| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0074/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/88 |
| Огноо | 2024-03-11 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Э.Уянга,
шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.М холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч С.М:
...Би худлаа мэдүүлэг өгөөгүй. Би иргэдийн хурал дээр Батжаргал гишүүн, Ганбаатар гишүүн махны үйлдвэрийг анх нээхэд очсон. Тэгэхэд их сайхан байсан. Би ард иргэдээс мэдээлэл авдаг. Нэг өрөөнд цай уугаад сууж байхад тэр хүн байгууллагаа танилцуулсан. Танилцуулж байхад газар орон өгдөггүй гэж хэлсэн. Яагаад ингэсэн бэ гэхээр манай ард түмнийг хөөдөг энэ үнэн. 12 сарын хурал дээр Баасанжаргал гишүүн Батбаатар даргад нь хэлсэн. Манай Лүнгийн махыг авдаггүй танайх. Газар орон өгдөггүй гээд малчдыг хөөгөөд гэж хэлсэн. Яагаад тэгсэн гэхэд манай доод албан тушаалтнууд байгаа байх. Бид нар тийм зүйл хийгээгүй гэж хэлсэн. Бид нар тов гаргаж танай махыг авдаг болъё гэж хэлсэн. Дотор байдаг ажилчид нь хэлдэг. Би өөрөө юм харах гэж явахгүй. Би хэлсэн манай ажилчдыг битгий хөөж туугаад байгаачээ, бүгд зээлтэй, эв зүйг нь олоод ажиллуулаач гэж хэлсэн. Хүн үхсэн талаар бас хэлсэн. Эмнэлэгт асрагч Нямдаваа, Чука эмч дуудлагаар нь очсон байсан. Би бас энэ талаар хүмүүсээс асууна. Нямдаваа эмч шүүх эмнэлэг дээр байхад хэлсэн байдаг. Энэ чинь зодуулсан байна. Оочоогүй байна гэж хэлсэн. Би бас яасан бэ гэж асуухад нуруу хэсэгт нь хөхөрсөн, тархи нь задарсан, урд талыг нь хөх няц болтол нь нүдсэн байсан. Тархи нь тараг шиг болсон байсан. 10-ийн уутанд хийж авсан гэх зүйл хэлсэн. Би аж ахуйн байгууллагуудыг дарамтлаагүй. Би очиж хэлсэн. Танайх гол руу усаа хийгээд байна. Энийг чинь ард иргэд, мал уунаа гэж л хэлсэн. Би ганцаараа дугараад байдаг болохоор тэр хурал дээр ад болдог юм билээ. Хурлынхан зөрсөөр байгаад 12 сарын хурлаар 8 га газар өгсөн. Хайрга дайрганы мөнгийг эд нар өгөөгүй. Луйвардсаар байгаад таарсан... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч С.Мын 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр "Лүн сумын 2 дугаар багийн нутаг "Гүүрний ам" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Э" ХХК нь "... махаа газар чирч оруулдаг, махаа бүтээлгээр бүтээдэггүй, ...Лүн сумын тамгын газраас "Э" ХХК-д 8-9 га газар илүү өгсөн, "Э" ХХК-д ажиллаж байсан хүнийг зодож цохиод алсан, тархи нь газраар гоожоод хар уутанд хийгээд бордоо хийсэн. Лүн сумын иргэдийг хөөдөг..." гэх агуулга бүхий зүйл ярьж live бичлэг хийж өөрийн "Иргэдийн төлөөлөгч Ц.М" нэртэй цахим фэйсбүүк хаягт байршуулан олон нийтэд түгээж хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг тараасан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
фейсбүүкед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,
Төв аймгийн Лүн сумын Засаг даргын захирамжийн хуулбарууд /хх-ийн 117-128 дугаар хуудас/,
гэрч Д.Ө...Би Тайван өсөх ХХК-нд 2020 оноос одоог хүртэл хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. "Э ХХК-ны үйлдвэрийн ажилчид болон миний бие Төв аймгийн Лүн сумын иргэн Н.М нь фейсбүүк цахим хэрэгслээр манай үйлдвэрийн талаар ярьсан бичлэгийг үзэж харсан. Тухайн бичлэгт ямарч ор үндэслэлгүй зүйлийг бичлэгээр ярьж байсан тухайлбал үйлдвэрийн ажилчид нэгнийгээ зодож цохиод тархи толгой гойжтол зодоод алцан талаар ярьсан ба Лүн сумын сургууль цэцэрлэгт эрүүл ахуйн шаардлага хангахгүй мах зарж шахсан гэх ор үндэсгүй талаар ярьж байсан эдгээр ярьсан зүйлд тайлбар хийхэд Э ХХК зүгээс махны үйлдвэрийг барихаар 2022 онд 06 дугаар сарын орчим үед барилгын гүйцэтгэгч ХХК-ны зүгээс хөдөлмөр аюулгүй байдлын журам зөрчигдсөн улмаас хүний амь нас эрсдсэн асуудал байдаг уг асуудал Төв аймгийн Цагдаагийн газарт одоог хүртэл шалгагдаж байгаа гэтэл иргэн М гэх хүн энэ байдлын мушгин гуйвуулж огт үндэслэлгүй бөгөөд үйлдвэрийн ажилчид нэгнийгээ зодоод тархи толгойг хага цохиж гойжуулсан гэх ор үндэслэлгүй фейсбүүк цахим хэрэгслээр олон нийтэд худал мэдээлэл дамжуулж хуулийн хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан учраас манай компаны зүгээс цагдаагийн байгууллагад хандсан юм. Мөн манай үйлдвэрийн талаар ярихдаа чанар болон эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах сургууль цэцэрлэгт нийлүүлэх гэж байгаа гэх худал мэдээлэл ярьсан манай Э ХХК-ны гадаад зах зээл хагас боловсруулсан махыг экспортод гаргадаг тул монгол улсын дотоод зах зээлд ямарч борлуулалт хийдэггүй юм. 2021 оны 12 дугаар сар орчим үед Лүн сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцохоор манай Э ХХК-ны захирал Болдбаатар миний бие Өлзийсайхан нар тухайн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өөрсдийн биеэр оролцож нөхцөл байдал танилцуулж иргэдийн хурлаар уг газар ашиглах гэрчилгээ Э" ХХК-д ологдсон юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй асуудлыг хуулийн хүрээнд шийдэж өгнө үү... /хх-ийн 20-22 дугаар хуудас/
гэрч С.Н...Би Төв аймгийн Лүн сумын Лүн-Уул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ЕБС-ийн захирлаар ажилладаг. Би тухайн Н.М нь фейсбүүк хаягаар лайяваар Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК талаар ярьсан бичлэгийг би үзэж харсан. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу “Мөнхийн Оюун” ХХК нь болон иргэд аж ахуй нэгж байгууллагуудаас мал эмнэлгийн бичиг эрүүл ахуйн шаардлага хангасан махыг худалдаж авдаг юм. Харин Эрүү Монгол мах эко ХХК нь махны үйлдвэр муудсан махыг хямд үнээр зарж борлуулсан талаар сайн мэдэхгүй сонсоогүй. Би сайн мэдэхгүй тийм зүйл сонсож байгаагүй ээ... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
гэрч А.Д...Би Төв аймгийн Лүн сумын Лүн-Уул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Цэцэрлэгийн эрхлэгч ажилладаг. Би тухайн Н.М нь фейсбүүк хаягаар лайяваар Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ны талаар ярьсан бичлэгийг би үзэж хараагүй. Манайх цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны махыг Лүн сумын малчин иргэдээс мал эмнэлгийн шинжилгээний бичигтэй эрүүл ахуйн шаардлага махыг худалдан авдаг юм. Нэг хэлийг 9000 төгрөгөөр бодож авдаг гэрээ хэлцэл байгуулдаггүй ээ. Би Э ХХК нь махны үйлдвэр муудсан махыг хямд үнээр зарж борлуулсан талаар сайн мэдэхгүй сонсоогүй. Би сайн мэдээгүй тийм зүйл сонсож байгаагүй ээ... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
гэрч С.Мын ...Би Төв аймгийн Лүн сумын Лүн-Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт газар тариалан болон сумын төв дээр Хан-Боролзой хүнсний дэлгүүр ажиллуулдаг ба Лүн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн ажилтай юм. Би өөрийн эзэмшлийн "Иргэдийн төлөөлөгч М" цахим нэртэй хаягаар фейсбүүк лайяваар 2023 оны 01 дүгээр сард лайв бичлэг хийсэн ба хэдэн хүн үзэж харсан эсэх талаар би сайн мэдэхгүй байна би зөвхөн лүн сумын иргэдэд үнэн хэлэхийг хүсдэг юм. Би энэ талаар Э ХХК-д ажилладаг Лүн сумын иргэдээс би сонссон хэн гэдэг хүн надад хэлсэн талаар би хэлэхгүй Лүн сумын ЕБС-ын сургууль цэцэрлэг муудсан мах зарж борлуулдаг талаар би сайн мэдэхгүй. Би Э" ХХК-нд ажилладаг Лүн сумын иргэд надад хэлсэн би хэн гэдэг хүн надад хэлснийг би хэлэхгүй ээ. Би 2022 оны 08 дугаар сард манай сумын иргэн Нямдаваа эмч болон түүний асрагч болон бой ажиллуулдаг Баясгалан гэх хүмүүс надад анх хэлсэн. Нямдаваа эмчийн туслах Чулуунцэцэг гэх хүн махны үйлдвэр дээр ажиллаж байсан бригадын дарга гэх хүн нас барсан тэр хүний бие тэр чигтээ хөхөрсөн байсан ба тархи нь арын хэсгээр задарсан байсан би сая задланд оролцсон гэх талаар надад хэлсэн юм. Лүн сумын засаг дарга асан Дэзэмшлийн 2 га газрыг Э" ХХК нь махны үйлдвэр худалдан авсан ба тэр авсан газартаа үйлдвэрээ бариагүй ба өөр газарт хууль бусаар авсан энэ үйл явдал Лүн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орох байхад иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ороогүй байсан... /хх-ийн 41-43 дугаар хуудас/,
гэрч Т.Э...Би 2022 оны 11 дүгээр сараас эхлэн Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн Хиргист гэх газрын Э ХХК-нд одоог хүртэл аж ахуйн албаны үндсэн ажилтнаар ажилладаг юм. Э ХХК-ны захирал Болдбаатар болон хуулийн зөвлөх 2 хүн нь манай сумын иргэдийг зайл гэж хөөж туудаг, хэд хэдэн удаагийн үйлдэл байгаа юм... /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
гэрч Ц.Д...2012 онд Хөдөө аж ахуйн яамаас гаргасан мал аж ахуйн үйлдвэрлэл дэмжих шалгаруулах хуралдаанд төсөл бичиж өгсөн уг төслийн шаардлага нь хөрөнгө оруулалтын 30 хувь нь хувь хүн болон аж ахуйн нэгж өөрөөс хөрөнгө мөнгө гаргах ба тодорхой хэмжээний эзэмшлийн газартай байх ёстой гэсэн шаардлагатай байсан энэ шаардлагын дагуу дээрхи газрыг Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хиргист толгойн баруун талд 10 га газрын 40 жилийн хугацаатай эзэмшиж байгаа 2022 онд Засаг дарга Даваахүүд 5 га газрыг өмнө авсан 10 га газар дээр нэмж олгох талаар хүсэлт тавьсан уг хүсэлтийн дагуу миний газрыг шийдвэрлэж авсан... /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Би Төв аймгийн Лүн сумын нутаг Гүүрний ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг "Э" ХХК-нд өөрийн газраа зарсан зүйл байхгүй ба би 2012 онд санагдаж байна Лүн сумын 2-р багийн нутаг "Бэлчээрийн өндөр улаан" гэх газарт 10 га газрыг эзэмшихээр 40 жилийн хугацаатай авч байсан ба тухайн үед уг газрыг эзэмшихээр авсан шалтгаан нь Хөдөө аж ахуйн яамнаас иж бүрэн үхрийн ферм төсөл зарлаж би төсөл бичээд шалгарсан тул уг газрыг үхрийн ферм барьж тохижуулах зорилгоор авч байсан ба тухайн үед төслийн мөнгө төгрөг нь шийдэгдэх гэж байтал Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдсан тул зарлаж, шалгарсан төслөө буцаагаад татсан тул би бичиж шалгарсан төслөө хэрэгжүүлж чадахгүй болсон тэгээд уг газрыг эзэмшихээр хадгалж үлдсэн байсан юм. Тэгсэн 2021 оны зун сар, өдрийг нь санахгүй байна Лүн сумын засаг дарга Даваахүү надтай уулзаад Лүн сумын нутагт махны үйлдвэр барих гэсэн юм олгох газар байдаггүй та өөрийнхөө эзэмшиж байгаа газраас 2 га газрын эрхийг нь махны үйлдвэр барих зориулалтаар шилжүүлээд зараад өгөөч гэхээр нь би өөрийн эзэмшиж байгаа газар дээрээ махны үйлдвэр бариулаад хамтран ажиллаж болно тэрнээс 2 га газрын эрхийг нь шилжүүлж өгөх боломж байхгүй гэж хэлсэн тэгээд 1 сар орчмын дараа байх сумын засаг дарга Даваахүү өрөөндөө дуудахаар нь очиход махны үйлдвэр барих гэж байгаа хүмүүс гээд 2-3 хүн байсан мөн засаг дарга Даваахүү байсан бөгөөд би өөрийнхөө эзэмшиж байгаа газраас 2 га газрын эрхийг нь шилжүүлж болно тэгэхдээ компани хувь эзэмшиж хамтран ажиллах зорилгоор шилжүүлж өгнө гэдэг зүйлээ хэлсэн тэгээд эргээд уулзалдья гэж хэлээд салсан тэрнээс хойш уулзалдаагүй ба дараа нь 2021 оны намар миний эзэмшиж байгаа 10 га газраас зүүн зүгт 1 километр орчим газарт махны үйлдвэр барих гэж байгаа гээд барилгын ажил эхэлсэн тэгээд би энд газар авсан юм байна даа гэж бодсон тэрнээс миний эзэмшиж байгаа газартай бол ямарч хамаагүй би эзэмшиж байгаа 10 га газраа хашаа барьж хашаад гүний худаг гаргасан, 2 га гаран газрыг нь тусад нь хашаад дотор нь хүнсний ногоо, жимсний мод тарих зэрэг ажлууд хийгдээд явж байсан юм. Би Төв аймгийн Лүн сумын нутаг Гүүрний ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг "Э" ХХК-ийн махны үйлдвэрт орж үзэж байгаагүй гадуур нь бол байнга л явж байдаг юм. Миний мэдэх 2022 онд сар, өдрийг нь санахгүй байна уг "Э" ХХК-ийн махны үйлдвэрийн барилгын ажлыг буюу дээврийн ажлыг хийж байсан 1 ажилтан дээвэр дээрээс газар унаад улмаар толгойдоо гэмтэл аваад нас барсан хэргийн талаар сонсож байсан тэрнээс өөр зүйл сонсож байгаагүй мэдэхгүй байна. Миний мэдэх "Э" ХХК нь боловсруулсан махаа Төв аймгийн Лүн сумын сургууль, цэцэрлэг зэрэг төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зарж борлуулдаг талаар сонсож мэдэж байгаагүй ба бэлтгэж боловсруулсан махаа гадаад улсруу нийлүүлэх зориулалттай гэж сонсож байсан. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй байна, малын шулсан ясаа хашааны гадаа хаясан байхаар нь компани 1 хүнд нь гаднаас нь утасны дугаарыг нь аваад хэлж байсан тэрнээс хойш шулсан ясаа гадаанаа гаргаж хураахаа больсон юм. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй байна... /хх-ийн 66-68 дугаар хуудас/,
гэрч Б.Б...Би С.М гэж хүнийг таних бөгөөд одоо 1 суманд амьдарч байна мөн бид 2 нэг ангийнх байгаа юм. Би Төв аймгийн Лүн сумын нутаг Гүүрний ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг "Э" ХХК-нд байнга очиж орж гарч байдаг бөгөөд би Лүн сумаас мал худалдаж аваад уг махны үйлдвэрт нийлүүлж байсан одоогоор бол 2023 онд өөрийнхөө "Энхтайжин хангай" хоршоогоор "Э" ХХК-тай гэрээ байгуулаад уг гэрээний дагуу "Э" ХХК-ийн мөнгөөр Баян-Өлгий аймгаас очиж мал худалдаж аваад улмаар уг махны үйлдвэрт нийлүүлж хамтран ажиллаж байгаа юм. Миний мэдэх 2022 онд сар, өдрийг нь санахгүй байна уг "Э" ХХК-ийн махны үйлдвэрийн барилгын ажлыг буюу дээврийн ажлыг хийж байсан 1 ажилтан дээвэр дээрээс газар унаад улмаар толгойдоо гэмтэл аваад нас барсан хэргийн талаар мэдэх бөгөөд уг хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж шийдвэрлэсэн ба өөрөөр бол ажилчид нь нэгнээ зодож толгойд нь гэмтэл бэртэл учруулж амь насыг нь хохироосон гэх хэргийн талаар мэдэхгүй байна уг махны үйлдвэр дээр өөр хүн нас барсан болон зодоон цохионы хэрэг гараагүй. Би дээрх зүйлийн талаар мэдэхгүй учир С.М гэж хүнд ийм зүйл огт яриагүй ба надад дээрх хэргийн талаар мэдэх зүйл байхгүй, ийм хэрэг гарч байгаагүй байх, С.М дээрх ярьсан дээвэр дээрээс ажил хийж байсан хүн унаж нас барсан хэргийг л ярьж байгаа байх. Тухайн "Э" ХХК нь боловсруулсан махаа шууд Хятад улс руу гаргадаг ба Төв аймгийн Лүн сумын сургууль, цэцэрлэг зэрэг төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зарж борлуулдаггүй. Энэ жилээс Улаанбаатар хотод сүлжээ дэлгүүрүүдтэй болж тэрэндээ Улаанбаатар хотод боловсруулж бэлтгэсэн махаа зарж борлуулж нийлүүлэхээр бэлтгэж байгаа гэж сонссон. Сургууль, цэцэрлэг бусад аж ахуйн нэгжүүд нь малчдаас малчны хотноос үхэр худалдаж авч хэрэглэдэг юм би өөрөө мал, мах худалдан авч борлуулдаг тул сайн мэдэж байна. Миний мэдэх "Э" ХХК нь дээрх зөрчлийг гаргаж байгаагүй ба миний харснаар махыг бэлтгэхдээ өндөр даралттай усаар угааж арчиж цэвэрлээд цэвэр орчинд маш цэвэрхэн бэлтгэдэг юм байна лээ. Хэдэн жилийн өмнө л Лүн сумын засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлэгдэж байсан байх нарийн зүйлийг нь мэдэхгүй байна махны үйлдвэр баригдах гэж байгаа гэж сонсогдож байсан тэгээд 2021 оноос барилга нь баригдаж эхэлсэн санагдаж байна. Энэ жил л сүүлийн зоорийн барилгаа дуусгаж байх шиг байна лээ... /хх-ийн 71-73 дугаар хуудас/,
гэрч С.Д...Би С.М гэж хүнийг таних бөгөөд нэг нутгийн гэдэг утгаар сайн танина. Тухайн Төв аймгийн Лүн сумын нутаг Гүүрний ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг "Э" ХХК нь одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа газраа 2021 оны 05 дугаар сард ашиглахаар авч байсан ба би Лүн сумандаа жижиг дунд үйлдвэр барьж хөгжүүлэх саналтай байгаагаа Төв аймгийн засаг даргад урьд нь санал тавьж байсан тэгсэн 2021 оны 05 дугаар сарын эхээр Төв аймгийн засаг дарга надтай холбогдоод танай суманд сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий махны үйлдвэр барих санал тавьж байна гэхээр нь манайд урьд нь хоёр ч газар махны үйлдвэр барина гэж санал тавиад газрын асуудлыг шийдвэрлүүлээд махны үйлдвэрээ бариагүй байгаа би бол суманд том үйлдвэр аж ахуйн нэгж барьж байгуулахад татгалзах зүйл байхгүй гэж хэлсэн тэгээд дараа нь Э махны үйлдвэр барих компани захирал Болдбаатар, хуулийн зөвлөх Өлзийсайхан гэж хүмүүс ирж манай өрөөнд уулзсан ба суманд 2 га газрыг ашиглахаар шийдвэрлүүлэхээр хүсэлттэй байна гэж хэлж байсан тэгээд би урьд нь сумын засаг даргаар ажиллаж байсан Дгэж хүн 10 га газрыг эзэмшихээр ашиглаж байгаа тул 2 га газрын эрхийг нь шилжүүлж авч болох эсэх талаар Дгэж хүнийг дуудаж нөгөө компани хүмүүстэй уулзахад 2 га газрын эрхээ шилжүүлж өгч болно гэж хэлсэн тэгээд би газрын даамлаа дуудаж 2 га газрын эрхийн шилжүүлж махны үйлдвэр бариулж болох эсэх талаар асуухад болно гэсэн тэгээд компани захирал Болдбаатар, хуулийн зөвлөх Өлзийсайхан болон би газрын даамлын хамт Гүүрний ам гэх газар очиж хаана махны үйлдвэрээ барьвал зүгээр вэ гэж газар харахад Болдбаатар гэж захирал нь зам дагуу энд зүгээр байна гээд Дгэж хүний 10 га газраас зүүн зүгт 1 километр орчим газарт засмал зам дагуу хоосон сумын хэрэгцээний газрыг заасан ба Дгэж хүний 10 га газар нь арай баруун зүгт болоод байсан тэгээд Дгэж хүний 10 га газрын 2га газрын байршлыг шилжүүлж болдог эсэх талаар судлья гээд тохиролцож салсан ба дараа нь Төв аймгийн засаг даргын тамгын газрын Соёмбо танхимд би газрын даамлын хамт тэгээд махны үйлдвэр барих компани холбогдох хүмүүс мөн Аймгийн засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнууд оролцож хуралдахад "Э" ХХК-ийн хүсэж байгаа махны үйлдвэр барих газарт Дгэж хүний 2га газрын эрх, байршлыг шилжүүлж болно гэж үзсэн тэгээд Дгэж хүний 2 га газрын эрх, байршлыг шилжүүлээд зүүн зүгт татаж одоогийн махны үйлдвэр баригдсан газарт 2га газрыг сумын засаг даргын захирамжаар ашиглахаар олгогдсон ба ингэж эрх шилжиж, байршлыг шилжүүлж олгоход сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орох шаардлагагүй байдаг гэсэн тэгээд 2га газартаа махны үйлдвэрийн барилгын ажлаа хийж гүйцэтгэж ажилласан ба 2022 онд "Э" ХХК-иас үйлдвэрийн газрын хамгаалалтын зурвас байгуулахад 8 га газар шаардлагатай байгаа талаар хүсэлт гаргаж улмаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орж шийдвэрлүүлж авсан байгаа юм. Би Төв аймгийн Лүн сумын нутаг Гүүрний ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг "Э" ХХК-ийн махны үйлдвэрт баригдаж ашиглалтад орсноос хойш иргэдийн гомдлоор болон хяналтаар очиж үзэж харж байсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.М хурал дээр "Э" ХХК-ийн ажилчид нэгнийгээ зодоод нэгнийхээ амь насыг хохироосон талаар ярьсан тэгээд би юу болсон талаар тодруулахад махны үйлдвэрийн барилгын ажлыг буюу дээврийн ажлыг хийж байсан 1 ажилтан дээвэр дээрээс газар унаад улмаар толгойдоо гэмтэл аваад нас барсан хэрэг гарсан цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэж хэлсэн тэрнээс өөр зүйл сонсож байгаагүй мэдэхгүй байна. Миний мэдэх "Э" ХХК нь боловсруулсан махаа Төв аймгийн Лүн сумын сургууль, цэцэрлэг зэрэг төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зарж борлуулдаг талаар мэдэх зүйл байхгүй зарж борлуулдаггүй ба боловсруулсан махаа Хятад улс руу гаргадаг гэж байсан. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй байна, би байгаль орчны байцаагч Батцэцэг, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Дарьсүрэн нарыг уг "Э" ХХК-нд хяналт шалгалтыг байнга хийлгэдэг ба дээрх зөрчил илэрсэн талаар хэлж танилцуулж байгаагүй. 2022 онд уг "Э" ХХК-ийн эхэлж байхад Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар гэж байхад шалгалтаар хүмүүс ирээд явсан гэж сонсож байсан өөрөөр мэдэхгүй байна. Манайхаас бол хяналтыг тогтмол тавьж ажилладаг. Би С.Мын хийсэн лайв бичлэгийг үзсэн ба тэр ярьж хэлж байгаа бүх зүйл нь ямарч ор үндэсгүй зүйл ярьж байсан юм... /хх-ийн 76-79 дүгээр хуудас/,
гэрч Х.Х...Би Төв аймгийн Лүн сумын нутаг “Гүүрний ам” гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-нд нягтлан бодогчоор 2022 оны 11-р сарын 25-ны өдрөөс хойш ажиллаж байгаа ба одоогоор бол би махны үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа юм. Манай "Э" ХХК-нд ийм ариун цэврийн шаардлага хангахгүй асуудал огт байдаггүй ба манай махны үйлдвэр нь мах хадгалах 4 зоорьтой тэрэндээ бэлтгэсэн махаа ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд хадгалж улмаар хөлдөөсөн махаа өлгүүртэй шугамаар хөргүүр буюу гэсгээх камерлуу оруулаад гэссэн мах нь өлгүүртэй шугамаар шулааны хэсэгт очиж жижиглэгдээд 24 цаг усанд сойгдож цэвэрлэгдээд чанар хэсэгт ороод дараа нь сэрвээгдээд ангилалд орж өөх нь түүгдээд савлагааны хэсэгт очиж хайрцаглагддаг юм. Дээрх байдал бол техник тоног төхөөрөмжөөр 50 хувь нь, хүний гараар хийгдэх ажил нь 50 хувь хийгддэг юм. Манай "Э" ХХК-ийн үйл ажиллагаа 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхэлсэн ба тэрнээс хойш Төв аймгийн Хөдөө аж ахуйн газраас шалгалт ирж байсан, мөн Лүн сумын засаг даргын тамгын газраас хөдөө аж ахуйн мэргэжилтэн, байгаль орчны байцаагч зэрэг албан тушаалтнууд хяналт шалгалт хийж байсан ба мах бэлтгэлийн ариун цэврийн болон үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил илэрч байгаагүй харин 2023 оны 02,03-р сарын орчимд яс дахин боловсруулж бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрийн үйл ажиллагаа эхлээгүй байсан тул манай үйлдвэр малын шулсан ясыг үйлдвэрийн хашааны гадаа ил задгай хураагаад тэрэн дээр Лүн сумын Байгаль орчны байцаагч Батцэцэг манайд 3 сая төгрөгний торгууль оногдуулж байсан тэрнээс хойш манайх малын ясыг ил задгай хураахгүйгээр шууд үйлдвэрлүү нь ачуулдаг болсон юм. Манай "Э" ХХК-ийн махны үйлдвэрт бол ажилчид маргалдаж зодолдсон болон нэгнийхээ амь насыг хохироосон, уг хэргийг нуун дарагдуулсан ямарч асуудал хэрэг болж байгаагүй ба намайг ажилд орохоос өмнө үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэж байсан туслан гүйцэтгэгч барилгын компани ажилтан дээвэр дээр ажил хийж байгаад унаж толгойдоо гэмтэл авч нас барсан хэрэг гарч уг хэрэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдсан гэж байсан. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй байна. Манай "Э" ХХК-ийн махны үйлдвэр нь 2023 оны 01-р сарын 07-ны өдөр ашиглалтад орсноос хойш байнга Хятад улсруу гаргаж нийлүүлж байгаа ба харин 2023 оны 09-р сарын 15-ны өдрөөс хойш Улаанбаатар хотод 14 сүлжээ дэлгүүр нээж тухайн сүлжээ дэлгүүрүүдээр махаа зарж борлуулж байгаа тэрнээс Төв аймгийн Лүн сумын сургууль, цэцэрлэг зэрэг төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдэд бэлтгэсэн махаа зарж борлуулдаг асуудал байхгүй... /хх-ийн 82-84 дүгээр хуудас/,
гэрч С.Э...Би Төв аймгийн Лүн сумын нутаг “Гүүрний ам” гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-нд ангилал, савлагаа хариуцсан хэсгийн ахлахаар ажилладаг ба уг махны үйлдвэрийн барилга баригдаж эхлэхээс эхлээд ажиллаж байгаа юм. Манай "Э" ХХК-нд ийм ариун цэврийн шаардлага хангахгүй асуудал огт байдаггүй ба ариун цэврийн цэвэр орчинд махыг бэлтгэн нийлүүлж савладаг юм. Манай "Э" ХХК-ийн үйл ажиллагааг шалгаж байна, танилцаж байна гээд хүмүүс ирж үзээд яваад байдаг ба яг хаанаас ямар хяналт шалгалтууд хийгдэж байсан талаар мэдэхгүй байна. Манай "Э" ХХК-ийн махны үйлдвэрт бол ажилчид маргалдаж зодолдсон болон нэгнийхээ амь насыг хохироосон, уг хэргийг нуун дарагдуулсан ямарч асуудал гарч байгаагүй ба намайг уг махны үйлдвэрийн барилга баригдаж ажиллаж байхад үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэж байсан туслан гүйцэтгэгч барилгын компани ажилтан дээвэр дээр ажил хийж байгаад унаж толгойдоо гэмтэл авч нас барсан хэрэг гарч хууль хяналтын байгууллагаас шалгагдсан юм. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй байна. Манай "Э" ХХК-ийн махны үйлдвэр нь тогтмол бэлтгэсэн махаа Хятад улсруу гаргаж нийлүүлж байгаа ба харин 2023 оны 09-р сарын 15-ны өдрөөс хойш Улаанбаатар хотод 14 сүлжээ дэлгүүр нээж тухайн сүлжээ дэлгүүрүүдээр махаа зарж борлуулж байгаа тэрнээс Төв аймгийн Лүн сумын сургууль, цэцэрлэг зэрэг төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдэд бэлтгэсэн махаа зарж борлуулдаг асуудал байхгүй зардаггүй. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй байна. Надад өөр нэмж өөр нэмж ярих зүйл байхгүй байна... /хх-ийн 87-89 дүгээр хуудас/,
гэрч С.Б...Би Төв аймгийн Лүн сумын нутаг “Гүүрний ам” гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ийн махны үйлдвэрийн барилга баригдаж байхад нь ажиллаж байсан тэгээд ачилт, буулгалтын хэсэгт 2022 оны 11-р сарын 04-ны өдрөөс ажиллаж байгаа юм. Манай "Э" ХХК-нд ийм ариун цэврийн шаардлага хангахгүй асуудал огт байдаггүй ба ариун цэврийн цэвэр орчинд махыг бэлтгэн нийлүүлж савладаг юм. Би өөрөө яг ачилт, буулгалтын хэсэгт ажилладаг зориулалтын сагсанд махаа хийгээд поогоор өргөж тээвэрлэж зөөдөг юм. Манай "Э" ХХК-ийн үйл ажиллагааг шалгаж байна, танилцаж байна гээд Лүн сумын засаг даргын тамгын газраас байгаль орчны байцаагч, хөдөө аж ахуйн мэргэжилтэн зэрэг хүмүүс ирдэг мөн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байна гээд хүмүүс ирээд яваад байдаг. Манай "Э" ХХК-ийн махны үйлдвэрт бол ажилчид маргалдаж зодолдсон болон нэгнийхээ амь насыг хохироосон, уг хэргийг нуун дарагдуулсан ямарч асуудал гарч байгаагүй намайг уг махны үйлдвэрийн барилга баригдаж байхад ажиллаж байхад үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэж байсан туслан гүйцэтгэгч барилгын компани ажилтан дээвэр дээр ажил хийж байгаад унаж толгойдоо гэмтэл авч нас барсан хэрэг гарч хууль хяналтын байгууллагаас шалгасан өөрөө гэмт хэрэг үйлдэгдэж байгаагүй. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй байна. Манай "Э" ХХК-ийн махны үйлдвэр нь бэлтгэсэн махаа Хятад улсруу шууд гаргаж нийлүүлдэг харин давхар 2023 оны 09-р сарын 15-ны өдрөөс хойш Улаанбаатар хотод 14 сүлжээ дэлгүүр нээж тухайн сүлжээ дэлгүүрүүдээр махаа зарж борлуулж байгаа тэрнээс Төв аймгийн Лүн сумын сургууль, цэцэрлэг зэрэг төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдэд бэлтгэсэн махаа зарж борлуулдаг асуудал байхгүй зардаггүй юм. Манай Лүн сумаас уг махны үйлдвэрт 20 гаран хүн ажиллаж байгаа ба манайх Лүн сумаас ажилчид өөрсдөө ямар нэгэн зөрчил гаргахгүй бол ямарч ажлаас гаргах, хөөх, хавчиж шахах, дээрэлхэх асуудал байдаггүй ба манай Лүн сумаас ажиллаж байгаа 1 ажилтан архи уусан ажилдаа ирэхэд нь тэр өдөр нь буцааж явуулж амраагаад маргааш нь ажилдаа ирэхэд нь ямар нэгэн зүйл ярихгүйгээр ажлыг нь хийлгээд явуулж байсан. Үйлдвэрийн 4 барилга, оффис, махны үйлдвэр, хөлдөөгч, зоорь, уурын зуух гэх мэт барилгуудтай ба баруун талдаа хашаалаад мод тарьж байгаа нийт хэдэн га газарт байдаг талаар мэдэхгүй байна... /хх-ийн 92-94 дүгээр хуудас/,
гэрч Н.А...Би С.М гэж хүнийг таних бөгөөд нэг нутгийн гэдэг утгаар сайн танина. Лүн сумын Иргэдийн хурлын төлөөлөгч хийдэг хүн байгаа юм. Тухайн Төв аймгийн Лүн сумын нутаг Гүүрний ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг "Э" ХХК нь одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа газраа 2021 оны 05 дугаар сард ашиглахаар авч байсан ба урьд нь сумын засаг даргаар ажиллаж байсан Дгэж хүн Төв аймгийн Лүн сумын 2-р багийн нутаг Гүүрний ам гэх газарт 10 га газрыг эзэмшихээр ашиглаж байсан тул Лүн сумын засаг дарга Дөрөөнд засаг дарга Даваахүү, "Э" ХХК-ийн захирал гэх хүн нар Дгэж хүнтэй уулзаад 2 га газрын эрхийг нь шилжүүлж авч болох эсэх талаар уулзалдаж Дгэж хүн 2 га газрын эрхээ шилжүүлж өгч болно гэж тохиролцоод газрын эрхийг шилжүүлэх өргөдлийн анкетыг бөглөөд надад өгсөн Дгэж хүний 10 га газар нь бүх төрлийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээ барьж байгуулахаар олгогдсон ямар ч зөрчилгүй газар байсан тэр газрынхаа баруун захаас 2 га газрын эрхийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон байсан тэгээд хагас сар орчим хоногийн дараа "Э" ХХК-ийн захирал Болдбаатар, хуулийн зөвлөх Өлзийсайхан нар ирээд манайх махны үйлдвэр барих газрын байршлаа солимоор байна мөн гадаадын хөрөнгө оруулалттай тул газрын нэр нь компаний нэр дээр шилжиж байж хөрөнгө оруулалт хийгдэх гээд байна гэж хэлээд тэгээд компаний дээрх хүмүүс болон сумын засаг дарга Даваахүү бид нар хамт Гүүрний ам гэх газар очиж хаана махны үйлдвэрээ барьвал зүгээр вэ гэж газар харахад Болдбаатар гэж захирал нь зам дагуу энд зүгээр байна гээд Дгэж хүний 10 га газраас зүүн зүгт 500 метр орчим газарт засмал зам дагуу хоосон сумын хэрэгцээний бэлчээрийн газрыг заасан тэгээд Дгэж хүний 10 га газар нь арай баруун зүгт болоод байсан тул Дгэж хүний 10 га газрын 2га газрын эрх, байршлыг шилжүүлж олгож болох талаар судалж үзэхээр болсон тэгсэн дараа нь Төв аймгийн засаг даргын тамгын газрын Соёмбо танхимд би сумын засаг даргын хамт очоод махны үйлдвэр барих компаний холбогдох хүмүүс мөн Аймгийн засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнууд оролцож хуралдахад "Э" ХХК-ийн хүсэж байгаа махны үйлдвэр барих газарт Дгэж хүний 2га газрын эрх, байршлыг шилжүүлж болно гэж үзсэн тэгээд Дгэж хүний 2 га газрын эрх, байршлыг шилжүүлээд зүүн зүгт татаж одоогийн махны үйлдвэр баригдсан газарт 2га газрыг сумын засаг даргын захирамжаар ашиглахаар олгогдсон ба ингэж эрх шилжиж, байршлыг шилжүүлж олгоход сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орох шаардлагагүй байдаг тэгээд 2га газартаа махны үйлдвэрийн барилгын ажлаа хийж гүйцэтгэж ажилласан дараа нь 2022 онд "Э" ХХК-иас үйлдвэрийн газрын хамгаалалтын зурвас байгуулах, мод тарих, үйлдвэрийн барилгаа өргөтгөж барих зэрэг зориулалтаар 8 га газар шаардлагатай байгаа талаар хүсэлт гаргаж улмаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орж шийдвэрлүүлж авсан байгаа юм.
Би Төв аймгийн Лүн сумын нутаг Гүүрний ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг "Э" ХХК-ийн махны үйлдвэрт баригдаж ашиглалтад орсноос хойш очоогүй байж байгаад 2023 оны 11-р сарын 10-ны өдөр ковш техник асуухаар л очсон өөр очиж байгаагүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.М хурал дээр "Э" ХХК-ийн ажилчин дээвэр дээрээс унаж нас барсан зохион байгуулалттай нэгнийгээ зодоод нэгнийхээ амь насыг хохироосон талаар ярьж байсан тэрнээс надад өөр мэдэх зүйл байхгүй байна. Миний мэдэх "Э" ХХК нь боловсруулсан махаа Төв аймгийн Лүн сумын сургууль, цэцэрлэг зэрэг төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зарж борлуулдаг талаар мэдэх зүйл байхгүй зарж борлуулдаггүй юм. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй байна, 2023 оны хавар туршилтаар хэд хоног ажиллаад тэгээд малын шулсан ясаа хашааныхаа гадаа хураасан байхыг нь манайхаас хүмүүс очиж зөөлгүүлсэн одоо бол тийм зүйл яригдахгүй байгаа. Би С.Мын хийсэн лайв бичлэгийг үзсэн ба өөрийнхөө бодлоор хамаагүй үндэслэлгүй зүйл яриад байх шиг байсан. Надад өөр нэмж ярихад махны үйлдвэр баригдсанаар сумын иргэд ажлын байраар хангагдаж байгаа сумаас ажиллаж байгаа ажилчдын амьдралыг дэмжиж ажилладаг, сумын хогийг цэгийг цэгцэлж янзалсан зэрэг манай суманд ашигтай зүйлүүд их байгаа... /хх-ийн 96-98 дугаар хуудас/,
гэрч Н.Б...Би С.М гэж хүнийг таних бөгөөд нэг нутгийн гэдэг утгаар сайн танина. Лүн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч юм. 2022 онд тус үйлдвэрт багийн засга дарга Ганзоригийн хамтаар тус үйлдвэрийн гадна иргэний гомдол мэдээллийн дагуу шалгалт хийхэд үйлдвэрийн хашааны гадаа хог хаягдлаа хаяж бохирдуулсан байсан тул хялбаршуулсан журмаар 3 сая төгрөгний торгуул оногдуулсан юм. Лүн сумын тамгын газраас Тус үйлдвэрт ажлын хэсэг гаргаад төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдээгүй харин Зуунмод суманд байрлах Байгаль орчин аялал жуулчлалын газраас хяналт шалгалт хийж байсан. Тэр талаар сайн мэдэхгүй байна. "Э" ХХК нь боловсруулсан махаа төрийн байгууллага аж ахуйн нэгж байгууллагад зарж борлуулдаг талаар сайн мэдэхгүй байна. Махны үйлдвэрт бэлтгэж байгаа махаа газар тавьдаг газраар чирдэг талаар сайн мэдэхгүй харж байгаагүй. С.Мын хийсэн лайв бичлэгийг үзсэн ээ бичлэг дээрх ярьсан зүйлүүд үндэслэлтэй үндэслэлгүй талаар сайн мэдэхгүй байна. Надад өөр нэмж өөр нэмж ярих зүйл... /хх-ийн 101-102 дугаар хуудас/,
гэрч З.Д...Би С.М гэж хүнийг таних бөгөөд нэг нутгийн гэдэг утгаар сайн танина. Лүн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч юм. Би хяналт шалгалтаар огт очиж байгаагүй. Тэр талаар сайн мэдэхгүй байна. "Э" ХХК нь боловсруулсан махаа төрийн байгууллага аж ахуйн нэгж байгууллагад зарж борлуулдаг талаар сайн мэдэхгүй байна. Махны үйлдвэрт бэлтгэж байгаа махаа газар тавьдаг газраар чирдэг талаар сайн мэдэхгүй харж байгаагүй. Би үзээгүй ээ. Надад өөр нэмж өөр нэмж ярих зүйл байхгүй байна.. /хх-ийн 105-106 дугаар хуудас/,
яллагдагч С.Мын ...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянгын надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан дугаартай тогтоолтой уншиж танилцлаа. Би өөрийн “Иргэдийн төлөөлөгч М” гэх цахим фэйсбүүк хаягаар “Э” ХХК-ний талаар лайв бичлэг хийсэн нь үнэн. Би үнэн бодитой зүйлийн талаар ярьсан тул прокурорын тогтоолын хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний ойр дотны хүмүүс намайг хэрэгт холбогдож шалгагдаж байгаа гэдгийг мэдээгүй тул би өөрийн хувийн байдлын талаар өөрөө мэдүүлэг өгөх болно. Би 1964 онд Төв аймгийн Лүн сумын нутагт айлын 2 дахь хүүхэд болон мэндэлсэн. Доороо 6 дүүтэй. 1972 онд Төв аймгийн Лүн сумын Ерөнхий боловсролын сургуульд 1 дүгээр ангид элсэн суралцаж 1980 онд 8 дугаар анги төгссөн. 1983 оноос 1986 оны хооронд Зэвсэгт хүчний 0134 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан. 1986 оноос 1989 он хүртэл Төв аймгийн Лүн суманд шуудан зөөгч, 1989 оноос 1993 он хүртэл Төв аймгийн Лүн суманд гуталчин, 1993 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлж газар тариалан болон цайны газар ажиллуулж амьдарч эхэлсэн. 2020 оноос Төв аймгийн Лүн сумын Иргэдийн төлөөлөгчөөр одоог хүртэл ажиллаж байна. Эхнэр Оюунчимэгтэй 1989 онд гэр бүл болоод одоо дундаасаа 3 хүүхэдтэй бөгөөд 2 том хүүхэд маань тусдаа гарсан, бага хүүхэд маань эхнэр бид хоёртой хамт амьдардаг юм. Би урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй.... /хх-ийн 224-225 дугаар хуудас/,
хохирогч Д.Ө...Би өмгөөлөгч аваагүй одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. Би "Э" ХХК-нд хуулийн зөвлөхөөр ажилладаг ба надад итгэмжлэл олгогдсон тул уг хэрэгт хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. Манай "Э" ХХК нь 2021 оноос Төв аймгийн Лүн сумын нутаг Гүүрний ам гэх газар махны үйлдвэр барих газрын зөвшөөрөл бүх зүйлийг хууль тогтоомжийн дагуу гаргуулж барилгын ажлыг 2021 оноос эхлүүлэн 2023 оны 01 сард дуусган улмаар махны үйлдвэрийн үйл ажиллагааг 2023 оны 01-р сараас эхлэн туршилтаар эхлүүлэн ажилласан ба одоо бол зарим барилга барих ажил дутуу ч үйл ажиллагаа явагдаж байгаа юм. Тэгсэн Төв аймгийн Лүн сумын иргэн буюу Лүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.М гэж хүн нь ямар зорилгоор болох нь тодорхойгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл буюу компаний ажилчид нэгнийгээ зодож байгаад амь насыг нь хохироосон, махны үйлдвэртээ муудсан мах бэлтгэж Лүн сумын цэцэрлэг, сургуульд нийлүүлэх гэж байна гэх мэт худал мэдээллийг 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн фэйсбүүк цахим сүлжээгээр олон нийтэд тараасан үйлдэл гаргасан тул шалгуулахаар гомдол гаргасан юм. Би С.М гэж хүнийг танихгүй бөгөөд уулзалдаж байгаагүй, өөрийн фэйсбүүк дээр бичлэг хийж тавьсан байсан бичлэгийг нь үзэж байхдаа л царай зүсийг нь харж байсан. С.М гэж хүн ямар санаа зорилготой манай "Э" ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасан талаар мэдэхгүй байна сураг л сонсож байхад шинээр байгуулагдаж байгаа аж ахуйн нэгжүүдийг дандаа гоочилж хэл ам хийж байдаг хүн л гэж сонсож байсан юм. Ер нь бол нутгийн болон бусад иргэдэд манай "Э" ХХК-ийн талаар буруу ташаа мэдээлэл өгч буруу бодол, мэдээлэлтэй болгосон асуудал байгаа ба мөнгөөр хэмжигдэх хохирол мөнгө тооцогдоогүй болно. Манай компаний ажилчдаас хоорондоо маргалдаж зодолдож нэгнийхээ амь насыг хохироосон асуудал гарч байгаагүй ба үйлдвэрийн барилгын ажил явагдаж байхад барилгын туслан гүйцэтгэгч компаний ажилтан дээврийн ажил хийж байгаад доош унаж нас барсан хэрэг гарч шалгагдаад шүүхэд шийдвэрлэгдсэн юм. Манай компани нь бэлтгэсэн махаа Хятад улсруу гаргадаг ба энэ жилээс Улаанбаатар хотод 14 сүлжээ дэлгүүр нээж уг дэлгүүрүүдээр бэлтгэсэн махаа зарж борлуулж байгаа тэрнээс өөр бусад дэлгүүрт болон аж ахуйн нэгжүүдэд зарж борлуулдаггүй юм. Шинээр баригдсан махны үйлдвэр учраас цэвэр орчинд стандарт шаардлага хангасан газарт махаа бэлтгэж боловсруулдаг юм. Манай компани нь 2021 онд Лүн сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүсэлт гаргаж хууль тогтоомжийн дагуу газрын зөвшөөрлийг гаргуулж улмаар барилгын ажлыг эхлүүлсэн юм. Тайван өсөх" ХХК нь тухайн "Э" ХХК-ийн махны үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн хөрөнгийг шийдвэрлэсэн компани бөгөөд "Э" ХХК нь одоо тухайн махны үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа компани юм, уг 2 компани нь 1 монгол захиралтай компани байгаа юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралд суухгүй. Надад өөр нэмж ярихад С.М нь олон нийтэд тараасан бусдын нэр хүндэд халдсан худал мэдээллээ өөрийнхөө фэйсбүүк цахим хаягаараа бичлэг хийж залруулга хийлгэхийг шүүхээр даалгуулж шийдвэрлүүлмээр... /хх-ийн 230-231 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Э.Уянга:
... шүүгдэгч С.Мын 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр "Лүн сумын 2 дугаар багийн нутаг "Гүүрний ам" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Э" ХХК нь "... махаа газар чирч оруулдаг, махаа бүтээлгээр бүтээдэггүй, ...Лүн сумын тамгын газраас "Э" ХХК-д 8-9 га газар илүү өгсөн, "Э" ХХК-д ажиллаж байсан хүнийг зодож цохиод алсан, тархи нь газраар гоожоод хар уутанд хийгээд бордоо хийсэн. Лүн сумын иргэдийг хөөдөг..." гэх агуулга бүхий зүйл ярьж live бичлэг хийж өөрийн "Иргэдийн төлөөлөгч Ц.М" нэртэй цахим фэйсбүүк хаягт байршуулан олон нийтэд түгээж хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг тараасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөр гаргуулахаар баримтаар нэхэмжлээгүй. Хохирол нөхөн төлбөр байхгүй гэсэн тул түүнээс гаргуулах хохирол нөхөн төлбөр байхгүй болохыг дурдаж байна.... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч С.М:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч С.М маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч С.М нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч С.Мын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван гуравдугаар бүлэгт заасан “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Илт худал мэдээлэл гэдэг нь “огт үндэслэлгүй, худал хуурмаг мэдээлэл баримтыг” ойлгодог. Түүнчлэн хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн энр хүндийн талаар энэ үнэлэмжийг илт худал мэдээллээр олон нийтэд гутаан доромжилсон, унагасан, халдсан үйлдлийг ойлгоно.
Тэрээр шүүгдэгч С.Мын худал мэдээлэл тарааж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Мын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас Э ХХК-ийн нэр хүндэд халдсан байна.
Хохирогч Д.Өлзийсайхан нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний өгсөн мэдүүлэг, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.М энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Э.Уянга:
...Шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бууруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад саатуулагдсан хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг плаш диск байгаа болохыг дурдах нь зүйтэй байна. .. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч С.М:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Иймд шүүх шүүгдэгч С.Мыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор долоон нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч С.Мт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн Ддугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч СМыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч СМыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч СМыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.М шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН