| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2021/00346/И |
| Дугаар | 133/ШШ2022/00116 |
| Огноо | 2022-02-15 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 133/ШШ2022/00116
| 2022 оны 02 сарын 15 өдөр | Дугаар 133/ШШ2022/00116 | Говь-Алтай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: П.Н-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ч.О, Ч.Ч нарт холбогдох
нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Н, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагч Ч.О, Ч.Ч, тэдний өмгөөлөгч Д.А, гэрч Ц.Д, Д.Б, Г.М, Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие П.Н нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хуучин номын санд бичил уурхайн ажилчдын хуралтай гэж дуудсан. Тэгээд яваад очиход ганцхан намайг хэлэлцээд явсан. Бичил уурхайн нөхөрлөлөөс хөөж гаргана, чи хүнтэй явалддаг гэж хэлсэн. 10 гаруй хүн цугласан байсан. Мөн үдээс хойш нь Шаврын голд 50-60 хүн цугласан байхад /хурал дээр/ Есөнбулаг сумын харъяат Ч.О, Ч.Ч нар нь хурал дээр намайг согтуу хүүхэн, хүнтэй явалддаг гэж хэлсэн. Намайг удаа дараа ингэж хэлж байгаа учир би маш их гомдолтой байдаг. Хэлж байгаа зүйл нь чи шоронгийнхны дэвсгэр гэх мэт гутаан доромжилдог. Бичил уурхай эрхэлдэг учир нөхөрлөлийн дарга дээр очихоор ер нь ялгаварлан гадуурхаж бусад гишүүдээс ялгаж харьцдаг. Хэл амаар доромжлон нэр хүндэд халдаж байгаа. Ч.Ч, Ч.О нараар нэр төрөө сэргээлгэхийг хүсч байна. Би 2002 онд айл орон болсон. Би нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Ач зээгээ үзсэн, би хариуцлагатай Монгол Улсын иргэн байгаа. Ийм байхад миний нэр хүндэд халдаад байгаад үнэхээр гомдолтой байна. Янз бүрээр хэлэхэд гэр бүл болон үр хүүхдэд хүртэл дарамттай байдаг. Олон нийтийн өмнө миний нэр хүндэд хууль бусаар үндэслэлгүйгээр халдаж, янхан, чи олон хүнтэй явалддаг, чамайг мэднэ гэх мэтээр хүн сонсохын аргагүй үг хэлээр олон нийтийн дунд хэл амаар доромжилж нэр хүндэд халдаж байгааг ойлгохгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан Ч.О, Ч.Ч нараар П.Н миний нэр төрийг хуулийн дагуу сэргээж өгнө үү. Бичлэг дээрх дуу хоолой нь Ч.О-нх байгаа тул Ч.Ч-д холбоотой нэхэмжлэлээс татгалзаж байна гэв.
Хариуцагч Ч.О, Ч.Ч нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн П.Н-с гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад Ч.О Ч.Ч бид дараах тайлбарыг гаргаж байна. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Бичил уурхайчдын ажлын байранд хурал болсон бөгөөд тухайн хурал дээр П.Н-тэй бид хэрүүл маргаан хийж хэл амаар доромжлох зүйл огт болоогүй юм. Мөн аймгийн Бичил уурхайчдын холбоо нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шаврын голд нөхөн сэргээлтийн ажил авсан бөгөөд тухайн үед П.Н нь согтуугаар ажлаа хийхгүй хэрүүл ам хийгээд яваад байсан учир ажлаа хийгээч гэхэд Ч.О намайг цохиж аваад хэл амаар доромжлоод байсан учир цагдаа дуудаж өгч явуулсан. Түүнээс тэр хүнийг бид хэл амаар доромжилсон асуудал байхгүй болно. Энэ бүхнийг хамт байсан хүмүүс гэрчилнэ. Тиймээс нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.О нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2024 нөхөн сэргээлт арга хэмжээний хүрээнд Шаврын голд нөхөн сэргээлт хийж байсан. Би нөхөн сэргээлтийг ахалж ажиллаж байсан. Тухайн үед 50, 60 хүн нөхөн сэргээлт хийж байсан. Тэгээд эдний нөхөрлөлийн хүмүүсийг дууд гэхэд тал нь ирсэн. Тэгээд 3 залуутай П.Н ирсэн. Хажууд нь харж зогсож байгаад хурдал явъя гэсэн. Урд тал руу машин ирэхээр нь бид нөхөн сэргээлт хийж байна гээд уулзаж байхад энэ хэд явсан. Тэгээд явахаар нь та хоёр нөхөн сэргээлтээ хий, хөгшин хүмүүс хүртэл нөхөн сэргээлт хийж байхад гэж хэлэхэд нөхөн сэргээлт хий гэж дарамталлаа гэж хэлээд намайг янз бүрийн үгээр хэлсэн. Тэгэхэд нөхөн сэргээлт хийж байсан хүмүүс салгаад хоёр тийш явсан. Манай аймаг бичил уул уурхай эрхэлдэг 300 гишүүнтэй холбоо байдаг. Маргааш өглөө нь холбооны удирдах зөвлөлийн хурал болсон. Манай журамд нөхөн сэргээлтийн газар архи ууж, маргаан үүсгэсэн тохиолдолд хурлаар авч хэлэлцэнэ гэж заасан байдаг. Өмнө нь Алтай сумд мөн архи дарс ууж хэрүүл зодоон үүсгэж байсан. Тэгээд чи 2 дахь удаагаа ийм асуудал гаргалаа гэж хэлэхэд өөрөө уурлаад босч ирээд явлаа гэж хэлээд нөхөрлөлийн бичиг баримтыг шүүрч аваад гарсан. Би энэ хүнд хэлсэн зүйл байхгүй нөхөн сэргээлтээ хий гэж хэлсэн. Намайг цохиж авахад хүмүүс согтуу юм байна цагдаа дууд гэхэд манай нэг хүн цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаа ирээд та гомдолтой бол маргааш өглөө ирээд өргөдөл өгөөрэй гэсэн. Тухайн оройдоо тархи толгой өвдөөд гомдолтой байсан. Тэгээд адилхан амьдрах гэж байгаа хүмүүс гэж бодоод өргөдөл гомдол гаргаагүй. Тэгээд энэ хүнийг гомдол гаргаж байгаад их гайхаж байна. О эгчийн нөхөрлөл гэж яриад байх юм. Миний нөхөрлөл гэж байхгүй. Би холбоонд ажилладаг болохоос нөхөрлөл бүр тус тусдаа ахлагчтай. Би ахлагч нартай харилцдаг. Хурал дээр болсон асуудлыг ганцхан намайг гэж яриад байх юм. Миний бичлэгийг бүгдийг бичиж авъя гэсэн бол зөндөө юм яригдсан. Хурлыг бүрэн бүтэн бичиж аваагүй байж ганцхан намайг бичиж авсан байна. Алтай сумын тухайд би тэрийг мэдэхгүй, би хараагүй. Гэхдээ удирдлагууд бүгд мэдэж байсан, хүмүүс бүгд ярьж байсан. Шаврын гол дээр ажиллах гэж байхад П.Н өөрөө ирээд дахиж ийм асуудал гаргахгүй гэж хэлээд ирж байсан. Алтай сумд нүцгэн шалдан хэвтэж байсан гэдгийг харсан хүмүүс хэлж байсан. Ганцхан миний юмыг бичиж аваад намайг ганцааранг минь ингэж татаж болохгүй. Шоронгийнхон гэдэг талаар бүгдээрээ л ярилцсан гэв.
Хариуцагч Ч.Ч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Н-н гомдол гаргаж байгаа Шаврын голын асуудал дээр би байгаагүй. Маргаашийн хурал дээр байсан. Хурал дээр П.Н өөрөө орж ирсэн. Ч.О-тэй маргалдсан маргаанд яагаад намайг оролцуулаад байгаа юм гэхээр хувийн ашиг сонирхолтой. Миний гэр бүлийн хүнтэй нууц амрагийн холбоотой хоёр жил явсан байсан учир би маргаан үүсгэж байсан. Тэр үүднээс намайг холбогдуулж татаж байгаа. Би тэр дээр үг хэлээгүй. Чи яах гэж ингээд байдаг юм гэхэд чамд хамааралгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь хамгийн их хамаатай, чиний энэ асуудал бүх бичил уурхайчдын эрхийг хөндөөд, бид нар энэ асуудлаас болж ордог газраасаа хөөгдөж байдаг гэж хэлсэн. Надад холбогдуулж гомдол гаргаад байгаад гайхаж байна. Мөн энэ хүн нэр төрөө сэргээлгэнэ гэж байгаад мөн гайхаад байна. Энэ хүн өөрөө нэр төрөө хамгаалах ёстой юм уу, би энэ хүний нэр төрийг хамгаалах ёстой юм уу? Би энэ хүний нэр төрд халдсан зүйл байхгүй гэв.
Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Ц.Г, П.Н нарын ...... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
-гэр бүлийн 2 ширхэг гэрэл зураг,
-дуу бичлэг бүхий 1 ширхэг CD.
Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD.
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
-Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 31/3396 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Эрүүлжүүлэх саатуулах байранд хөтлөгдөж байгаа драгер үлээлгэсэн бүртгэлээс П.Н-н согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,
-Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 31/4066 дугаартай албан бичиг
-Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 195 дугаартай шүүхийн даалгаврын хариу илгээсэн албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Д.Т, Т.А нарын гэрчийн мэдүүлэг.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Ч.О, Ч.Ч нарт холбогдуулан нэр төр сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ч.О нь ...аймгийн Бичил уурхайчдын холбоо нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шаврын голд нөхөн сэргээлтийн ажил авсан бөгөөд тухайн үед П.Н нь согтуугаар ажлаа хийхгүй хэрүүл ам хийгээд яваад байсан учир ажлаа хийгээч гэхэд Ч.О намайг цохиж аваад хэл амаар доромжлоод байсан учир цагдаа дуудаж өгч явуулсан. Түүнээс тэр хүнийг бид хэл амаар доромжилсон асуудал байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж,
Хариуцагч Ч.Ч нь ...П.Н-н гомдол гаргаж байгаа Шаврын голын асуудал дээр би байгаагүй. Маргаашийн хурал дээр байсан. Хурал дээр П.Н өөрөө орж ирсэн. Ч.О-тэй маргалдсан маргаанд яагаад намайг оролцуулаад байгаа юм гэхээр хувийн ашиг сонирхолтой. Миний гэр бүлийн хүнтэй нууц амрагийн холбоотой хоёр жил явсан байсан учир би маргаан үүсгэж байсан. Тэр үүднээс намайг холбогдуулж татаж байгаа. Би энэ хүний нэр төрд халдсан зүйл байхгүй... гэж татгалзжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Н нь Бичлэг дээрх дуу хоолой нь Ч.О-нх байгаа тул Ч.Ч-д холбоотой нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэж заасан байна.
Хуульд заасан дээрх эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Ч.Ч-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад:
1. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шаврын голд 50, 60 хүн цугласан байхад нэхэмжлэгч П.Н-г согтуу байна гэж цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн гэх,
2. Маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 10 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн Говь-Алтай аймгийн Бичил уурхайчдын холбооны удирдах зөвлөлийн хурал дээр нэхэмжлэгч П.Н-н нэр төрд хариуцагч Ч.О халдсан гэх 2 үйл баримт дээр зохигчид маргаж байна.
Шүүх бүрэлдэхүүн дээрх үйл баримтууд нь хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчид болон гэрч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгээр хэрхэн нотлогдож байгаа эсэхийг шинжлэн судлахад:
1. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шаврын голд 50, 60 хүн цугласан байхад нэхэмжлэгч П.Н-г согтуу байна гэж цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн гэх үйл баримтын хувьд:
Нэхэмжлэгч П.Н нь ...Намайг архи уугаагүй эрүүл үедээ гомдсон гомдлоо хэлсэн байхад чи согтуу байна гэж хэлээд цагдаа дуудаж өгсөн... гэж тодруулбал намайг эрүүл байхад согтуу гэж хэлж, цагдаад өгснөөр миний нэр төрд халдсан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Ч.О нь ...07 дугаар сарын 20-ны өдөр над руу дайраад намайг янз бүрээр хэлээд байхаар нь согтуу юм байна цагдаа дууд гэж хэлсэн. Би нэг үг ч хэлж чадаагүй... гэж татгалзжээ.
Шүүх хуралдаанд гэрч Д.С-н ...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Шаврын голд би байсан. Тэнд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явагдаж байсан. Бид нарыг удирдаж ажиллуулж байсан Ч.О нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд оролцож байсан. Бид нөхөн сэргээлтээ зайлшгүй хийдэг байсан. Нөхөн сэргээлт хийж байх хугацаанд зодоон цохион болсон. П.Н Ч.О-г янз янзаар хэлж доромжилсон. Завхай зайдан хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Бид нар бөөндөө ойрхон байсан. Би тэгж зан ааш гаргаж байгаа тул архи дарс уусан байх гэж бодож байна. П.Н архи уусан талаар мэдэхгүй байна. Цагдаа дуудаад аваад явсан Тухайн үед 70 80-аад хүн цугларсан байсан. Т, А нар байсан... гэх мэдүүлэг,
Гэрч Л.Б-н ...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Шаврын голд болсон нөхөн сэргээлтэнд би оролцсон. Бид хэд нөхөн сэргээлтэд гарсан байсан. Нөхөн сэргээлт хийгээд удаагүй байхад П.Н талбайгаа орхиод явсан. Тэгээд Ч.О эгч нөхөн сэргээлт хий гээд дуудахад маргалдаан үүссэн. Тэгээд Ч.О эгчийг цохиод авсан. Би сүлжээнд гараад тэргүүн М эгч рүү залгаад цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд намайг ирэхэд салсан байсан. Хүмүүс очоод салгаж байх хооронд П.Н Ч.О эгч рүү эргэж хараад янз бүрээр хэлээд орилоод байсан. Ч.О эгч эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс үүнийг хийдэг гэж хэлсэн. Өөр янз бүрээр хэлээгүй... гэх мэдүүлэг,
Гэрч Г.М-н ...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Шаврын голд нөхөн сэргээлт хийхэд би байсан. Бид нар нөхөн сэргээлт хийж байсан. Голын урд энэ хэд хэрэлдэж байсан. Тэгээд би очсон. Тэгээд зодолдоод байхаар нь би яваад очиход П.Н О эгч рүү дайраад байсан. Би П.Н-г салгаад цааш нь аваад явсан. Оюун эгчтэй зодолдоод, янз бүрээр хэлээд байсан учраас цагдаа ирээд П.Н-г авч явсан. Миний яриад байгаа Онь Ч.О мөн. О эгч нөхөн сэргээлт хий гээд шаардлага тавихад энэ хүмүүс эсэргүүцсэн гэж бодож байгаа. Янз бүрээр хэлээд байсан. П.Н-г согтуу байна гэж зодолдоод хэрүүл хийхэд би П.Н-г аваад явсан. Намайг дээрээс орж ирэхэд хэрэлдэж байсан. П.Н том том дуу гараад байсан. П.Н-г авахад янхан, дэвсгэр гэж хэлээд байсан. Нэлээд архи уусан байсан. Согтуу байсан. О эгчийг цохиж байхад нь би салгаж аваад явсан. Тэгээд согтуу гэж мэдээд байна. Ганцхан би биш зөндөө хүмүүс харсан... гэх мэдүүлэг зэргээр тухайн өдөр нэхэмжлэгч П.Н, хариуцагч Ч.О нар хоорондоо маргалдаж, П.Н нь Ч.О-г цохьсон, улмаар цагдаа дуудаж, П.Н-г хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь тухайн өдөр би эрүүл байхад намайг согтуу гэж хэлсэн нь миний нэр төрд халдсан явдал. Би гомдсон гомдлоо илэрхийлснийг согтуу гэж олон нийтэд зарласан гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр П.Н-г согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тодруулж, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 31/3396 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Эрүүлжүүлэх саатуулах байранд хөтлөгдөж байгаа драгер үлээлгэсэн бүртгэлээс П.Номхонмөнсөлийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 31/4066 дугаартай албан бичгийг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.
Дээрх баримтуудаар П.Н нь зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд бүртгэгдэн шалгагдаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд харин драйгер үлээлгэсэн тэмдэглэлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг 20 цаг 12 минутад драгер үлээлгэн шалгахад 0.0 хувьтай гэж бүртгэгдсэн боловч тухайн тэмдэглэлд хэзээ шалгасан огноог бичээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хувь хүний гаргаж байгаа ааш авир, биеэ авч яваа байдлаас шалтгаалан түүнийг архи уусан гэж хувийн дүгнэлт хийн цагдаад мэдээлэл өгсөн явдал нь тухайн иргэний нэр төрд халдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Хариуцагч Ч.О болон тухайн үед уг үйл явдлыг харсан гэрч нар ч нэхэмжлэгч П.Н-н биеэ авч яваа байдалд хувийн дүгнэлт хийсэн, архи уусан гэж ойлгосон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Тодруулбал тухайн өдөр нэхэмжлэгч П.Н, хариуцагч Ч.О нарын хооронд болсон таарамжгүй харилцаа буюу хэрэлдэж маргалдсан, П.Н-н хариуцагч Ч.О-н биед хохирол учруулахгүйгээр халдсан энэ нөхцөл байдлыг тухайн үед цугласан хүмүүс хараад П.Н-г согтуу байна гэж ойлгож, цагдаад мэдээлэл өгсөн, драгер үлээлгэснийг нэр төрд халдсан гэж дүгнэх үндэслэл байхгүй байна.
2. Харин 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 10 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн Говь-Алтай аймгийн Бичил уурхайчдын холбооны удирдах зөвлөлийн хурал дээр нэхэмжлэгч П.Н-н нэр төрд хариуцагч Ч.О халдсан гэх үйл баримтын хувьд:
Нэхэмжлэгч П.Н нь хурал дээр намайг олон хүнтэй явалддаг, шоронгийн дэвсгэр биз дээ гэж хэлэхэд би үнэхээр гомддог. Над руу битгий тэгж дайраач гэж бодоод нэр төрөө сэргээлгэх гэж байгаа. Намайг янхан, шоронгийнхны дэвсгэр, шоронгийнхонтой явалддаг... гэж хэлж миний нэр төрд халдсан гэж тайлбарлажээ.
Хариуцагч Ч.О нь ...Маргааш өглөө нь холбооны удирдах зөвлөлийн хурал болсон. Манай журамд нөхөн сэргээлтийн газар архи ууж, маргаан үүсгэсэн тохиолдолд хурлаар авч хэлэлцэнэ гэж заасан байдаг. Өмнө нь Алтай сумд мөн архи дарс ууж хэрүүл зодоон үүсгэж байсан. Тэгээд чи 2 дахь удаагаа ийм асуудал гаргалаа гэж хэлэхэд өөрөө уурлаад босч ирээд явлаа гэж хэлээд нөхөрлөлийн бичиг баримтыг шүүрч аваад гарсан. Би энэ хүнд хэлсэн зүйл байхгүй нөхөн сэргээлтээ хий гэж хэлсэн... гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заасан.
Нэр төр гэж тухайн хүний хувийн болон ёс зүйн талаар бусдаас өгч буй үнэлэмж юм. Тиймээс Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заажээ. Үүнээс үзэхэд энэ төрлийн хэрэг маргааны онцлог нь нэхэмжлэгч П.Н-н нэр төрийг гутаан доромжилсон гэж зааж байгаа хариуцагч Ч.О нь нэхэмжлэгчийн нэр хүндэд халдаагүй, гутаагаагүй, шоронгийнхны дэвсгэр, янхан, чи олон хүнтэй явалддаг гэх мэдээ, мэдээллийг бусдад тараагаагүй гэх тайлбар татгалзлаа тэргүүн ээлжинд өөрөө нотлох үүрэгтэй байна.
Шүүх хуралдаанд гэрч Л.Б-н ...07 дугаар сарын 21-ний өдрийн хуралд байсан. Хурал дээр нэг их маргаан болоогүй. Бид нар П.Н-г чиний буруу байсан, уучлалт гуйгаад эргээд эвлэр гэж хэлсэн. Тэгэхэд би эвлэрэхгүй би бичиг баримтаа аваад явна гэж хэлсэн. П.Н урд явахдаа өөрөө архи уусан байсан. Тэрийг сануулсан. Маргааш нь ирчихээд би хүмүүст архи өгсөн, би амссан гэж хэлсэн. Хурал дээр Ч.О П.Н-д би хүнийг янз бүрээр хэлдэггүй. Тэгэхэд чи намайг доромжилсон гэсэн. Би чамайг байгууллагадаа байлгамааргүй байна, би чамайг хэл амаар доромжилж байгаагүй, чи намайг хэл амаар доромжилсон. Дотоод дүрмийн дагуу удирдах зөвлөлөөр оруулах ёстой гэхэд би өөрөө бичиг баримтаа аваад гарна гэж хэлсэн... гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Д-н ...2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хурал дээр байсан. Удирдах зөвлөлөөр хамт олны дунд хэл амаар доромжлох зүйлийг удирдах зөвлөлөөр авч хэлэлцдэг. Би удирдах зөвлөлийн гишүүн. Тэгээд П.Н-г өөрийн чинь буруу юм байна уучлалт гуйгаад эвлэр гэдэг шаардлагыг тавьсан. Тэр үйл явдлыг урд орой нь групп чатаас харсан. Урд өдөр нь Шаврын голд би байгаагүй. Тэгээд П.Н өөрийнхөө бичиг баримтыг аваад гарсан. Бичил уурхайн хурал дээр удирдах зөвлөлийн 9 гишүүн, дээвэр холбооноос хүн ирсэн байсан. Тэгээд урд өдөр нь ийм зүйл болсон байсан учир П.Н-г чиний буруу гэж хэлсэн. Наад хүн чинь өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрдөггүй. Хэл амаараа О-г доромжилсон... гэх мэдүүлэг зэргээр тухайн хурал дээр нэхэмжлэгч П.Н болон хариуцагч Ч.О нарын хооронд зөрчилдөөнтэй асуудал үүссэн талаар тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбартаа дурдсан ...янхан, шоронгийнхны дэвсгэр, шоронгийнхонтой явалддаг... гэх үгсийг хэлсэн эсэх талаар тодорхой мэдүүлдэггүй болно.
Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүхийн даалгаврын захирамжаар гэрчээр асуусан гэрч Ө.Т нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Шаврын голд Намайг байхад хурал болоогүй, нөхөн сэргээлт болж байсан. Нөхөн сэргээлтэд олон хүн ирсэн байсан. Нөхөн сэргээлт дээр Ч.Ч байгаагүй. Ч.О, П.Н оролцсон. Нөхөн сэргээлт дээр П.Н-г Ч.О доромжилж байсан. Нөхөн сэргээлт дуусаад гарч явахад Ч.О оччихсон П.Н-г хэл амаар доромжилсон. Эмэгтэй хүнийг хүний муугаар юу гэж хэлдэг тэр бүгдийг л хэлж байсан. Жишээ нь шоронгийнхны дэвсгэр болсон хүүхэн гэж хэлж байсан... гэж мэдүүлсэн,
Гэрч Т.А нь ...2021 оны 07 дугаар сарын 21-нд Шаврын голд хурал болоогүй. Өглөө нь аймаг дээр хурал болсон гэсэн. Н ганцаараа тэр хуралд орсон. Шаврын голд ухсан нүхнүүдийг булуулж нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байсан. Тэнд олон хүн байсан. Тэр үед Ч.Ч байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Ч.О, П.Н 2 байсан. П.Н-г Ч.О доромжилж байсан. Ч.О П.Н рүү хэлэх, хэлэхгүй үгээр дайрч хашгичаад л байсан... гэж мэдүүлжээ.
Хариуцагч талын хүсэлтээр оролцсон гэрч Д.Б, Г.М, Д.С нар нь Шаврын голын нөхөн сэргээлт дээр П.Н Ч.О хоёр маргалдсан, П.Н Ч.О-г цохьсон гэж мэдүүлдэг бол нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсон гэрч Ө.Т, Т.А нар нь Шаврын голын нөхөн сэргээлт дээр Ч.О П.Но рүү хэлэх, хэлэхгүй үгээр дайрч хашгичсан, хурал дээр бол бид байгаагүй гэж мэдүүлдэг, нэхэмжлэгчийг доромжилсон гэх үйл баримтын талаар гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байх тул шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Харин хариуцагч Ч.О нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 10 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн Говь-Алтай аймгийн Бичил уурхайчдын холбооны удирдах зөвлөлийн хурал дээр нэхэмжлэгч П.Н-н нэр төрд халдаагүй гэх боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Шоронгийнхон гэдэг зүйл яриад байна. Тэрний тухайд 2019 онд манайх Алтай сумд үйл ажиллагаа явуулж байсан. Шоронгийнхон гэж яриад байгаа нь Сэлэнгэ аймгаас шоронд байж байгаад гарсан хэсэг бүлэг хүмүүс яваад байсан. Энэ хүн тэр хүмүүстэй архидаад юм болсон байдаг. Тийм асуудал болсноос болоод бид нар ажиллагаа явуулж чадахааргүй болсон. Тэрнээс хойш Алтай сумд үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон. Ийм учраас би хурал дээр чи шоронгийнхонтой дээр доороо ороод энэ чинь хүртэл бид нарт яаж гай болсон билээ, одоо дахиад асуудал гарлаа, чи яагаад асуудал гаргаад байдаг юм гэж хэлсэн... гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж,
37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж тус тус заажээ.
Тодруулбал, хариуцагч Ч.О нь нэхэмжлэгч П.Н-г Бичил уурхайчдын холбооны удирдах зөвлөлийн хурал дээр ...чи шоронгийнхонтой дээр доороо ороод энэ чинь хүртэл бид нарт яаж гай болсон билээ... гэж хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг байна.
Дээрх яриаг үгийн шууд утгаар ойлгоход ердийн ухамсарын хэмжээнд сөргөөр хүлээж авах агуулгатай болох нь илэрхий байна.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д зааснаар иргэний нэр төрийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээхээр зааснаар хариуцагч Ч.О нь нэхэмжлэгч П.Н-н нэр төрд халдаагүй буюу мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүргээ биелүүлж чадаагүй байх тул шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Н-н нэр төрийг гутаасан яриаг тараасан, сонссон хүрээнд тухайн арга хэрэгслээр буюу аман хэлбэрээр, Бичил уурхайчдын холбооны удирдах зөвлөлийн хуралд оролцсон 10 хүний хүрээнд няцаалт хийж, түүний нэр төрийг сэргээхийг хариуцагч Ч.О-д даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын нотлох баримтаар ирүүлсэн дүрс болон дууны бичлэг нь хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх бүрэлдэхүүн хэргийн зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.
Хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ц нь коронавируст халдвараар /COVID-19/ өвчилж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдаанд өөрийгөө оролцуулахгүй байх хүсэлт гаргасан, хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-с нэр төр сэргээлгэх шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Н-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Н-н нэр төрийг гутаасан яриаг тараасан, сонссон хүрээнд тухайн арга хэрэгслээр буюу аман хэлбэрээр, Бичил уурхайчдын холбооны удирдах зөвлөлийн хуралд оролцсон 10 хүний хүрээнд няцаалт хийж, түүний нэр төрийг сэргээхийг хариуцагч Ч.О-д даалгасугай.
2.Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Ч.Ч-д холбогдох нэр төр сэргээлгэхийг хүссэн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-с нэр төр сэргээлгэх шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Н-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ