Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/979

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ,

Улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001034 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, телевизийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , хамтран амьдрагчийн хамт, Сонгинохайрхан дүүргийн **** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,

**** овогт ****-ийн **** (РД:**********).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан **** тоот гэртээ хамтран амьдрагч Т.Э-ийг хардан уурлаж, улмаар түүний гар, хөл, гэдэс, нуруу хэсэгт гараараа цохих, зүүн гар хэсэгт нь төмөр сандлаар цохих, хоолойг нь боох, түлхэх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “цээж, зүүн бугалга, бүсэлхий, баруун шуу, баруун гуянд цус хуралт гэмтлүүд" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн **** дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Шүүгдэгч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн учраас дахин мэдүүлэг өгөхгүй...  ... Хүлээн зөвшөөрч байна. Э бид хоёр хамтран амьдардаг юм. 2024 он 05 дугаар сарын 27-нд Э бид хоёр хамт Сонгинохайрхан дүүргийн **** тоотод хамт байж байгаад архи уухаар болоод 19 цагийн үед 0,5 граммтай архи нэгийг хувааж уугаад байж байсан чинь Э 21 дүгээр хороолол орчхоод хүрээд ирье гээд гараад явсан. Тэгээд 00 цагийн үед буцаж ирээд 0,75 граммтай архи нэг шилийг, хуванцар савтай том пиво нэгийг аваад хувааж уугаад байж байсан чинь шөнө Э рүү эрэгтэй хүмүүс залгаад байсан учир би хардаад бид хоёр маргалдаад Э би явна гээд гарах гээд би хоёр гарын шуу, бугалга хэсгээс нь барьж явуулахгүй гэж мушгисан чинь над руу аяга аваад шидсэн, би бултаад цээж хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, гуя хэсэгт нь гараараа нэг удаа цохиж бас гэдэс хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр ярилцаад унтацгаасан. Намайг хэн нэгэн мөрдөгч дарамталж зодож хэрэг хүлээлгэсэн асуудал байхгүй. Би өөрөө үйлдсэн хэргээ ярьж хэлж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

2. Хохирогч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Э.Э гэх хүнтэй 2021 онд анх танилцаж байсан танилууд байгаа юм. Гэрт нь хааяа нэг очдог, дотно биш. Цөөхөн хэдэн удаа очиж байсан... Би 2024 оны 05 дугаар сарын 15-нд төрсөн өдрөө тэмдэглэх гээд найзуудтайгаа хамт явж байгаад согтуу хонох газар олдохгүй Сонгинохайрхан дүүргийн **** тоотод Э-ын гэрт очоод тэндээ хоноод Э-ын ах байнга ирж хоол авчирч өгдөг, би ахыг нь ирэх байх гээд гэрт нь хоол унд хийж өгөөд гэрийг нь цэвэрлээд байж байхад 2024 оны 05 дугаар сарын 26-нд Б гэх найз нь ирээд Э бид хэд архи уугаад орой 23 цагийн үед би салхинд алхаг гээд Б-тай хамт Э-ын гэрээс нь гараад

Б-ын гэрт очиж Б хөдөө явна гээд хувцсаа бэлдээд байж байсан чинь Э хүрч ирээд намайг явъя гээд бид хоёр Б-ын гэрээс гараад Э-ын гэрт ирсэн чинь чи Б-ын гэрт юу хийж байсан юм гээд надтай хэрэлдээд миний гар, хөл, гэдэс, нуруу хэсэгт гараараа цохисон бас төмөр сандлаар миний зүүн гар хэсэг рүү цохиж, би чи яагаад байгаа юм гээд цаашаа түлхсэн чинь миний хоолойг зүүн гараараа боогоод би амьсгалж чадахгүй байсан чинь намайг тавиад ор луугаа түлхсэн. Тэгээд би уйлсан, цаг харсан чинь 03 цаг өнгөрч байсан. Тэгээд би унтаад өгсөн байсан. Миний хоолой сөөгөөд цээж өвдөөд бие энд тэнд хөндүүрлэж өвдөөд алхаж чадахгүй байсан. Э.Э намайг гараараа цохиж, сандлаар цохиж учруулсан... 2024 оны 05 дугаар сарын 07-нд би Сонгинохайрхан дүүргийн **** тоотод Э-ын гэрт байхад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад шөнө манай найзууд над руу залгаад хүрээд ир гээд би Э-ын гэрээс гарах гэхэд намайг явуулахгүй гээд миний өсгийтэй гутлыг над руу шидээд миний зүүн нүд хэсэгт онож, хацар хавдаад нүд хөхөрсөн байсан. Энэ талаар би цагдаагийн байгууллагад хандаагүй, хэд хоног өөртөө эмчилгээ хийгээд зүгээр болсон. 2022 оны зун байхаа Орчлон хорооллын гадна байж байгаад би гэртээ харих гэхэд Э явуулахгүй гээд намайг алгадаж байсан, миний хацар хавдсан, өөр гэмтэл учраагүй. Би цагдаад хандаж байгаагүй... Би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Э-ын бие өвдөөд гэртээ хэвтэх үед нь би очиж тусалдаг. Намайг тусалж байхад Э намайг зодсон миний сэтгэл санаа хэцүү байна..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 4 дэх тал/,

...хохирогч Т.Э-ийн 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2 дахь удаа өгсөн "...миний өмнө ярьсан зүйл үнэн зөв. Би Э.Э-тай 2021 оны намар танилцаж түүнээс хойш 6 сарын дараагаас дотно харилцсан ба бид хоёр гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа хүүхэдгүй ер нь байнга хамт амьдардаггүй ба 3-4 хоног л Э.Э-ын гэрт би очиж хоноод буцаад явдаг, ирж очдог харилцаатай байсан. Би зодуулсандаа гомдолтой байна. Надад одоогоор цуглуулсан баримт, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

3. Гэрч С.Т-ын "... Э нь миний төрсөн охин байгаа юм. 3 хүүхдээс 2 дахь хүүхэд болж төрсөн, хамт амьдардаг. Э гэх хүнийг сайн танихгүй, манай охинтой хааяа уулзаад байдаг юм шиг байсан... Сүүлд миний мэдсэнээр Э нь манай охиныг зодож, зүүн хацар нь хавдсан байсан, цагдаагийн байгууллагад хандаагүй, өөрсдөө эмчилгээ хийгээд зүгээр болсон. Хэзээ болсон асуудал гэдгийг би санахгүй байна. Э зүүн хацар нь хавдсан байдалтай гэртээ ирсэн, юу болсон талаар асуухад Э намайг гутлаар цохисон гэж хэлж байсан. Би очиж уулзъя гэхэд намайг уулзуулаагүй миний буруугаас болсон юмаа зүгээр гэж хэлсэн. Тэгээд дараа нь хэдний өдөр гэдгийг мөн санахгүй байна. Э гадуур явж байгаад гэртээ ирэхэд нь бие нь энд тэндгүй хөхөрсөн байсан. Би энэ талаар охиноосоо асуухад мөн адил Э гэх залууд зодуулсан, гэрээс нь явна гэхэд явуулахгүй байсан гэж надад хэлсэн. Цээж хэсэг болон хөхний доогуур, зүүн хэсгээр хөхөрсөн, гар, хөл, гуя гэдэс гээд энд тэндгүй хөхөрсөн байсан. Тэгээд би охиноо цагдаад ханд гээд цагдаагийн байгууллагад хандсан. Хамт амьдардаггүй, манай охин хааяа нэг очдог юм шиг байсан. Охин маань манай гэрт надтай хамт амьдардаг, танил найз нөхдийн харилцаатай байх..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

4. Гэрч А.Д-ын "...Э. Э нь миний нагац ахын том хүүхэд байгаа юм. Би нагац эгч нь болдог, харин Т.Э гэх эмэгтэй манай дүүтэй уулзаад байдаг байсан, гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа хүүхэдгүй, би нэг удаа л уулзаж байсан... Би Т.Э гэх эмэгтэйтэй 6 сард утсаар яриад Э.Э-тай хамт архи уулаа гэхэд намайг балай авгай минь гээд утасны цаанаас хараахаар нь би наад хүнээ үлдээгээд явчих, манай ахын голомтыг битгий архидаад бузарлаад бай гэж хэлсэн. Өөрөөр хүн харааж ерөөсөн зүйл байхгүй. Би Э гэх эмэгтэйтэй 2022, 2023 онд нэг удаа уулзсан. Тэр үедээ Т.Э-тай амьдрах гэж байгаа гэхээр нь Т.Э архи уудаг архины хамааралтай, нийлээд архи уугаад байв, чамайг бас архи уудаг гэж сонссон гэж хэлэхэд архи дарс уухгүй гэж хэлсэн ба тэр хоёр миний мэдэхээр байнга хамт амьдардаггүй гэрт нь ирж хамт архи ууж байгаад гэр рүүгээ явдаг харилцаатай гэж Т.Э-ын ярианаас ойлгосон. Би байнга хамт амьдардаггүй болохоор нэгнээ цохиж зодсон талаар нь мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

            5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн **** дугаартай: "...Хэсэг газрын үзлэгт: Бүсэлхийн зүүн талд 16х7см, цээжний зүүн хажуу дунд хэсэгт 2х2см, 4х3см, баруун гуяны урд дунд хэсэгт 3х2см, баруун шууны урд дунд хэсэгт 3х2см, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 5х4см захаасаа шимэгдэж буй хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Цээжний зүүн талд зүүн хөхөнд 8х6см захаасаа шимэгдэж буй хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хавдсан тэмтрэхэд эмзэглэл ихтэй... ДҮГНЭЛТ: 1. Т.Э-ийн биед цээж, зүүн бугалга, бүсэлхий, баруун шуу, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь нийлээд Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

            6. сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон “...сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоов...” гэсэн маягт /хавтаст хэргийн 21 дэх тал/,

   7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 22 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн **** тоот гэртээ хамтран амьдрагч Т.Э-ийг хардан уурлаж, улмаар түүний гар, хөл, гэдэс, нуруу хэсэгт гараараа цохих, зүүн гар хэсэгт нь төмөр сандлаар цохих, хоолойг нь боох, түлхэх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “цээж, зүүн бугалга, бүсэлхий, баруун шуу, баруун гуянд цус хуралт гэмтлүүд" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, мөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана. Харин дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнээр тус гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогддог болно.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 23 дугаар зүйлийн 1-д “Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй.” гэж тунхагласан бөгөөд Монгол Улс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталснаар гэр бүлийн харилцаа, хүчирхийллийг төр хамгаалах үүрэг хүлээсэн.

Тухайлбал, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч эрэгтэй эмэгтэй хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэснийг хамтран амьдрагч гэх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар хамтран амьдрагч байсан нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Энхтамирыг хамтран амьдрагч Т.Э-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Энэ хэргийн улмаас хохирогч Т.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд би зодуулсандаа гомдолтой байна, надад одоогоор цуглуулсан баримт, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн (хавтаст хэргийн 11 дэх тал) бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Хохирогч Т.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э-аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 3.300.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Э-т олгохоор шийдвэрлэв.

Тодруулбал, хохирогч Т.Э-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарах, түүнчлэн шүүгдэгч Э.Э зэрэглэл тогтоосонтой маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчийн насны байдал, гэмт хэргийн шинж зэргийг бүхий л нөхцөлийг харгалзан төлбөрийн хэмжээг тогтоов.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Э.Э нь гэм буруу дээрээ маргаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан 800 нэгжтэй тэнцэх буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах, 4 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг үүрэг болгох саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 сарын хугцаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Э-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **** овогт ****-ийн ****-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Э-т сануулсугай.

6. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э-аас 3.300.000 /гурван сая гурван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Э-т олгосугай.

7. Хохирогч Т.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР