| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 191/2025/00587/И |
| Дугаар | 001/ХТ2025/00175 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2025/00175
Ц.Б-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04612 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/01233 дугаар магадлалтай,
“Б” ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 45,866,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 45,866,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04612 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК-аас 45,866,452 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 387,283 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/01233 дугаар магадлалаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04612 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 2,456,712 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 43,409,740 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтад “... хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 387,283 төгрөг гаргуулж ...” гэснийг “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 54,257 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,283 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч “Х” ХХК-тай 2022.11.15-ны өдөр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн боловч жилийн дараа гэрээний үүрэг биелэгдээгүй тул хариуцагчтай 2023.11.15-ны өдөр ХО/46 дугаартай гэрээг шинээр байгуулсан. Учир нь, дээрх 2 компани нэг гүйцэтгэх удирдлагатай. Дээрх 2 гэрээний үүрэгт нэхэмжлэгч ямар нэгэн төлбөр огт буцаан аваагүй, гэрээний харилцаа үргэлжилсэн, нэхэмжлэлийн шаардлагаа шинэчлэн байгуулсан гэрээний дагуу шаардсан учраас энэхүү гэрээний дагуу төлбөр дахин төлөх үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх шинэчилсэн гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.1.Талуудын хооронд өр шилжсэнийг нотлох гэрээнүүдийг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд дээрх үйл баримт нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасантай нийцэж байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн эхний шаардлагыг “өр шилжүүлэн авсан гэж үзнэ” хэмээн дүгнээд хангаж шийдвэрлэсэн атлаа яг ижил нөхцөлтэй хоёр дахь шаардлагыг “өр шилжсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэн Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг өөрөөр тайлбарлан хэрэглэлээ. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-н хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.26-ны өдрийн 001/ШХТ2025/00914 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 45,866,452 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “...2023.05.29-ний өдөр ХО/05 дугаар, 2023.11.15-ны өдөр ХО/46 дугаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Эхний гэрээний үлдэгдэл төлбөр 2,456,712 төгрөг, хоёр дахь гэрээний үүрэгт 36,615,000 төгрөг, хүүгийн төлбөр 5,662,284 төгрөг, торгууль 1,132,456 төгрөг буюу нийт 43,409,740 төгрөг болсон. Иймд нийт 45,866,452 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... 2023.05.19-ний өдрийн гэрээгээр өөр компанийн 10,000,000 төгрөгийн өрийг шилжүүлэн авсан бөгөөд төлбөрийг бүрэн төлсөн, харин 2023.11.15-ны өдрийн гэрээний дагуу 36,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлээгүй тул хариуцагчид үүрэг үүсэхгүй” гэж маргасан байна.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ: “... Зохигч 2023.05.29-ний өдөр, 2023.11.15-ны өдөр тус тус Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан баримт хэрэгт авагдсан, хариуцагч 2022 онд 30,000,000 төгрөгийн өр шилжүүлэн авсан талаар маргаагүй, ...дээрх 2 гэрээний дагуу мөнгөө шилжүүлээгүйн улмаас талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж хариуцагч тайлбарласан ч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, ...талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хөрөнгө оруулалт, хүүгийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхөөр тусгасан тул нэхэмжлэл үндэслэлтэй” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...Талууд гэрээ байгуулахдаа хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тохиролцсон тул хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Гэвч хариуцагч 2,456,712 төгрөгийг төлсөн болохоо нотлоогүй тул үүнийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй, ...хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар хариуцагчид нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн ч үүнийг 2023.11.15-ны өдрийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэхгүй. Учир нь, нэхэмжлэгч 2022.11.15-ны өдөр “Х” ХХК-тай 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөнгийг хариуцагч “Б” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр тохирсон баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийн зүгээс “Х” ХХК-ийн зээлийг хариуцагч төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан ч өр шилжсэн талаар баримт байхгүй, ...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний мөнгөн дүнг шилжүүлээгүй учир үүрэг үүсэхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас 43,409,740 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно” гэсэн дүгнэлт хийжээ.
11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтад Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэх талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
12.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчийн хооронд байгуулсан 2023.05.29-ний өдрийн ХО/05 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээгээр “А” ХХК-ийн Ц.Б-тай байгуулсан 2022.05.19-ний өдрийн ЗГ/021 тоот зээлийн гэрээний “А” ХХК-ийн үүргийг хариуцагч “Б” ХХК нь шилжүүлэн авч, нэхэмжлэгч Ц.Б-д 10,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд жилийн 24,5 хувийн хүү тооцож буцаан төлөхөөр харилцан тохиролцсон, ХО/05 дугаартай гэрээ байгуулснаас хойш Ц.Б-н дансны хуулгаар 2022.05.19-ний өдөр 10,000,000 төгрөгийг “А” ХХК-ийн дансанд шилжүүлсэн,
-2023.11.15-ны өдрийн ХО/46 дугаартай Ц.Б, “Б” ХХК-ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр ЗГ/030 дугаартай гэрээний 36,615,000 төгрөгийг 7 сарын хугацаанд жилийн 26,5 хувийн хүү тооцож буцаан төлөхөөр,
-“Х” ХХК-ийн Ц.Б-тай байгуулсан 2022.11.15-ны өдрийн ЗГ/030 тоот зээлийн гэрээгээр 30,000,000, төгрөгийг 12 сарын хугацаатай 24,5 хувийн хүүг тооцож буцаан төлөхөөр харилцан тохиролцсон, энэ гэрээний дагуу 2022.11.23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022.11.15-ны өдөр 20,000,000 төгрөгийг “Б” ХХК-ийн дансанд шилжүүлсэн үйл баримт Ц.Б-н дансны хуулгаар тогтоогджээ.
13.Талууд дээрх байдлаар гэрээ байгуулагдсан талаар болон ХО/05 тоот гэрээний дагуу хариуцагч 10,000,000 төгрөгийг төлсөн, хүү 2,456,712 төгрөгийг төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй, харин ХО/46 тоот гэрээний дагуу “Х” ХХК-ийн өр шилжсэн эсэх талаар маргасан байна.
14.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заасан.
Мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.
15.Дээрх ХО/05 тоот болон ХО/46 тоот гэрээг “Хөрөнгө оруулалтын гэрээ” гэж талууд нэрлэсэн боловч өмнө нь нэхэмжлэгчийн бусад этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг буюу өрийг хариуцагчид шилжүүлэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон, агуулгаараа зээлийн гэрээний шинжийг агуулсан, хэн аль нь зээлийн гэрээ болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн өр шилжсэн эрх зүйн харилцааны талаар болон Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээ гэж үзсэн үндэслэлээ заагаагүй, ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй хууль хэрэглээний алдаа гаргасан байна.
16.Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, ХО/05 тоот гэрээний 3.1.4-т заасны дагуу хариуцагч “Б” ХХК нь “А” ХХК-ийн өрийг өөртөө шилжүүлж авсан болохыг зөв дүгнэсэн атлаа ХО/46 тоот гэрээгээр мөн өр шилжсэн эрх зүйн харилцаа үүссэнийг анхаараагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй, дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
17.Хэдийгээр ХО/46 тоот гэрээнд “Х” ХХК-ийн өрийг “Б” ХХК-д шилжүүлэх талаар тусгайлан тохиролцоогүй боловч нэхэмжлэгчийн “Х” ХХК-тай өмнө нь байгуулсан ЗГ/030 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Б-с “Б” ХХК-ийн дансанд шилжүүлсэн, ЗГ/030 тоот гэрээний үүрэг үндсэн зээл, хүүгийн төлбөр нийт 36,615,000 төгрөгийг ХО/46 тоот гэрээгээр “Б” ХХК нэхэмжлэгчээс зээлсэн агуулгаар гэрээний 3.1-д тусгасан, энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “...“Х” ХХК-ийн тооцооллыг Д.Д өөрийн “Б” ХХК-аар тооцоод 36,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн, энэ 2 компанийн хувьцаа эзэмшигч нь Д.Д...” гэсэн тайлбар зэргээс үзэхэд “Х” ХХК-ийн 36,615,000 төгрөгийн өр хариуцагчид шилжсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Өрийг шилжүүлэх замаар үүргийг гүйцэтгэвэл зохих этгээд солигдох нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх ашгийг хөндөх магадлалтай, үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадвартай буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгэх чадвартай эсэх асуудал үүсэж болох учраас үүргийг буюу өрийг шилжүүлэх хэлцэл хийхэд заавал үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөл шаардлагатай болдог.[1] Энэ утгаараа уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлэх шаардлага тавигддаг.
18.Харин талууд ХО/46 тоот гэрээнд “Х” ХХК-ийн өрийг шилжүүлэхдээ нарийвчилсан тохироо, бусад нөхцөлийг дэлгэрүүлж заагаагүй нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д нийцээгүй байхаас гадна 36,615,000 төгрөгийн дүнд үндсэн зээл, хүүгийн хамт багтсан байхад дахин хүү, анз тооцох нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус нийцэхгүй, энэ харилцаа нь гэрээг бүхэлд нь шилжүүлэх харилцаанаас ялгаатай.
Өөрөөр хэлбэл, ХО/46 тоот гэрээгээр нэхэмжлэгч нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэхээр, хариуцагч хөрөнгийг тухайн цаг хугацаанд шилжүүлэн аваагүй атлаа өмнө авсан зээлийн төлбөрт хүү тооцсон үнийн дүнд дахин төлөхөөр харилцан тохиролцсон тохиролцоо Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д нийцээгүй байх тул зохигчийн хоорондын ХО/46 хэлцлийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан өрийг шилжүүлж авсан хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагчийн үүргийг өрийг хүлээн авсан хэмжээгээр буюу 36,615,000 төгрөгөөр тооцно.
Дээр дурдсан үндэслэлээр талуудын байгуулсан 2023.05.29-ний өдрийн ХО/05 тоот гэрээний үлдэгдэл төлбөрт хариуцагчийн зөвшөөрсөн 2,456,712 төгрөг, 2023.11.15-ны өдрийн ХО/46 тоот гэрээний төлбөр 36,615,000 төгрөгийг нэмж нэгтгэн нийт 39,071,712 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/01233 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04612 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Б” ХХК-аас 39,071,712 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,794,740 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “... 387,283 төгрөг гаргуулж, ...” гэснийг “...353,308.56 төгрөг гаргуулж, ...” гэж тус тус өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид 2025.08.19-ний өдөр төлсөн 375,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Э.ЗОЛЗАЯА
[1] Ж.Оюунтунгалаг, Иргэний эрх зүй I Ерөнхий анги, 2.хэвлэл, х.174, (2024).