| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0181/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/179 |
| Огноо | 2024-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/179
2024/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Батцэрэн
Шүүгдэгч: Д.Р
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Дын Рид холбогдох эрүүгийн 2412000000175 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, А аймгийн Эсумын Засаг даргын Тамгын газарт малчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн Эсумын .. дугаар багийн Т хорооллын .. тоотод оршин суух, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Ж овогт Дын Р/РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Рнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед А аймгийн Э .. дугаар баг Огазрын зүүн талд хохирогч Ш.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний зүүн далны дээд хэсэгт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь зүүн далны дээд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2412000000175 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Бгийн мэдүүлсэн “...Би 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатараас Архангай аймагт ирээд хамаатны ах Жгийнд хоноод маргааш өдөр нь Р гэж хүн ирж танилцаад гэртээ оч гэхээр нь гэрт нь очсон. Тэгээд айлаас очиж нэг эмэгтэй хүнийг аваад би дэлгүүрээс 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво аваад Обаруун талд ирээд зүлгэн дээр уусан. 1 сав пивоо ууж дуусгачихаад “Р явъя, манайд очъё” гэхэд нөгөө хамт явсан хүүхэн явахгүй эндээ ууя гэхээр нь би тэгье, энд ууя гэхэд Р уурлаад машинаас буугаад цагаан иштэй жижиг тонгорог гаргаж ирээд машины урд дугуйг хагалсан. Тэгэхээр нь би чи өвчтэй юм бэ гээд машинаас бууж ирэхэд хажуугаар зөрөх шиг болсон чинь намайг хутгалчихсан байсан. Тэгээд Р гүйгээд яваад өгсөн. Нөгөө хүүхэн яанаа ахаа танаас цус гараад байна гэж хэлчихээд араас нь гүйгээд явсан. Би утсаараа эгчийгээ дуудсан. ...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16, 127 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Оын мэдүүлсэн “...2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг болж байхад миний төрсөн дүү Б над руу нилээн олон удаа залгасан. ..дуудлагыг нь авахад би хүнд хутгалуулчихлаа, цус алдаад байна, Огазрын баруун талд байна гэж хэлсэн. Тэгээд би яваад очиход машины хажууд зогсож байсан. Газар их хэмжээний цус гоожсон байсан. Тэгээд би түргэн тусламж дуудсан боловч эмнэлгийн байгууллага утсаа аваагүй. ...биеийн байдал хүнд байсан. ...Б надад хэлэхдээ Р гэх хүн хамт пиво ууж байгаад Р нь хүргээд өг гэхээр нь Б би согтуу машин барихгүй гэж хэлэхэд ...хутгалчихаад яваад өгсөн байсан. Бгийн дал хэсэгт хутгалсан байсан. ...Ж, Р, бас нэг эмэгтэй хүн байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Жгийн мэдүүлсэн “...манай дүү Б хотоос ирээд ...Р над руу утсаар яриад хаана байна гэхээр нь гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд би дүү Бтай 2.5 литрийн савтай 1 сав пиво уугаад байж байхад Р мотоцикльтой ирээд манайд очъё гэхээр нь би дүү Бгийн хамт гэрт нь очоод 2.5 литрийн савлагаатай 1 пиво уугаад би машинд ороод унтаад өгсөн. Тэгээд сэрсэн чинь Цагдаагийн газрын эрүүлжүүлэхэд сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оын мэдүүлсэн “...2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ...Р залгасан. ...Тэгээд “А” худалдааны төвийн хажуугаас ирж авсан. Ргаас гадна 2 хүн явж байсан бөгөөд согтуу байсан. ...Р жолооч 2 хоорондоо хэрэлдээд байсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 202 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Ш.Бгийн биед зүүн далны дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Зүүн далны дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 хуу/
Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн босоо захтай, хар өнгийн жижиг цэцгэн дүрслэл бүхий олон тооны хээнүүдтэй хагас ханцуйтай цамцны зүүн далны залгаас оёдлоос 3.3 см зайд 3x0.6 см хэмжээтэй зүсэгдэлт байна...” гэх дүгнэлт /хх-ийн 54-58 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Рийн мэдүүлсэн “...зүйлчлэлтэй маргахгүй. Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Төрийн албаны цалингийн нэгдсэн системийн лавлагаа тодорхойлолтын маягт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Рнь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед А аймгийн Э .. дугаар баг Огазрын зүүн талд хохирогч Ш.Бгийн зүүн далны дээд хэсэгт хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь зүүн далны дээд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Рнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Рнь гэмт хэрэг үйлдэхдээ бусадтай хамтарсан, бүлэглэсэн үйлдэл тогтоогдоогүй. Шүүгдэгч Д.Роос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүдэгчээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 6.032.567 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд оруулах...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 6.032.567 төгрөгийг төлнө...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Д.Рнь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед А аймгийн Э .. дугаар баг Огазрын зүүн талд хохирогч Ш.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний зүүн далны дээд хэсэгт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь зүүн далны дээд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Бгийн мэдүүлсэн “...Би 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатараас Архангай аймагт ирээд хамаатны ах Жгийнд хоноод маргааш өдөр нь Р гэж хүн ирж танилцаад гэртээ оч гэхээр нь гэрт нь очсон. Тэгээд айлаас очиж нэг эмэгтэй хүнийг аваад би дэлгүүрээс 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво аваад Обаруун талд ирээд зүлгэн дээр уусан. 1 сав пивоо ууж дуусгачихаад “Р явъя, манайд очъё” гэхэд нөгөө хамт явсан хүүхэн явахгүй эндээ ууя гэхээр нь би тэгье, энд ууя гэхэд Р уурлаад машинаас буугаад цагаан иштэй жижиг тонгорог гаргаж ирээд машины урд дугуйг хагалсан. Тэгэхээр нь би чи өвчтэй юм бэ гээд машинаас бууж ирэхэд хажуугаар зөрөх шиг болсон чинь намайг хутгалчихсан байсан. Тэгээд Р гүйгээд яваад өгсөн. Нөгөө хүүхэн яанаа ахаа танаас цус гараад байна гэж хэлчихээд араас нь гүйгээд явсан. Би утсаараа эгчийгээ дуудсан. ...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16, 127 хуу/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Оын мэдүүлсэн “...2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг болж байхад миний төрсөн дүү Б над руу нилээн олон удаа залгасан. ..дуудлагыг нь авахад би хүнд хутгалуулчихлаа, цус алдаад байна, Огазрын баруун талд байна гэж хэлсэн. Тэгээд би яваад очиход машины хажууд зогсож байсан. Газар их хэмжээний цус гоожсон байсан. Тэгээд би түргэн тусламж дуудсан боловч эмнэлгийн байгууллага утсаа аваагүй. ...биеийн байдал хүнд байсан. ...Б надад хэлэхдээ Р гэх хүн хамт пиво ууж байгаад Р нь хүргээд өг гэхээр нь Б би согтуу машин барихгүй гэж хэлэхэд ...хутгалчихаад яваад өгсөн байсан. Бгийн дал хэсэгт хутгалсан байсан. ...Ж, Р, бас нэг эмэгтэй хүн байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Жгийн мэдүүлсэн “...манай дүү Б хотоос ирээд ...Р над руу утсаар яриад хаана байна гэхээр нь гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд би дүү Бтай 2.5 литрийн савтай 1 сав пиво уугаад байж байхад Р мотоцикльтой ирээд манайд очъё гэхээр нь би дүү Бгийн хамт гэрт нь очоод 2.5 литрийн савлагаатай 1 пиво уугаад би машинд ороод унтаад өгсөн. Тэгээд сэрсэн чинь Цагдаагийн газрын эрүүлжүүлэхэд сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оын мэдүүлсэн “...2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ...Р залгасан. ...Тэгээд “А” худалдааны төвийн хажуугаас ирж авсан. Ргаас гадна 2 хүн явж байсан бөгөөд согтуу байсан. ...Р жолооч 2 хоорондоо хэрэлдээд байсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 202 дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Рнь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Дээрхээс дүгнэхэд Д.Рнь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед А аймгийн Э .. дугаар баг Огазрын зүүн талд хохирогч Ш.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний зүүн далны дээд хэсэгт хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь зүүн далны дээд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.Рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Рийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж гэрчид эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгаа авч хавтаст хэргийн 27-30 дугаар талд гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтаар хохирогч Ш.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.
Хохирогч Ш.Б нь гэмт хэргийн улмаас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөрт эрүүл мэндийн даатгалын сангаас 6.032.567 /зургаан сая гучин хоёр мянга таван зуун жаран долоо/ төгрөг төлөгдсөн байна.
Хохирогч Ш.Бгийн эмнэлгийн тусламж авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 6.032.567 /зургаан сая гучин хоёр мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг шүүгдэгч Д.Роос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Рнь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 6.032.567 /зургаан сая гучин хоёр мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Рнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Д.Рийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Рид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн тухайд гэм буруу дээрээ маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Д.Рид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан “шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн тул хуульд заасан торгох ял шийтгэхэд шударга ёсны зарчим алдагдахгүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял шийтгэхдээ харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Д.Рнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Рнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Дын Рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Рийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Рид ононгдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Роос 6.032.567 /зургаан сая гучин хоёр мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
5. Шүүгдэгч Д.Рнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч /иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Рид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР