Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/985

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Ундрах,

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ц.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000000908 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Ховд аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт Сонгинохайрхан дүүргийн **** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

**** овогт ****-ийн **** (РД:**********).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.М-г "чи архи уухаа боль, би чиний хүүхдийг гаргаж чадахгүй" гэж хэллээ гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар гараараа толгой, нүүрэнд нь 2-3 удаа цохиж, хэвлийн болон зүүн гар руу нь өшиглөх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь "зүүн атгаал ясны доод булуу дайрсан далд хугарал, зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун шуу, гуянд цус хуралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

1. Ц.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би хохирогчтой хамтран амьдраагүй...хааяа уулздаг дотно харилцаатай байсан...түүнээс хамтран амьдрагч биш, багш шавийн харилцаатай хүмүүс...үйлдэл дээрээ маргаан байхгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

Тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний бие уурхайд ирж очин ажилладаг намайг хөдөөгөөс ирсэн үед М нь манай гэрт хэд хэдэн удаа ирж хэд хэдэн удаа бэлгийн харьцаанд орж байсан. Гэхдээ он сар цаг хугацааг нь нарийн санахгүй байна. Би М-тай фейсбүүк чатаар танилцаж уулздаг болсон...М-тай би гэр бүлийн харилцаатай байгаагүй тул 11.4-1 болгуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64 дэх тал),

2. Хохирогч М.М-ийн "...БГД-ийн **** тоотод ээж, охины хамт...миний бие Э-тэй 2023 оны 10 сараас хойш хамтран амьдарч байгаа юм... өнөөдөр өглөө би ажилдаа явах гэж байхад би ойрын үед Э-ийг архи уухаа боль гэж хэлтэл уурласан, тэгээд би чиний хүүхдийг гаргаж чадахгүй гэхэд Э гараараа толгой руу 2-оос 3 удаа хэвлий рүү өшиглөж зүүн гар руу өшиглөж хугалсан...тэгээд би жижиг өрөөнд зогоож байтал миний зүүн гарын бугалга хэсэг рүү өшиглөсөн бөгөөд Э-д гар өвдөөд байгаа талаар хэлээд хамт гэмтлийн эмнэлэг ороод...эмчил үзүүлэх гэж хамт байгаад ард зогсоод ахиад зодох гээд байхаар нь явганаас унаж гэмтсэн гэж тэмдэглүүлсэн...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэж санаж байна Чингэлтэй дүүрэгт хамт амьдардаг байхад намайн 1 удаа нүүр, толгой нуруу зэрэг рүү цохиж зодож байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад гаргасан өргөлдөө гомдолгүй гээд хаалгаж байсан... Би сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэхээс татгалзаж байна...Ц.Э-тэй 2023 оны 10 дугаар сарын эхээс эхлэн 2024 оны 05 дугаар сар хүртэл хамтран амьдарсан...хагалгааны зардал эмчилгээний төлбөр нийт 400.000 төгрөг болсон тул эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 4-6, 69-71 дэх тал),

3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний **** дугаартай шинжээчийн "...М.М-ийн биед зүүн атгаал ясны доод булуу дайрсан далд хугарал, зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун шуу, гуянд цус хуралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-19 дэх тал),

4. Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...БГД-ийн **** тоотод охин М 2 зээгийн хамт...Ц.Э-ийг танихгүй уулзаж байгаагүй. 2024 он гарснаас хойш хамт амьдарсан байх гэж бодож байна. Тухайн өдөр...миний гар утас руу М залгаад хамтран амьдарч байсан Ц.Э нь зодоод гар хугалчихсан байна гэж ярихаар нь тухайн орой нь гэмтлийн эмнэлэг дээр ирээд юу болсон талаар нь тодруулахад Ц.Э миний гар руу өшиглөсөн мөн гар, нүүрнийх нь шанаа хэсэгт нь хөхөрчихсөн байсан...сүүлд энэ залуутай холбогдоод байсныг нь би цагаан сарын дараа буюу 2024 оны 02 сарын сүүлээр мэдсэн.." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

5. Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгаас ирүүлсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага лавлагааны “...1 байр 2 орц 68 тоотын дээд айлд...дуу чимээ ихтэй амраахгүй байна гэх...2024.01.25...” гэсэн хуудас (хавтаст хэргийн 65-66-р тал),

6. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 75-80-р тал),

7. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 байр 68 тоотоос бусдад зодуулж гар хугарсан байдалтай ГССҮТ-д ирсэн...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

8. Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа ( хавтаст хэргийн 29 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 30 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүгдэгч нь хэргийн үйл баримттай маргаагүй, харин түүнд холбогдох хэргийн зүйлчлэлтэй маргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо бичгээр илэрхийлж оролцсон болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.Э нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** тоот гэртээ хохирогч М.М-г "чи архи уухаа боль, би чиний хүүхдийг гаргаж чадахгүй" гэж хэллээ гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар гараараа толгой, нүүрэнд нь 2-3 удаа цохиж, хэвлийн болон зүүн гар руу нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь "зүүн атгаал ясны доод булуу дайрсан далд хугарал, зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун шуу, гуянд цус хуралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.М, гэрч Б.Д нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн  нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ийн “...хохирогч өөрөө унаад бэртсэн...” гэсэн мэдүүлгийн эх сурвалж бусад нотлох баримтаар тогтоогдоогүй тул түүний мэдүүлэг нь нотлох баримтад тооцогдохгүй.

Тухайлбал, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд 2 удаа мэдүүлэг өгөхдөө хэргийн үйл баримтын талаар тогтвортой мэдүүлснийг шинжээчийн дүгнэлт нотлох бөгөөд хэргийн үйл баримтыг сэргээхэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хүртээмжтэй, хангалттай байна гэж үзэв.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Тухайлбал, прокуророос шүүгдэгч Ц.Э-ийг хохирогч Ц.М-ийн биед хүндэвтэр зэргийн хохирол учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэлд тохирооогүй байна.

Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.М-ийн өгсөн “...БГД-ийн **** тоотод ээж, охины хамт...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Д-ийн өгсөн "...БГД-ийн **** охин М 2 зээгийн хамт...” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч Ц.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр хохирогчтой хамтран амьдарч, гэр бүлийн харилцаа байгаагүй гэх нөхцөл байдал нь тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт зааснаар "хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад зааснаар “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг гэж ойлгохоор хуульчилсан.

Тодруулбал, дээрх хууль тогтоомжид хамтран амьдрагч гэж гэр бүлийн харилцаа үүсгэж, харилцан амины болон хөрөнгийн харилцаа үүсч, харилцаан бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Ц.Э, хохирогч М.М нар нь дотно харилцаатай байсан нь харилцан үүрэг хүлээсэн гэх ойлголтод хамаарахгүй. Цаашилбал, хохирогч М.М нь эх /гэрч/ Б.Д, хүүхдийн хамт **** тоотод амьдардаг зэрэг үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ. 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар хохирол төлбөрт”...эмчилгээний 400.000 нэхэмжилнэ...” гэсэн боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч “...Шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Ц.Э “...надад торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, /хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан/, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож ял шийтгэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ц.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэнд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан 5.000.000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.Э-д сануулсугай.

   6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч М.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР