Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/131

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,   

Улсын яллагч Б.Арсланбаатар,    

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ц,

Шүүгдэгч Т.Б,      

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                   

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Т-ын Б-од холбогдох 2428001170166 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт:   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар нутагт ... гэр хорооллын хаяг нь тодорхойгүй задгай хашаанд хохирогч А.Ц-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, биед тархины доргилт, үс халцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээжний зулгаралт, баруун шуу, зүүн бугалга дахь цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Б-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Цэргийн баярын маргааш буюу 03 дугаар сарын 19-нд би найз Бийнд очсон. Тэгэхэд гэртээ байхгүй, хүүхдээ хөхүүлээд явж байна, их гэрээс ирээд авчих гэж хэлсэн. Очиход хүүхдээ эгчдээ хөхүүлчихээд явж байна, гэр рүү хүргээд өг гэхээр нь хүргэж өгсөн. Хүүхэд нь уйлаад байсан. Ээж нь яасан гэхэд уурлаад явсан гэж хэлсэн. Тэгээд ...ын тэнд айлд очиход уугаад сууж байсан. Би хараад 3 сартай хүүхдээ орхиод ууж байдаг, хүүхэд чинь уйлаад байж байна гэж 2-3 удаа хэлсэн. Би баруун орон дээр сууж байхад миний амьдрал чамд ямар хамаатай юм гээд ирээд алгадаад самардаад үсдэхээр нь би түлхсэн. Үсдэж шанаадаагүй. Айлын хүмүүс гарч хэрэлд гэхээр нь гэрээс гараад эгч нь араас чи миний дүүг яаж байна гээд үсдэж дарсан. Би өөрөө зодуулсан. Т салгаад би явсан гэв.

Хохирогч А.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ...ын тэнд айл руу Т залгаад хүрээд ир гэхээр нь очиход найзуудтайгаа байж байсан. Ороод пивоноос нь уусан. Зовлонгоо яриад сууж байхад Т утсаар яриад гараад явсан. Удалгүй Бтой хүрээд ирсэн. Б орж ирээд мэндийн хариу байхгүй байж намайг загнаад эхэлсэн. Арчаагүй царайлаад уугаад явлаа, хүүхэд чинь уйлаад байна гээд дайраад байхад нь би дуугүй байсан. Олон дахин хэлээд байхаар нь чамд ямар хамаатай юм гэхэд босож ирээд алгадсан. Би өмнөөс нь цохих гэж дайрсан. Булан руу намайг түлхээд унагасан. Тавилгын завсраар унахад үснээс татаад дээрээс цохисон. Тэгээд гараад явсан. Би араас нь гараад очиход манай эгч зууралдсан зогсож байсан. Би очоод зууралдахад намайг түлхэж унагаад, тэндээ цагдаа дуудаад учраа олъё гэхэд зугтаасан. Дуудлага өгөхөд цагдаа ирээд араас нь залгахад очиж чадахгүй арчаагүйгээсээ болж зодуулчихаад, очих шаардлага байхгүй, хохино гичий, янхан гээд байсан. Сүүлд сонсоход шөнөжингөө согтуугаар жолоо бариад уусан байсан. Би гэртээ хоноод маргааш нь очиж мэдүүлгээ өгсөн. Уучлалт гуйх болов уу гэж бодож байсан боловч ирээгүй, өмнөөс доромжлоод байсан. Би энэ нутгийн хүн биш. Намайг цагаагчийн янхан гэж их доромжилсон. Тэр бүгдэд гомдоод мэдүүлэг өгсөн. Одоо миний үс халзарсан байгаа. Ийм байдалтай хэцүү байна, бодоход гомдолтой байгаа. Б-той дотно харилцаатай хүн биш байхад очоод намайг дээрэлхэх шаардлага байсан ч юм уу?. Миний үс ийм болсон, нөхүүлэх арга байна уу?, яаж хохирол барагдуулах вэ?, хэдэн төгрөг өгчих гэхэд хувааж өгье гэхээр нь бөөн өгчих гэхэд чадахгүй гэж хэлсэн. Дараа нь өгчих гэхэд явдаг газраараа яв гэж хэлсэн гэв. 

Хохирогч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр 10 цагийн үед Т над руу залгаж юу хийж байна найз завтай бол хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би такси дуудаад ирэхгүй болохоор нь найз Энхбатаараар хүргүүлэн очсон. Би гэрт ороход хүмүүс архи уугаад сууж байсан. Би ороод хоёр пиво уучихаад гурав дахь пивоо уух гээд байж байхад Т гараад хүнтэй утсаар ярьж байгаад Быг дагуулаад орж ирсэн. Б чи одоо энд юу хийж байгаа юм, нялх хүүхэдтэй байж болимоор юм гэхэд би эхлээд чимээгүй байж байгаад дахин дахин асуугаад байхаар нь чамд ямар хамаатай юм би өөрийгөө мэдэж байна гэж хэлсэн. Тэгээд шууд босож ирээд намайг алгадсан. Тэгэхээр нь би цохих гээд гар далайхад миний гарыг бариад булан руу түлхэж унагаасан. Унасан дараа дээрээс өшиглөж, нүд рүү минь цохиж, үснээс зулгаасан. Тэгээд гэрийн эзэн нь гарч зодолд гэж хэлсний дараа бид хэд гэрээс гарсан. Т Б 2 машиндаа суугаад зугтах гээд байхаар нь би цагдаа дуудна гээд байж бай гээд цамцнаас нь татаж байхад цамц нь урагдаад би унахад Б Т хоёр машиндаа суугаад зугтсан. Тэгээд би цагдаа дуудаж цагдаа ирэхэд Б зугтаад явчихсан байсан тул намайг та гомдолтой байвал маргааш ирж гомдлоо гаргаж болно гэж хэлсэн. Би тэгээд маргааш нь ирж цагдаагийн газар гомдлоо гаргасан. /хавтаст хэргийн 27-28 дахь тал/      

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр би 2 хүүхэдтэйгээ аавындаа байж байсан. Б над руу ярьсан. Тэгээд аавындаа байна гэсэн хүрч ирсэн. Ирэхээр нь би 2 хүүхдээ аваад Б-той гэр рүүгээ явсан. Б тал хэрээний үлдсэн 1 шилтэй архи гаргаж ирээд бид хоёр аяганы дундуур хэмжээгээр нэг нэг уусан. Тэгээд надаас эхнэр чинь хаана байгаа юм гэж асуусан. Би Ттай хамт явсан гэж хэлсэн. Б хүнтэй утсаар ярьж байгаад Т тэр хэд антены тэнд байгаа гэнэ гэж хэлээд гараад явсан. Тэгээд Б явснаас нэг цаг орчмын дараа эхнэр залгаж “Тоорой намайг зодчихоод Т-тай хамт явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй гэрт ирсэн. Ирэхэд нь эхнэрийн минь үс нь уначихсан, нүүр хэсэгт нь шалбарсан байсан. Харанхуй болохоос өмнө бага зэргийн согтолттой бараг эрүүл байсан. Гэрээс гарахад ямар нэгэн ил харагдах шарх сорив байгаагүй.” /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би өглөө босоод 11 цагийн үед найз болох Өынд байна хүрээд ир гэж хэлсэн. Ойролцоогоор 30 минутын дараа ирсэн. Бид хэд 2.5 литртэй пиво 1 ширхэг, 0.75 литрийн хараа гэх нэртэй архийг аваад хуваагаад ууж байсан чинь 14 цагийн үед Цийн эгч О ирсэн, дараа нь 15 цагийн үед Б над руу залгаж “Хаана байгаа юм Ц байгаа юм уу?” гэж асуухад нь хаягаа зааж өгсөн. Б тэгээд хүрээд ирэхэд нь гэрт О, Ө, Ц, миний бие байж байсан. Б Ц-д ууртайгаар “Гэртээ очооч хүүхэд чинь уйлаад байна” гэж хэлсэн чинь Ц “Миний амьдрал чамд ямар хамаатай юм” гээд тэр хоёр маргалдаж байгаад Б гэрийн баруун талд сууж байхад Ц очиж алгадсан чинь Б Ц-г хүчтэй түлхэж Ц ойчсон. Тэр хоёрт Ө “Битгий гэрт зодолдоод бай зодолдох бол гадаа гарч зодолд” гэж хэлэхэд Ц, О, Б нар барьцалдаад гарсан. Би гутлаа өмсөөд гарахад тэр хоёр ямар ч байсан зодолдож байсан. Би очоод салгаж Быг машинд нь суулгаад аваад явсан... Би очиход нэгнийгээ үсдэж байсан ба Ц-гийн хацар дээр нь шалбарсан байсан, бусдын анзаарч хараагүй.” /хавтаст хэргийн 39-40 дэх тал/

Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр найз Б-тэй утсаар яриад уулзсан. Тухайн эхнэртэйгээ маргалдаад хүүхдээ эгч авчирч хөхүүлж байсан. Б, Ц хоёр 3 сартай хүүхэдтэй. Тэгээд манай найз болох Т намайг дуудсан. Тэгээд урд гол ... хороололд хаягийг нь сайн мэдэхгүй нэг айлд очсон. Тэгтэл Бийн эхнэр Ц, Т, О-т тэгээд айлын эзэн нь эдгээр хүмүүс архи уугаад байж байсан. Тэгээд би Ц-д 3 сартай хүүхэдтэй байж хүүхдээ хаяад архи уугаад явж болдог юм уу гэтэл миний амьдрал чамд хамаагүй гэж хэлээд над руу дайраад самардаад хувцас ураад байхаар нь өөрийгөө хамгаалах гэж түлхсэн. Тэгээд гэрээс гартал Ц дахиад над руу дайраад байсан чинь Т, Ц-г салгаад Т бид хоёр тухайн айлаас хамт явсан.” /хавтаст хэргийн 56-57 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.Ц-гийн биед тархины доргилт, үс халцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээжний зулгаралт, баруун шуу, зүүн бугалга дахь цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 49-50 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/

Шүүгдэгч Т.Б-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 70-75 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Бод холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.   

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч А.Ц нь шүүгдэгч Т.Б-оос баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна гэх дүгнэлтийг, хохирогчийн хувьд хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна, үсээ нөхүүлэх шаардлагатай тул гомдолтой байна гэх, шүүгдэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.Б нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар нутагт ... гэр хорооллын хаяг нь тодорхойгүй задгай хашаанд хохирогч А.Ц-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, биед тархины доргилт, үс халцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээжний зулгаралт, баруун шуу, зүүн бугалга дахь цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч А.Ц-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, гэрч А.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, гэрч Г.Т-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч Т.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ц-гийн биед тархины доргилт, үс халцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээжний зулгаралт, баруун шуу, зүүн бугалга дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/-ээр тогтоогдож байна.    

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Т.Б, хохирогч А.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Шүүгдэгч Т.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ц-гийн тархины доргилт, үс халцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээжний зулгаралт, баруун шуу, зүүн бугалга дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ц-гийн зүгээс шүүхэд хандан “баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй, үс халцралтыг эмчлүүлэх төлбөрийг барагдуулж авмаар байна. Сэтгэл санааны хувьд гомдолтой байгаа тул хохирол нэхэмжилнэ” гэх мэдүүлгийг өгөв.

Хохирогч А.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө зодуулсандаа гомдолтой байгаагаа илэрхийлсэн атлаа мөнгөн дүнгээр илэрхийлсэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, төлбөртэй холбоотой холбогдох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үс халцрал гэмтлийн хор уршиг арилаагүй гэх хохирогчийн мэдүүлгийг үндэслэн уг хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхээр нь хангаж шийдвэрлэв. 

Мөн шүүхийн шатанд сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилнэ гэх боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлээгүй, нэхэмжлээгүйн улмаас хуульд заасан холбогдох ажиллагаа хийгдээгүй нөхцөл байдлыг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг хэлэлцэх орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.         

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан ба хохирогчийн хувьд тусгайлан гаргах саналгүй гэх, шүүгдэгч торгох ял оногдуулж өгнө үү, маш их гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.       

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.        

Шүүхээс шүүгдэгч Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-од шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Я овгийн Т-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-од шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Ц-гийн нэхэмжилсэн сэтгэцэд учирсан гэм хор, үс халцралтыг эмчлүүлэх төлбөрийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч сэтгэцэд учирсан гэм хор болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

6. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ