| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 181/2024/06438/И |
| Дугаар | 001/ХТ2025/00174 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2025/00174
Г.П-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Э.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/02995 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2025/01026 дугаар магадлалтай,
“М” ТӨХК-д холбогдох
Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.П нь хариуцагч “М” ТӨХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/02995 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “М” ТӨХК-д холбогдох Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,840,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.П-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2025/01026 дугаар магадлалаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/02995 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г.П-г “М” ТӨХК-ийн Статистик, мэдээлэл технологийн албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “М” ТӨХК-аас 21,727,596 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 266,588 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.П нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М” ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөж орон тоо хасагдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан нөхцөл байдал мөн боловч бид Г.П-д адил чанарын өөр ажлын байранд ажиллуулах боломжтой талаар мэдэгдсэн тухайд талууд маргаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүхийн “бүтэц орон тоо хасагдсан гэж үзэхгүй” гэх дүгнэлт хуульд нийцсэнгүй. Г.П сургалтын чөлөө авахаасаа өмнө Стаститик, мэдээлэл технологийн хэлтсийн даргаар өөр хүн томилогдсоныг мэдэж байсан.
Нэхэмжлэгч 2024.09.02-ны өдөр ажилдаа эргэж орох хүсэлт гаргаж, 2024.10.30-ны өдрийн гурван талт хорооны шийдвэрийг авч 2024.11.08-ны өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн. Магадлалд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.26-ны өдрийн 001/ШХТ2025/00912 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-н хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч Г.П нь хариуцагч “М” ТӨХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “...2011 оны 01 сараас эхлэн “М” ТӨХК-д маркетингийн менежерээр, 2012-2022 онд Хүний нөөцийн албаны менежер, 2022 оноос Х газарт Мониторингийн менежер, 2023 оноос Статистик, мэдээлэл технологийн албаны менежерээр тус тус ажилласан. “М” ТӨХК 2015 оноос БНСУ-ын **** нийгэмлэгтэй хамтран ажиллах, өөрийн ажилтнуудыг магистрын зэрэг олгох сургалтад хамруулж эхэлсэн ба миний бие 6 дахь удаагийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн Гүйцэтгэх захирлын 2023.08.10-ны өдрийн Б/353 дугаартай тушаалаар 2023.08.16-2024.09.30-ны өдрийг дуустал хугацаанд сургалтын чөлөөгөөр суралцаад 2024.08.16-ны өдөр ирсэн. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар ажилдаа эргэн орох хүсэлтээ 2024.09.02-ны өдөр гаргасан ч хариу өгөөгүй...” гэж тайлбарласан.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2023.08.13-ны өдрийн Б/353 дугаартай тушаалаар Г.П-д сургалтын чөлөө олгож, чөлөөтэй байх хугацаанд нь түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. Ажил олгогчийн зүгээс 2024.12.11-ний өдрийн 01/03-1882 дугаартай албан бичгээр Г.П-г Статистик, мэдээлэл технологийн хэлтэст мэргэжилтнээр томилох боломжтой талаар мэдэгдсэн. Гэтэл тус мэдэгдлийг хүлээж авсан атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй” гэж маргасан байна.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан тохиолдолд ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлагдсанд тооцох үндэслэл ажил олгогчид үүссэн боловч мөн хуулийн 60.4-т зааснаар адил чанарын өөр ажлын байранд мэргэжилтнээр томилох боломжтой талаар мэдэгдсэн, Г.П нь Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулна гэж маргаж байх тул ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй,... нэхэмжлэгч 2024.09.02-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргаж, Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.10.30-ны өдрийн 94 тоот шийдвэрийн хуулбарыг хавсаргаж шүүхэд 2024.11.08-ны өдөр хандаж, 2024.11.15-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “... Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглохоор заасан, Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн /1990 он/ 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг тайлбарласан бөгөөд хариуцагчийн зүгээс Г.П-н ажиллаж байсан орон тоог цөөрүүлсэн эсхүл хассан талаар нотлоогүй, шинээр бий болсон Э*** газрын Статистик, мэдээлэл технологийн хэлтэс нь өмнөх орон тоо, бүтцээс ямар ялгаатайг нотлоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажлын байр хасагдсан, цөөрсөн талаар хариуцагч тал ажилтанд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн гэх баримтгүй зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч ажилдаа буцаж орох хүсэлтээ 2024.09.02-ны өдөр өгсөн, сургалтын чөлөөний хугацаа 2024.09.30-ны өдөр дуусахаар байсан тул 2024.10.14-ний өдөр гурван талт хороонд гомдол гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэсэн дүгнэлт хийжээ.
11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг өөрөөр тайлбарлаж, ялгаатай шийдвэр гаргасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.
12.Г.П нь “М” ТӨХК-ийн Статистик, мэдээлэл технологийн албаны менежерийн албан тушаалд ажиллаж байхдаа 2023.08.16-ны өдрөөс 2024.09.30-ны өдрийг дуустал хугацаанд сургалтын чөлөөгөөр БНСУ-ын Их сургуульд **** бодлого, удирдлага зохион байгуулалт мэргэжлээр магистрын зэрэг горилон суралцахаар явсан, сургалтын хугацаа дуусахаас өмнө 2024.09.02-ны өдөр нэхэмжлэгч ажилд орох хүсэлтийг ажил олгогчид гаргасан, ажил олгогчийн зүгээс 2024.12.11-ний өдрийн 01/03-1882 дугаартай албан бичгээр түүнийг Статистик, мэдээлэл технологийн хэлтэст мэргэжилтнээр томилох боломжтой талаар хариу хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.
13.Ажилтан Г.П-н сургалтын чөлөөтэй байх хугацаа 2024.09.30-ны өдрөөр дуусгавар болохоос өмнө ажил олгогч түүний урьд эрхэлж байсан ажилдаа орох хүсэлтийг шийдвэрлээгүй тул тэрээр ****** дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024.10.14-ний өдөр гомдол гаргаж, гурван талт хорооны тэмдэглэлийг 2024.10.30-ны өдөр хүлээн авснаас хойш 2024.11.08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8-д тус тус заасан хугацаанд гомдол гаргасан байхад анхан шатны шүүх “... 154.2.1-д заасан 30 хоногийн дотор шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв болжээ.
Сургалтын чөлөөний хугацаа нь дуусаж, ажилтны ажилдаа орох тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа ажил олгогчийн эс үйлдэхүйг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай адилтган үзэх үндэслэлтэй.
14.Нэхэмжлэгч хуульд заасны дагуу ажлын байр нь хадгалагдаж байгаа гэж, хариуцагч бүтэц, орон тоо өөрчлөгдөж менежер гэх албан тушаал байхгүй болсон, нэхэмжлэгчийг сургалтын чөлөө авахаас өмнө хэлтсийн даргын албан тушаалд өөр хүн томилогдсон, энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан гэж маргасан.
14.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан тохиолдолд ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлагдсанд тооцож, энэ хуулийн 82 дугаар зүйлд заасан тэтгэмж олгоно” гэж, 60.4 дэх хэсэгт “Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна” гэж тус тус заасан.
Дээрх хуульд зааснаар ажил олгогч нь ажлын байр хасах, орон тоог цөөрүүлэх эрхтэй боловч ийнхүү хассан, цөөрүүлсэн нь бодитой тогтоогдсон байх, энэ талаар хуульд заасан журам баримталсан, мэдэгдсэн, шударга хандсан байх учиртай.
14.2.Т-н газрын 2023.07.20-ны өдрийн 379 дугаартай тогтоолоор “М” ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалт шинэчлэн баталсан ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан Статистик, мэдээлэл технологийн албыг Статистик, мэдээлэл технологийн хэлтэс болгон өөрчилж, орон тоог хэлтсийн дарга 1, статистикийн мэргэжилтэн 1, программ хангамжийн инженер 2, мэдээлэл технологийн инженер 1 байхаар тогтоосон байх боловч уг тогтоолоос өмнө буюу алба нь хэлтэс болж өөрчлөгдөхөөс өмнө хэдэн орон тоотой байсан, чиг үүрэг нь өөрчлөгдсөн эсэх, нэхэмжлэгчийн ажиллаж байсан менежерийн албан тушаал одоо ажиллаж байгаа хэлтсийн даргын албан тушаалаас өөр болохыг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 159 дүгээр зүйлийн 159.3-т тус тус зааснаар нотлох үүрэгтэй.
14.3.Гэтэл хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй буюу ажил олгогч байгууллагын өмнөх зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалт, Статистик, мэдээлэл технологийн албаны менежерийн болон хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж шүүхэд ирүүлээгүй.
Түүнчлэн, Г.П-д ажил олгогчийн санал болгож байгаа мэргэжилтний ажлын байр нь түүний ажиллаж байсан менежерийн албан тушаалтай адил чанарын буюу цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг нь ойролцоо түвшний ажлын байр болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байхаас гадна ажлын байр хасагдсан талаар түүнд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
14.4.Иймд “...албаны менежер нэршлийг хэлтсийн дарга болгож өөрчилснөөс өөр өөр чиг үүрэг өөрчлөгдөөгүй, орон тоо хасагдаагүй...” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байхад анхан шатны шүүх ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т заасан адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.
15.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль заасны дагуу үнэлж, хариуцагчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Г.П сургалтын чөлөө авахаасаа өмнө Стаститик, мэдээлэл технологийн хэлтсийн даргаар Я.Н томилогдсоныг мэдэж байсан...” гэж тайлбарлаж, гомдолдоо дурдсан байх боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасан “ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах” хугацаатай гэрээ байгуулах үүргээс ажил олгогчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2025/01026 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “М” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025.07.08-ны өдөр төлсөн 267,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ