Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/133

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч Б.Э      

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,              

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б Э-д холбогдох 2428000000201 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                

Биеийн байцаалт:            

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цаг 40 минутын орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох Өлзий дэлгүүрийн урд талын замд 2,87 хувийн согтолттойгоор ... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Э-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 06 дугаар сарын сүүлээр эхнэрээ салсан нөхөртэйгөө явалдаж байгааг мэдсэн. Тэгээд дахиж ийм зүйл байхгүй гээд хэлсэн. Гэтэл дараа нь манай хүний утсанд хайраа ажил дээрээ очоод яриарай гэсэн мессеж ирсэн байсан. 11 цагийн үед эхнэр рүүгээ яриад гараад ир гэхэд гарч ирэхгүй байсан. 13 цагийн үед гэрийн гадаа байхад хадам эх, ах нь залгаад хүүхэд гүжирдлээ гээд хэлсэн. Тэгэхэд манай Хайрхан гэх найз ирээд нэг шил архи уугаад явсан. Би эхнэрийн ажил дээр очиход гарч ирэхгүй байхаар нь яваад Өлзийт дэлгүүрийн урд явж байхад цагдаад дуудлага өгсөн байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон миний буруу гэв.

Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн үед ажил дээрээ байж байхад манай нөхөр Э архи уусан байдалтай утсаар ярьсан. Тэгэхээр нь машинтайгаа битгий яваад бай, эрх байхгүй байж архи уучихаараа дандаа машинтай яваад байх юм гэж хэлэхэд Э “Би мэдэж байна битгий хуцаад бай, танай ахтай тал дээр гарч зодолдоно” гэхээр нь би утсаа тасалсан. Тэгээд над руу нэлээд залгасан. Би тухайн үед ажил ихтэй байсан учир утсыг нь аваагүй. Тэгээд 13 цаг 30 минутын үед хүүхэд авна гээд би залгахад Э “Чи өөрөө ав” гээд байхаар нь би тасдсан. Тэгээд гадуур машинаа унаад яваад байдаг, уухаараа өөрийгөө удирдах чадваргүй болчихдог болохоор өөрийн эд хөрөнгө цаашлаад хүн амьтан дайрчих вий гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Ямар ч байсан 0131 дүгээр цэргийн ангийн тэнд байна гэж хэлсэн. Тэгээд дараа нь гэрийн гадаа байна гэж ярьсан. Би бас өөрөө машинтай болохоор гадуур эрж явж байгаад Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн баруун талын Цоглог дэлгүүрийн урд засмал дээр явж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгчихөөд дээшээ Өлзийт дэлгүүрийн уулзвар хүртэл дагаад явсан... Архи уухаараа тээврийн хэрэгсэл жолоодоод байгаа байдлыг зогсоомоор байна. Өмнө нь нэлээд хэдэн удаа ийм тохиолдлууд гарч байсан.” /хавтаст хэргийн 13 дахь тал/

Гэрч Ц.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай гэр болон Эгийн гэр хоёр хоорондоо ойрхон байдаг. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн үед Этай утсаар яриад амралттай байгаа болохоор 1 шил архи ууя гэж тохиролцсон. Эрэгтэй хүмүүс хаад юм ярингаа ганц нэг юм уудаг. Тэгээд тухайн архиа ууж юм ярьж сууж байгаад дуусахаар нь гэр рүүгээ явсан.” /хавтаст хэргийн 16 дахь тал/  

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/

Эрх бүхий албан тушаалтны “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-11 дэх тал/

Цагдаагийн ерөнхий газрын “Жолоодох эрхээ хасуулсан жолоочийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа, мэдээлэл” /хавтаст хэргийн 27 дахь тал/

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 28 дахь тал/

Б.Э-гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 29-34 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.   

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.                                      

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд миний буруу, гэмшиж харамсаж байгаа гэх тайлбарыг гаргав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цаг 40 минутын орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох Өлзий дэлгүүрийн урд талын замд 2,87 хувийн согтолттойгоор ... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон нөхцөл байдал тогтоогдож байна.       

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Г.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, гэрч Ц.Мөы мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/, эрх бүхий албан тушаалтны “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, Цагдаагийн ерөнхий газрын “Жолоодох эрхээ хасуулсан жолоочийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа, мэдээлэл” /хавтаст хэргийн 27 дахь тал/, Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 28 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Б.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхээ хасуулсан жолоочийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 27 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 28 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.Э-гийн согтолтын хэмжээ 2.87 хувьтай гарсан болох нь эрх бүхий албан тушаалтны “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-11 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор аутентик тайлбар хийжээ. 

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.

Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасан зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр тогтоогдсон ба уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаа дуусаагүй байхад дахин 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.    

Иймд Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Э-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.    

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.   

Энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүхийн шатанд шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд торгох ялыг 1 жилийн хугацаанд төлж дуусгана, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж өгч болох уу?, миний засварын ажил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байж байгаад хийдэг юм гэх тайлбарыг гаргав.   

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.    

Шүүх шүүгдэгч Б.Э-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Б Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.                                                                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д шүүхээс оногдуулсан 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.       

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

6. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.         

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.        

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

      

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ВОЛОДЯ