Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/137

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,      

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,               

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Д-ийн У-т холбогдох 2428001760178 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Биеийн байцаалт:          

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 06 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2.09 хувийн согтолттойгоор ... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.       

              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.У-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч Д.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Б дуудахаар нь очиж аваад хашаандаа орж ирээд пиво уусан. Цагийн дараа цагдаа ирсэн. Би 2-3 пиво уусан байсан. Хуулийн хүмүүстэй маргалдаад яах вэ?. Би уусан идсэнээ хүлээн зөвшөөрч байна. Чанга яригчаар дуудсан асуудал болоогүй гэв.

Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 14 цагаас 18 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сум 5 дугаар баг Хүрмэн дэлгүүрийн ар талын засмал зам дээр “Приус 20” загварын тээврийн хэрэгсэл, жолооч нь цээж нүцгэн явж байсан. Тэгээд сэжиг бүхий байхаар нь араас нь явахад тухайн тээврийн хэрэгсэл хурдаа нэмээд явсан. Тэгээд Зүүнсайхан талдаа чигээрээ явж алга болсон. Тухайн үед тоос гарсан байсан байхаар нь уг тоосыг дагаад Зүүнсайханы .. дугаар гудам хойш харсан хаалгатай хашаанд ирээд зогссон байсан. Тухайн үед жолооч гэртээ орсон байсан. Тухайн үед жолоочтой уулзаад та яагаад зугтаав гэхэд пиво уусан, тэгээд гэртээ ирлээ гэх хариулт өгсөн. Тэгээд Цагдаагийн байгууллага руу авч явж үлээлгэн магадалгааг бичсэн. Драгер багажаар үлээлгэхэд 2,09 хувийн согтолттой байсан. Тухайн тээврийн хэрэгсэл хурдаа нэмэн зугтаад гэртээ ирсэн байсан. Араас нь 1-2 минутын дараа буюу яг араас нь очсон. Тухайн үед жолооч гэртээ орсон байсан. Гэртээ ороод ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тийм цаг хугацаа ч болоогүй. Тэгээд жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн үгүйг шалгахаар Цагдаагийн байгууллага руу дагуулж явсан...” (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эргүүлд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Приус 20” загварын тээврийн хэрэгслийг чанга яригчаар зогсоох гэж хэлэхэд хурд нэмээд явсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн араас явахад хашаандаа ороод зогссон байсан. Гэртээ дөнгөж орж ирсэн байдалтай байж байсан. Гэрт нь ороход ямар нэгэн архи, пиво байгаагүй, сав нь ч байгаагүй. Харин тухайн унаж явсан “Приус 20” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор жолоочийн эсрэг талын суудлын шалан дээгүүр задлаад уучихсан архины шилнүүд, мөн пивоны лааз байсан. Мөн тухайн тээврийн хэрэгслийг хурд нэмээд явахаар нь яг араас нь явсаар байгаад тухайн хашаанд ирсэн. Тэр цаг хугацаанд ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглэж амжихаар цаг хугацаа болоогүй... Араас нь очиход тэгж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байхаар хугацаа болоогүй. Хэрэглэсэн байсан ч тэгж хурдан согтох, хэл ам ээдрэх, эрүү зуурах хэмжээнд хүрэхгүй байх гэж бодож байна.(хавтаст хэргийн 40-41 дэх тал)

Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүрмэн дэлгүүрийн засмалаар ертөнцийн зүгээр баруун тийш саарал өнгийн “Приус 20” загварын тээврийн хэрэгслийг дээгүүрээ шалдан харахад согтууруулах ундаа хэрэглэсэн байх магадлалтай хүн явж байсан. Тэгээд араас зогсоож шалгах гэж машины чанга яригчаар уг тээврийн хэрэгслийг зогсоорой гэж хэлэхэд хурдаа нэмээд зугтаад алга болсон. Тэгээд араас нь гудмаар уг тээврийн хэрэгслийн яваад үлдсэн тоосыг нь дагаад явж байтал Зүүнсайхан .. дугаар гудманд хашаандаа ороод зогссон байсан. Хашаанд нь ороод жолоочтой уулзахад гэртээ дөнгөж орсон байдалтай байсан. Яагаад чанга яригчаар зогс гэж хэлэхэд зогсоогүй талаар хэлэхэд У нь “Сонсоогүй тэгээд пиво уусан байсан болохоор гэртээ ирсэн” гэх хариулт өгсөн. Тэгээд хаанаас хаа хүртэл тээврийн хэрэгслийг жолоодон явсан талаар асуухад “Ноён Богд гэх дэлгүүрээс пиво аваад гэртээ ирсэн” гэх хариулт өгсөн. Тэгээд Цагдаагийн байгууллага руу авч явж согтуурлын зэргийг шалгасан. Драгер багажаар үлээлгэхэд 2,09 хувийн согтолттой байсан... Тухайн үед пиво уух завдал гараагүй. 2-3 минутын дараа араас нь очсон. Дөнгөж гэрээ онгойлгоод гэртээ ороод байж байхад араас нь очсон. Тухайн үеийн энгэрийн камерын бичлэг нь байгаа...” (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Хүрмэн дэлгүүрийн хойд замд “Приус-20” загварын тээврийн хэрэгслийн жолооч цээж нүцгэн архи уусан байж болзошгүй байсан. Тухайн тээврийн хэрэгслийг өөдөөс ирж байхад буюу бараг зэрэгцэж ирэхэд дуут дохио, чанга яригчаар тухайн тээврийн хэрэгслийг баруун шахаад зогсож байгаарай гэхэд сонсоод чигээрээ хурд нэмэн зугтсан. Харах боломжтой, сонсоод хурдаа нэмэн явсан гэж бодож байна. Тэгээд тээврийн хэрэгслийн араас явахад нэлээд хурдтай яваад алга болсон. Тухайн тээврийн хэрэгслийн  шороон зам дээр яваад үлдсэн тоосыг дагаад хүний байсан хашаанд очсон. Хамтрагч С бид хоёр араас нь очсон хугацааг удаагүй гэж бодож байгаа. 1-2 минут болсон байх энэ цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх боломжгүй. Гэрт ямар нэгэн зүйл байгаагүй, тухайн жолооч У гэх залуу өөрөө их согтолттой ярих чадвар багассан байсан. Араас нь очих хугацаанд ийм хурдан согтох боломжгүй гэж бодож байна.(хавтаст хэргийн 44 дэх тал)

Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр найзтайгаа уулзаад нэг шил архи хувааж уучихаад Д.У-ыг дуудаад гэрт хүргээд өг гэж хэлсэн. Удалгүй У ирээд хамт гэр рүү нь явсан. Гэрт ирээд бид хоёр 5-6 ширхэг лаазтай пиво хувааж уусан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна нэлээд согтсон байсан манай нэг найз ирж аваад гэрт хүргэж өгсөн байсан.” (хавтаст хэргийн 34-35 дахь тал)

Гэрч Н.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байх манайх Нисэх гэр хорооллын ... тоотод түр оршин суудаг байхад манай найз Б ирсэн. Тухайн үед бид жоол юм ярингаа нэг шилтэй архины талыг нь хувааж уусан. Тэгээд Б нэг хүнтэй утсаар яриад байсан. Удалгүй гадаа машин ирээд сигнал өгсөн. Тухайн үед Б дүүгээ дуудсан гэж байсан. Б түрүүлээд гараад явсан, удалгүй утсаар залгаад гараад ир гэж хэлсэн. Тэгээд гараад машинд суухад дуудсан хүн нь пиво авчирсан байсан. Б надад хөл доороосоо торон дотроос нэг лаазтай пиво өгсөн. Тэрийг уугаад сууж байхад тэр хоёр хоорондоо л юм яриад байсан. Би тухайн өгсөн пивог нь ууж дуусаад гэр рүүгээ орсон. Тэр хоёр гадаа байж байгаад яваад өгсөн байсан. Тухайн үед машинд ороход Б болон жолооч залуу нэг, нэг лаазтай пиво барьсан сууж байсан. Намайг ороод очиход надад нэгийг өгөөд тэр хоёр хоорондоо юм ярингаа тухайн пивог уугаад байсан. Тухайн үед яриа нийлэхгүй болохоор би нэг пивоо уучихаад гэр рүүгээ орсон. Түүнээс хойш У гэх залууг юу уусан талаар мэдэхгүй. Тухайн үед юм ярьж байхдаа У гэх залуу өмнө өдөр нь бас уусан гэж яриад байсан. Улсын дугаарыг нь анзаараагүй. Ямар ч байсан “Приус 20” загварын саарал өнгөтэй машин байсан. Орой нь Бгийн дугаар руу нэлээд олон залгаад утсаа авахгүй байсан. Өглөө нь эхнэрийнхээ утсаар залгаад танайд миний утас байна уу гэж асууж байсан.(хавтаст хэргийн 37-38 дахь тал)

Прокурорын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол (хавтаст хэргийн 01-04 дэх тал)

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №Ц-1/231 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 8 дахь тал)

Прокурорын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол (хавтаст хэргийн 09-10 дахь тал)

Д.У-ын холбогдогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол (хавтаст хэргийн 11 дэх тал)

Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал)  

2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 60 дахь тал)

Д.У-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 61-68 дахь тал)

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 69 дэх тал)

Мөрдөгчийн “Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгай тухай” тогтоол (хавтаст хэргийн 70 дахь тал),

Эд мөрийн баримтаар хураагдсан DVD-R зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.У-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.     

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.               

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь энэ хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтууд учир дутагдалтай цуглуулагдсан, бэхжүүлэгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй, эргэлзээтэй нөхцөл байдлаар хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж үзэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүхий л арга хэмжээг авч шүүгдэгчийн ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасны дагуу Д.У-ыг дэлгүүрээс авсан шар айргаа гэртээ ирээд хэрэглэсэн үү?, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох үедээ хэрэглэсэн байсан уу? гэдгийг тогтоох нь энэ хэрэгт хамгийн чухал юм. Д.У-ын хувьд гэртээ ирээд согтууруулах ундаа хэрэглэж тодорхой хугацаа буюу цаг өнгөрсний дараа цагдаагийн алба хаагч ирээд шалгасан гэж мэдүүлдэг бол харин цагдаагийн алба хаагч нар 2-3 минутын дараа очсон гэж мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байхыг шаарддаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд У-ыг цагдаагийн алба хаагч зогсоогоод драгер үлээлгэсэн нөхцөл байдал байдаггүй. Гэрч Б нь Утай 5-6 ширхэг пиво уугаад согтоод цаашаа юу болсон талаар санахгүй байна гэж мэдүүлсэн байдаг. Эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл болон Сын мэдүүлэгт уг зөрчлийг 18 цаг 42 минутад илрүүлсэн гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл 18 цаг 20 минутын үед драгер багаж үлээлгэсэн нөхцөл байдал байна. Мөн зөрчлийг 1-52 тоотод илрүүлсэн гэдэг зүйл яваад байдаг боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад үзэхэд У нь замын хөдөлгөөнд хэдэн цаг, хэдэн минутад оролцоод байгаа юм гэдэг нөхцөл байдал тогтоогддоггүй. Уын мэдүүлгээс харахад 16-17 цагийн үед замын хөдөлгөөнд оролцоод гэртээ ирсэн нөхцөл байдал байдаг. Тэгэхээр 18 цагийн үед буюу цагийн дараа очсон үйл явдлыг энэ хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэдгийг эргэлзээгүйгээр нотолсон нотлох баримт хэргийн хүрээнд байхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүхээс бодитой эрх зүйн дүгнэлтийг хийж өгнө үү гэж хүсэж байна гэх дүгнэлтүүдийг,

Шүүгдэгчийн хувьд хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 06 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2.09 хувийн согтолттойгоор ... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон нөхцөл байдал тогтоогдож байна.      

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт  гэрч М.С-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29, 40-41 дэх тал), гэрч Г.Сын мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32, 44 дэх тал), гэрч Л.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал), гэрч Н.Ц-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал), эрх бүхий албан тушаалтны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал), 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 60 дахь тал), эд мөрийн баримтаар хураагдсан DVD-R зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.         

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байхыг шаарддаг бөгөөд Д.У-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодоод явж байхад нь цагдаагийн алба хаагч драгер багаж үлээлгэж шалгасан баримт байдаггүй, харин араас нь тодорхой цаг хугацааны дараа очиж шалгасан талаар шүүгдэгч мэдүүлдэг ба энгэрийн камерт авагдсан бичлэг нь У гэх хүн гэртээ очоод согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтсон байх үеийн бичлэг байна. Тухайн бичлэг Д.У согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болохыг нотлоогүй...” гэж  мэтгэлцэж оролцов.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл гэрч Н.Ц “...гараад машинд суухад дуудсан хүн нь пиво авчирсан байсан. Б надад хөл доороосоо торон дотроос нэг лаазтай пиво өгсөн. Тэрийг уугаад сууж байхад тэр хоёр хоорондоо л юм яриад байсан. ...Тухайн үед машинд ороход Б болон жолооч залуу нэг, нэг лаазтай пиво барьсан сууж байсан. Намайг ороод очиход надад нэгийг өгөөд тэр хоёр хоорондоо юм ярингаа тухайн пивог уугаад байсан...” /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ гэж мэдүүлсэн байх ба түүний энэхүү мэдүүлгийг гэрч М.Сын “2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 14 цагаас 18 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сум 5 дугаар баг Хүрмэн дэлгүүрийн ар талын засмал зам дээр “Приус 20” загварын тээврийн хэрэгсэл, жолооч нь цээж нүцгэн явж байсан. Тэгээд сэжиг бүхий байхаар нь араас нь явахад тухайн тээврийн хэрэгсэл хурдаа нэмээд явсан. Тэгээд Зүүнсайхан талдаа чигээрээ явж алга болсон. Тухайн үед тоос гарсан байсан байхаар нь уг тоосыг дагаад Зүүнсайханы 2 дугаар гудам хойш харсан хаалгатай хашаанд ирээд зогссон байсан. Тухайн үед жолооч гэртээ орсон байсан. Тухайн үед жолоочтой уулзаад та яагаад зугтаав гэхэд пиво уусан, тэгээд гэртээ ирлээ гэх хариулт өгсөн. Тэгээд Цагдаагийн байгууллага руу авч явж үлээлгэн магадалгааг бичсэн. Драгер багжаар үлээлгэхэд 2,09 хувийн согтолттой байсан... 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эргүүлд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Приус 20” загварын тээврийн хэрэгслийг чанга яригчаар зогсоох гэж хэлэхэд хурд нэмээд явсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн араас явахад хашаандаа ороод зогссон байсан. Гэртээ дөнгөж орж ирсэн байдалтай байж байсан. Гэрт нь ороход ямар нэгэн архи, пиво байгаагүй, сав нь ч байгаагүй. Харин тухайн унаж явсан “Приус 20” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор жолоочийн эсрэг талын суудлын шалан дээгүүр задлаад уучихсан архины шилнүүд, мөн пивоны лааз байсан... Араас нь очиход тэгж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байхаар хугацаа болоогүй. Хэрэглэсэн байсан ч тэгж хурдан согтох, хэл ам ээдрэх, эрүү зуурах хэмжээнд хүрэхгүй байх гэж бодож байна.” /хавтаст хэргийн 28-29, 40-41 дэх тал/ гэх,

гэрч Г.С-ын “2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүрмэн дэлгүүрийн засмалаар ертөнцийн зүгээр баруун тийш саарал өнгийн “Приус 20” загварын тээврийн хэрэгслийг дээгүүрээ шалдан харахад согтууруулах ундаа хэрэглэсэн байх магадлалтай хүн явж байсан. Тэгээд араас зогсоож шалгах гэж машины чанга яригчаар уг тээврийн хэрэгслийг зогсоорой гэж хэлэхэд хурдаа нэмээд зугтаад алга болсон. Тэгээд араас нь гудмаар уг тээврийн хэрэгслийн яваад үлдсэн тоосыг нь дагаад явж байтал Зүүнсайхан .. дугаар гудманд хашаандаа ороод зогссон байсан. Хашаанд нь ороод жолоочтой уулзахад гэртээ дөнгөж орсон байдалтай байсан. Яагаад чанга яригчаар зогс гэж хэлэхэд зогсоогүй талаар хэлэхэд У нь “Сонсоогүй тэгээд пиво уусан байсан болохоор гэртээ ирсэн” гэх хариулт өгсөн. Тэгээд хаанаас хаа хүртэл тээврийн хэрэгслийг жолоодон явсан талаар асуухад “Ноён Богд гэх дэлгүүрээс пиво аваад гэртээ ирсэн” гэх хариулт өгсөн. Тэгээд Цагдаагийн байгууллага руу авч явж согтуурлын зэргийг шалгасан. Драгер багажаар үлээлгэхэд 2,09 хувийн согтолттой байсан... Тухайн үед пиво уух завдал гараагүй. 2-3 минутын дараа араас нь очсон. Дөнгөж гэрээ онгойлгоод гэртээ ороод байж байхад араас нь очсон. Тухайн үеийн энгэрийн камерын бичлэг нь байгаа... “Приус 20” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын шалан дээр хоосон архины шил, пивоны лааз зэрэг байсан. Юуны шил байсан гэдгийг нь сайн хараагүй... Тухайн жолооч У гэх залуу өөрөө их согтолттой ярих чадвар багассан байсан. Араас нь очих хугацаанд ингэж хурдан согтох боломжгүй гэж бодож байна.” /хавтаст хэргийн 31-32, 44 дэх тал/ гэх мэдүүлгүүд болон камерын бичлэг давхар нотолсон бөгөөд эдгээр мэдүүлгүүдийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Шүүгдэгчийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоогүй гэж маргаж байх боловч түүний мэдүүлгийг давхар нотолсон баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх  сурвалжийг зааж чадаагүй тул түүний гэмт хэрэг үйлдээгүй гэх мэдүүлгийг дангаараа нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.У нь Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Нисэх гэр хорооллын ... тоот хашааны гадаа тээврийн хэрэгсэл дотор Л.Б-тай хамт шар айраг ууж байсан талаар гэрч Н.Ц тодорхой мэдүүлснээс гадна тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч М.С, Г.С нар согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй, цээж нүцгэн жолооч тээврийн хэрэгсэл жолоодож явж байсан нөхцөл байдлыг шалгах зорилгоор жолоочид зогсоох шаардлага тавихад улам хурдаа нэмж зогсоох шаардлагыг биелүүлээгүй тул араас нь дагаж 2-3 минутын дараа очиход дөнгөж гэрээ онгойлгоод гэртээ ороод байж байхад нь уулзахад их согтолттой, гэр дотор согтууруулах ундааны сав байгаагүй, харин тээврийн хэрэгсэл дотор архины болон шар айргийн лааз байсан талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн ба уг нотлох баримтыг камерын бичлэгээр давхар баталгаажуулсан байх тул шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гомдол няцаагдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Д.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 309 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 20 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Шүүгдэгч Д.У-ын согтолтын хэмжээ 2.09 хувьтай гарсан болох нь эрх бүхий албан тушаалтны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал), 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор аутентик тайлбар хийжээ. 

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.

Шүүгдэгч Д.У нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь шийтгэвэр, жолоочийн лавлагаа, мэдээллээр тогтоогдсон ба уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаа дуусаагүй байхад дахин 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.    

Иймд Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Д.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Уыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.   

Энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч насанд хүрээгүй хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ажил хөдөлмөр эрхэлж хүүхдээ тэжээн тэтгэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх зэрэг үүргийг харгалзан 2,700,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож өгнө үү гэх дүгнэлтүүдийг, шүүгдэгч торгох ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.   

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.    

Шүүх шүүгдэгч Д.У-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэгт торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, хорих гэсэн үндсэн дөрвөн төрлийн ял дээр нэмж эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулахаар заасан ба шүүх шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулаад тав хоногийн дараа дахин тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Д.Ут нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэсэн бөгөөд энэ нь түүний хөдөлмөрлөх, үр хүүхдээ тэжээн тэтгэх эрхийг зөрчинө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул торгох ял оногдуулах тухай шүүгдэгч, өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлтийг хангах үндэслэлгүй байна. 

Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “DVD-R” 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Д-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.                                                     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “DVD-R” 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

6. Шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.         

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.        

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

      

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ВОЛОДЯ