаас гаргаж өгсөн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 30 хувийг төлж, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 35 хувийг төлж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дахин 35 хувийг төлөх тухай шийдвэр гарсан боловч үлдэгдэл 35 хувь буюу 35 560 626 төгрөгийн гүйлгээг буцаасан байдаг.

  ТЭЗҮ-г хүлээж аваагүй бол орчуулгын газраар орчуулуулах боломжгүй мөн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 192/05 тоот, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 132/15 тоот, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15/1584 тоот “Сод монгол” группийн албан тоотууд хүлээж аваагүй ТЭЗҮ-д гарах боломжгүй. Бодит байдал дээр тухайн ТЭЗҮ-г ашиглаж ашигласныхаа дараа албан тоотууд явуулсан гэж үзэж байна. Техникийн даалгаврын 8 асуудалд 1400 мм-ийг авах ёстой байтал 1600 мм-ийг авсан гэх бөгөөд энэ нь зөрүү гаргаж байгаа талаар тайлбарладаг энэ талаар гэрээ болон техникийн даалгаварт байхгүй 1600 мм-ийг сонгосон нь ямар асуудалтай байгаа талаар татгалзаж байгаа үндэслэл эх сурвалж хэргийн материалд баримтаар байхгүй. Мөн насосын үзүүлэлт 33 жилийн өмнөх гэж ярьдаг бөгөөд 33 дараа ямар насосын үзүүлэлтийг хэрэглэдэг талаар тодорхойгүй энэ насосын сонгосноор ямар эрсдэл дагуулж байгаа нь нотлогдох ёстой. Ган яндангийн оронд хуванцар байх ёстой гэж тайлбарладаг бөгөөд үндсэн өгөгдөл болон бүх бичиг баримтад ган хоолойгоор хийлгэхээр тохиролцсон бөгөөд шүүхэд хуванцараар хийх ёстой гэж тайлбарладаг. Хуванцар хоолой байдаг үгүйг мөн нотлох ёстой. Ашиглалтын мэдээлэл байхгүй хэт ерөнхий гэж тайлбарладаг бөгөөд нарийвчилсан байдлаар заавар зөвлөгөө өгч байгаагүй.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт гомдол гаргах хугацаа 6 сар байна гэж заасан бөгөөд Гэтэл талууд гэрээгээр гомдол гаргах хугацаагаа 10 хоног гэж тодорхойлсон. Иймд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан хугацаа нь хамааралгүй, хариуцагч тал 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан нь гэрээнд заасан болон хуульд заасан гомдол гаргах хугацаагаа алдсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 353 дугаар зүйлд зааснаар доголдолтой гэж үзэж байгаа, хуульд заасан ямар доголдолтой байгаа нь тодорхойгүй биет байдлын доголдол байгаа гэж үзвэл үндсэн өгөгдлийг захиалагч талаас буюу М  ХХК нь гаргаж өгсөн бөгөөд доголдол гэх зүйл нь ажлын техникт багтаагүй гэрээнд ажлын тоо хэмжээ болон чанар, даалгавар зэргийг тодорхойлсон байдаг тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан биет байдлын доголдолд хамаарахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэлгүй мөн гэрээнээс татгалзаж байгаа болон гэрээг цуцалж төлбөрөө нэхэмжилж байгаа талаар тодорхойгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.4-т заасныг баримтлан хариуцагч М  ХХК-иас 41 168 415 /дөчин нэг сая нэг зуун жаран найман мянга дөрвөн зуун арван таван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А  ХХН-д олгож, А ХХН-д холбогдох 126 812 295 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч М  ХХК-иас 363 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А”ХХН-д олгож, нэхэмжлэгч “А” ХХН-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363 800 төгрөг, хариуцагч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500 890 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. М  ХХК нь төсөл барилгын ажлыг 2016 онд эхлүүлэхийн тулд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын А  компанитай төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулсан ба тус гэрээгээр захиалагч нь гүйцэтгэгчээр Буянт-Ухаа дахь Шатахуун түгээх цэнэглэх цогцолбор агуулахаас Хөшигт олон улсын шинэ нисэх буудал хүртэл нефтийн бүтээгдэхүүн дамжуулах хоолойн барилга байгууламж байгуулах техник эдийн засгийн үндэслэл /цаашид ТЭЗҮ гэх/-ийг боловсруулах ажлыг гүйцэтгүүлсэн. Гэрээний дагуу ТЭЗҮ боловсруулах ажил үйлчилгээний хөлсийг 3 042 850 рубль байхаар тохирч, гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар үйлчилгээний хөлсний 30 хувийг талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш банкны 5 хоногийн дотор, үнийн үлдсэн 70 хувийг үйлчилгээг хүлээн авсан. хүлээлгэн өгсөн актад гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш банкны 5 хоногийн дотор гүйцэтгэгчид төлөхөөр тус тус тохиролцож, гэрээ баталгаажиж, хэрэгжиж эхэлсэн. М  ХХК-аас урьдчилгаа төлбөрийн 30 хувь болох 912  855 рубль буюу 33 793 892,10 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, мөн гэрээний үйлчилгээний үр дүнг хүлээлгүй дахин урьдчилан ТЭЗҮ-г хүлээн авсан актад гарын үсэг зураагүй хэр нь гэрээний 35 хувьтай тэнцэх 34 793 468,33 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн.

Захиалагч компани үйлчилгээг хүлээн аваагүй мөртлөө үүргээ урьдчилан биелүүлж, гэрээний 65 хувь буюу нийт 68 587 360,43 төгрөгийг төлсөн. Гүйцэтгэгч тал ТЭЗҮ-г гарын үсэг, тамга тэмдэгтэй эх хувиар биш цахим файлаар 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн. А компаниас орос хэл дээр ирүүлсэн 148 хуудас бүхий нарийн мэргэжлийн нэр томъёотой ТЭЗҮ материалыг МУ-ын ШУТИС-ийг төгссөн инженерүүд шууд орчуулж, ойлгоход хүндрэлтэй байсан тул Орос улсад төгссөн инженер мэргэжилтэй хүмүүсээр албан бус орчуулга хийлгээд уншиж ойлгох, тооцоог хянах, манай компаний зүгээс тавьж буй шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалган тогтоож, үндэслэл бүхий хариу өгөхөд доод тал нь сарын хугацаа зарцуулсан. Бид А компанид найдаж, гэрээнд заасан төлбөрийн нөхцөлөөс урьдчилан илүү ихээр төлсөн байхад захиалагч бидний итгэлийг хөсөрдүүлж, чанаргүй, даалгавар дутуу, бүрэн бус, нэмж тодруулах зүйл ихтэй огт тусгагдаагүй, агуулгагүй, харьцуулсан судалгаа шинжилгээ хийгдээгүй, дутуу дулимаг тооцоо, алдаатай ирүүлсэн учраас манай зүгээс А компанид хандаж ТЭЗҮ-г чанарын шаардлага хангахгүй, мэдээлэл, өгөгдөл, тооцоолол дутуу, буруу гэж дүгнэж, засаж сайжруулах талаар гомдлыг гүйцэтгэгч талд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 155/15 тоот, 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 192/5 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн. /хх-19,20/

Мөн гүйцэтгэгч нь алдаатай, дутуу ТЭЗҮ ирүүлсэн алдаа дутагдлыг засаж өгөхөөсөө өмнө үлдэгдэл төлбөрийг бүрэн авсны дараа хийхээр тулган, гүйцэтгэлийн шатанд хийгдэнэ шаардаж нэхэмжилсэнд бид гомдсон. Захиалагч талаас доорх үндэслэлүүдийн дагуу ТЭЗҮ-ийн засч, сайжруулах судалгааг нарийвчлан хийх, нэмж тодруулж тусгах гомдлын шаардлагыг хүргүүлсэн боловч гүйцэтгэгчийн зүгээс хүлээн авахаас татгалзаж, гүйцэтгэлийн шатанд хийгдэнэ гэсэн тайлбар өгсөн.

Түрэлтийн алдагдлын үзүүлэлт нь тооцооны хэсгийн хамгийн дээд тэмдэглэгээний цэгийн хувьд 1400 м-ийн оронд 1620 м-ийн цэгийг авах ёстой байсан. Энэ тохиолдолд насосын хүчин чадлын үзүүлэлт өөрчлөгдөх ёстой. Үүнийг тооцоонд авч харгалзан үзэх бөгөөд насос сонгох үзүүлэлтэд шууд нөлөөлж, стандартын бус тусгай захиалгын насос ч захиалах хэрэг гарч болзошгүй байгаа. ТЭЗҮ-д тооцоолсон насосын үзүүлэлт нь бүхэлдээ Зөвлөлтийн хаагдмал үеийн 1960-1980 оны шинжпэх ухааны үндсэн дээр 33 жилийн өмнө буюу 1985 онд батлагдаж, мөрдөгдөж байсан норм үзүүлэлттэй дүйж байна. Өнөөдрийн орчин үеийн олон улсын өрсөлдөөнд жишиг дэвшилтэт техник технологи, стандартай харьцуулж, оновчтой шийдэл гаргаагүй 40-өөд жилийн өмнө зөвхөн СССР үед хэрэглэж байсан шугам хоолойн стандарт снип зөвлөмжийг ТЭЗҮ-д шууд ашигласан. Орчин үөийн барууны өрсөлдөөнд бусад стандарт снип зэргийг огт ашиглаагүй, орчин үеийн барууны адил төстэй төхөөрөмж хамаагүй хэмнэлт, удаан эдэлгээтэй байгааг бодолцон технологи насосын сонголтын хувьд хослох саналуудын олон хувилбар гаргах ажлыг гүйцэтгээгүй.

Шугам хоолой ашиглалтын горимыг зохиоход чиглэлийн газрын гадаргууг хэрэгжил газар нутгийн орчны суурь судалгаа байхгүй. Тухайлбал, орчны хур тунадас, хүйтний хэмжээ мэдээлэл байхгүй байгаагаас шугам хоолой газрын гүнд хэдэн метрт суурилуулах гэх мэт ашиглалтын аливаа мэдээллүүд бүрэн байхгүй. ТЭЗҮ-д тооцсон мэдээлэл нь хэт ерөнхий хамааралгүй мэдээллүүдийг ТЭЗҮ-д хэрэглэсэн. Гэрээний хавсралт  1.7-д заасны дагуу тээвэрлэлтийн оновчтой стратегийг тодорхой тусгаагүй, тээвэрлэлтийн олон хувилбарыг тооцож харьцуулж үзүүлээгүй шууд сонголт хийсэн. 1985 оны ЗСБНХУ-ын байгаль, газар шорооны ажпын тооцооллын стандарт ашигласан зэрэг хэт хуучин мэдээлэл хэрэглэсэн. М ХХК-ийн зүгээс ТЭЗҮ-г мэргэжпийн зүгээс засч. сайжруулж өгнө гэдэгт итгэж, Гүйцэтгэгч талд ажил хүлээн авсны дараа төлөх байсан үлдэгдлийн 70 хувийн төлбөрийн тал хувь буюу 35 хувийг урьдчилан төлсөн ба манайхаас ТЭЗҮ-тэй танилцаад, тавьсан шаардлагын дагуу бүрэн дүүрэн үйлчилгээг үзүүлсэн тохиолдолд төлбөрийн үлдээд байгаа 35 хувийг гүйцээж 100 хувь төлөхөө илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл шаардлага хангасан чанартай ТЭЗҮ-ээ хүлээн аваагүйдээ гомдолтой байдаг. Дээр дурдсан бүрэн бус тодорхойгүй мэдээллээс үүдэн төслийг цаашид хэрэгжүүлэхэд ТЭЗҮ шаардлага хангахгүй, гологдох байдал үүссэн, зураг төсөл хийх техник тоног төхөөрөмж сонгох боломжгүй болж 3 жилийн хугацаа алдаж, хохирч үлдсэн. Гэтэл гүйцэтгэгч нь алдаатай дутуу ТЭЗҮ ирүүлсэн алдаа дутагдлыг засаж өгөхөөсөө өмнө үлдэгдэл төлбөрийг бүрэн авсны дараа хийхээр хатуу тулган шаардалт хийж, үлдэгдэл төлбөрийг 100 хувь нэхэмжилсэнд захиалагч тал гомдолтой. Уг нь гэрээ ёсоор бүрэн үйлчилгээ үзүүлсний дараа, 2 тал гарын үсэг зурсан акт үйлдсэний дараа үлдэх 70 хувь төлөгдөх ёстой байгаа.

Шүүхээс ТЭЗҮ-ийн дутагдлын асуудлаар шинжээч Л.О-г томилсон нь шүүхээс тавьсан 11 асуултын 5-н асуултын хариу нь М ХХК-ний гаргасан гомдлыг нотолсон. Харин 4-н асуултын хариултад бид гомдолтой тайлбар гаргасан. “Мэргэван’’ ХХК-аас дээрх А ба Б асуултын хариултыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбартай. Гүйцэтгэгч нь ОХУ-ын хоёрхон насосыг харьцуулж тооцоо хийсэн байх бөгөөд уг хоёр насосын хувьд ачааллын тооцоолол нь мэдээж зөв хийгдсэн нь ойлгомжтой. Гэхдээ бид захиалагчийн хувьд урьд нь дандаа ОХУ-ын насос тоног төхөөрөмжүүдийг ашиглаж ирсэн тул энэ насосыг ямар чадалтай, ямар муу талтайг сайн мэдэх тул захиалагч нь гүйцэтгэгчийг ОХУ-ын болон дэлхийн түвшинд мэдлэгтэй гэж итгэж, мөнгө төлж өгсөн даалгавар бол үүнээс илүү олон улсын өрсөлдөгч орчин үеийн илүү дэвшилтэт, илүү олон сайн талтай тоног төхөөрөмж /насос/ -ыг харьцуулан сайныг нь сонгож өгөхийг хүссэн. Гэвч гүйцэтгэгч хуучин зүйлээс илүү шинэ зүйлийг мэдэхгүй байна. Шинжээч нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан даалгаварыг уншиж үзээгүй бололтой бөгөөд зөвхөн өөрийн хуучин орос номын мэдлэгээр шүүхийн асуултад хариулсан харагдаж байна. Шинжээч “Өөр орны ийм хүчин чадалтай насос сонгож ашиглах нь захиалагчийн сонголт юм” гэснийг үзэхэд гэрээний 1-р хавсралт “Ажил гүйцэтгэх техникийн даалгавар”, “Үйлдвэрийн горим үндсэн тоног төхөөрөмж ба технологид тавих шаардлага” гэсэн хэсэгт “Техник-технологийн шийдэл нь хөрөнгө оруулалт ба ашиглалтын зардлыг бууруулахыг бодолцсон, дэлхийн түвшинд нийцсэн байх ёстой” гэсэн тодорхой заалтууд байгаа. Гэвч эдгээр заалтыг гүйцэтгэгч ТЭЗҮ боловсруулахдаа мартсан, хайхраагүй байгааг шинжээч олж хараагүй. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний үнийг зөвхөн СНМ30-200 загварын насос ашиглахаар тусгасан, СНМ30-200 өөр байх боломжтой хувилбар сонгоогүй. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний үнийг Эрчим хүчний салбарын статистик мэдээлэл болон жишиг тооцоолон бодоогүй.

Иймд өөр гүйцэтгэгч болон өөр шинжээчийн бүрэлдэхүүнтэй баг томилуулах хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргасан боловч хүлээн аваагүй. Мөн шинжээч 2НК- Е65/35-240 гэсэн насосыг хаанаас гаргаж ирсэн нь ойлгомжгүй. Д асуултад Манай М ХХК-ийн зүгээс хариултыг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээч “...шугам хоолойг 1 м-т суулгахад харшлах зүйлгүй” гэсэн дүгнэлтээ тодорхой тайлбарлаагүй, Захиалагчийн зүгээс гэрээний хавсралтаар өгсөн техникийн даалгавартаа “...гадна агаарын температур -60 С-аас +33 С болоход ашиглалтын найдварт байдлыг хангах шинэхэн материал ба технологийг хэрэглэх” шаардлага тавьсан. Гэтэл Гүйцэтгэгч “...жилийн хамгийн хүйтэн сар Өвөл 1сар -21,6 С, жилийн хамгийн халуун зун 7 сар нь + 18,2 С” гэсэн 2 дугаар хавтаст хэргийн 78 дугаар хуудас хэт хуучирсан мэдээлэл ашигласан байдаг. Монгол улсын байгаль орчин мэдээллийн сан болон МУ-ын УЦУОСМХ-д тодорхой бодит мэдээлэл байдаг ч аваагүй. Мөн төсөл хэрэгжих газрын хөрсний байдал, газрын зургийг тодорхой зааж авалгүй, оросын эрдэм шинжилгээний академийн 60-70- аад оны монголын тухай ерөнхий мэдээлэлээс авсныг ТЭЗҮ зураг 1.3 харуулж байна. Нийт газар нутгийн 20 орчим хувийг хар хүрэн хөрс эзэлдэг энэ төслийн бүсэд хар хүрэн усан хувирмал хөрс байдаг. Хэрвээ Монгол орны эрс тэс уур амьсгалтай өвөлдөө хөрсөн дээрээ -50С хүрдэг, хөрсөнд шугам хоолойг дулаалгагүй, 1м гүнд суулгахад шатахууны царцалтас хамаарч кинематик зууралдлагыг өөрчлөлт, шугамын эсэргүүцэлд нөлөөлөх эсэхийг дэлгэрэнгүй тайлбарлаж дүгнээгүй.

Хүйтэн цаг агаарт зориулсан тусгай ган хоолойг ашиглана гэсэн бол ТЭЗҮ-н 4.2.2- Дамжуулах хоолойн шугаман хэсэгт заасан байна. Ж асуултад М ХХК-ийн зүгээс хариултыг хүлээн зөвшөөрөхгүй. Гүйцэтгэгч нь газар нутгийн өндөржилтийг Захиалагчийн өгсөн зураг төслийн дагуу хийсэн болохоос биш газар дээр нь ирж хяналтын хэмжилтүүд хийгээгүй. Тэгэхээр өндөржилтийг үнэн зөв тооцоолсон гэж үзэхгүй. Физик газарзүйн онцлогоороо Алтай болон Хангай-Хэнтийн бүс нутгуудын хоорондох шилжилттэй шинжтэй бөгөөд уулсын нурууд давамгайлсан байдаг. 3 асуултад М ХХК-ийн зүгээс хариултыг хүлээн зөвшөөрөхгүй. Гүйцэтгэгч нь ТЭЗҮ-д шугам хоолойн 1985 оны 2.05.06.-85 СНИП-ыг үндэслэж тооцоогоо хийсэн байдаг. Шинжээч нь ч энэхүү 1985 оны снипээр бодож дүгнэсэн бололтой. Гэтэл Гүйцэтгэгч болон Шинжээч нарын аль алины үндэслэл болгосон 1985 оны 2.05.06-85 СНИП-ийг ОХУ-ын “Барилга, Орон сууц, Нийтийн аж ахуйн Агентлагийн 2012- 12-15-ны өдрийн 108\ГС тушаалаар “СП 36.13330.2012 СНИП 2.05.06- 85” гэсэн шинэ нэрээр шинэчлэн өөрчлөн батлагдсаныг мэддэггүй бололтой. Иймд Гүйцэтгэгчийн тооцоолол нь бүрэн зөв гэхэд эргэлзээтэй байна. Шүүхээс маргаанд томилсон шинжээч нь ихэнх хариултыг мөн л хуучин 1985 оны снипээс өөр бусад 3-дагч орны тооцооны зүйлээр харьцуулж чадахгүй онолын болон олон улсын орчин үеийн түвшний шаардлагыг хангаж чадахгүй, зөвхөн 85 оны снип, өөрийн хуучин практик би хийж байсан гэсэн байдлаар ихээхэн учир дутагталтай дүгнэж байгааг анхан шатны шүүх анхаарах ёстой байсан. ТЭЗҮ-д эргэлзээтэй асуудлууд их байсан учир үүнийг ч шинжээчийн сүүлийн дүгнэлт баталж байсан учир өөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилох нь шаардлагатай байсан боловч шүүх хүлээн аваагүй. Мөн ТЭЗҮ-д заасан “Дамжуулах хоолой болон тоног төхөөрөмжийг угсрах ажлын төсөв” нь 9 жилийн өмнөх 2006 оны үнэлгээгээр тооцогдсон. /2 хавтасны 179 хуудас/.

Захиалагч нь шугамаар Олон улсын нисэх буудлыг нисэх онгоцны бүх төрлийн түлш керосин-аар хангахад зориулсан шугамыг бүтээн байгуулалтыг зорьсон. Гэтэл тоон мэдээллүүдийг хэрхэн яаж гарч ирсэн нь ойлгомжгүй учир гүйцэтгэгч болон бүрэлдэхүүнтэй шинжээчдийг багаар тусгйлан тайлбарлуулах ёстой байсан. Мөн 2 дугаар дугаар хавтаст хэргийн 102 дугаар хуудас ТЭЗҮ-н 36 дугаар хуудас 3.2 хүснэгтэнд Цахилгаан эрчим хүчний тооцоолол хийсэн байдаг. Энд заасан 2 хувилбарын өгөгдлүүдийн хоорондын ялгаа 4 дахин их байгааг ойлглохгүй байна. Уг нь хувилбаруудыг ойролцоо нөхцөлөөр сонгодог. Эдгээрийг нийтэд нь дүгнэж үзвэл Гүйцэтгэгч нь гэрээний 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.5 дах үүргээ биелүүлээгүй. Мөн  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 352 дугаар зүйлийн 352.2.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэл бүрджээ.

Иймд А компани гэрээнд заасан ажил үйлчилгээг чанартай бүрэн үзүүлээгүй, захиалагчийн аман болон бичгээр өгсөн зааврыг чанд мөрдөөгүй, гэрээнд заасан даалгавар нөхцөлөөр бүрэн сэтгэл ханамж олгох үйлчилгээг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй нь үнэн тул А ХХН-ийн нэхэмжилсэн нийт 41 168 415 төгрөгийг төлөхөөс татгалзсан.

Анхан шатны шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн материалаас харахад шинжээчийн дүгнэлт нь маш их эргэлзээг агуулж байгаа учраас мэргэжлийн тусгай мэдлэгтэй, шинжээчийн бүрэлдэхүүнтэй багаар ТЭЗҮ-г тайлбарлуулж, нэхэмжлэгч хариуцагчийн аль аль талын эргэлзээг гаргах байсан хэдий ч бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн аваагүй.

А компаний маргаад байгаа гомдлын шаардлага гаргах 10 хоног нь амьдралд хэрэгжих боломжгүй, алдаа дутагдалтай ТЭЗҮ-ээ гүйцэтгэлийн явцад залруулна гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг анхааран Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар тооцож болох байсан. Нэхэмжпэгч нь орос хэл дээрх 148 хуудас бүхий ТЭЗҮ-г орчуулахад 10 хоног хангалттай биш гэдгийг мэдсээр байж зориуд гомдлын шаардлага гаргах хугацаа опгоогүй, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, төлбөрөө эхэлж төлсний дараа бид алдаагаа заснаа гэж байгаа үйлдэл Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “Хэлцэпл хийх эорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж тооцож болох байсан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан бол сөрөг нэхэмжлэлийг ч хангах ёстой. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч  А ХХН нь хариуцагч М ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 41 168 415 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч М ХХК эс зөвшөөрч, гэрээнээс татгалзан, урьдчилгаа төлбөрт төлсөн 68 587 360 төгрөг, алданги 58 224 935 төгрөг нийт 126 812 295 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай 10/15 тоот гэрээгээр нэхэмжлэгч А ХХН  нь М ХХК-ийн шатахуун түгээх цогцолбороос Хөшигт олон улсын нисэх буудал хүртэл шатахуун дамжуулах гол шугам хоолойн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг гүйцэтгэх, хариуцагч М ХХК ажлын хөлсөнд 3 042 850 рубль төлөхөөс 1 942 850 рубль буюу 68 587 360,43 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй, харин ажлын үр дүн доголдолтой эсэх талаар маргасан байна.

Гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэгч нь чанарын доголдолгүй ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэж өгсөн эсэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, ажил гүйцэтгэгчид хөлс төлөх үүрэг үүссэн эсэх асуудал нь маргааны зүйл болжээ. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас талуудын хооронд маргаан үүссэн талаар шүүх зөв дүгнэсэн гэж үзнэ.

Хариуцагч тал нь ТЭЗҮ-г /2 х.х-ийн 67-209 дүгээр тал/ нэхэмжлэгч цахим файлаар ирүүлсэн ба мэргэжлийн хэллэгээр орчуулж, дүгнэлт гаргахад 10 хоногт багтаах боломжгүй, хугацаа  шаардагдсан, энэ талаархи гомдлыг 2015 оны 06 дугаар сарын 24, 2016 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн албан бичгүүдээр мэдэгдсэн гэж маргасныг нэхэмжлэгч ажлын даалгаварт тусгагдаагүй зүйлийг доголдол гэж үзэхгүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, шинжээчийн дүгнэлт дэх зураг төслийн шатанд хийх ажил манайд хамааралгүй гэж тайлбарласан байна.

Талуудын тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь ажлын тайланг цахим хэлбэрээр явуулсныг хариуцагч хүлээн авснаа үгүйсгээгүй тул ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзнэ.

Гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар талууд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацааг гэрээгээр өөрчлөн 10 хоног байхаар тохиролцжээ. Энэ тохиолдолд тухайн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх учиртай.

Хэдийгээр гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн  349.1 дэх хэсэгт заасан 6 сар, 1 жил, 3 жил гэсэн хугацааг хэрэглэж болох байсан боловч энэхүү зохицуулалт нь гэрээнд өөрөөр заагаагүй байгаа тохиолдолд хэрэглэгдэнэ. Тиймээс талууд гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх хэсэгт гомдлын шаардлага гаргах хугацааг 10 хоногоор тогтоосон байгааг хуульд харшлахгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно. Нэгэнт гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байгаа тохиолдолд Иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасан эрхийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Тэгэхээр гэрээний талууд ямар шаардлагыг хэрхэн гаргасан тухай асуудал нь гэрээгээр заасан хугацааны дотор гүйцэтгэгдэх учиртай. Иймд талуудын тохиролцсоны дагуу гэрээнд заасан хугацаанд шаардлага гаргаагүй байгаа тохиолдолд гомдол гаргасан гэж үзэх нь үндэслэл муутай юм.

Нөгөө талаар гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлын талаар захиалагч дахин шаардлага гаргахад 10 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэх байдал нөлөөлөхгүй гэж үзнэ. Тодруулбал, захиалсан ажлын гүйцэтгэлийн тодорхой төлбөр хийгдсэн байгаа тохиолдолд хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх, ажлын үр дүнгийн доголдлыг арилгуулахаар шаардах боломж байсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.4, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, шинжээч томилсон ажиллагаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Техник эдийн засгийн үзүүлэлтүүд: 27 км урттай нисэх онгоцны шатахуун дамжуулах зориулалттай бүтээгдэхүүн дамжуулах хоолой, 30-40 м3 хүчин чадалтай насосны станц, нисэх онгоцны шатахуун хадгалах резервуарын парк /2 х.х-ийн 211 дүгээр тал/ гэсэн зураг төсөл зохиох ажлын даалгаварт 3 үндэслэлээр тодорхой тусгажээ.

Харин зураг төсөл зохиох ажлын даалгаварт өгөгдсөн шаардлагууд тухайлбал: бүтээгдхүүний чанар, өрсөлдөх чадвар болон экологийн параметрүүдэд тавигдах шаардлагыг “Ашиглалтын найдвартай байдлыг хангасан хамгийн шинэлэг материал болон технологиудыг хэрэглэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норматив дүрэм журмуудад нийцсэн байгаль орчны экологийн шаардлагууд, төсөлд хэрэглэх технологийн болон техник эдийн засгийн онцлогуудын шаардлагад нийцсэн байх ёстой” гэж тодорхойлсон зэргээс үзэхэд талууд ТЭЗҮ-ийн маргаантай байгаа асуудлын талаарх нөхцлийг нарийвчилсан байдлаар тодорхойлж, тохиролцож чадаагүй гэсэн шинжээчийн тайлбар /3 х.х-ийн 101 дүгээр тал/, энэ талаархи нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

Хариуцагч нь ажлын үр дүн болох ТЭЗҮ-г хүлээн авснаа няцаагаагүй, тэрээр чанарын шаардлага хангаагүй болохыг нотлоогүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, албан бичгүүд /1 х.х-ийн 19-22, 23-29, 32 дугаар тал/, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэрээний үр дүн болох ТЭЗҮ-ийг доголдолтой гэж үзэхээргүй байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

  Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Гэрээний үр дүн болох ТЭЗҮ-ийг доголдолтой гэж үзэх үндэслэл буюу гүйцэтгэгч гэрээний үүргийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн /3 х.х-ийн 53 дугаар тал/ бөгөөд шинжээчийн дүгнэлттэй холбоотой нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байх шаардлагыг 1 х.х-ийн 9-38, 2 х.х-ийн 67-209 дүгээр талд авагдсан орчуулгын баримтууд хангажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлон, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд  үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01999 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.НАРАНЦЭЦЭГ

                                                   ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                               Д.БАЙГАЛМАА