| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/05024/И |
| Дугаар | 101/ШШ2022/00702 |
| Огноо | 2022-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2022/00702
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, ******* Оргил Удирдлагын академийн гудамж, ******* байр ******* тоот хаягт оршин суух Шүхэр овогт Отгоны ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, , Их монгол хотхон тоот хаягт оршин суух Л******* овогт Д*******гийн*******, /РД:/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, , Их монгол хотхон тоот хаягт оршин суух Амарынхан овогт Бын******* /РД:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
О.******* нь хариуцагч Д.А, Б.Н нартай танилын холбоотой байсан бөгөөд 2018 оны 7 дугаар сард хариуцагч нарын зүгээс яаралтай мөнгөний хэрэг гарлаа 20,000,000 төгрөг зээлээч гэж хэлсний дагуу С.******* нь Б.Нгийн эхнэр Д.Агийн Төрийн банкны данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үүний дараа дахин 1,000,000 төгрөгийг зээлээч өмнөх 20,000,000 төгрөгтэйгээ нийлүүлээд өгнө гэж хэлсний үндсэн дээр дахин 1,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш хариуцагч нар нь зээлээ төлж барагдуулахгүй, утсаар залгахаар утсаа авдаггүй, эхнэртэй нь холбогдохоор******* хөдөө ажиллаж байгаа ирэхээр нь яриулъя гэдэг.
Иймд мөнгө шилжүүлсэн дансны эзэмшигч болох Д.Аг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан бөгөөд ажиллагааны явцад Б.Нг хамтран хариуцагчаар татаж, нийт 21,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Б.Н нь надад мөнгө зээлсэн мэт тайлбар өгсөн нь үндэслэлгүй. Учир нь С.*******тэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Харин 2018 оны 5 сард хариуцагч Б.Н нь экскаватор нийлүүлэх тендер авсан мөнгөний хэрэг гарлаа гээд надаас 110,000,000 төгрөг зээлж авсан. Ингэхдээ 20 хувийн ашиг нэмж өгнө гэж тохиролцсон. Мөн өдөр иргэн Ариунзаяа гэх хүнээс 169,000,000 төгрөг зээлж авсан байдаг. Ингээд Эрдэнэт үйлдвэрт экскаватор нийлүүлээд, 2018 оны 6-р сарын 28-ны өдөр Эрдэнэт үйлдвэрээс 451,000,000 төгрөг экскаваторын үнэ гэж энэ хүний дансанд орж ирсэн байсан. Энэ мөнгөнөөсөө 6-р сарын 29-ний өдөр нь Ариунзаяад ашгийн хамт 195,378,100 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Надад бас 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 150,977,800 төгрөгийг шилжүүлсэн. Авсан мөнгөө шилжүүлэхийн өмнө Б.Н нь мөнгөнийхөө задаргааг бичиж чатаар явуулсан. Энэ бичиг дээрээ өмнө нь зээлсэн 5,000,000 төгрөг, түүний 4 хувийн хүү 157,808, төгрөг, 2018 оны 5 сарын 11-ний өдөр зээлж авсан 110,000,000 төгрөг, үүний 20 хувьтай тэнцэх ашиг өгнө гэж ярилцсаны дагуу 22,000,000 төгрөг, мөн 2018 оны 6 сарын 28-ны өдөр 13,820,000 төгрөгийг яаралтай мөнгө хэрэг боллоо гээд эхнэрийнхээ дансаар шилжүүлж авсан энэ мөнгөө нийт 150,977,808 төгрөг болсон талаар бичээд зургийг нь дарж ч явуулсан. Энэ мөнгөө л надад буцаан шилжүүлсэн.
Энэ бүх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа болно.
Ингээд өмнөх тооцоо нь дууссанаас хойш Б.Н нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дахин 20,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 21,000,000 төгрөгийг зээлж аваад буцаан төлж барагдуулаагүй тул хариуцагч нараас 21,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа:
Д.А миний нөхөр Б.Н нь О.*******өөс 2018 оны 5 сарын 11-ны өдөр 110,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн М ХХК-ийн дансаар, дараа нь миний Хаан банкны дансаар 5,000,000 төгрөгийг 2018 оны 6 сарын 5-ны өдөр зээлж авсан.
Миний нөхөр Б.Н нь 2018 оны 7 сарын 04-ний өдөр О.*******ийн Хаан банкны данс руу 150,977,800 төгрөгийг шилжүүлж өгсөн. Үүнээс О.*******т миний нөхөр Б.Нн компанийн дансаар зээлж авсан 110,000,000 төгрөг, мөн миний дансаар нөхөр Б.Нн зээлж авсан 5,000,000 төгрөгийг төлсөн. Б.*******т буцааж 34,977,800 төгрөг зээлсэн. О.******* манай нөхөр Б.Нгээс зээлж авсан 34,977,800 төгрөгөөс миний төрийн банк руу 20,000,000 төгрөг, Хаан банкны данс руу 1,000,000 төгрөгийг хийсэн байсныг би нөхөртөө өгсөн. Миний хувьд О.Батөмөртэй гэрээний харилцаа үүсгээгүй. Манай нөхөр миний дансаар шилжүүлж авсан. Иймд иргэн О.*******т би ямар нэгэн өглөггүй болно гэв.
Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.Н би О.*******өөс 2018 оны 5 сарын 11-ний өдөр 110,000,000 төгрөгийг өөрийн Монголтуйвар ХХК-ийн дансаар, дараа нь 2018 оны 6 сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар тус тус шилжүүлж авсан.
Уг мөнгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т автокран нийлүүлэх ажилд зориулж зээлж авсан бөгөөд зээлж авсан 110,000,000 төгрөгийн 10 хувь буюу 11,000,000 төгрөгийн ашиг өгөхөөр тохиролцож зээлж авсан.
Би 2018 оны 7 сарын 04-ний өдөр Капитрон банкны данснаас О.*******ийн данс руу 150,977,800 төгрөгийг шилжүүлж өгсөн. Үүнээс О.*******т өөрийн компаниар зээлж авсан 110,000,000 төгрөг, эхнэр Д.Агийн дансаар зээлж авсан 5,000,000 төгрөгөө буцаан төлөөд О.*******т мөнгө хэрэгтэй байна гэж гуйсны дагуу 34,977,800 төгрөг хамт шилжүүлэн зээлсэн.
О.******* энэ зээлж авсан 34,977,800 төгрөгөөс миний эхнэр Д.Агийн Төрийн банкны данс руу 20,000,000 төгрөг, Хаан банкны данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд иргэн О.*******т би ямар нэгэн өглөггүй болно.
Надад О.******* итгэж 110,000,000 төгрөг зээлсэн болохоор би баярлаж явдаг, итгэдэг байсан учир Эрдэнэт үйлдвэрээс манай компанид мөнгө орж ирэнгүүт зээлсэн 110,000,000 төгрөг, ашиг өгөхөөр тохиролцсоны дагуу 11,000,000 төгрөг, О.******* зээлээч гэж гуйсны дагуу 34,977,800 төгрөгийг хамтад нь бөөнд нь шилжүүлсэн. Би үнэхээр итгэсэн учир гүйлгээний утга дээрээ салгалгүй утга бичээгүй нь миний алдаа болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс: О.*******ийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэлийн баримт, дансны хуулга, Төрийн банкны интернэт гүйлгээний баримт, Төрийн банкны дансны хуулга зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас: Д.Агийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, М ХХК-ийн эзэмшлийн Капитрон банкны дансны хуулга зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгч, шүүхийн журмаар О.*******ийн 2018 оны 6 сарын 29, 2018 оны 11 сарын 14-ний өдрийн цахим шууданд тус тус үзлэг хийсэн болно.
Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.Н, Д.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.Н, Д.А нартай танилууд байсан. Б.Нгийн хүсэл зоригийн дагуу түүний эхнэр Д.Агийн дансаар 21,000,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн ...Б.Н нь эхнэр Д.Агийн дансаар мөнгө шилжүүлж авсан гэх тайлбар, хариуцагч Д.А ..миний нөхөр Б.Н нь О.*******өөс мөнгө зээлж авч, мөн зээлдүүлж байсан. Тэгэхдээ миний эзэмшлийн дансаар шилжүүлснийг манай нөхөр Б.Н авсан... гэж, хариуцагч Б.Н би О.*******өөс мөнгө зээлж авч байсан. ...мөн надаас 34,977,800 төгрөг зээлсэн. Энэ мөнгөнөөсөө миний эхнэр Д.Агийн Төрийн банкны дансанд 20,000,000 төгрөг, Хаан банкны данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн... гэх тайлбаруудаас О.******* болон Д.А нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссээгүй байна гэж үзэв.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.
Тодруулбал, зохигчдын тайлбар, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл нэхэмжлэгч О.******* болон хариуцагч Д.А нарын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл нэгдээгүй буюу зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн хариуцагч Д.Ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэгүй байна гэж үзэв.
Нэхэмжлэгчийн Б.Нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгч О.*******өөс 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөгийг Д.Агийн дансаар хариуцагч Б.Нд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Төрийн банк болон Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 6-7, 18 дугаар тал/
Хариуцагч Б.Н нь нэхэмжлэгчээс 21,000,000 төгрөгийг шилжүүлж авсан талаар маргаагүй боловч нэхэмжлэгч О.*******өөс нийт 110,000,000 төгрөгийг зээлж 10 хувийн ашиг нэмж буцаан өгөхөөр, мөн 5,000,000 төгрөг зээлж, энэ зээлийн төлбөрт 115,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Харин мөн өдрөө 34,977,800 төгрөгийг О.*******т зээлснээс 21,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэж маргаж, Д.Агийн Хаан банкны дансны хуулга болон М ХХК-ийн дансны хуулгаар нотлогдоно гэж тайлбарладаг.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болсон 21,000,000 төгрөг шилжүүлсэн цаг хугацаа болон хариуцагчийн хариу тайлбарын үндэслэл болсон 150,977,800 төгрөгийг шилжүүлсэн цаг хугацаа, тооцоололд дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээх дарааллыг тодорхой зохицуулсан байна. Хуулийн энэ заалтаар гэрээ байгуулагдсанаар мөнгө зээлдүүлэх үүрэг эхлээд зээлдүүлэгч талд үүссэх бөгөөд тухайн мөнгийг шилжүүлснээр тохирсон хугацаанд түүнийг буцаан төлөх үүрэг зээлдэгч талд үүснэ.
Үүргийн дарааллын дагуу мөнгө зээлдүүлж шилжүүлэхээс өмнө тухайн мөнгийг буцаан төлөх үүрэг үүсэх боломжгүй юм.
Иймд О.*******өөс Б.Нд шилжүүлсэн гэх төлбөрүүдийн маргаан бүхий зээлийн гэрээний дагуу буцаан төлөх үүрэг үүссэн хугацаанаас нь хамаарч дүгнэх шаардлагатай байна.
Нэхэмжлэгч О.*******өөс 2018 оны 5 сарын 11-ний өдөр 100,025,313 төгрөг, мөн өдөр 1,000,000 төгрөгөөр 10 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг, нийт 110,025,313 төгрөг, 2018 оны 6 сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 6 сарын 28-ны өдөр 13,820,000 төгрөг нийт 128,845,313 төгрөгийг хариуцагч Б.Нд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 17, 19, 50 дугаар тал/
Нэхэмжлэгчээс Б.Н нь 110,000,000 төгрөгийг зээлж авахдаа 20 хувийн ашиг буюу 22,000,000 төгрөг нэмж буцаан өгөхөөр, 5,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй буцаан төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан.
Харин хариуцагч Б.Н 110,000,000 төгрөгийг 10 хувийн ашиг нэмж өгөхөөр зээлсэн гэх тайлбарыг гаргасан.
Талуудын хэн алиных нь тайлбараар ашиг өгөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд хэрэгт авагдсан Б.Нгийн *******тэй харилцан видео чатаар явуулсан зурган файлаар нэхэмжлэгчийн 110,00,000 сая төгрөгтөө 20 хувийн ашиг, 5,000,000 төгрөгт 4 хувийн хүү төлөхөөр тохиролцсон гэх тайлбар нотлогдож байна гэж үзэхээр байна.
Тодруулбал, хариуцагч Д.Н нь О.*******өөс авсан 110,000,000 төгрөг түүний 20 хувь буюу 22,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, түүний хүү 157,808 төгрөг, 13,820,000 төгрөг нийт 150,977,800 төгрөгийг зээлийн төлбөрийг буцаан төлсөн гэж үзэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд дурдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл төлсөн цаг хугацааны хувьд 2018 оны 5 сарын 11-ний өдрөөс 6 сарын 28-ны өдрийн хооронд О.*******өөс авсан зээлийн гэрээний эргэн төлөлт гэж үзэхээр байна. /хх-ийн 48-49 дүгээр тал/
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болсон 21,000,000 төгрөгийн зээлийн үүрэг төлөгдсөн гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд мөн хариуцагч Б.Н нь О.*******т 34,977,800 төгрөгийг зээлүүлсэн. Энэ зээлийн гэрээний үүрэгтээ 21,000,000 төгрөгийг буцаан авсан гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох, нотолсон тохиолдолд хариуцагч хариу тайлбараа нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл буюу 21,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг нь өмнөх 110,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 13,820,000 төгрөгийн зээлийн гэрээнд хамааралгүй гэх тайлбар нь түүний мөнгө шилжүүлсэн хугацаа, мөнгөний дүн, дансны мэдээлэл, мэссэжерт хийсэн үзлэгийн баримтад тусгагдсан мэдээлэлтэй таарч байх тул хариуцагч Б.Н нь 21,000,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Нгээс 21,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгож, Д.Ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд маргааныг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Нгээс 21,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгож, Д.Ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Нгээс 262,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА