Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/132

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Арсланбаатар,  

Шүүгдэгч Т.Э,    

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                   

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Т-ийн Э-д холбогдох 2428001630151 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт:     

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Т.Э нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өглөөний 09 цагаас 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн Хөвүү зочид буудлын хүлээн авагчаар ажиллаж байхдаа тухайн байгууллагын нэг өдрийн орлого болох 488,000 төгрөгийг өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.               

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Э-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 05 дугаар сарын 10-ны өдөр ажилд орохоор уулзаад 11-нд ресепшинээр ажилд орсон. 15-нд манай хүүхдийн хонхны баяр болох байсан учраас мөнгө хэрэгтэй болохоор нь бэлэн мөнгөний сугалаа аваад алдсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 11-ний хугацаанд ресейпшиний ажил хийж байсан Т.Э нь 05 дугаар сарын 10-ны 18 цагийн үед 2 өрөөний төлбөр болох 448,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансандаа авч манай буудалд 448,000 төгрөгийн хохирол учруулсан. Манай байгууллага нь пос машин болон бэлэн, мобайл гэсэн гурван хувилбараар орлогоо авдаг. Тухайн үед Э-гийн өмнө гарсан ресейпшн нь өглөө ээлж хүлээлцэж дадлагажуулахдаа бүх зүйлийг тайлбарлаж өгсөн. Дэвтэр дээр бичсэн Голомт банкны данс болон текэн дээр байрлуулсан данс ил харагдаж байгаа. Тухайн үед тэр талаар хангалттай мэдээлэл авсан байсан. Байгууллагын орлого хувийн дансандаа авсан бол тэр өдөртөө мэдэгдэхгүй цааш зарлага хийсэн байсан. Тухайн үед мэдэхгүй байсан бол менежерийн утсыг мэдэж байсан. Асуух зүйл байвал менежерээс асууж байгаарай гэж хэлж байсан. Надад тэгээд худал яриад өглөө өгнө гэж хэлээд байсан. Маргааш өглөө ирэхэд нь мөнгөө асуутал 1 дэх өдөр өгнө гэж хэлсэн. Тэр цагаас хойш худлаа шалтага хэлээд мөнгөө өгөхгүй яваад байгаа. Тухайн алдагдсан мөнгөө олж авмаар байна.” /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

Гэрч Ж.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 9 цагийн үед шинээр ажилд орсон Э гэх эмэгтэй надаас ресейпшний ээлж хүлээлцэхээр ирсэн. Би өдрийн 13 цаг хүртэл өрөөнүүдийг нь цэвэрлэж өгөөд мэдэх ёстой зүйлүүдийг хэлж өгөөд явсан. Маргааш өглөө нь дахиад би гарахаар болсон манай ээлжийн хүн чөлөө аваад явсан байсан. Тэгээд Э-аас ээлжээ авсан. Тухайн үед Э-ы ээлжин дээр нэг ортой 2 өрөөнд хүн орсон байсан. Мөн ундаа, ус зэргийг зарсан байсан. Тухайн мөнгийг ээлж хүлээлцэхэд менежерт өгсөн гэж хэлсэн. Тэгээд ажилдаа тэрнээс хойш ирээгүй. Тухайн үед би буудлын мөнгийг өөрийнхөө дансанд авсан байсан талаар мэдээгүй.” /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

Шүүгдэгч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл ... буудалд ресейпн хийсэн. Анх гарч байсан болохоор өрөөнүүдийг нь цэвэрлээд цагаан хэрэглэлийг угааж индүүдсэн. Таныг гараатай бүх өрөөнд хүн орсон. Тухайн өдөр 2 өрөөний тооцоо хийнэ гээд тухайн дансыг мэдэхгүй өөрийнхөө дансанд авсан. Үлдсэн 6 өрөөний хүн нь гарахдаа тооцоогоо хийнэ гэж байсан.” /хавтаст хэргийн 32-33 дахь тал/    

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/ 

Т.Э-гийн Хаан банкны ... тоот дансны хуулга /хавтаст хэргийн 55 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дэх тал/,

Т.Э-ы хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 39-49 дэх тал/

Хохирогч Э.А-ын Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 139 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.  

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээж байна, ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна, хүний эд зүйлийг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг ойлгож ухаарч байна гэх тайлбарыг  гаргав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.Э нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өглөөний 09 цагаас 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн Хөвүү зочид буудлын хүлээн авагчаар ажиллаж байхдаа тухайн байгууллагын нэг өдрийн орлого болох 488,000 төгрөгийг өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч завшсан нөхцөл байдал тогтоогдож байна. 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ы хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, гэрч Ж.З-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/, Т.Э-гийн Хаан банкны ... тоот дансны хуулга /хавтаст хэргийн 55 дахь тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хууль зүйн ойлголтоор “Завших” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.  

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас үзвэл Т.Э нь “...” ХХК-ийн “Хөвүү” зочид буудлын хүлээн авагчаар ажиллаж байхдаа тухайн байгууллагын итгэмжлэн хариуцуулан үлдээсэн нэг өдрийн орлого болох 488,000 төгрөгийг өөрийн хэрэгцээндээ захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.  

“...” ХХК-ийн Хөвүү зочид буудлын хүлээн авагчаар ажиллаж байхдаа тухайн байгууллагын нэг өдрийн орлого болох 488,000 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг завшиж хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Шүүгдэгч Т.Эы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ад 488,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс “...488,000 төгрөг 414055252 данс руу шилжүүлсэн, хохиролгүй болсон тул Э-д гомдолгүй.” гэх өргөдөл /хавтаст хэргийн 139 дэх тал/-ийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.               

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх буюу 3,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд торгуулмаар байна гэх тайлбарыг гаргав.     

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 488,000 төгрөгийн хохирол, төлбөрийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Э-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, бага насны 3 хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь шүүхээс оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.      

Бусад асуудлаар. 

Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А-д 488,000 /дөрвөн зуун наян найман мянга/ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Т.Э нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:      

1. Шүүгдэгч Б овгийн Т-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь шүүхээс оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А-д 488,000 /дөрвөн зуун наян найман мянга/ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ