| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0122/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/134 |
| Огноо | 2024-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Цэрэнтогтох |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Б.Цэрэнтогтох,
шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Т.Т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Т.Т:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Т.Тын согтуугаар 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг, Бугатын 11-2-22 тоотод хамтран амьдрагч С.О“хүүхэд авч явах гэлээ” гэх шалтгаанаар түлхэн унагаж, нүүр рүү гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь “...баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар хуудас/,
шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай ...С.Обиед баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинжээч эмч үзлэг хийсэн тухайн цаг хугацаанаас 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
хохирогч С.О...Би 2023 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед өөрийн охин Эрхсаран 18 настай, эмэгтэй/-г аав дээр нь үлдээгээд ажил руугаа явсан. Тэгээд би ажлаа тараад орой өөрийн охин Эрхсаран руу залгаад "Та хэд хоолоо хийсэн үү" гэхэд охин Эрхсаран нь хоолоо хийж идээгүй гэж хэлсэн. Тэгээд 19 цагийн үед хадам ээжийн гэрээс охин Эрхсаранг авахаар очиход нөхөр Т.Т нь согтуу 2 хүүхэдтэйгээ хөзөр тоглоод байж байсан. Тэгээд би хамтран амьдрагч Т.Тт хандаж "Чи хүүхдэдээ хоол хийж өгөхгүй яасын бэ” гэж хэлэхэд том охин Эрхцэцэг /13 настай, эмэгтэй/ нь хоол хийсэн шүү дээ гэхээр нь заа тэгүүл би охин Эрхсаранг аваад явъя гэж хэлэхэд хамтран амьдрагч Т.Т нь явуулахгүй гэж хэлээд ор руу түлхэж унагаагаад миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 1 удаа алгадсан. Тэгэхээр нь би хэлэхдээ "Чи битгий миний нүүр рүү цохиод бай би албан байгууллагад ажилладаг хүн" гэж хэлсэн. Тэгээд би орноос босох үед хамтран амьдрагч Т.Т нь баруун гараараа миний баруун талын нүд рүү 1 удаа цохисон. Тэгээд би хүйтэн жин тавиад тэр шөнөдөө цагдаад мэдэгдэж чадаагүй тул өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Эрхсаран нь миний төрсөн охин. Харин Эби хойд ээж нь юм. Би Т.Ттай анх 2013 онд танилцаж хамтран амьдраад 10 гаруй жил болж байна. Бид хоёр дундаасаа нэг охинтой, гэрлэлтийн баталгаа байхгүй юм. Би ажлаа тарж ирээд хоол хийсэн үү гэж асуухад охин Эрхцэцэг хоол хийсэн шдээ гэхээр нь би охин Эрхсаранг аваад явлаа гэхэд Т.Т нь чи юундаа том дугараад байгаан бэ гэж маргалдсан. Т.Т нь намайг ор руу түлхэж унагаагаад баруун гараараа миний зүүн шанаа руу 1 удаа алгадаж, мөн баруун гараараа миний баруун нүд рүү 1 удаа цохисон юм. Тийм зүйл байхгүй. Т.Т нь өмнө нь намайг 2, 3 удаа ч цохиж зодож байсан бөгөөд миний нүдийг хөхрүүлж байсан. Гэхдээ би тухайн үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй юм. Би гомдолтой байна. Эмчилгээний төлбөрийг нэхэмжилж байна... /хх-ийн 6 дугаар хуудас/
түүний дахин өгсөн ...Надад өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байхгүй. Би Т.Таас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид 2 хамтран амьдарч байгаад салсан. Одоо холбоогүй байгаа. Миний биед зодуур болон ил харагдах гэмтэл шарх байхгүй байна. Би Т.Тт намайг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл ялих зүйлээс болж маргалдан улмаар цохиж зодох үед хүүхдээс өөр хэн нэгэн хүн байгаагүй... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
насанд хүрээгүй гэрч Т.Э...Би 2023 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед ээж С.Отгончимэг нь намайг аав ******* дээр үлдээгээд ээж өөрөө ажил руугаа явсан юм. Тэгээд өдөр аав ******* нь хүнтэй утсаар яриад намайг эгч Эрхцэцэгтэй үлдээгээд гарч яваад буцаж орж ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд аав *******, эгч Эрхцэцэг нар хоол хийгээд бид гурав хоолоо идэж дуусаад би аав, эгч хоёртой хөзөр тоглоод байж байтал 19 цагийн үед ээж С.Отгончимэг гаднаас орж ирсэн. Тэгээд ээж С.Отгончимэг нь та нар хөзөр тоглож байхаар хоолоо хийхгүй яасан юм бэ гэхэд эгч Эрхцэцэг нь хэлэхдээ хоол хийсэн шүү дээ гэж хэлсэн. Тэгээд ээж намайг дагуулаад гарах гэтэл аав ******* нь босч ирээд “Чи юундаа том том дугараад байгаа гөлөг вэ” гэж хэлээд аав ******* нь ээжийн хөл рүү өшиглөөд тэр хоёр маргалдах үед би эгч Эрхцэцэгтэй хамт жижиг өрөөндөө орсон. Тэгэхэд том өрөөнд ээж С.Отгончимэг нь намайг аллаа гээд хашгирч байсан юм. Тэгээд том өрөөнөөс ээж гарч ирээд толинд харахад баруун нүд хөхөрчихсөн байсан юм. Танина, *******, Отгончимэг нь миний төрсөн эцэг, эх юм. Харин Эрхцэцэг нь миний төрсөн эгч юм. Өдөр ээж С.Отгончимэг нь хоолоо хийж идсэн үү гээд залгахаар нь би хоолоо хийж идээгүй гэж хэлсэн. Тэгээд орой ээж Отгончимэг нь ажлаасаа тарж гэрт ирээд хөзөр тоглож байхаар хоолоо хийж идэхгүй яасан юм бэ гээд хоорондоо маргалдсан. Тэр хоёр хоорондоо маргалдаад аав ******* нь ээж С.Охөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд би эгч Эрхцэцэгтэй хамт жижиг өрөө рүү орсон юм. Удалгүй ээж С.Онүд нь хөхөрсөн байдалтай том өрөөнөөс гарч ирсэн. Тийм зүйл байхгүй... /хх-ийн 8 дугаар хуудас/,
насанд хүрээгүй гэрч Т.Э...Би 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эмээ Н.Оюунцэцэгийн гэрт нь буюу Зуунмод сум бугатын 11-2-21 тоотод аав Т.Т, дүү Т.Энхсаран нарын хамт 19 цагийн үед хөзөр тоглоод байж байхад гаднаас хойд ээж С.Отгончимэг орж ирсэн. Орж ирээд аав Т.Тыг хоол хийсэнгүй гэх шалтгаанаас болж хоорондоо маргалдсан. Улмаар аав Т.Т нь уурлаад хойд ээж С.Огараараа нүүр лүү нь 1-2 удаа цохисон. Тэгээд маргаан намжиж амарцгаасан. Миний хэлэх зүйл ийм байна. Тухайн үед аав Т.Т, хойд ээж С.Отгончимэг дүү бид 4 хамт байсан. Өөр хүн байгаагүй. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 48 дугаар хуудас/,
сэжигтэн Т.Тын ...Би С.О2014 онд нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн юм. Тэгээд 2022 оноос хойш хамтран амьдрахгүй болж салсан юм. Би хөдөө ажлаар явж ирээд удаагүй хоёроос гурав хонож байсан юм. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ээжийн гэрт байж байхад миний найз Сугар гээд залуу ирэхдээ нэг шил архи авч ирээд бид хоёр хувааж ууж байгаад ээжийн гэрт хоёр охины хамтаар хөзөр тоглоод сууж байхад С.Отгончимэг гаднаас гэрт орж ирсэн юм. Тэгээд эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хэрүүл маргаан хийгээд хоёр хүүхдэд хоол унд хийж өгсөнгүй гээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь би нэг удаа алгадаж авсан юм. Тэгээд ээжийн гэрт эхнэр хүүхэд бид нар унтаж амраад өглөө харахад нүд нь хөхөрсөн байсан юм. Тэгээд С.Отгончимэг бага охиноо дагуулаад ээжийн гэрээс гараад яваад өгсөн юм. Надаас өөр хэн нэгэн хүн халдаж цохисон зүйл байхгүй. Би эдгээр гэмтлийг учруулсан юм. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
яллагдагч Т.Тын ...Тиймээ би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан байгаа. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 12 сарын 18-ны өдөр 2 охинтойгоо ээж Н. Оюунцэцэгийн гэрт буюу Зуунмод сум номт 1 баг 11-2-21 тоотод хөзөр тогтоод байж байхад 19 цагийн үед байхаа хамтран амьдрагч С.Отгончимэг ажлаасаа ирээд хүүхдэд хоол хийж өгсөнгүй гэх шалтгаанаас болж хоорондоо маргалдаж улмаар би уурандаа баруун гараараа нүүр лүү нь 1 удаа алгадаж цохисон. С.Огэрт ирэхээс өмнө би найз Сугартай 1 шил архийг гэрийн гадаа уусан, бага зэрэг халамцуу байсан. Тэгээд удаагүй дахин хэрүүл маргаан хийгээгүй унтаж амарцгаасан. Маргааш нь би хөдөө Өмнөговь аймагт ажилтай байсан учир хөдөө ажилдаа явсан. Тэгсэн намайг цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Би хамтран амьдрагч С. Оүл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж улмаар баруун гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. С.Оцохиж зодох үед гэрт 2 охинтойгоо бид 4 хамт байсан. Өөр хүн байгаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл... /хх-ийн 42 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Т.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Т.Тыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Б.Цэрэнтогтох:
...Т.Т нь согтуугаар 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг, Бугатын 11-2-22 тоотод хамтран амьдрагч С.О“хүүхэд авч явах гэлээ” гэх шалтгаанаар түлхэн унагаж, нүүр рүү гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь “...баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь эмчилгээний зардал баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.Т:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Т.Т маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Т нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч М.Хүрэлчулууны холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч Т.Тын тухайн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл буюу хохирол учруулж байгаагаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан ба гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл буюу хохирол учруулсан бол дээрх хүндрүүлэх шинжүүдээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн гэмт хэргийг шинжээр зүйлчлэгдэнэ.
Улмаар шүүгдэгч нь хамтран амьдрагч болох хохирогч С.Обиед баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулснаараа хүндрүүлэх шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг юм.
Тэрээр шүүгдэгч Т.Т хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд толгойд шарх бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Тын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Обиед баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч С.Отгончимэг нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 51 дүгээр хуудаст авагдсан түүний хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Тыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Цэрэнтогтох:
...Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчтай ял тохиролцож орж ирсэн. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч ял тохиролцож орж ирсэн. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.Т:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч Т.Тыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Т.Тыг торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,
шүүхээс хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Т энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Тшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Т энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН