Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 150/ШШ2022/00053

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын  шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч *******гийн ажлын албаны /--/ итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 0 дугаар баг Булагадар овогт *******  /РД:ОЭ--/  

Нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан 

*******гийн  ажлын албаны   нэхэмжлэлтэй *******д  холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөг  гаргуулах тухай  иргэний хэргийг тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  *******гийн ажлын алба нь иргэн *******д холбогдуулан  санхүүгийн түрээсийн  гэрээний үүргийн  гүйцэтгэлд 2,500,000 төгрөг алданги 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 Хуучнаар Тариаланг эрхлэлтийг дэмжих сан одоогийн *******гаас Сэлэнгэ аймаг, Сант сум, 2-р багт оршин суугч иргэн ******* нь 5,000,000 /Таван сая/ төгрөгний FT-250 маркын трактор, анжисны хамтад нь урдьчилгаа 50% болох 2,500,000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөг төлөн үлдэгдэл 50% болох 2.500,000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2013 онд 500.000 /Таван зуун мянга/ төгрөг, 2014 онд 500.000 таван зуун мянга/ төгрөг, 2015 онд 500.000 /Таван зуун мянга/ төгрөг, 2016 онд 500.000 /Таван зуун мянга/ төгрөг, 2017 онд 500.000 /Таван зуун мянга/ төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн Дугаар 290 тоот гэрээ байгуулсан.

Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2,500,000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөг байна.

Дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 1,250,000 /Нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг байна.

Иймд үндсэн төлбөр 2.500.000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөг, анз 1.250.000 /Нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг нийт 3.750,000 /Гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг иргэн *******гоос гаргуулж өгнө үү. Манай дээр мах нийлүүлэгдээгүй. Махтай холбоотой ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй. ... Урьдчилгаанд нь 2,500,000 төгрөгөөр бодож мах авсан. Танд үлдэгдэл 2,500,000 төгрөг байгаа. Үүнийг төл гэсэн шаардлагыг зарим нь ойлгож төлж байгаа. Хариуцагчид мах  тушаасан баримт байгаа болов уу. Манай дээр мах тушаасан зэрэг тооцоо баримт байдаггүй. Энэ мөнгөө мах тушаасан газраа нэхэмжлэх ч юм уу тийм зүйл байж магадгүй. Ямар ч байсан урьдчилгаа 50 хувиа төлсөн гэж чөлөөлж байгаа   гэж,

Хариуцагч *******  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  татгалзаж байгаа  үндэслэлээ: Тухайн үеийн аймгийн Засаг даргын захирамжаар бага оврын тракторын үнийн 50 хувьтай тэнцэхүйц хэмжээний мах бэлтгэж өгсөн хүнд 50 хувийн хөнгөлттэй трактор  өгнө гэсэн захирамж одоо байгаа. Тэр үеийн сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн тасгийн дарга бүгд яг ингэж ярьж байсан. Тийм учраас би албан бичгийг хуулийн дагуу нотлох баримт болно гэж бодож байгаа. Иймд одоо төлөх төлбөр байхгүй гэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан: Өр авлагын дэлгэрэнгүй журнал, Монгол улсын Засгийн газрын *******гийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоол, *******гийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******гийн хөрөнгө балансаас баланст шилжүүлэх тухай баримт,  Бага оврын трактор худалдан авах санхүүгийн түрээсийн гэрээ, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сэлэнгэ аймгийн хүнс хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны албан бичиг, Хүнс Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, *******гийн ажлын албаны  улсын бүртгэлийн гэрчилгээ,

Хариуцагч талаас гаргасан: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн сумын Засаг дарга нарт явуулсан “Мах нийлүүлэх тухай” албан бичиг,  Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын даргын “Судалгаа ирүүлэх тухай” албан бичгийн хуулбар  зэрэг  бичгийн нотлох баримтуудыг тус тус  шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүнс Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, *******гийн ажлын алба нь иргэн *******гоос санхүүгийн түрээсийн  гэрээний үүргийн  гүйцэтгэлд 2,500,000 төгрөг алданги 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч: Энэ бол Монгол улсыг хөгжүүлэх сангаас авсан хөрөнгө мөнгө. Үүнийг иргэдэд трактор болгож зээлээр өгсөн. Энэ хэмжээгээр  манайх Сангийн яаманд алданги төлж байгаа. Үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөгийг гэрээний үүргийн дагуу *******гоос гаргуулна гэж  шаардах эрхээ тодорхойлсон.

Хариуцагч Тухайн үед мах нийлүүлсэн тул одоо нэхэмжлэгч талд төлөх төлбөргүй  гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа болно.

     Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь иргэн *******той 5,000,000 /Таван сая/ төгрөгний FT-250 маркын трактор, анжисны хамтад нь урдьчилгаа 50% болох 2,500,000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөг төлөн үлдэгдэл 50% болох 2.500,000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2013 онд 500.000 /Таван зуун мянга/ төгрөг, 2014 онд 500.000 таван зуун мянга/ төгрөг, 2015 онд 500.000 /Таван зуун мянга/ төгрөг, 2016 онд 500.000 /Таван зуун мянга/ төгрөг, 2017 онд 500.000 /Таван зуун мянга/ төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн Дугаар 290 тоот гэрээ  байгуулжээ.

            Дээрх үйл баримт нь: Өр авлагын дэлгэрэнгүй журнал,/х.х-ийн 4-рт/

2012 оны 07-р сарын 20-ны өдрийн  290 тоот  Бага оврын трактор худалдан авах санхүүгийн түрээсийн гэрээ, /х.х-ийн 8-рт/  Хүнс Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, *******гийн ажлын албаны 000224543 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэрэг  нотлох баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 3-20-рт/

Хариуцагч  бага оврын трактор авсан үйл баримтын талаар  маргахгүй байгаа ба одоо ашиглаж байгаа болно.

Харин хариуцагч ******* нь 5000,000 төгрөгийн үнэтэй бага оврын тракторын үнийг 50 хувь бууруулж мах нийлүүлсэн тохиолдолд 2,500,000 төгрөгөөр түрээсэлж, түрээсийн гэрээний хугацаа дуусахад  өөртөө үлдээн  авах нөхцөлтэй гэрээ байгуулсан гэж үзэж Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн сумын Засаг дарга нарт явуулсан “Мах нийлүүлэх тухай” албан бичиг,  Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын даргын “Судалгаа ирүүлэх тухай” албан бичгийн хуулбар ирүүлсэн бөгөөд нотлох баримтаар шүүхэд  ирүүлсэн дээрх 2 албан бичиг нь хуулбар бөгөөд  нотариатаар батлуулаагүй,  эх хувь байхгүй гэж  байна. /х.х-ийн 25,26-рт/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт “ Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг  өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ хувийг шаардан авах эрхтэй” гэж

Мөн хуулийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох  чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж  тус тус заасныг үндэслэн хариуцагчийн талаас гаргасан 2 албан бичгийг нотлох чадваргүй гэж дүгнэлээ.

Иймд хариуцагчийн 5000,000 төгрөгийн бага оврын тракторын үнийн 50 хувь бууруулан 2,500,000 төгрөгөөр түрээсэлж гэрээний  хугацаа дуусахад өөртөө үлдээж авахаар тохирч 2,500,000 төгрөгийг  мах нийлүүлэх замаар төлсөн гэх үйл баримт  тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Эрхзүйн дүгнэлт:

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эрх нь *******гийн ажлын албанд шилжсэн нь Монгол улсын Засгийн газрын *******гийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоол, *******гийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******гийн хөрөнгө балансаас баланст шилжүүлэх тухай баримтаар нотлогдож байх тул *******гийн ажлын алба нь санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр  Тариалан эрхлэлтийн дэмжих сангийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэлээ. /х.х-ийн 5-7-рт/

 Тариалан эрхлэлтийг сан нь иргэн *******той 5,000,000 /Таван сая/ төгрөгний FT-250 маркын трактор, анжисны хамтад нь урдьчилгаа 50% болох 2,500,000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөг төлөн үлдэгдэл 50% болох 2.500,000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг  05 жилийн хугацаатайгаар буюу 2013 онд 500.000 /Таван зуун мянга/ төгрөг, 2014 онд 500.000 таван зуун мянга/ төгрөг, 2015 онд 500.000 /Таван зуун мянга/ төгрөг, 2016 онд 500.000 /Таван зуун мянга/ төгрөг, 2017 онд 500.000 /Таван зуун мянга/ төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 07 дугаар сарын 20-ний өдөр  290 тоот гэрээ  байгуулжээ. /х.х-ийн 8-рт/

Дээрх гэрээ  нь  Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 313 дугаар зүйлийн 313.1 313.2-д заасан шаардлагуудыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр санхүүгийн түрээсийн гэрээ  байна. 

 

Гэрээний хугацаа 2017 оны  07-р сарын 20-ны өдөр дуусан бөгөөд  *******  гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дүгээр зүйлийн  232.3, 232.4, 232.6-д зааснаар нэхэмжлэгч *******гийн ажлын алба нь  нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,500,000 төгрөг,  алданги 1,250,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй  байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна.  Анзын нийт дүн  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн  50 хувиас хэтэрч болохгүй” гэж, мөн хуулийн 232.6-д “ Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн  0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж  тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулсан 290 тоот санхүүгийн түрээсийн  гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс  хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.05 хувийн алданги  төлнө гэжээ.

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг ёсоор  хариуцагч нь 2,500,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн нь алданги шаардах үндэслэл болох бөгөөд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн  2,500,000 төгрөгийн 0,05 хувьтай тэнцэх  алданги хоног тутамд 1250 төгрөг бөгөөд  энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох  2,500,000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй тул  зээлийн гэрээнд зааснаар алдангийг 1,250,000  төгрөг гэж  тооцсон нь үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дүгээр зүйлийн  232.3 232.4, 232.6-д зааснаар *******гоос  санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,500,000 төгрөг,  алдангийг 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөг гаргуулан   *******гийн ажлын албанд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар *******гийн ажлын албаны нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, 60 дугаар зүйлийн 60.2-д  зааснаар хариуцагч *******гоос  нэхэмжлэл хангагдсан 3,750,000 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж тооцон 74950  төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ  нь:

      1.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн  232.4, 232.6-д зааснаар *******гоос 3,750,000 төгрөг гаргуулан *******гийн ажлын албанд олгосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар *******гийн ажлын албаны нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.2-д  зааснаар хариуцагч *******гоос  улсын тэмдэгтийн хураамжид 74950  төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

             5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА