| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/01797/И |
| Дугаар | 102/шш2021/01987 |
| Огноо | 2021-08-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 102/шш2021/01987
2021 оны 08 сарын 19 өдөр Дугаар 102/ШШ2021/01987 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацралыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б...д холбогдох,
10,787,463 /арван сая долоон зуун наян долоон мянга дөрвөн зуун жаран гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ... оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
... нь 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ... надтай хамтран барилгын заслын ажил хийхээр тохирч, үйл ажиллагаа явуулсан. Гэтэл ... нь ажилчдын цалин болон хоол хүнс, бараа материалд мөнгө хэрэгтэй байна гээд миний бие ...ээр иргэн ..., ... нараас нийт 8,053,493 төгрөгийг хүүтэй зээлүүлж, мөн Налайх дүүргийн ...ХХК-иас 633,970 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний зээл авхуулж, мөн тус компаниас бэлнээр 600,000 төгрөгийг зээлдүүлж, мөн надаар ажилчдын цалин гэж миний А-51 гар утсыг 400,000 төгрөгөөр ломбарданд тавиулж 400,000 төгрөг, бэлэн 1,100,000 төгрөгийг тус тус авч ажилчдын цалин болон хоол хүнс, бараа материалд зарцуулсан байдаг. Эдгээр зээл болон төлбөрийг мөнгө орж ирэхээр өгнө гээд өгөлгүй алга болсон. Иймд ...оос 10,787,463 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ бүгд төлбөрийг хариуцагч баталгаажуулж өөрөө баталгаа бичиж өгсөн байгаа. Зээлийн гэрээнүүдийг би байгуулсан байгаа ч мөнгийг нь ... авсан. Миний Хаан банкны дансны хуулгуудад зарлага хийсэн мөнгөнүүд ...ийн данс руу шилжүүлсэн байгаа... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...ид холбогдуулан 10,787,463 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ... нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 16, 21/
Нэхэмжлэгч ... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ...ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 633,970 төгрөгийн Зарлагын баримт, ... болон ... нарын хооронд 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хийгдсэн Зээлийн гэрээ, 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ... болон ... нарын хооронд хийгдсэн Зээлийн гэрээ, ...ийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ...ийн бичсэн гар бичмэл бүхий тодорхойлолт зэргийг хэрэгт нотлох баримтаар гаргасан. /хх 4-14/
Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл ...ХХК-ийн зарлагын баримтаар ..., эсвэл ...ийн аль аль нь бараа материал хүлээн авсан болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч .... бусадтай байгуулсан Зээлийн гэрээнүүдэд хариуцагч ... оролцоогүй, мөн ...ийн банк дахь харилцах дансаас ...ид мөнгө шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна.
Харин хариуцагч ...ийн Миний бие...ээс барилгын ажил явуулах зорилгоор нийт 10,000,000 төгрөг авсан нь үнэн болно гэж бичин гарын үсэг зурж баталгаажуулсан тодорхойлолтыг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт тус тус нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлсэн энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Иймд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, баримтаар нотлогдохгүй, илүү нэхэмжилсэн 787,463 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 187,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...оос 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 787,463 /долоон зуун наян долоон мянга дөрвөн зуун жаран гурван/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА