Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/шш2021/03324

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2021/03324 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяаг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,498,000 /нэг сая дөрвөн зуун ерэн найман мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ... оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... би 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ...д зээлийн гэрээ бичгээр байгуулсны үндсэн дээр 2,000,000 төгрөгийг зээлээр олгосон. Гэвч ... эргүүлэн төлж дуусгаагүй, гэрээгээ зөрчсөнөөр өнөөдрийг хүрсэн тул үндсэн зээлийн үлдэгдэл 699,924 төгрөг, үндсэн зээлийн хүү 448,933 төгрөг, алданги 349,962 төгрөг буюу нийт 1,498,000 төгрөгийг ...аас гаргуулахаар нэхэмжилж байна. Үндсэн зээлээсээ 1,300,000 орчим төлөөд үлдсэнийг нь төлөөгүй. Бичгээр байгуулсан Зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн, энэ мөнгөө 9 дүгээр сарын 15-ны өдөр төлөөд хаасан гэж бичсэн боловч тухайн гэрээгээ үргэлжлүүлээд 2,000,000 төгрөг авсан учраас хүү, алданги шаардах эрхтэй...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

... нь ...д холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1,498,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ... нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарми хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ...тай 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр бичгээр байгуулсан №Лангуу-2226 дугаар Зээлийн гэрээ, өөрийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн төлбөр тооцсон ... гарын үсэг зурагдсан акт зэргийг нотлох баримтаар гаргасан байна. /Хавтаст хэргийн 5, 6, 7 дугаар тал/

2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч ...гаас Баяржаргал гэх гүйлгээний утгатайгаар 2,000,000 төгрөгийг ..... тоот данс руу шилжүүлсэн болох нь түүний Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн дээрх 2,000,000 төгрөгийг буцаан шаардахдаа ...тай 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр бичгээр байгуулагдсан .... тоот зээлийн гэрээг үндэслэн, уг гэрээний дагуу зээлийн хүү, алданги тооцсон байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн .....дугаар Зээлийн гэрээ ..., ... нарын хооронд хийгдэж, зээлдүүлэгч ... нь 1,000,000 төгрөгийг зээлдэгч ...д зээлийн шугам нөхцлөөр зээлдүүлж байх гэрээг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай байгуулан, зээлийн хүү сарын 10 хувь, зээлдэгч эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Уг гэрээний арын хуудсанд бичигдсэн хүснэгтийн Зээл хаалт хэсэгт 9 дүгээр сарын 15-ны өдөр хаасан гэх бичилт хийсэн нь хариуцагч ...ын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн бичгээр байгуулсан зээлийн гэрээний төлбөр төлөлт хийгдэж дууссан болохыг илтгэхийн зэрэгцээ тухайн гэрээний дагуу 9 дүгээр сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг шинээр зээлж авсан гэх агуулгыг нэхэмжлэгч ... шүүх хуралдаанд тайлбарласан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар Зээлийн гэрээнд хүү тогтоож, анз тооцохоор бол гэрээг бичгээр хийнэ.

Гэвч талуудын байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээ зээлдэгч ...аас 9 дүгээр сарын 15-ны өдөр төлбөрөө төлж дуусган, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасны дагуу Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчид олгогдсон 2,000,000 төгрөгийг дээрх Зээлийн гэрээний арын хуудасны хүснэгтэд бичсэн байгаа боловч энэ нь тухайн гэрээг сунгасан гэж үзэх боломжгүй юм. Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлснээр талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа аман хэлбэрээр үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний 1.1 дэх хэсэгт заасны дагуу Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, шинээр олгогдсон зээлийн төлбөрт хүү, алданги тооцон шаардах эрхтэй гэж тайлбарласан.

Уг гэрээний 1.1 дэх хэсэгт: Зээлдүүлэгч нь 1,000,000 (нэг сая) төгрөгийг зээлийн шугам нөхцлөөр зээлдүүлж байх гэрээг зээлдэгч талтай 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай байгуулж байна. Тус гэрээний хугацаанд зээлдэгч нь олон дахин удаа зээл авч, төлж дуусган, дахин зээл авах боломжтой бөгөөд тус харилцааг зохицуулсан гэрээ болно. Зээлийн гэрээний хугацаа зээлдүүлэгчээс зээлдэгч талд зээл олгох үед тооцогдож гэрээ идэвхтэй болж эхлэх бөгөөд үндсэн зээл, хүү, алдангийн төлбөрийг бүрэн төлж дууссан өдрөөр дуусгавар болж, идэвхигүй төлөв хугацаанд шилжинэ. Үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа хугацаанд зээлийн хугацаа идэвхтэй байх бөгөөд тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөхгүй байх бол хэдийгээр зээлийн үндсэн хугацаа дуусаагүй байх боловч гэрээ зөрчсөнд тооцох бөгөөд хугацаа алдагдуулсан хоногоос алданги тооцогдох, гэрээг зээлдүүлэгчийн санаачлагаар дуусгавар болгож шүүхийн журмаар шийдвэрлүүлэх үндсэн нөхцөл болно гэж заажээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг чөлөөтэй тодорхойлох, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч тийнхүү чөлөөтэй байгуулах гэрээ хуулийн хүрээнд хийгдсэн байхыг шаардана.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй Зээлийн гэрээний 1.1 дэх хэсэгт заасан зээлийн шугам нөхцөл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагаанд хамаарах ойлголт бөгөөд нэхэмжлэгч ... нь мөн хуульд заасан Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээд биш байх тул энэ төрлийн зээл олгох эрхгүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр бичгээр байгуулагдсан Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчээс төлбөрийг 9 дүгээр сарын 15-ны өдөр төлж хааснаар дуусгавар болсон тул энэ гэрээг үндэслэн нэхэмжлэгч ... нь шинээр 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үүссэн аман хэлбэрээр хийгдсэн 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүү 448,933 төгрөг, алданги 349,962 төгрөгийг тус тус хариуцагч ...аас шаардах эрхгүй байна гэж дүгнэн эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зээлж авсан 2,000,000 төгрөгөөс 1,300,076 төгрөгийг үндсэн зээл гэж, 359,924 төгрөгийг зээлийн хүү гэж тус тус төлсөн байх бөгөөд зээлийн хүүд тооцож төлсөн 359,924 төгрөгийг өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн учир зээлийн төлбөрөөс хасах үндэслэлгүй, 2,000,000 төгрөгийн зээлийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 699,924 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...аас 699,924 /зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун хорин дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 798,895 /долоон зуун ерэн найман мянга найман зуун ерэн таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21,348 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА