Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/шш2021/03349

 

 

 

 

2021 оны 12 сарын 13 өдөр Дугаар 102/ШШ2021/03349 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргалыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....холбогдох,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ,,,, шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийг дэмжиж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

,,,, би иргэн ...д 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийн үнэ бүхий Монгол гэрийг зээлээр худалдсан бөгөөд ... нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлнө гэсэн баталгаа бичиг хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар холбогдохгүй, утсаа авахгүй, мөнгөө төлөхгүй байна. Иймд ...гээс зээлээр худалдан авсан Монгол гэрийн үнэ 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нь 2006 оноос хойш Нарантуул Олон улсын худалдааны төвд Монгол гэр, гэрийн бүрээс худалдаалж, 2018 оноос хуучин гэр засаж зардаг байсан. Нэхэмжлэгчийн дүү ...ийг худалдаа хийж байх үед хариуцагч тухайн гэрүүдийг худалдаж авсан байсан. Худалдааны төвөөс гэр худалдаж авдаг хүмүүс өөрсдийн хэрэглээнд зориулж авдаг учир гаалийн бичиг баримт үйлддэггүй. Харин хариуцагч тал гуйсан учраас гаалийн бичиг баримт гэж үйлдэж өгсөн. 4,000,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй тул хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

Хариуцагч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Миний найз ... Франц улсаас аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхлэх шугамаар Монголоос гэр худалдаж авахаар ирсэн. Иргэн ...оос Монгол гэр худалдан авах, мөн контейнерт ачуулах, илгээхийг харилцан тохиролцсон байдаг. ... нь 2021 оны 3 дугаар сарын 17-нд тусгай үүргийн нислэгээр Франц буцаад, хүнд өвчний улмаас 2021 оны 4 дүгээр сарын 29-нд нас барсан. 7 дугаар сарын 20-нд талийгаачийн төрсөн эгч нь контенерийг тус улсад хүлээж авахаар болоход бичиг баримтын бүрдүүлэлт дутуу байсны улмаас хүлээн авах боломжгүй болсон. Иймд найзын маань эгч Францаас холбогдож, контейнер авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж илгээхийг хүссэн. Үүний дагуу тухайн хүмүүстэй ярилцахад 4,000,000 төгрөгийн асуудлыг шийдсэний дараа бичиг баримт өгнө гэсэн. Энэ талаар эгчид тайлбарлан дамжуулахад Монголоос ирэх бичиг байхгүй бол уг контейнерийг авах боломжгүй байгаагаа хэлсэн. Энэ асуудлыг шийдэж найзынхаа ар гэрт туслахын тулд нэхэмжлэгчтэй уулзаж тохиролцоонд хүрсэн. Талийгаачийн ар гэрийнхэн тухайн төлбөрийг төлөхөөс огт татгалзаагүй. Нэхэмжлэгчийн хариуцлагагүй, сэтгэлгүй, хүн чанаргүй байдлаас санхүүгийн болон хүндрэл бэрхшээл учирсан. Үүнд: Монгол гэрийг зарсан, контейнерт ачуулах үүрэг хүлээсэн ... нь талийгаачийн сонгосон гэрийг ачуулаагүй, өөр гэр ачуулсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Контейнерийн дагалдах бичиг баримтыг цаг тухайд нь бүрдүүлж өгөөгүйн улмаас 20 хоногийн илүү зогсолтын төлбөр 2,016.87 евро буюу тухайн үеийн ханшаар 7,059,045 төгрөг төлсөн. Контейнерийн дагалдах бичиг баримтыг дутуу хайнга бүрдүүлсний улмаас 2 удаа ДиЭйчЭл үйлчилгээгээр 229,560 төгрөг төлж Франц руу илгээсэн. 3 ширхэг хуучин гэр нь баригдах ямар ч нөхцөлгүй байсан. 4 ширхэг шинэ гэр нь баригдах хуучин гэрийг будаж сэлбэсэн, унь дутуу, хана нийлэхгүй, хаалга гажсан таарахгүй, тотгоны унь зөрсөн, оосор бүслүүр дутуу байсан. Эдгээр хүндрэлүүдээс үүдэн яг өнөөдрийг хүртэл ганц ч гэрийг зарах боломжгүйд хүрээд байна...гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

,,,, нь ...д холбогдуулан, Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой үйл баримтын талаар тайлбар гаргасан байна.

Хариуцагч ... шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2021/16588 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагчийг шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа аман хэлбэрээр хийгдэж, хариуцагч ... нь нэхэмжлэгч ,,,,оос 5 ханатай Монгол гэрийг 4,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар Зээл эргүүлэн төлөх тухай баталгаа гаргасан байна. /Хавтаст хэргийн 4 дүгээр тал/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаагүй боловч болсон үйл баримтын талар тайлбарлаж, нэхэмжлэгчээс Монгол гэр авсан болон төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй.

Хэдийгээр зохигчид маргаан бүхий гэрээг Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэмээн нэрлэж тайлбарласан боловч уг хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх бөгөөд хариуцагч ... нь гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч баталгаа бичгээр гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч ,,,, нь хариуцагч ...гээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн үлдэгдэл 4,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...гээс 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,ид олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 78,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА