| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2024/03275/И |
| Дугаар | 001/хт2025/00164 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 001/хт2025/00164
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02198 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/00918 дугаар магадлалтай,
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
О газар, Х төв, Э яаманд тус тус холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 288,304,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч О газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, А.З, хариуцагч Э яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч О газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, хариуцагч Х төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч О газар, Х төв, Э яаманд тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 288,304,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/00918 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О газраас 96,101,533 төгрөг, Х төвөөс 96,101,533 төгрөг, Э яамнаас 96,101,533 төгрөг, нийт 288,304,600 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,599,473 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/00918 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О газраас 288,304,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч Э яам, Х төвд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,599,473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
хариуцагч О газраас 1,599,473 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. “гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,599,473 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч О газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, О газар, Х төв, Э яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.18-ны өдрийн 191/ШШ2025/02198 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.05.28-ны өдрийн 210/МА2025/00918 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4.1 Хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хэргийг хянан үзсэн байдал нь хууль зүйн үндэслэлгүй талаар:
Магадлалын “Хянавал” гэсэн хэсгийн 2.1-д “Анхан шатны шүүх нотолгооны хуваарилалт, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгсний улмаас нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.” гэжээ. Харин анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг бүх талаас шинжлэн судалж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед “Э” төслийн хүрээнд үүрэн холбооны операторуудаар дамжуулан Ковид-19 цар тахлын тандалт, PCR шинжилгээ болон вакцины мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх ажлыг “Г” ХХК-тай 2021.04.01-ний өдөр 27/25/21-07/001 тоот гэрээ байгуулан хэрэгжилтийг ханган ажилласан. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд “цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.
Харин давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын агуулгад нийцүүлэн тухайн хууль нь Онцгой байдлын байгууллага хэрэгжүүлэх ёстой байсан мэтээр шийдвэр гаргаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримт болон тухайн үеийн нөхцөл байдалд нийцэхгүй байна.
Магадлалын “Хянавал” гэсэн хэсгийн 3.2 дахь хэсэгт “О-аас 2022.03.31-ний өдрөөр тасалбар болгож гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн ч 2022.04.01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрүүдэд ПСР шинжилгээний 622,299 сорьцын бүртгэл, хариу “Э” системээр өмнөхийн адил дамжиж нийтэд хүрч байсан тогтоогдлоо гэжээ. Мөн нэхэмжилж буй 288,304,600 төгрөгийг хэрхэн тооцоолж гаргасан нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримт нь улсын хэмжээний Э байгууллагад шинжилгээний хариу хүргүүлж байсан баримт байдаг бөгөөд, 1 сорьцыг 500 төгрөгөөр тооцож байгаа гэх боловч 622,299 ширхэг сорьцын үнэлгээ нь 311,149,500 төгрөг болж байгаа нь эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.
Мөн нэхэмжлэгчийн гомдлын агуулгад “систем ашиглалтын төлбөр 311,161,450 төгрөг болсон бөгөөд улсын эмнэлгүүд 22,856,850 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 288,304,600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах гомдол гаргаснаас үзэхэд хариуцагч О газрыг буруутгах нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаас тогтоогдохгүй гэж үзэж байна.
4.2. Гэрээний харилцаа дуусгавар болсон байхад дуусгавар болоогүй үргэлжилсэн гэж дүгнэсэн талаар:
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар Э байгууллагын хэрэгжүүлэх асуудлыг илүүтэй зохицуулсан бөгөөд цар тахлын үйл ажиллагааг Э улсын алба /ЭМЯ, ХӨСҮТ/ хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах шийдвэрийг Улсын Онцгой комиссын 2022.03.17-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар гаргасантай холбогдуулан 2022.03.31-ний өдрөөр тасалбар болгон, гэрээ дүгнэхэд хэн аль нь маргаагүйгээс үзэхэд гэрээний харилцаа дуусгавар болсонд тооцох үндэслэлтэй юм.
Учир нь цар тахлын нөхцөл байдал бий болоход Улсын онцгой комиссын шуурхай штабыг анх О газрыг түшиглэн байгуулсан бөгөөд, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлснээр тухай салбарын асуудлыг эрхэлсэн яам хариуцах үүрэгтэйг тодорхойлсон.
Магадлалын “Хянавал” гэсэн хэсгийн 4 дэх хэсэгт “... ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллуулах гэрээний шинж чанарыг хослуулсан холимог гэрээний шинжтэй” гэж тодорхойлсон Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 198.1, 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Магадлалын “Хянавал” гэсэн хэсгийн 4.1-д “... Гэрээнд Х төвийг хэрэглэгч гэж тодорхойлсон боловч тус байгууллага нь гэрээний үндсэн оролцогч биш бөгөөд гэрээнд гуравдагч этгээдийн хувиар оролцсон байна.” гэж хянан үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд “Г” ХХК-тай 2021.04.01-ний өдөр 27/25/21-07/001 тоот гэрээнд Х төв /хэрэглэгч/ нь захиалагч, гүйцэтгэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж оролцсон гэрээний тал юм.
Мөн хэсэгт “...гуравдагч этгээд болох Х төвийн хэрэгцээнд буюу улсын хэмжээнд ...” гэж дахин дахин гэрээний оролцогч талыг гэрээнд хамааралгүй мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд “Г” ХХК-тай 2021.04.01-ний өдөр 27/25/21- 07/001 тоот гэрээний 7.5-д “гуравдагч этгээд”-ийн талаар зохицуулсан, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд хэргийн оролцогчдын бүрэлдэхүүнийг тодорхойлсон бөгөөд 22.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ.”, 22.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн.” гэж тусгайлан авч үзсэн байдаг.
Магадлалын “Хянавал” гэсэн хэсгийн 4.2-т “... О газар нь гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч, хэрэгт авагдсан баримтаар гэрээ бодитоор цуцлагдсан нөхцөл байдал тогтоогдоогүй.” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт цугларсан баримтаар ОБЕГ, Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штаб, Харилцаа холбооны зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний дата төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, ХӨСҮТ, Г ХХК-ний төлөөллийг байлцуулан 2022.03.31-ний өдрөөр тасалбар болгож гэрээ дүгнэсэн актыг үйлдэж, “Г” ХХК-тай 2022.03.31, 2022.05.16-ны өдөр 2 удаа 240,731,000 төгрөгийг тус компанид төлөхөөр тооцооны үлдэгдлийг баталгаажуулах акт үйлдсэний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр "Г" ХХК-ний Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот дансанд шилжүүлж, төлбөр тооцоог бүрэн дуусгасан баримт хавтаст хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үгүйсгэж байгаа нь нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт гэж үзэхээр байна. Мөн хэсэгт “... 2022.04.01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний хооронд нийт 622,299 ширхэг ПСР сорьцын шинжилгээний хариу, бүртгэл “Э” системээр дамжин олон нийтэд хүрсэн нь гэрээ хэрэгжсээр байсныг илтгэж байна. Энэ тохиолдолд О газар нь гэрээ цуцалсантай холбоотойгоор цаашид “Э” системээр ашиглахгүй байх арга хэмжээ авах ёстой боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй тул гэрээний хэрэгжилт үргэлжилсэн." гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд 2022.03.31-ний өдрөөр тасалбар болгон, гэрээ дүгнэж, цаашид Э яам тухайн асуудлыг хариуцаж, улсын хэмжээний Э байгууллагууд тус системийг ашиглаж байсан бөгөөд гэрээ үргэлжилсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад ийнхүү хянан үзэж байгаа нь учир дутагдалтай байна.
Мөн “гэрээг цуцлахад хүргэх хэмжээний ноцтой зөрчлийг ажил гүйцэтгэгч гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй...иймд гэрээг 2022.08.31-ний хүртэл үргэлжилсэн гэж дүгнэх үндэслэлтэй” гэжээ. Энэхүү 27/25/21-07/001 тоот гэрээний хугацаа нь 2024.04.01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, гэрээ цуцлах санал гаргаагүй бол дахин 6 сараар сунгагдсанд тооцохоор тус гэрээний 3.1, 3.2-т заасан тул тухайн гэрээг хугацаа дууссан үндэслэлээр дуусгавар болгосон бөгөөд гэрээний үүргийн зөрчлөөс шалтгаалаагүй юм. Магадлалын “Хянавал” гэсэн хэсгийн 4.3-т “... Хариуцагч Э яамны хувьд “Э” сиситемтэй холбоотой аливаа үүргийн харилцаа үүсгээгүй байна. Хожим Э сайдын 2022.10.13-ны өдрийн 1a/4629 тоот “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр Э байгууллагуудыг ... нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж ажиллах чиглэл хүргүүлсэн нь энэ маргаанд хамааралгүй болно.” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “... 2022.03.31-ний өдрөөр тасалбар болгон гэрээг дуусгавар болгох талаар О газраас мэдэгдэхдээ Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээг авахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг Э яам хариуцахаар шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн. Э сайд С.Энхболд бидэнд ковид-19 цар тахал гарсаар байгаа ба дараагийн хариуцах байгууллага болон төлбөрийг Э яамны зүгээс шийдвэрлэж өгөх тул системийн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хангаж ажиллахыг үүрэг болгосон.” гэж гаргасан тайлбараас харахад тухай үеийн нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт гаргасан байна.
Магадлалын “Хянавал” гэсэн хэсгийн 4.4-т “...2022.04.01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний хооронд нийт 622,299 ширхэг ПСР сорьцын бүртгэл, хариу “Э” системээр дамжин олон нийтэд хүрсэн үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгчийн гаргасан тооцоололд хариуцагч мэтгэлцээний тодорхой байр суурь илэрхийлээгүй.” гэсэн дүгнэлт нь баримтад суурилаагүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд сорьцын бүртгэл, хариуг олон нийтэд хүргэдэггүй, харин Э байгууллагад төвлөрдөг, мөн “хариуцагч” гэж тодорхойлох бус “хариуцагч нар” гэж тодорхойлох нь зүйтэй, Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нараас нэхэмжилж буй мөнгөн дүнг хэрхэн тооцоолсон нь тодорхой бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулж байсан бөгөөд тус баримт нь Э байгууллагуудад үйлчилгээ үзүүлсэн баримт байсан нотлогддог. Мөн нэхэмжилж буй 288,304,600 төгрөгийг хэрхэн тооцоолж гаргасан нь тодорхойгүй, 1 сорьцыг 500 төгрөгөөр тооцож байгаа гэх боловч 622,299 ширхэг сорьцын үнэлгээ нь 311,149,500 төгрөг болж байгаа нь эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй талаар энэхүү гомдлын 1 дэх хэсэгт дурдсан болно.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэт 1 талыг барьж О газрыг буруутган, анхан шатны шүүхийн шийдвэрийг илт зөрүүтэй байдлаар дүгнэсэн, гэрээний хугацаа дуусаж, гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн, нэхэмжлэгч О газраас үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэх үедээ нэмэлт төлбөр гарсан талаар дурдаагүй, мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэрээг үргэлжилсэнд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байдлыг нь харгалзан үзээгүй зэрэг 2 шатны шүүх илт зөрүүтэй дүгнэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байгаа тул мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.05.28-ны өдрийн 210/МА2025/00918 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.18-ны өдрийн 191/ШШ2025/02198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч О газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.09-ний өдрийн 001/ШХТ2025/00776 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч О газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч О газар, Х төв, Э яаманд тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 288,304,600 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “... “Г” ХХК нь О газар, Х төвтэй 2021.04.01-ний өдөр №27/05/21-07/001 тоот “С”, нэмэлт гэрээнүүдийг харилцан тохиролцож байгуулсан. “Г” ХХК нь 2020 оны 12 дугаар сараас Ковид-19 цар тахлын үеэр тандалт, шинжилгээний “Э” системийг нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хөгжүүлэн улсын хэмжээнд нэвтрүүлсэн. ... О газраас 2022.03.31-ний өдрөөр тасалбар болгон гэрээг дуусгавар болгох 09/742 дугаартай албан бичиг ирүүлж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн, харин Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээ авахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг Э яам хариуцахаар шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн. Э яамны сайд С.Энхболд бидэнд хандан дараах үүрэг өгсөн Ковид-19 цар тахал гарсаар байгаа ба дараагийн хариуцах байгууллага болон төлбөрийг Э яамны зүгээс шийдвэрлэж өгөх тул системийн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хангаж ажиллахыг үүрэг болгосон. Уг чиглэлийн дагуу бид системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажилласаар 2022.04.01-ний өдрөөс 2022.08.25-ны өдөр хүртэл системийн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хангаж ажилсан. Систем ашиглалтын төлбөр дээрх хугацаанд 311,161,450 төгрөгийн өр үүссэн. Уг төлбөрөөс зарим улсын эмнэлгүүд 22,856,850 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл 288,304,600 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээг 2022.08.19-ний өдөр дүгнэж акт үйлдсэн болно. ...Төлбөрийг гэрээний талууд болох О газар, Х төвд хандан шаардаж, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Улсын Онцгой комисс зэрэгт албан бичгээр удаа дараа шаардаж байсан боловч одоог хүртэл төлөөгүй. ...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч О газар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед “Э” төслийн хүрээнд үүрэн холбооны операторуудаар дамжуулан Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тандалт, Полимеразийн гинжин урвал /ПГУ/ буюу PCR шинжилгээ болон вакцины мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх ажлыг “Г” ХХК-тай 2021.04.01-ний өдөр 27/25/21-07/001 тоот гэрээ байгуулан хэрэгжилтийг ханган ажилласан. Тус 27/25/21-07/001 тоот гэрээг, О газар, Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штаб, Харилцаа холбооны зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний дата төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, ХӨСҮТ, “Г” ХХК-ийн төлөөллийг байлцуулан 2022.03.31-ний өдрөөр тасалбар болгож гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн. Гэрээ дүгнэсэн акт үйлдсэний дараа ... тооцооны үлдэгдэл болох 240,731,000 төгрөгийг 2022.09.08-ны өдөр “Г” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот дансанд шилжүүлж, төлбөр тооцоог бүрэн дуусгасан. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх бүхий л арга хэмжээг Э яам хариуцахаар болж, үүний дагуу Э сайдаас системийн үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэн ажиллуулах чиглэл өгсөн хугацааны буюу 2022.04.01-ний өдрөөс 2022.08.25-ны өдөр хүртэлх төлбөр гэх 288,304,600 төгрөгийг О газраас гаргах үндэслэлгүй байна. Иймд О газар нь 2021.04.01-ний өдөр 27/25/21-07/001 тоот гэрээний нэг тал болж эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж төлбөр, тооцоо дууссан.” гэж маргажээ.
9. Хариуцагч Х төв нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2021.04.01-ний өдөр О газар, “Г” ХХК, Х төвийн хооронд гурван талт 27/05/21-07/001 дугаартай систем хөгжүүлэлт болон ашиглалтын гэрээ байгуулагдсан байдаг. Гэрээнд “Г” ХХК-г “гүйцэтгэгч”, О газрыг “захиалагч”, Х төвийг “хэрэглэгч” гэж тус тус тусгасан. ... Гэрээний дагуу тооцогдсон төлбөрийг уг гэрээний 2.4-т зааснаар захиалагч буюу О газар нь уг гэрээний 2.6-д заасны дагуу “Холбогдох дээд байгууллагын шийдвэрээр” санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл “хэрэглэгч” Х төв нь гэрээгээр ямар нэг төлбөр төлөх үүрэг анхнаасаа огт хүлээгээгүй ... тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. …” гэж маргажээ.
10. Хариуцагч Э яам нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...“Г” ХХК нь О газар, Х төвтэй 2021.04.01-ний өдөр 27/05/21-07/001 дугаартай Систем хөгжүүлэлт болон ашиглалтын гэрээг байгуулж, гэрээг дүгнэж, дуусгавар болгосон бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байна. Э яам нь дээрх байдлаар “Г” ХХК-тай иргэний эрх зүйн харилцаа үүсгэж, гэрээ байгуулан гэрээний тал болж, эрх эдэлж, үүрэг хүлээлгэсэн үйл баримт байхгүй. ...” гэж маргажээ
11. Анхан шатны шүүх “... “Г” ХХК нь О газар, Х төвтэй 2021.04.01-ний өдөр №27/05/21-07/001 дугаартай "С"-г байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ. … О газар “Г” ХХК-ийн хоронд 2021.04.15-ны өдөр 44 дугаартай нэмэлт гэрээг байгуулан гэрээний 1-д Үндсэн гэрээний 9.6-д заасны дагуу захиалагч системийн үйлчилгээний төлбөр 109,276,500 төгрөг, мессежний төлбөр 47,058,000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөхөөр харилцан тохиролцсон байна. … “Г” ХХК, О газар, Х төвүүдийн хооронд байгуулагдсан 2021.04.01-ний өдөр №27/05/21-07/001 дугаартай “С”-ний төлбөрийг төлж гэрээний харилцаа дуусгавар болсон. ...Иймээс хариуцагч нартай 2022 оны 04 сараас 09 сар хүртэл хугацаанд гэрээний харилцаанд орсон эсэх нь баримтаар нотлогдохгүй …” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэхдээ “... Талуудын байгуулсан гэрээ нь “Э” системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллах, системийг шилжүүлэн өгөх үүрэг бүхий агуулгатай бөгөөд энэ утгаараа ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээний шинж чанарыг хослуулсан холимог гэрээний шинжтэй байна. Гэхдээ гэрээний хэрэгжилтийн явцад ажлын тодорхой үр дүн бий болгох зорилго давамгайлж байгаа тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр. ... Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар ... захиалагч болох О газар нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч, хэрэгт авагдсан баримтаар гэрээ бодитоор цуцлагдсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Тодруулбал, захиалагчийн зүгээс гэрээг цуцлах тухай албан бичгийг ажил гүйцэтгэгчид хүргүүлсэн боловч, түүнээс хойш буюу 2022.04.01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 622,299 ширхэг ПСР шинжилгээний сорьцын бүртгэл, хариу “Э” системээр дамжин олон нийтэд хүрсэн нь гэрээ хэрэгжсээр байсныг илтгэж байна. ... Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлахад хүргэх хэмжээний ноцтой зөрчлийг ажил гүйцэтгэгч гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхэд, талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ 2022.08.31-ний өдөр хүртэл үргэлжилсэн гэж дүгнэх үндэслэлтэй. ...Гэрээнд Х төвийг хэрэглэгч гэж тодорхойлсон боловч тус байгууллага нь гэрээний үндсэн оролцогч биш бөгөөд гэрээнд гуравдагч этгээдийн хувиар оролцсон байна. Хариуцагч Э яамны хувьд “Э” системтэй холбоотой аливаа үүргийн харилцаа үүсгээгүй байна. ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан тооцоололд хариуцагч мэтгэлцээний тодорхой байр суурь илэрхийлээгүй тул дээрх хугацааны төлөгдөөгүй ажлын хөлсөнд хариуцагч О газраас 288,304,600 төгрөг гаргуулж, харин хариуцагч Э яам, Х төв нь уг гэрээний мөнгөн төлбөрийн үүрэггүй тул тэдгээрт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцэж байна.” гэсэн дүгнэлт хийжээ.
13. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн боловч уг харилцааг тодорхойлохдоо хоёр өөрөөр дүгнэсэн ба энэ талаарх хариуцагч О газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
14. Хэргийн баримтаар нэхэмжлэгч “Г” ХХК нь 2021.04.01-ний өдөр хариуцагч О газар, Х төвтэй тус тус №27/05/21-07/001 тоот “С”, нэмэлт гэрээнүүдийг харилцан тохиролцож байгуулсан, 2022.03.31-ний өдөр 9/742 дугаартай албан бичгийг “Г” ХХК-д явуулж, О газар гурван талт гэрээг цуцалж, гэрээний үүргийг дуусгавар болгож байгаа талаар мэдэгдсэн, талууд 2022.08.19-ний өдөр гэрээг дүгнэж акт үйлдсэн, гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт хариуцагч О газар 2022.09.08-ны өдөр 240,731,000 төгрөгийг төлсөн тухай үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй.
15. Зохигч дээрх гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх, гэрээний хугацаа сунгагдсан эсэх, гэрээний үүргийг гүйцэтгэх үүрэг бүхий этгээд болон гэрээний үнийг хэн төлөх үндэслэлтэй эсэх асуудлаар маргажээ.
16. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх тус гэрээ нь ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээний аль алиных нь шинжийг агуулсан гэрээ, гэвч гэрээний хэрэгжилтийн явцад ажлын тодорхой үр дүн бий болгох зорилго давамгайлж байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн.
17. Нэхэмжлэгч “Г“ ХХК болон хариуцагч “О газар”, “Х төв”-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний аль алиных нь шинжийг агуулсан холимог гэрээ байгуулагдсан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
18. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.”, 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж тус тус заасан.
19. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гэрээний зорилгыг “... Монгол Улсад тархаад буй коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын өвчлөлийг зогсоохын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд технологийн дэвшлийг нэвтрүүлэн гүйцэтгэгч нь “Э” платформыг хөгжүүлэх, нэвтрүүлэхтэй холбоотой болон талуудын хоорондын харилцааг зохицуулахад оршино.” гэж тодорхойлж, гэрээний 1.2-т “Э” систем нь “1.2.1. PCR Шинжилгээний бүртгэлийн функц: PCR шинжилгээний цаг цахимаар авах, цуцлах, шинжилгээ өгч буй иргэний бүртгэх, шинжилгээний сорьцын бүртгэлийг хийж, ПОС төхөөрөмж дээр баркод хэвлэх, 1.2.2. Лабораторид шинжилгээг бүртгэх, хариу оруулах функц: Шинжилгээний авах цэгээс очсон сорьцуудыг лабораторид бүртгэж, хариуг системд оруулах, “Health passport” PCR шинжилгээний мэдээлэл өгөх функц: Шинжилгээ өгсөн огноо, шинжилгээний хариуны мэдээллийг мессеж болон гар утасны аппликейшнээр мэдэгдэх, 1.2.3. Тандалтын функц: Гэрээр тусгаарлагдсан болон тусгаарлалтын байрны мэдээлэл, эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийн мэдээлэл болон ойрын хавьтлын иргэдийн мэдээллийг хянах функц, самбар. /Эерэг тохиолдлын хүн өөрөө асуулга бөглөх функц/, 1.2.4. 0000 утсаар CRM буюу иргэдэд шинжилгээний явцын талаар болон шинжилгээний хариу өгөх call centre функц” ... зэрэг функцтэй байна” гээд гэрээний 5 дугаар зүйлд захиалагч төлбөрийг төлөх, гүйцэтгэгч “Э” системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгч шинжилгээний сорьцын бүртгэл, шинжилгээний хариуны бүртгэлийг системд үнэн зөв оруулах зэрэг үндсэн үүрэгтэй байхаар тохиролцжээ.
Эндээс үзвэл нэхэмжлэгч “Г“ ХХК нь “Э” системийн хөгжүүлэлтийг тогтмол хийж байх шинж нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн байх агуулгатай, харин хэрэглэгч буюу Х төв шинжилгээний сорьцын бүртгэл, шинжилгээний хариуны бүртгэлийг системд үнэн зөв оруулснаар шинжилгээний хариуг иргэдэд мессежээр хүргэх технологийг нэвтрүүлэх үйлчилгээ үзүүлэх шинж нь хөлсөөр ажиллах гэрээний агуулгатай тул талуудын хоорондох тохиролцоо холимог гэрээний шинжийг агуулсан гэж үзнэ.
20. Нэхэмжлэгч нь 3 хариуцагч татаж, нийт 288,304,600 төгрөгийг гаргуулахаар шаардахдаа хариуцагч О газрыг гэрээгээр төлбөр төлөхөөр үүрэг хүлээсэн боловч гэрээ цуцалж, үүрэг дуусгавар болсноор цаашид Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх бүхий л арга хэмжээг Э яам хариуцах талаар мэдэгдсэн, мөн хариуцагч Х төв нь системийг хэрэглэгч байгууллага гэж хариуцагчаа тодорхойлсон.
Түүнчлэн мөн шүүх хуралдаанд шаардлагаа тодруулахдаа дээрх хариуцагч нараас төлбөрийг тэнцүү хэмжээгээр гаргуулахаар нэхэмжилсэн агуулгыг тайлбартаа дурдсан боловч анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нараас 288,304,600 төгрөгийг гаргуулах гэж бүхэлд нь шаардаж талуудын мэтгэлцээн энэ хүрээнд явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг уг хэмжээгээр тогтоох нь зүйтэй.
Гагцхүү зохигч талууд хөлс төлөх үүргийн талаар маргахдаа хариуцагч О газар гэрээний хугацаанд хамаарах хөлсийг бүрэн төлж, үүрэг дуусгавар болсон гэж, хариуцагч Х төв болон Э яам нь гэрээгээр хөлс төлөх үүрэг хүлээгээгүй гэсэн тайлбар, татгалзал гаргасан.
Давж заалдах шатны шүүх хариуцагч Х төвийг гэрээгээр үүрэг хүлээгээгүй гэсэн дүгнэлтийг хийж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй боловч хариуцагч О газраас мөнгийг гаргуулахдаа гэрээ үргэлжилсэн, гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
21. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д зааснаар холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарах бөгөөд дээрх хоёр гэрээний аль ч гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч хөлс шаардах эрхтэй боловч түүний шаардлагын үндэслэл үйлчилгээ үзүүлсний хөлс шаардсан агуулгатай тул хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт хамаарна гэж үзнэ.
22. Талуудын байгуулсан “Систем хөгжүүлэлт болон ашиглалтын гэрээ”-нд нэхэмжлэгч буюу “Г” ХХК-ийг гүйцэтгэгч, хариуцагч О газрыг захиалагч, Х төвийг хэрэглэгч гэж заагаад хөлс төлөх талаар гэрээний 2.1-д “гүйцэтгэгч нь Хэрэглэгчийн шаардсан системийн хөгжүүлэлтийг “Э” системд үнэ төлбөргүй хийх бөгөөд 2021.04.01-ний өдрөөс эхлэн 1.2.1-д заасан шинжилгээний сорьц бүрд 500 төгрөг байна. Энэ төлбөр энэ системтэй холбоотой бүх төлбөрийг шийдвэрлэнэ.”, 2.4-т “Захиалагч нь нэхэмжлэлээр ирүүлсэн төлбөрийг гэрээний 2.6-д заасан шийдвэр баталгаажсанаас хойш ажлын 5 хоногийн дотор гүйцэтгэгчийн ... дансанд шилжүүлнэ.” гэж тус тус тохиролцсоноос үзэхэд гэрээний дагуу хөлс төлөх үүргийг хариуцагч О газар хүлээсэн байна.
23. Хариуцагч О газар нь энэхүү үүргээ биелүүлсэн, гэрээ дуусгавар болсон гэж татгалзаж тайлбар гаргасан тул гэрээний хугацаа сунгагдсан эсэх, гэрээ дуусгавар болсон эсэх үйл баримт ач холбогдолтой тул энэ талаар дүгнэлт хийх нь зүйтэй.
24. Талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлд гэрээг дуусгавар болгох гэрээг цуцлах үндэслэлийг тохиролцсон бөгөөд 6.2.3-т гэрээний хугацаа дуусгавар болж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасан.
Мөн талууд гэрээг 2021.04.01-2021.09.30 хүртэл 6 сарын хугацаатай байгуулсан, гэрээний хугацааг 2022.03.31 хүртэл дахин 6 сарын хугацаагаар сунгасан, хариуцагч О газраас “Г” ХХК-д 2022.03.31-ний өдөр 9/742 дугаартай албан бичгийг хүргүүлж, гэрээ дуусгавар болгож байгааг мэдэгдэж, 2022.08.19-ний өдөр 2022.03.31-ний өдрөөр тасалбар болгон, гэрээг дүгнэсэн, дээрх хугацаанд хамаарах хөлсний үлдэгдэл 240,731,000 төгрөг болох талаар хоёр байгууллагын нягтлан бодогч нар тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж, хариуцагч О газраас 2022.09.08-ны өдөр уг төлбөрийг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.
Нэхэмжлэгч нь дээрх хугацаанаас хойших буюу 2022.04.01-2022.08.31 хүртэл хугацааны үйлчилгээний хөлс шаардаж, хариуцагч О газраас гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ирүүлсэн ч хэрэглэгч системийг ашигласаар байсан ба Ковид-19 цар тахал, өвчний байдлаас шалтгаалж гэрээнд заасны дагуу “Э” системийн функцийг зогсоох боломжгүй байсан гэж тайлбарлажээ.
Талууд гэрээний 5.2.7-д “нэхэмжлэхээр явуулсан төлбөрийг 2.4-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Захиалагч талд бичгээр мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дараа гүйцэтгэгч нь “Э” системийн бүх функцийг зогсоох эрхтэй.” гэж тохиролцсон боловч нэхэмжлэгчийн системийг зогсоох боломжгүй тухай тайлбарыг хариуцагч нар үгүйсгээгүй, “Э” системийг ашигласаар байсан нь тогтоогджээ.
25. Давж заалдах шатны шүүх хэрэглэгч системийг ашигласаар байсан үйл баримтыг үндэслэж, гэрээг бодитоор цуцлагдаагүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д нийцээгүй.
Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно.” гэж зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2022.03.31-ний өдөр дуусч, энэ хугацаанаас хойш дахин гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д зааснаар гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцох бөгөөд хэргийн баримтаар ийнхүү дүгнэх үндэслэлгүй буюу хариуцагч О газар гэрээг дуусгавар болсон талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж байжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч О газар 2022.03.31-ний өдөр 9/742 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь дээрх хуульд зааснаар гэрээг цаашид үргэлжлүүлэхгүй тухай хүсэл зоригийг хангалттай илэрхийлсэн гэж үзэх тул гэрээ сунгагдаагүй ба нэхэмжлэгч хөлсийг энэхүү гэрээний үүргийн дагуу О газраас шаардах эрхгүй байна.
26. Харин мөнгийг хариуцагч Э яамнаас гаргуулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон гэж үзэв.
Хариуцагч Э яам энэхүү гэрээний харилцаанд аливаа байдлаар оролцоогүй, гэрээний оролцогч биш болох талаар хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй боловч шүүхүүд хэрэглэгч “Э” системийг ашигласаар байсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй алдааг залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
Тодруулбал, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэж хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардаж болно.
Энд заасан “үүрэг үүсээгүй” гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байдаг тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхэд хамаарах эсэхийг дүгнэх шаардлагатай.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгчээс гаргасан зардлын хэмжээгээр хариуцагчийн хөрөнгө өссөн байх буюу ийнхүү өссөн нь хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй байх тохиолдолд нэхэмжлэгчид энэ хуульд зааснаар шаардах эрх үүснэ.
27. Хэргийн баримтаас үзэхэд 2022.04.01-ний өдрөөс хойш хугацаанд нэхэмжлэгчийн “Э” системийг хэрэглэгч буюу Х төв болон бусад Э байгууллагууд хэрэглэж, “Э” системийн үйлчилгээг авсаар байсан ба 2022.03.31-2022.08.31-ний өдөр хүртэлх хугацааны төлбөр 311,161,450 төгрөг болсон, үүнээс зарим Э байгууллагууд нийт 22,856,850 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон.
Мөн 2022.04.01-2022.08.31-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрийг төлөх талаар нэхэмжлэгч нь хариуцагч О газарт хандахад О газраас 2022.03.31-ний өдрийн 9/742 дугаар албан бичгээр “...Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, Улсын Онцгой комиссын 2022 оны 03 дугаар хурлаар коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг Э яам, Х төв хариуцахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан танай байгууллагатай байгуулсан гэрээг 2022.03.31-ний өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна ...” гэсэн хариу хүргүүлсэн.
Улмаар Улсын онцгой комиссын 2022.03.17-ны өдрийн 3 дугаар хуралдаанаас “... Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Гамшгаас хамгаалах Э улсын албанд /Э яам, Х төв/ даалгах. Үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллээр Улсын онцгой комиссыг тогтмол хангаж ажиллах”, “Коронавируст халдвар /Ковид-19/, түүний шинээр гарч буй хувилбар, учирч болох эрсдэлийн талаарх судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлж, Засгийн газар, Улсын онцгой комисст тогтмол мэдээлэл хүргүүлэх ...” гэж шийдвэрлэсэн нь хуралдааны тэмдэглэлийн 5.1, 5.2-т тусгагдсан.
Нэхэмжлэгчээс тухайн үед төлбөрийн асуудлаар хариуцагч Э яаманд 2022.04.18, 2023.01.31, 2023.04.17-ны өдрүүдэд албан бичгээр хандаж байсан, мөн хариуцагч Халдварт судлалын үндэсний төвд болон Э яам, О газарт тус тус 2022.08.25-ны өдөр албан бичиг хүргүүлж, төлбөр төлөгдөөгүйгээс системийн ажиллагаа зогсох болсныг мэдэгдсэн, улмаар 2023.11.07-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандсанаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар 2023.12.22-ны өдрийн 01/1128 дугаартай “...систем ашиглалт, төлбөрийн асуудлыг холбогдох байгууллагын хүсэлт, саналыг судалж, тухай бүрд шийдвэрлээгүйгээс систем ашигласны төлбөртэй холбогдох асуудал үүссэн байх тул “Г” ХХК-ийн гомдолд дурдсан асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан үзэж үндэслэл бүхий хариуг гомдол гаргагчид хүргүүлнэ үү.” гэсэн агуулгатай албан бичгийг Э сайдад хүргүүлсэн байна.
Э яамнаас 2024.01.11-ний өдөр “Г” ХХК-д хандан “... гэрээг 2021.04.01-2021.09.30-ны өдөр хүртэл хугацаанд байгуулж, дуусгавар болгожээ. 2022.08.19-ний өдөр тус гэрээг дүгнэх актыг үйлдсэн байна. Э яам нь дээрх гэрээний оролцогч тал биш тул энэхүү харилцаанд оролцох эрх зүйн үндэслэлгүй юм. Мөн босго үнээс давсан тохиолдолд эрүүл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулалгүй гэрээ байгуулах, түүнийг санхүүжүүлэх боломжгүй.” гэжээ.
28. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийн хөгжүүлж хийсэн “Э” системийг коронавируст халдвар (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг зогсоохын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд технологийн дэвшлийг ашиглах зориулалтаар Э байгууллагууд хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул энэ хэмжээгээр хариуцагч Э яамыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.
Учир нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.28-д “цар тахлын үед төрийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх” нь Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хамаарахаар заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болно.
Энэ үндэслэлээр дээрх үйлчилгээг Э яам авч, үйл ажиллагаандаа ашигласан, төлбөрийг хариуцах үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлага 288,304,600 төгрөгийг хариуцагч Э яамнаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/00918 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Э яамнаас 288,304,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, хариуцагч О газар, Х төвд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,599,473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 1,599,473 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч О газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч О газар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН