Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 239

 

Д.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, 1736000000049 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт Д-гийн О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.О-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, явган зорчигчдыг гарцаар гарахад нь туслах ажлыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хийж гүйцэтгүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-гоос 4,929,800 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-т олгож, нэхэмжлэлээс 1,740,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-гоос 4,929,800 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Б-т олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ц.Б-т эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаар дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого зэрэг зайлшгүй гарах бүх зардлыг төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл хэргийн оролцогч биш, иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогоогүй С.П-г түүнд учруулсан хохирол болон хор уршиг байхгүй үйлдлийг дүгнэж хохирол гаргаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг зааж өгсөн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Ц.Б-ийг тогтоосон байхад зам тээврийн ослоос үүдэлтэй хохиролд С.П гэх хүний 2016 оны мал тооллогоор 1223 толгой мал тоолуулсан гэх баримтыг үндэслэж 4,000,000 төгрөгийн малчин хөлсөлж авсан, аймгаас нүүлгэх болон хужир татсан, хөрзөн, аргал буулгасан, навч ачиж буулгасан зардалд 400,000 төгрөг зэрэг төлбөрийг гэм хорын хохиролд тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Дээрх баримтууд хуулийн шаардлага хангасан эсэх, хэнд хэзээ, ямар учиртай бэлэн болон бэлэн бусаар хэдэн төгрөг өгсөн зэргийг нотолсон нотлох баримт байхгүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан бичгээр хийсэн хэлцлийг үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримт гэж үнэлсэн байна. Шүүх “хохирогч болон иргэний нэхэмжлэгч Ц.Б-т зам тээврийн ослоос үүдэлтэйгээр хор уршиг учирсан” гэж дүгнэсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй, хохирогч Ц.Б эмийн төлбөр гаргаснаа шүүх хурлын үед илэрхийлдэг. С.П-гийн өмчлөлийн 2016 оны мал тооллогоор 1223 толгой мал тоолуулсан баримтад тулгуурлан 4,000,000 төгрөгөөр малчин хөлсөөр ажиллуулах гар бичмэлийг зам тээврийн осолтой ямар хуулийн зохицуулалтаар холбон хохирол болгон гаргуулж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн уг хэлцэл, тээврийн зардалд 400,000 төгрөг гэх хохирлын баримтууд С.П, Ц.Б нарын хэнд нь хохирол учруулсан нь тодорхойгүйг шийдвэртээ тусгасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир хэлсэн саналдаа “...Шүүгдэгч болон өмгөөлөгч миний зүгээс гэм буруугийн асуудал болон зүйлчлэлийн тал дээр маргах зүйл байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийг шүүх буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогч биш С.П гэдэг хүнд хохирол учирсан гэж дүгнэн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэрэгт С.П гэдэг хүн хохирогчоор тогтоогдоогүй бөгөөд Ц.Б гэдэг хүн хохирогчоор тогтоогдсон байдаг. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад С.П, Ц.Б нар нь гэр бүлийн харилцаа хамааралтай хүмүүс биш юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.О-гоос 4,929,800 төгрөгийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.О нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн хх хх УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ц.Б-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Шүүх Д.О-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын хамтран гаргасан “...зам тээврийн ослоос үүдэлтэй хохиролд С.П гэх хүний 2016 оны мал тооллогоор 1223 толгой мал тоолуулсан гэх баримтыг үндэслэж 4,000,000 төгрөгөөр малчин хөлсөлж авсан, аймгаас нүүлгэх болон хужир татсан, хөрзөн, аргал буулгасан, навч ачиж буулгасан зардалд 400,000 төгрөг зэрэг төлбөрийг гэм хорын хохиролд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна” гэх гомдлын тухайд шүүх энэ гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирол болон гэмт хэргийн бүрэлдэхүүнд нөлөөлөх нөхцөл байдалд энэхүү 4,400,000 төгрөгийг тооцож дүгнээгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээс шалтгаалж үүссэн гэм хорын нэхэмжлэл гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН