Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/шш2021/03350

 

 

 

 

 

........ оны ... сарын ... өдөр Дугаар 102/ШШ20.../......  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргалыг суулгаж тэмдэглэл хөтлүүлэн, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, .........хотхон, ....... дугаар байрны ....тоотод оршин суух, ............ регистртэй, ......овогт ...........ийн ...........;

Хариуцагч: ..... дүүргийн .. дугаар хороо, .... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ............ сумын ...........үгээр багт оршин сууж буй, ..............регистртэй, ........... овогт .........ийн...........;

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 17,500,000 /арван долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ........., нэхэмжлэгчийн өмгөөлөгч .........., хариуцагч ............ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч .................. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

............... нь............ оны ...... дугаар сарын ........-ны өдөр ............ улсын дугаар бүхий өөрөө буулгагч .............. маркийн автомашиныг 40,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалан авах гэрээ байгуулж, төлбөрийг сар бүрийн 29-ний өдөр төлөхөөр тохирсон. Гэвч хариуцагч гэрээгээр тохирсон үүргээ биелүүлэхгүй надад хохирол учруулж байна. Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 22,250,000 төгрөг шаардсан боловч хариуцагчийн төлсөн төлбөрийг хасаад, үлдэгдэл үндсэн төлбөр 8,000,000 төгрөг, алданги 9,500,000 төгрөг, нийт 17,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Эхлээд гэрээ байгуулах үед 20,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдсэн 20,000,000 төгрөгийг 5 сарын хугацаанд хувааж төлөх ёстой байсан боловч 1,000,000 төгрөг л төлсөн. Энэ 5 сарын хугацаанд үүргээ биелүүлээгүй учраас уг хугацаанд төлөөгүй байсан 19,000,000 төгрөгийн үлдэгдлээс алданги тооцож 9,500,000 төгрөгийн алданги шаардаж байгаа. Шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгснөөс хойш хариуцагч 11,000,000 төгрөг төлсөн учир үндсэн төлбөрийн үлдэгдэл 8,000,000 төгрөг болно...гэв.

Хариуцагч .......... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би ................оны 10 дугаар сард ........ гэх хүнээс............ маркийн өөрөө буулгагч машиныг 40,000,000 төгрөгөөр үнэлж худалдан авах гэрээ хийсэн. Үүнээс нийт 32,000,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 8,000,000 төгрөг байгаа. Тиймээс нэхэмжилж байгаа мөнгөнөөс 8,000,000 төгрөгийг төлөх боломжтой. Үлдэгдэл мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ байгуулах үед 20,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Дараа нь үлдэгдэл 20,000,000 сая төгрөгөөс 1,000,000 төгрөг төлж, 19,000,000 төгрөг үлдсэнээс 11,000,000 төгрөгийг төлсөн учраас алдангийг хасуулмаар байна...гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

........... нь .................д холбогдуулан Тээврийн хэрэгсэл Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед нэхэмжлэгч нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 8,000,000 төгрөг, үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүссэн алданги 9,500,000 төгрөг, нийт 17,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Хариуцагч ................. нэхэмжлэлийн шаардлагаас төлбөрийн үлдэгдэл 8,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алдангийн хэмжээг хасуулах саналтай гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

............оны 10 дугаар сарын 02-ны өдөр ....., ..............нарын хооронд Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, худалдагч .............. нь .............. арлын дугаартай, .... онд үйлдвэрлэгдсэн .... улсын дугаартай, .....маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр худалдан авагч ......д шилжүүлэх, худалдан авагч нь гэрээ байгуулсан өдөр 20,000,000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэх 20,000,000 төгрөгийг 5 сарын хугацаанд, сар бүр 4,000,000 төгрөгөөр хуваан худалдагчид төлөхөөр харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. /Хавтаст хэргийн 3 дугаар хуудас/

Хэдийгээр гэрээг Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн байх боловч талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцүүлэн анзын талаар тохиролцож, бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Зохигчид тээврийн хэрэгслийн төлбөрийн үлдэгдэл 8,000,000 төгрөгийн талаар маргаагүй ба хариуцагч нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж дүгнэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох алданги 9,500,000 төгрөгийн тухайд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй ба нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагч гэрээний дагуу 11,000,000 төгрөгийг төлж, төлбөрийн үлдэгдэл 8,000,000 төгрөг болсон тухай зохигчид хэн аль нь зөвшөөрсөн тул маргаан бүхий Худалах, худалдан авах гэрээний 3.6, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн алданги 4,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн, энэ хэмжээгээр алдангийг хангаж, илүү шаардсан 5,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ................аас 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ..............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн .... төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас... төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА