Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 150/ШШ2022/00044

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0-р баг, Гавшгай 00-р байр, 00 тоотод оршин суух, Боржигон овогт ******* /ВЕ--ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0-р баг, Гавшгай 00-р байр, 0 тоотод оршин суух, Шар овогт ******* /ТГ-/-д холбогдох

 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр намайг хотод байхад манай нөхрөөс мөнгө байна уу гэхэд байхгүй гэсэн байсан. Намайг 550,000 төгрөг зээлдүүлээч 2 хоногийн дараа өгнө, би танд хүүтэй нь өгнө гэхэд надад мөнгө байхгүй гэсэн. Яаж ийгээд олоод өгөөч гэхээр нь би дүү рүүгээ яриад мөнгө шилжүүлсэн. 2 хоног байтугай сар гаран болсон. Хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү гэж 80,000 төгрөг өгсөн. Би хүүтэй нь өгнө гэж явсаар байгаад 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг над руу шилжүүлсэн. Би 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дүүгийнхээ данс руу 100,000 төгрөг хийсэн. 11 дүгээр сарын 04-ны өдөр 130,000 төгрөг, 12 дугаар сарын 07-ны өдөр 30,000 төгрөг, 01 дүгээр сарын 22-ны өдөр 180,000 төгрөг, 3 дугаар сарын 16-ны өдөр 36,000 төгрөг,  4 дүгээр сарын 10-ны өдөр 25,000 төгрөг, 4 дүгээр сарын 17-ны өдөр 280,000 төгрөг, 4 дүгээр сарын 25-ны өдөр 122,000 төгрөг Цагааны Өлзий хамтран эзэмшигч нь Должинсүрэн гэж хүний данс руу би шилжүүлсэн. Дансны хуулгыг өчигдөр эх хувиар авчруулсан. Энэ хугацаанд мөнгөө өгөөч гэхэд эгчээ би танд өгнө, ямаа самнах гэж байна гэж худлаа ярьсан. Дарханд явж байна гэж худлаа ярьсан. Би өгчих байх гэж бодоод өдий хүрсэн. 5 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг өгөхдөө би танд 1,000,000 төгрөг өгнө тэрнээс илүү өгч чадахгүй шүү гэсэн. Эвлэрүүлэн зуучлах дээр ирээгүй. Би 500,000 төгрөгөөр тохиролцъё гэхэд тохиролцоогүй. Би дүүдээ хариуцагчийн өгсөн 500,000 төгрөг ороод 1,442,000 төгрөг өгсөн байна лээ. Одоо хариуцагчаас 942,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Эвлэрүүлэн зуучлахад 30,000 төгрөг төлсөн энэ мөнгө нэмэгдэнэ...” гэв.

Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би хариуцагчаас 560,000 төгрөг авсан нь үнэн. Эргүүлээд 580,000 төгрөг төлсөн. Хүү төлөх гэрээ хийгээгүй тул хүү төлөх шаардлага байхгүй гэж үзэж байна. Гэхдээ зээлийн хүүнд 300,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлахад төлсөн 30,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй...” гэв.

 

         Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлав.          

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 28,000 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 942,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн 30,000 төгрөг, нийт 972,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй тул хүү төлөх үндэслэлгүй гэж маргана.

Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч ******* хариуцагч *******т 560,000 төгрөг зээлдүүлсэн, хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 580,000 төгрөг буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж хуульчилсан.

Зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул зээлдүүлэгч хүү шаардах эрхгүй байна. Гэвч шүүх хуралдаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 330,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул  хариуцагчаас 330,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 642,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хариуцагч *******аас 330,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 642,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 28,550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 10,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор зохигч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА