| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0128/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/130 |
| Огноо | 2024-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/130
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Б.П,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Б-ын П-ид холбогдох 2428001840176 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэсвгэрт байрлах ... дүгээр байрны гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас О.Б-ын эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.П-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр орой 22 цагийн үед Д болон түүний найз охин Ттай хамт явж байсан. Ты найз залгаад Цийг найз залуу нь зодоод байна гэсэн учир бид гурав тэдний гэрт буюу ... дээр очсон. Очсон чинь П нь найз охиноо гараас нь чирээд гарч ирж байсан. Тэгээд найз охиноо машиндаа суулгах гээд чирээд явж байхад нь Д салгасан чинь П-ийн найз гэх хүүхэд машинаас бууж ирсэн. Д бид хоёрыг хориод явуулахгүй байсан. П нь гэнэт над руу дайрч эхлээд хоёроос гурван удаа цохисон. Харин дараа нь Д салгасан юм. П нь над руу дахин дайраад би эсэргүүцэл үзүүлэх гэсэн чинь Шагай гэх П-ийн найз хориод тэр хооронд П нь намайг мөргөж миний хамрыг мурийлгасан... Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Өргөдөл өгсөн дараа Пийн хамт эмнэлгээр явж хамрын мурий болон шаардлагатай эм тариаг авч өгсөн. Хэдэн төгрөг болсон талаар сайн мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй.” /хавтаст хэргийн 16-17 дахь тал/
Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед намайг машин бариад өг хүнтэй уулзаад ирье гэж П дуудсан. Би машиныг нь унаад ДЗ таун гэх байрны гадна очсон. Тэгээд П хүнтэй уулзана гээд орсон. Нээх удалгүй хоёр хүүхэдтэй гараад ирсэн. Тухайн хоёр хүүхэдтэй юм ярьж байгаад П нэгэнтэй нь зууралдаад байсан бөгөөд П нэгийг мөргөөд авсан. П-ийг нэг цохиод авсан. Тэр үеэр би очиж салгасан. Тэгээд нөгөө хоёр хүүхэд яваад 20 орчим минутын дараа 10 орчим хүүхдүүд ирээд Пийг зодоод байсан. П надад юм хэлээгүй, миний ойлгосноор тухайн хоёр эрэгтэй хүүхэд найз охинтой нь хамт байсан. Түүнээс болоод маргалдсан гэж бодож байгаа. Тухайн үед заамдаж байгаад нэг удаа нүүр хэсэгт нь мөргөж байхыг харсан. Бусдаар өөр юу болсон талаар сайн харж чадаагүй очоод салгаад нөгөө хоёр хүүхэд тэгээд яваад өгсөн.” /хавтаст хэргийн 23-24 дэх тал/
Насанд хүрээгүй гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 12-ны орой хэдэн цаг болж байсан талаар сайн санахгүй байна. Найз залуу Д-тай уулзаад сууж байхад Л залгаад Ц-ий найз залуу ирээд маргалдаад байна гэж хэлсэн. Тэгээд найз залуу Д-гийн хамт Хаан банкны хойд талын байр руу явсан. Явж байх замд Б гэх найз маань таараад хамт явсан. Тухайн Л, Ц нарын байсан байранд очиход П гэх Ц-ий найз залуу согтуу бололтой байсан. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй П нь Б-ыг цохиод байх шиг байсан. Тэгээд би тэнд Л, Ц хоёртой уулзаад юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед Быг юун залуу юм гээд тэгээд уурлаад цохиод авах шиг болсон. Хардаад тухайн маргаан болсон байх.” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед найз охин Ттай уулзаад байж байхад манай найз охины найзыг хүн зодоод байна гэж утсаар хэлсэн. Хэн хэлсэн талаар сайн мэдэхгүй найз охины хамт тухайн байгаа газар руу нь явсан. Тухайн үед Б замд таараад хамт явсан. Тэгээд Хаан банкны хойд байрны гадаа очтол П гэх залуу архи уусан байдалтай найз охинтойгоо маргалдаад байгаа бололтой байсан. Юу болсон талаар асуухад П та хоёр юу хийж яваа юм хэн юм гээд Б-ыг цохиод авсан. Тухайн үйлдлийг нь болиулаад найз охинтой нь юу болсон талаар асууж байх хооронд П нь Б-ыг зодсон байсан яаж зодсон гэдгийг хараагүй. Тэгээд би Б-ыг аваад явсан. Б 3 найзаа дуудаад тухайн П-ийн байсан газар болох Хаан банкны хойд байранд дахин очсон. Тухайн үед П зугтаад байсан. Цааш зугтах гэж байхад нь Б цамцны ар хэсгээс татаад унагааж байсан. Өөрөөр П-ийн биед халдсан зүйл байхгүй. Тэгээд нээх удалгүй цагдаа нар ирээд салцгаасан.” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч Д.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр манай гэрийнхэн хөдөө яваад ганцаараа хонохоос айгаад Ц гээд найзаа хамт хонооч гэж гуйсан. Ц ирээд орой хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. Ц-ий найз залуу гадаа чинь ирсэн гээд Ц уулзахаар гарсан. Тухайн үед орцонд уулзаж байсан. Тэгээд маргалдаад, хэрэлдээд байгаа юм шиг чанга чанга дуугараад байхаар нь найз Тд хэлтэл найз залуу Д мөн Б-ын хамт ирсэн. Тэгээд Ттай уулзаж байгаад гэр рүүгээ орсон.” /хавтаст хэргийн 35-36 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 12-ны орой найзындаа очиж хонохоор болсон. Тэгээд 22 цагийн үед найзындаа очоод байж байтал П гараад ир уулзъя гэж хэлсэн. Тэгээд гараад орцонд юм яриад сууж байтал Л намайг оръё гээд байсан. П харин надтай юм яриад байлгаад байсан. Гэтэл гаднаас хоёр танихгүй манай үеийн гэмээр хоёр эрэгтэй хүүхэд орж ирсэн. Тэр хоёр манай найзынх руу орох гээд байсан. Тэгээд П хардаад чи хэн юм яах гэж байгаа юм гээд байсан. Харин нөгөө хоёр банди нь юу ч дуугарахгүй сонин хараад байсан. Тэгээд П алгадаад зодолдоод байсан. Тэгээд зодолдоод байхаар нь Л бид хоёр гэр рүү нь орсон. Нэлээд байж байгаад гараад очтол нэлээд олон банди нар ирсэн П-г зодоод байсан. Тэгээд би цагдаа дуудлаа гэсэн тараад явцгаасан.” /хавтаст хэргийн 39-40 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 342 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “О.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид түүний эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. О.Б-ын биед учирсан хохирол гэмтэл нь хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 46-47 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.П-ийн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.П-ийн биед үүссэн гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.” /хавтаст хэргийн 52-53 дахь тал/
Хохирогч О.Б-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 9 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/
Б.П-ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 63-73 дахь тал/.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.П-ид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн зүгээс хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна гэх тайлбарыг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэсвгэрт байрлах ... дүгээр байрны гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас О.Б-ын эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт насанд хүрээгүй хохирогч О.Б /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, гэрч П.А /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, насанд хүрээгүй гэрч Б.Т /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, насанд хүрээгүй гэрч А.Д /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Д.Л /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, насанд хүрээгүй гэрч М.Ц /хавтаст хэргийн 39-40 дэх тал/ нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 342 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, насанд хүрээгүй хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.П-ийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Бын эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 342 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.П, насанд хүрээгүй хохирогч О.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.П нь насанд хүрээгүй хохирогч О.Бын эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд насанд хүрээгүй хохирогч О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй.” /хавтаст хэргийн 16-17 дахь тал/ гэж мэдүүлсэн ба шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг болон Хаан банкны гүйлгээний баримт /хавтаст хэргийн 81 дэх тал/-аар шүүгдэгч нь хохирогч О.Б-д 420,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.П-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь торгох ялыг биелүүлэх боломжтой гэх тайлбарыг гаргав.
Шүүгдэгч Б.П нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас хөнгөн буюу торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ид шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б-д 420,000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.П нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овгийн Б-ын П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б-д 420,000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ