Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 115/ШШ2022/0011

 

  

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

       Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэнд би тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /.../-ын ирүүлсэн, зөрчлийн холбогдогч ...ХХК-д 1000000 төгрөг /нэг сая/-ийн торгох шийтгэл оногдуулсан 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0087503 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол /Прокурорын дүгнэлт/-оор Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч /.../-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор дүгнэлтдээ: Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахмад ... ...ХХК нь галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн холбогдогч ...ХХК-д 0087503 дугаартай шийтгэлийн хуудсаар 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэснийг шалгалтын хүрээнд хянав.

Материалд цугларсан ...мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр ...ХХК-ийн Далангийн уурхай нь ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг гаргуулаагүй үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байна.

...ХХК-д Монгол улсын Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулжээ.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолын 3 дахь заалтаар Шийтгэлийг хуудас, маягт батлах тухай Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 194 дүгээр тогтоол хүчингүй болсонд тооцсон байх тул ...ХХК-д торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахмад ...ын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ...ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /.../-ын гаргасан дээрх дүгнэлт буюу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч ... нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зөрчлийн холбогдогч ...ХХК-д 0087503 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгийн торгох шийтгэлийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан хавсралт бүхий шийтгэлийн хуудас /хх-ийн 11-р хуудас/-аар оногдуулсан боловч Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолоор дээрх тогтоолыг буюу 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Шийтгэлийн хуудас, маягт батлах тухай Засгийн газрын 194 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байх тул уг үндэслэлээр ...ХХК-д торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар ирүүлсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын гомдол /дүгнэлт/-оор тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч /.../-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд,

Хариуцагчаас тус гомдол /Прокурорын дүгнэлт/-д 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ...ийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар бүхий эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтээр Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн ...ХХК-д оногдуулсан 0087503 дугаартай шийтгэлийн хуудсаар 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэснийг шалгалтын хүрээнд хянан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дахь заалтаар Шийтгэлийн хуудасны маягт батлах тухай Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байх тул ...ХХК-д оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон байна.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ...ийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар бүхий эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д заасан Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ... гэх үндэслэлд хамаарч байхын хамт, уг зөвшөөрөл нь бусад этгээдийн буюу зөрчилд холбогдогч ...ХХК-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /.../-ын гомдол /дүгнэлт/ дахь зөрчлийн холбогдогч ...ХХК-д 1000000 төгрөг /нэг сая/-ийн торгох шийтгэл оногдуулсан 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0087503 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч /.../-аас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч /.../-ийн зөрчлийн холбогдогч ...ХХК-д торгуулийн шийтгэл оногдуулсан 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0087503 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болсон үр дагавар үүсэж байгаа тул ...ХХК-аас 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Капитрон банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 12-р хуудас/-ээр Төрийн сан банкны 100060000955 тоот дансанд төлсөн торгуулийн шийтгэл болох 1000000 /нэг сая/ төгрөгийг буцаан гаргуулж ...ХХК-д олгох нь зүйтэй байх ба, хэрэв буцаан олгохгүй байх тохиолдолд тэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, ... шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмаар гаргуулан авах боломжтой болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /.../-ын гомдол /дүгнэлт/ дахь зөрчлийн холбогдогч ...ХХК-д 1000000 төгрөг /нэг сая/-ийн торгох шийтгэл оногдуулсан 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0087503 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч /.../-аас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар гомдол /Прокурорын дүгнэлт/ гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд заасныг баримтлан 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Капитрон банкны мөнгөн шилжүүлгээр Төрийн сан банкны 100060000955 тоот дансанд төлөгдсөн торгуулийн шийтгэлийн 1000000 /нэг сая/ төгрөгийг буцаан гаргуулж, ...ХХК-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЦЭНД