МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа байрлах, улсын бүртгэлийн 9013001066, регистрийн 6577539 дугаартай, Иргэний нисэхийн үндэсний төв,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, 18 дугаар байрны 25 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ВЭ66030601 регистрийн дугаартай, Бэсүд ургийн овогт Түмэнхүүгийн Сарангэрэл,
Нэхэмжлэлийн шаардлага: “Бичиг хэргийн ажилтны зэргийн нэмэгдэлд олгосон 712,534.89 төгрөгийг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Иргэний нисэхийн үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь нисэх буудлын нягтлан бодогч Д.Одончимэг,
Төрийг төлөөлж: Баянхонгор аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Гантулга,
Хариуцагч: Т.Сарангэрэл, түүний өмгөөлөгч Г.Доржготов,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Должинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Иргэний нисэхийн үндэсний төв нь Т.Сарангэрэлд холбогдуулан бичиг хэргийн ажилтны зэргийн нэмэгдэлд олгосон 829,989 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одончимэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа 712,534 төгрөг гаргуулах гэж багасгаж тодруулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-
- Тус нисэх буудалд аюулгүй байдлын шалгагч ажилтай Т.Сарангэрэлийг Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/04 тоот тушаалаар аюулгүй байдлын шалгагчийн үүрэгт ажлаас бичиг хэргийн ажлыг салгасан бөгөөд энэхүү тушаал гарснаас хойш бичиг хэргийн зэргийн нэмэгдэл болох 829,984.89 төгрөг авсныг дотоод аудитын хяналт шалгалтаар илэрч төлүүлэхээр дүгнэлт гарсан. Үүнийг хариуцагч Т.Сарангэрэл эс зөвшөөрч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад гомдол гаргасныг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Иргэний нисэхийн Ерөнхий газрын “Хариу хүргүүлэх тухай” 09/3104 дүгээр албан бичгээр бичиг хэрэг, архивын ажилтны зэргийн нэмэгдэл болох 829,984.89 төгрөгөөс Нисэх буудлын даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны нэмэгдэл болох 117,450 төгрөгийг хасаж 712,534.89 төгрөгийг нөхөн төлүүлж байгууллагыг хохиролгүй болгох тухай хариу өгсөн тул 712,534.89 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
- Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймаг дахь нисэх буудлын санхүү, захиргаанд 2017 оны баримтад 2018 онд Дотоод аудитын хэлтсээс хяналт шалгалтыг хийсэн байдаг. Энэ шалгалтаар Баянхонгор аймгийн Нисэх буудлын даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/04 тоот тушаалаар аюулгүй байдлын шалгагч, бичиг хэргийн ажлыг салгасан бөгөөд энэ тушаалын дагуу бичиг хэргийн ажлыг Ө.Цогтгэрэлд хариуцуулсан байна. Дээрх ажлыг салгаснаас хойш хугацаанд бичиг хэргийн зэргийн нэмэгдэл болох 829,984.89 төгрөгийг Т.Сарангэрэлд олгосон байна гэсэн үндэслэлээр акт тавигдсан байдаг. Энэ олгогдсон мөнгийг буцаан төлүүлэхээр Т.Сарангэрэлээс удаа дараа шаардсан боловч тухайн тушаал гарснаас хойш албан ажлаа гүйцэтгэж байсан тул төлөхгүй гэсэн тайлбарыг хэлдэг. Аудитын тайлангийн дагуу манай байгууллагад өр үүссэн учир Т.Сарангэрэлээс 712,534.89 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэв.
- Хариуцагч Т.Сарангэрэл хариу тайлбартаа: “Миний бие 1983 онд ЗХУ-ын Москва хотын МСТДС-ийг хүнсний технологи-инженер мэргэжлээр төгссөн. 1999 оноос эхлэн Баянхонгор нисэх буудалд аюулгүй байдлын шалгагч-бичиг хэргийн эрхлэгчийн орон тоон дээр орж 23 дахь жилдээ ажиллаж байна. Тус нисэх буудалд ажилласан 1999 оноос эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан орон тоо, бүтцийн дагуу нисэх буудлын аюулгүй байдлын шалгагч-бичиг хэргийн эрхлэгч гэсэн орон тоон дээр ажиллаж байхдаа хавсарсан орон тоог салгаж өгөх талаар удаа дараа хүсэлт тавьж байсан салгаагүй, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гаргасны дараа ч бичиг хэргийн ажлыг салгаж өгөх талаар удаа дараа дээд байгууллага, удирдлагуудад хүсэлт тавьж байсан боловч ИНЕГ-ын батлагдсан орон тоо, бүтцийн дагуу салгах боломжгүй гээд шийдвэрлэж өгөөгүй учир Аюулгүй байдлын шалгагч, архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг хавсран хийсээр 2017 оны 10 дугаар сар хүртэл ажилласан байдаг. 2000 оноос аюулгүй байдлын суурь сургалт, ИКАО-ийн багц сургалт-123, ИНД-140-ийн дүрмийн дагуу аюулгүй байдлын давтан сургалтуудад 2 жил тутам хамрагдаж гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх авч Үндэсний архивын газрын дэргэдэх архив албан хэрэг хөтлөлтийн сургалтын төвд суралцаж 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр архив бичиг хэргийн ажилтны мэргэжлийн үнэмлэх, 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр тушаалаар архив албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн “Ахлах зэрэг”-ийн үнэмлэх, 2017 онд “Тэргүүлэх зэрэг”-ийн болзлыг ханган аюулгүй байдлын шалгагч-бичиг хэргийн ажлыг хавсран сайн ажиллаж ирсэн бөгөөд жил бүрийн ИНЕГ-ын хавар намрын навигацийн шалгалт, НААХЗА болон бусад холбогдох шалгалтуудад байнга амжилттай сайнаас онц дүнтэй шалгагдаж байсныг үе үеийн дарга нар мэргэжилтнүүд, шалгалтын комиссын гишүүд одоо ч мэдэх билээ. Мөн 2015 онд архивын улсын үзлэгт онц дүнтэй шалгагдан аймгийн засаг даргын нэрэмжит шагналаар шагнагдаж байсан. Тухайн үед тус нисэх буудалд ажиллаж байсан онгоцны техникч Ц.Баяраа гэгч намын харьяаллаар өөрийгөө /Элбэгдоржийн хүн/ нисэх буудлын дарга болно гэж хамт олныг үймүүлж, талцуулж, худал хов ярьж, удаа дараа нисэх буудлын дарга Ц.Төмөрбаатарыг худал гүтгэж, удирдах байгууллагуудад удаа дараа матаас бичсэний дагуу ИНЕГ болон бусад газруудаас шалгалтууд ирж шалгаж байсан боловч дээд байгууллагаас бичиг хэргийг салгах талаар ярьж байгаагүй, Ц.Төмөрбаатарыг олон жил сайн ажилласан мэргэжлийн хүн гэж дүгнэж байсан. 2016 оны 12 дугаар сард ЗТХЯ-аас хийгдсэн шалгалтаар ашиг сонирхлын зөрчлийг арилгах, арга хэмжээ авч шийдвэрлэх талаар ИНЕГ-т албан бичиг ирсэн юм байна лээ. Энэ албан бичгийн дагуу нисэх буудлын дарга архив-бичиг хэргийн ажлыг өөр хүнд шилжүүлэхээр шийдвэрлэсэн боловч ИНЕГ-аас баталсан бүтэц, орон тоог салгаж өгөөгүй, одоо болтол энэ орон тоо хэвээрээ байдаг. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/04 тоот нисэх буудлын даргын тушаалаар тус нисэх буудлын харуул-шалгагч ажилтай Ө.Цогтгэрэлд архив, бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр тушаал гарсан байдаг. Тус нисэх буудлын ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж нийт ажилтнуудын 95 хувь нь эрэгтэй ажилтан байдаг, бичиг хэргийн ажлыг хийх чадвартай мэргэжлийн хүн байхгүй байсан тул Ө.Цогтгэрэлийг архив бичиг хэргийн мэргэжлийн сургалтад хамруулах, сургаж дадлагажуулах хугацаа шаардлагатай болж дээд удирдлагуудад танилцуулж, байгууллагын бичиг хэргийн ажлыг цалгардуулахгүйн тулд уг тушаалын 3 дах заалт болон ИНЕГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.7.3.1- 3.7.3.4 заалтуудыг үндэслэн бичиг хэргийн ажлыг миний бие хийж л байсан. Гэтэл удаагүй ИНЕГ-ын даргын 2017оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тоот тушаалаар нисэх буудлын дарга Ц.Төмөрбаатар солигдож, намын харьяаллаар Н.Баярхүү даргаар томилогдох үед ажил хүлээлцэх комиссын гишүүд ИНЕГ-ын НББЗХ-ийн мэргэжилтэн Ганхуяг, НААХЗА-ны байцаагч Ерханат нар намайг аюулгүй байдлын шалгагч-архив, бичиг хэргийн ажлыг хавсран хийж байсныг мэднэ. Ажил хүлээлцэх акт болон хамт ажиллаж байсан ажилтнууд мэднэ. Нисэх буудлын даргаар томилогдсон Н.Баярхүү нь ажилд ороод сар болоогүй байхдаа ИНЕГ-ын батлагдсан орон тоог дур мэдэн салгаж бичиг хэргийн ажлыг өөр хүнд өгөхийг дахин шаардаж намайг дарамталж, архивын түлхүүр өгөхгүй байна гэж хүртэл Цагдаагийн газарт өгч байсан. Ингээд 2017оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/45 тоот тушаалаар УИХ-ын гишүүн Элдэв-Очирын хүн болох А.Бямбадулам гэгч эмэгтэйд тушаалын дагуу комиссын бүрэлдэхүүнтэй архив, бичиг хэргийн ажлыг хүлээлгэж өгсөн. 2017оны 6 дугаар сарын 20-ны өдөр бичиг хэргийн ажлыг, 2017 оны 10 дугаар сард архивын ажлыг албан ёсоор тоолж хүлээлцэж дуусаад архивын түлхүүрийг нь өгсөн. ИНЕГ-ын даргын тушаалаар батлагдсан аюулгүй байдлын шалгагч-бичиг хэргийн эрхлэгч гэсэн хавсарсан орон тоог Н.Баярхүү гэгч дарга өөрийн дураар салган ИНЕГ-ын даргын тушаалыг зөрчин А.Бямбадуламыг 4 сар ажиллуулаад навигацийн шалгалтын дүгнэлтээр бичиг хэрэг муу шалгагдаж, ИНЕГ-ын Захиргаа удирдлагын газраас ирсэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04/55 тоот албан бичгийн дагуу А.Бямбадуламыг ажлаас чөлөөлж, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/02 тоот тушаалаар үйлчлэгч ажилтай М.Батчимэгт бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр тушаал гарч М.Батчимэг ажилласан. ИНЕГ-ын Захиргаа удирдлагын газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 04/954 тоот албан бичгээр Аюулгүй байдлын шалгагчид бичиг хэргийн ажлыг давхар хариуцуулахаар орон тоо баталсан тул даргын тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхааруулж байна гэж албан бичиг ирснийг тухайн үед албан бичгийг надад хэлээгүй, танилцуулаагүй. ИНЕГ-ын даргын баталсан 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №18/16 тоот удирдамжийн дагуу нисэх буудлын үйл ажиллагаанд ИНЕГ-ийн санхүүгийн дотоод аудитын албанаас шалгалт хийгдэж, уг шалгалтаар аюулгүй байдлын шалгагч- бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг хийж байсан надад бичиг хэргийн зэргийн нэмэгдлийн 829,984.89 төгрөгийн акт тогтоосон байсан. Тухайн үед шалгалтын комиссын гишүүд энэ тухай надаас асууж лавлаагүй, акт тавьсан тухай танилцуулаагүй, нягтлан бодогч Д.Одончимэг надад хэлээгүй, гарын үсэг зуруулаагүй учир би ямар ч тайлбар хийж чадаагүй. 2017 оны 02 дугаар сарын 14-ний Б/04 тоот тушаалаар бичиг хэргийн ажлыг Ө.Цогтгэрэлд хавсран хийлгэхээр тушаал гарсан боловч /2017оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/45 тушаалаар/ А.Бямбадуламд ажлаа хүлээлгэн өгөх хүртэл 1-10 сар хүртэл бичиг хэргийн ажлыг хавсран хийж байсан болохоор актаар тавьсан зэргийн нэмэгдлийн мөнгийг төлөх боломжгүй бөгөөд Ө.Цогтгэрэл нь давхардуулж бичиг хэргийн цалин аваагүй. Дотоод аудитын албаны шалгалтаар ирсэн комиссын ахлагч Л.Жаргалсайхан нь ИНЕГ-ын дотоод аудитын албаны ахлах мэргэжилтнээр шинээр орсон, аудитор А.Мөнх-эрдэнэ 2016-2017 онуудад нисэх буудалд 2-3 удаа шалгалтаар ирж байсан, намайг олон жил ажиллаж байгаа болон нисэх буудалд болж буй асуудлыг бүгдийг нь сайн мэдэж байсан бөгөөд тухайн үед ахлагч Л.Жаргалсайханд тайлбар хэлж чадаагүй, загнаад байсан гэсэн. Дотоод аудитын албаны шалгалтын дүгнэлтээс харахад холбогдох албан тушаалтнуудтай ярилцлага хийж, судалгаа авч дүгнэлт гаргасан нь нотлох баримтуудыг үзэж шалгаагүй, намын харьяаллаар миний ажлыг булааж авсан Н.Баярхүү, бичиг хэрэг хийж байсан М.Батчимэг, С.Одгэрэл, нягтлан бодогч Д.Одончимэг нартай ярилцаж төлбөрийн акт тогтоосон нь тодорхой байна. Үүнд: 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд цалингийн сүлжээний мэргэжлийн зэргийн нэмэгдлийн 10 хувийг тооцон бодож 829,984.89 төгрөгийн төлбөр акт тавьсан байгаа нь намайг бүтэн жил бичиг хэрэг хавсран хийгээгүй мэт харагдаж сайгаа ба тухайн үеийн нотлох баримтуудыг гүйцэд үзэж шалгаагүй дүгнэсэн нь олон жил үнэнч шударгаар ажиллаж ирсэн миний хувьд ихэд гомдолтой байгаа юм. 2017 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын 18 хүртэлх хугацаанд /А.Бямбадуламд бичиг хэргийн ажлыг хүлээлгэн өгөх хүртэл/ ажлаа хийж байсан нь нотлох баримтуудтай бөгөөд 9 сарын 20-ны өдрөөс хойш 02 сарын мөнгийг төлөхөөр харагдаж байгаа боловч батлагдсан орон тоо дээр ажиллаж ашиг сонирхлын зөрчилгүй болсон надад Н.Баярхүү гэгч дарга эрх мэдлээ ашиглан миний ажил албан тушаалыг булааж авсан үйлдэл гэж би үзэж байгаа. Үүнийг аудитын шалгалтын комисс мэдсэн атлаа яагаад шалгаагүй надад акт тавьсан нь хуулийн хүрээнд биш намын шугамаар Н.Баярхүүг хамгаалаад өнгөрсөн байгаа юм. ИНЕГ-ын Захиргаа удирдлагын даргын хавсарсан орон тоог салгаж болохгүй гэсэн ИНЕГ-ын даргын батлагдсан орон тооны тушаалыг мөрдөж ажиллахыг анхааруулсан албан бичиг 2 удаа ирсэн байхад тухайн үед надад хэлж танилцуулаагүй. Тухайн үед хийгдсэн аудитын шалгалт нь дээд байгууллагаас ирсэн албан бичиг, дээд байгууллагын тушаал шийдвэрийг баримтлаагүй нь тодорхой байна. Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль болон ИНЕГ-ын 2017 оны “Хөдөлмөрийн дотоод журмын” 4.2.5.1-д зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн улмаас цалин буурсан ажилтанд өмнөх хөдөлмөрийн хөлс /үндсэн цалин/-г 6 сарын хугацаанд үргэлжлүүлэн олгоно гэж заасны дагуу би цалингаа авах нь зүйтэй бөгөөд актаар тавьсан мөнгийг төлөх боломжгүй байна. Миний хувьд олон жил аюулгүй байдлын шалгагч- архив, бичиг хэрэг хавсарсан орон тоон дээр ажиллаж байсан хир нээ тэтгэвэр тогтоолгох гэхэд сүүлийн 4 жилийн цалин буурч тэтгэвэр тэтгэмж буурч ихэд хохирч байгаа юм. Иймд 2017 онд ажиллаж байсан үеийн нотлох баримтуудыг үзэж шалган дүгнэлтээр гарсан 829,984.89 төгрөгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарыг гаргасан.
- Хариуцагч Т.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухай үед нягтлан надад ийм акт гарсан талаар тэр даруй мэдэгдээгүй хэсэг хугацааны дараа хэлсэн байдаг. Энэ талаар мэдсэнийхээ дараа би хоёр удаа Иргэний нисэхийн ерөнхий газарт тайлбараа бичиж явуулсны дагуу сүүлд ирүүлсэн хариугаар 898,984 төгрөг нь 712,000 төгрөг болж дүн нь өөрчлөгдөж ирсэн. Миний хувьд тухайн цаг хугацаанд ажлаа хийж байсан нь үнэн. Тиймээс үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
- Төрийг төлөөлж оролцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Асуулт хариултын шатанд ерөнхийдөө тайлбарласан. Ө.Цогтгэрэлийг бичиг хэргийн ажилтнаар ажилд томилсноос хойш олгогдсон нэмэгдэл нь буруу байсан. Хэрэв олгогдох байсан бол Иргэний нисэхийн ерөнхий газрын тушаал шийдвэрээр нэмэгдэл олгогдох ёстой байтал аймгийн Нисэх буудлын газрын даргын шийдвэрээр олгогдсон нь буруу байна. Энэ хугацаанд Т.Сарангэрэл ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдгийг үгүйсгээгүй гагцхүү буруу шийдвэрээр олгогдсон байх тул 712,000 төгрөгийг буцааж Т.Сарангэрэлээс гаргуулах нь зүйтэй. Харин энэ гарах шийдвэрийг үндэслэн Т.Сарангэрэл нь тухайн үед шийдвэр гаргасан албан тушаалтнаас буцааж нэхэмжлэх эрх нь байгаа гэдгийг тайлбарлаж хэлмээр байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.
- Хариуцагч Т.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Доржготов: Иргэний нисэхийн ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Сарангэрэлд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод аудит явагдаж, түүний тайланд тусгагдсан мөнгөн дүнгийн дутагдал, бичиг хэргийн эрхлэгчийн зэргийн нэмэгдэл олгосон нь буруу байна гэж 2017 оны 1 дүгээр сараас 12 сарын дуустал нийт 829,984 төгрөгийг төлүүлэхээр тайлан гарсан байна. Энэ тайланд тусгагдсан мөнгөн дүнг нэхэмжилсэн байдаг. Шүүх хуралдааны үер нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 712,584 төгрөг болгон нэхэмжилнэ гэсэн байр суурьтай байгаа юм байна. Миний үйлчлүүлэгч тухайн үед Иргэний нисэхийн ерөнхий газарт гомдлоо 2 удаа гаргасан байдаг. Эхний гомдлын хариунд н.Ариунболд гэх хүн гарын үсэг зуран, тамга тэмдэггүй хариу өгөхдөө хууль дүрмийн дагуу явагдсан байна гэдэг үүний дагуу дахин гомдол гаргахад хариу 117,400 төгрөг хасагдаж ирсэн байдаг. Хариуцагч нь өөрийн эрх зүйн мэдлэг дутмагаас болоод тухайн актыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжоо алдсан. Нэгэнт гомдол гаргах хугацаа өнгөрсөн учир Захиргааны хэргийн шүүх хүлээж авахгүй нь ойлгомжтой юм. Тиймээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Нисэх буудлын дарга н.Төмөрбаатарын гаргасан 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Ө.Цогтгэрэлд архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэх тухай” гэх тушаал гаргаж үндэслэх хэсэгт Т.Сарангэрэлийг ашиг сонирхлын зөрчлөөс аргилгахын тулд шилжүүлж, бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгэж ажилласны 20 хувийн нэмэгдлийг олго гэсэн заалтыг тусгасан байдаг ч энэ мөнгө олгогдоогүй болохыг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Уг тушаалын 3 дахь заалтад Ө.Цогтгэрэлийг бичиг хэргийн ажилд дадлагажуулж, сургалтад хамрагдаж дуустал бичиг хэргийн ажлыг түр хавсарган гүйцэтгэж байхыг Т.Сарангэрэлд даалгасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Ө.Цогтгэрэлийн мэдүүлгээр бичиг хэргийн эрхлэгчээр өөрийгөө огт ажиллаагүй, сургалтад суугаагүй, ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн гэдгээ хэлж тайлбарласан байдаг. Мөн Ө.Цогтгэрэлийг уг албан тушаалд ажиллаагүй болохыг н.Жанчивдорж, н.Болорчулуун, н.Баттөмөр нар гэрчилдэг бөгөөд энэ хугацаанд хэн энэ ажил үүргийг гүйцэтгэж байсан бэ гэх асуултад Т.Сарангэрэл гэж хариулдаг. Тэгэхээр дээрх тушаал нь хуулийн хүчин төгөлдөр тушаал мөн эсэх нь эргэлзээтэй болдог. Учир нь Иргэний нисэхийн ерөнхий газрын 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар орон нутгийн нисэх буудлын орон тоог шинэчлэн баталсан байдаг. Энд Баянхонгор аймгийн нисэх буудалд 9 дүгээрт шалгагч, аюулгүй байдлын ажлыг хавсран гүйцэтгэх нэг л орон тоо байна гэсэн мөн ялгаагүй аудитын тайлан дээр 114.01.09 гэсэн кодтой нэг хүн гүйцэтгэх албан тушаал байна гэж дүгнэж өгсөн. Түүнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын гаргасан тушаалыг Нисэх буудлын дарга өөрчлөх эрх зүйн боломжгүй юм. Тиймээс энэ тушаал нь хууль бус тушаал юм. Хөдөлмөрийн гэрээ дээр заагаагүй зүйл бусад хуулиар зохицуулагддаг. Хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг. Нисэх буудал нь Т.Сарангэрэлтэй 2017 онд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа аюулгүй байдлын шалгагч, бичиг хэргийн эрхлэгч гэж байгуулсан байдаг. Энэ гэрээнд өөрчлөлт ороогүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан аюулгүй байдлын шалгагч, бичиг хэргийн эрхлэгч гэж ажил байдлын тодорхойлолт нь хэвээрээ байгаа учир энэ хүн ажилласан. Учир нь Үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт заасан хийсэн ажлынхаа үр дүнд цалин хөлс авах эрхтэй байдаг. Энэ эрхээ нисэх буудлын даргын хууль бус тушаал, үүнийг үндэслэж гаргасан аудитын дүгнэлтээр энэ хүн хохирох ёсгүй юм. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар н.Бямбадулам гэх хүнд ажлаа хүлээлцсэн акт зэрэг баримтууд байгаа нь үүнээс хойш бичиг хэргийн ажилд оролцоогүй гэж үзэхээр байна. Тэгэхээр ийм нөхцөл байдалд хүн өөрийн хийсэн ажлын үр дүнг авах ёстой. Тиймээс Хууль зүй дотоод хэргийн сайдын баталсан журмын 4.2.1-т зааснаар бичиг хэргийн ажилтны ахлах зэрэгтэй учир 10 хувийн нэмэгдлээ авсан. Үүнийг нисэх буудлын ажилтнуудын 2016 оны цалингийн сангийн хүснэгтийн зэргийн нэмэгдэл 71,815 төгрөг гэж олгосон. Бүх зүйл хууль зүйн дагуу өөрийн хийсэн ажлын үр дүнг авч байгаа асуудал юм. Хөдөлмөрийн гэрээ хэвээрээ, тушаал нь хууль бус байна. Хэрэв үнэхээр энэ ажлыг нэг хүн хийх ёстой юм яагаад акт тавьж байгаа юм бэ, энэ хүн хөдөлмөрийн гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Шинжлэн судлуулсан нотлох баримтуудаас харахад энэ хүн ажил үүргээ ганцаараа гүйцэтгэсэн болох нь харагддаг. Тиймээс энэ хүнийг ажлаа хийж байсан болохыг нисэх буудлын захиргаа мэдэж байсан, мэдэж байсан учир зэргийн нэмэгдлийг олгосон. Хариуцагч 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс ажил үүргээ өгсөнтэй холбоотойгоор 12 сарын дуустал 3 сарын зэргийн нэмэгдлийг 829,984 төгрөгөөс бодоход 1 сарын 69,160 төгрөг, 3 сарынх 207,496 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн багасгасан нэхэмжлэлийн үнийн дүнгээс 207,496 төгрөгийг хасаад 505,088 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
- Нэхэмжлэгч байгууллагаас өөрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын “Мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай” 14 дүгээр тушаал, Т.Сарангэрэлийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын “Ө.Цогтгэрэлд архив, бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгүүлэх тухай” Б/04 дүгээр тушаал, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын “Ажил хүлээлцүүлэх тухай” Б/49 дүгээр тушаал, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын “Зөрчил арилгуулах тухай” 100/А0570242 дугаар албан шаардлага, хавсралт, Иргэний нисэхийн ерөнхий газрын Дотоод аудит, хяналт шалгалтын 2018 оны тайлан, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Иргэний нисэхийн Ерөнхий газрын “Хариу хүргүүлэх тухай” 09/3104 дүгээр албан бичиг, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад гаргасан Т.Сарангэрэлийн өргөдөл, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын 1/3107 дугаар албан бичиг, 08 дугаартай Прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудыг, хариуцагчаас 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын “Орон нутгийн нисэх буудлын орон тоог шинэчлэн батлах тухай” А/20 дугаар тушаал, хавсралтын хамт, Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын ажилтнуудын 2016 оны цалингийн сангийн баримт, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын “Хөдөлмөрийн хөлсний сүлжээ шинэчлэн батлах тухай” А/421 дүгээр тушаал, хавсралтын хамт, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын “Жагсаалт батлах тухай” А/385 дугаар тушаал хавсралтын хамт, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын “Ажил хүлээлцүүлэх тухай” Б/49 дүгээр тушаал, ажил хүлээлсэн тухай акт, Т.Сарангэрэлийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Аюулгүй байдлын шалгагч-бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын менежерийн “Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай” 04/55 дугаар албан бичиг, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын даргын 04/954 дүгээр албан бичиг, Т.Сарангэрэлийн 2017 оны цалингийн баримт, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журам, Т.Сарангэрэлийн архив, бичиг хэргийн ажилтны мэргэшлийн үнэмлэх, Т.Сарангэрэлийн архив, бичиг хэргийн ажилтны мэргэшлийн ахлах зэргийн үнэмлэх, Т.Сарангэрэлийн аюулгүй байдлын шалгагчийн мэргэшлийн үнэмлэх, 2017 оны Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын хурлын тэмдэглэлүүд, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль, эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар өргөдөл, гомдолд хариу өгөх хуудас, өмгөөлөгч Г.Доржготовтой байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
- Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр М.Жанчивдорж, Ч.Баттөмөр, А.Болорчулуун, Ө.Цогтгэрэл нарын гэрчийн мэдүүлэг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Иргэний нисэхийн үндэсний төвийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Тус нисэх буудалд аюулгүй байдлын шалгагч ажилтай Т.Сарангэрэлийг Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/04 тоот тушаалаар аюулгүй байдлын шалгагч, хавсран гүйцэтгэж байсан бичиг хэргийн ажлыг салгасан бөгөөд энэхүү тушаал гарснаас хойш бичиг хэргийн ажилтны зэргийн нэмэгдэл болох 829,984.89 төгрөг авсныг дотоод аудитын хяналт шалгалтаар илэрч төлүүлэхээр дүгнэлт гарсан. Үүнийг хариуцагч Т.Сарангэрэл эс зөвшөөрч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад гомдол гаргасныг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Иргэний нисэхийн Ерөнхий газрын “Хариу хүргүүлэх тухай” 09/3104 дүгээр албан бичгээр бичиг хэрэг, архивын ажилтны зэргийн нэмэгдэл болох 829,984.89 төгрөгөөс Нисэх буудлын даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нэмэгдэл болох 117,450 төгрөгийг хасаж 712,534.89 төгрөгийг нөхөн төлүүлж байгууллагыг хохиролгүй болгох тухай хариу өгсөн тул 712,534.89 төгрөгийг нэхэмжилж байна гэж.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын “Ө.Цогтгэрэлд архив, бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгүүлэх тухай” Б/04 дүгээр тушаал гарсан боловч миний бие 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын “Ажил хүлээлцүүлэх тухай” Б/49 дүгээр тушаал гаргах хүртэл хугацаанд архив, бичиг хэргийн ажилтны ажлыг хийж гүйцэтгэсэн. Аюулгүй байдлын шалгагч-бичиг хэргийн эрхлэгч нь нэг албан тушаал бөгөөд хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс гэж байдаггүй цалингийн нэг сүлжээгээр явдаг. Тэгээд ч тус хугацаанд Ө.Цогтгэрэл бичиг хэргийн ажилтны ажлыг хийж байгаагүй. Би бичиг хэргийн ажилтны ахлах зэрэгтэй, журмын дагуу ажил хийж хэрэгжүүлсний төлөө авсан цалин тул нөхөн төлөх үндэслэлгүй. Харин 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг хийгээгүй тул тус хугацаанд авсан ахлах зэргийн нэмэгдэл 207,496 төгрөгийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Т.Сарангэрэл нь Иргэний нисэх ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь Нисэх буудалд 1999 оноос хойш аюулгүй байдлын шалгагчаар ажиллахаас гадна бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын “Мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай” 14 дүгээр тушаалын дагуу бичиг хэргийн ажилтны ахлах зэргийн 10 хувийн нэмэгдэл авч ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Улмаар хариуцагч Т.Сарангэрэлийн аюулгүй байдлын шалгагчийн үндсэн ажлаас гадна хавсран гүйцэтгэж байсан бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг Ө.Цогтгэрэлд олгох тухай 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын Б/04 дүгээр тушаал гарсан боловч Ө.Цогтгэрэлийг бичиг хэргийн ажилд дадлагажуулах, сургалтад хамрагдаж дуустал хугацаанд бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байхыг түүнд даалгаж шийдвэрлэсэн байна.
Хэдийгээр, дээрх тушаал гаргасан боловч хариуцагч Т.Сарангэрэл нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын “Ажил хүлээлцүүлэх тухай” Б/49 дүгээр тушаал гаргах хүртэлх хугацаанд Аюулгүй байдлын шалгагчаас гадна бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхаас гадна Ө.Цогтгэрэл нь дээрх хугацаанд бичиг хэргийн эрхлэгчийн ажил хийж гүйцэтгээгүй, хавсран ажилласны 20 хувийн нэмэгдэл авч байгаагүй болох нь М.Жанчивдорж, Ч.Баттөмөр, А.Болорчулуун, Ө.Цогтгэрэл нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар зохигчдын маргаагүй тайлбарт дурдагдсан үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үздэг.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 18/06 тоот удирдамжийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шалгалтаар аюулгүй байдлын шалгагч Т.Сарангэрэл нь бичиг хэргийн ажилтны зэргийн нэмэгдэлд 2017 онд 829,984.89 төгрөгийг авсан. Тус нэмэгдэл олгох тушаалыг нисэх буудлын дарга Ц.Төмөрбаатар гаргасан байгаа нь үндэслэлгүй, уг тушаалыг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажуулах ёстой байсан гэх зөрчлийг дотоод аудитын дүгнэлтээр тогтоож дээрх хугацаанд зэргийн нэмэгдэлд олгосон 829,984.89 төгрөгийг Т.Сарангэрэлээр нөхөн төлүүлэхээр тогтоосон байна. (Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас)
Улмаар, Т.Сарангэрэл нь эс зөвшөөрч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад гомдол гарсныг Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль, эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар өргөдөл, гомдолд хариу өгөх хуудсаар “...бичгийн хэргийн нэмэгдлийг Т.Сарангэрэлд олгосон зөрчилд 829,984.89 төгрөгийн акт тавигдсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэж, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Иргэний нисэхийн Ерөнхий газрын дотоод аудитын албаны даргын “Хариу хүргүүлэх тухай” 09/3104 дүгээр албан бичгээр “...бичиг хэрэг, архивын ажилтны зэргийн нэмэгдэл болох 829,984.89 төгрөгийг нягтлан шалгахад Нисэх буудлын даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Ө.Цогтгэрэлд архив, бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгүүлэх тухай” Б/04 дүгээр тушаал гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөхөөр байгаа тул энэ тушаал гарах өдрийг хүртэл хугацаанд танд бичиг хэргийн ажилтны нэмэгдэл болох 117,450 төгрөг олгох нь зүйтэй байна. Харин 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарыг дуустал хугацаанд бичиг хэргийн ажилтны зэргийн нэмэгдэл хөлс болох 712,534.89 төгрөгийг нөхөн төлүүлж байгууллагыг хохиролгүй болгох нь үндэслэлтэй байна” гэж тус тус хариуг өгсөн байна. (Хавтаст хэргийн 91 дүгээр хуудас)
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 18/06 тоот удирдамжийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шалгалтын дүгнэлт, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Иргэний нисэхийн Ерөнхий газрын дотоод аудитын албаны даргын “Хариу хүргүүлэх тухай” 09/3104 дүгээр албан бичиг зэргийг үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарыг дуустал хугацаанд бичиг хэргийн ажилтны зэргийн нэмэгдэл хөлс болох 712,534.89 төгрөгийг нөхөн төлүүлэхээр Т.Сарангэрэлд холбогдуулан Иргэний нисэхийн үндэсний төв нэхэмжлэл гаргасан.
Хэрэгт авагдсан баримтаас дүгнэж үзэхэд, хариуцагч Т.Сарангэрэл нь “...Ө.Цогтгэрэл бичиг хэргийн ажилтны ажлыг хийж байгаагүй. Би бичиг хэргийн ажилтны ахлах зэрэгтэй ба журмын дагуу ажил хийж хэрэгжүүлсний төлөө авсан цалин тул нөхөн төлөх үндэслэлгүй. Гэхдээ 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг хийгээгүй тул тус хугацаанд авсан ахлах зэргийн нэмэгдэл 207,496 төгрөгийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэж маргаж байгаа боловч 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарыг дуустал хугацаанд бичиг хэргийн ажилтны зэргийн нэмэгдэл хөлс болох 712,534.89 төгрөг түүнд олгосон явдал нь 2018 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шалгалтаар үндэслэлгүй болохыг нь тогтоосон дүгнэлт хүчинтэй байна.
Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 18/06 тоот удирдамжийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шалгалтын дүгнэлтээр Т.Сарангэрэлд 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарыг дуустал хугацаанд бичиг хэргийн ажилтны зэргийн нэмэгдэл хөлс болох 712,534.89 төгрөг олгосон нь дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон ба дээрх дүгнэлт үндэслэлгүй, эсхүл хүчингүй болгосон гэх баримт хэрэгт авагдаагүй тул шүүх уг дүгнэлтийг үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж, 492.1.1.-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан байдаг.
Т.Сарангэрэлд 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарыг дуустал хугацаанд бичиг хэргийн ажилтны зэргийн нэмэгдэл хөлс болох 712,534.89 төгрөг олгосон нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар дотоод аудит, хяналт шалгалтын дүгнэлтээр үндэслэлгүй болохыг тогтоосон тул хариуцагч Т.Сарангэрэлээс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарыг дуустал хугацааны бичиг хэргийн ажилтны зэргийн нэмэгдэл хөлс болох 712,534.89 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Иргэний нисэхийн үндэсний төвд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Иргэний нисэхийн үндэсний төв нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1. дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг, 492.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Сарангэрэлээс 712,534.89 /долоон зуун арван хоёр мянга таван зуун гучин дөрвөн төгрөг, наян ес мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Иргэний нисэхийн үндэсний төвд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Иргэний нисэхийн үндэсний төв нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Сарангэрэлээс 21,650 /хорин нэгэн мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн төрийн сангийн 10030000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ