| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0191/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/190 |
| Огноо | 2024-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Т |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/190
2024/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Б.Т
Шүүгдэгч: О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оын Бид холбогдох 2412.................. дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ............ аймгийн ..........сумын .......... багийн .............. гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Оын Б /РД:............../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ......... аймгийн .......... сумын ..........багийн ................ гэх газарт байрлах гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Цтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дээлний суран бүсээр түүний нуруун тус газарт нэг удаа ороолгож, хоёр хацар руу нь хоёр гараараа нэг нэг удаа алгадан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2412............... дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Н.Цын мэдүүлсэн “...манайх хадам ээж, хадам ээжийн дүүгийнхтэй 3 айл зусаж байгаа. 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр санагдаж байна. Манай хадам ээжийн дүү нь нөхөртэйгөө хүүхэдтэйгээ цуг ирсэн байсан. Тэгсэн манай нөхөр 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр улсын наадмын өдөр гээд ах дүү нартайгаа архи уусан би тэр өдөр нь нэг их юм яриагүй. Тэгсэн манай бага гэрийн гадаа манай хадам ээжийн дүү О манай нөхөртэй хамт суучихсан юм ярьж байсан би яриаг нь чагнасан чинь манай эгчийн зөв ч бай буруу ч бай, би бүгдийг нь хөөж явуулна гэж ярьж байсан. Тэгсэн дараа нь О эгч манай гэрт орж ирээд манай эгчийн урдаас хэрэлдсэн хэн ч байсан ална шүү гээд байсан тэгснээ Дгийн үр удамтай суусандаа баярлаж яваарай гээд надад зориулж хэлээд байх шиг байсан. Би 2024 оны 06 дугаар сард зусланд буухаас өмнө малаас болж хадам ээжтэй маргалдсан юм. Тэгсэн тэрийг хадам ээж дүү нартаа хэлсэн юм шиг байна лээ тэгээд О эгч надад тэгж хэлсэн байх гэж бодож байна. Тэгээд маргааш нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн үдээс өмнө 11 цаг өнгөрч байсан байх, нөхөр бид 2 гэртээ байхдаа би танайхан удам судар яриад байсан. Дгийн удмынхан гээд байсан яг яривал Дгийн удмын дэргэд миний удам илүү байгаа даа гээд хэлсэн чинь миний урдаас юм ярьсан чухам юу гэж ярьсныг нь би санахгүй байна. Тэгээд миний уур хүрээд байхаар нь өмсөж байсан 2 таавчигаа авч шидээд орны толгой дээр байсан дээл нь дээр бүсэлдэг өргөн суран бүсийг нь аваад нөхрийгөө дал хавьцаа нь ороолгосон чинь манай нөхөр О.Б босож ирээд өргөн суран бүсээ надаас булааж аваад миний зүүн гарын булчингийн ар хэсгийг оруулаад нуруу руу ороолгохоор нь би чанга орилоод ёолсон чинь бүсээ хаячхаад миний хажууд ирээд миний хоёр хацар руу хоёр гараараа алгадсан. Би нэг хэсэг манарсан байсан. Тэгээд нэлээн хэвтэж байгаад овоо гайгүй болоод босоод би нөхөртөө би чамаас сална гэсэн чинь сал сал гэсэн би жижиг гэртээ амьдарна гэсэн чинь тэг тэг жижиг гэртээ амьдар гэж хэлсэн. Тэгээд би сумын төвөөс өөрийн найз Тг дуудаад намайг манай нөхөр Б зодчихлоо чи намайг ирээд аваадах гэсэн чинь манай найз ирээд намайг авсан. Би сумын төвд ээжийнд очих гэсэн чинь ээж ажилдаа явсан байсан болохоор би шууд А гэдэг найзындаа очоод А болон эхнэр С нарт нь нөхөртөө зодуулсан тухайгаа хэлсэн чинь А за арай үгүй байлгүй дээ чи чинь жирэмсэн биз дээ гэсэн чинь харин тиймээ жирэмсэн байхад зоддог л юм байна гэж хэлсэн. Тэгээд би 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр сумын эмнэлэгт хэвтсэн би одоо 6 сартай жирэмсэн хүүхэд гайгүй байгаасай л гэж бодож байна эмч үзээд гайгүй гэсэн гэхдээ аймагт үзүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,
Гэрч Ө.Дын мэдүүлсэн “…Би нэг айлын хүнсний дэлгүүрт түр ажиллаж байгаа юм. Тэгсэн 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна. Манай охин Н.Ц над руу утсаар яриад манай нөхөр О.Б намайг зодоод байна. Та ирээд намайг аваадах гээд уйлаад ярихаар нь ээж нь очиж амжихгүй нь дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүмүүс их байна болохгүй бол миний охин өвөөгийнх рүүгээ яваад оч гэж хэлсэн. Тэгээд нэлээн байж байгаад охин руугаа утсаар ярьсан чинь сумын төвөөс машинтай найзыгаа дуудаад сумын төвд ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би орой 22 цаг өнгөрч байхад найзынд нь очоод авах гэсэн манай охин миний толгой өвдөөд босож чадахгүй байхаар нь Д эмчийнд очиж толгойгоо бариулчхаад ирээд байж байна. Би эндээ хоночхоод өглөө эмнэлэгт үзүүлнэ гэж хэлэхээр нь би за за гэж хэлээд гэртээ ирж хоноод маргааш нь 10 цаг өнгөрч байхад сумын эмнэлэг дээр очиж эмчид үзүүлсэн чинь эмч нь биеийн байдал жаахан таагүй байна. Хэвтэж эмчлүүлсэн нь дээр гээд эмнэлэгт хэвтүүлсэн манай охин Н.Ц 6 сартай жирэмсэн. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа би хүргэн О.Бид гомдолтой байна жирэмсэн 6 сартай гэдгийг нь мэдсээр байж зодсон байна лээ.Манай охин надад хэлэхдээ зүүн баруун гараараа миний зүүн баруун шанаа руу нэг нэг удаа алгадсан алгадсанаас болоод тархи доргисон толгой барьдаг хүн дээр очиж толгойгоо бариулсан гэсэн, дээлийн гадуур бүсэлдэг өргөн суран бүсээр зүүн гар руу нь ороолгосон гэсэн тэгсэн суран бүс нь урт байсан болохоор бараг биеийг бүтэн ороож ороолгосон гэж надад хэлсэн. Би хувцсыг нь тайлуулж харсан зүүн гарын булчингийн ар хэсэг, нурууны ар хэсэг болон 2 бөөрний орчимд нь хөхөрсөн байсан. Нүүрний 2 шанаа нь улайгаад хавдсан, тархи нь хөдөлсөн толгойгоо барьдаг хүн дээр очиж бариулсан гэж байсан. Манай охины яриагаар хавар хадам ээжтэйгээ малаас болж маргалдсан юм байна лээ. Тэгсэн тэр маргааныг хадам ээж нь өөрийнхөө дүү От хэлсэн юм шиг байна лээ О нь хотоос ирээд ах дүү нартайгаа архи уугаад манай охиныг сонсож байхад нь Дгийн үр удамтай суусанд баярлах хэрэгтэй ш дээ гээд, миний эгчтэй маргалдсан хэнийг ч байсан би ална гэж манай хүргэн О.Бтой ярьж байсан гэсэн тэрийг нь манай охин маргааш нь нөхөртөө Дгийн удмынхан гэж яриад байсан яг яривал Дгийн удмын хажууд манай удам илүү байгаа даа гээд хэлчихсэн чинь манай охиныг зодсон. Хоорондоо хэрэлдэж маргалдаж л байсан гэхдээ арай зодож байгаагүй манай охиныг гэрээсээ хүртэл хөөж л байсан. Тэгээд авах гээд ирэхэд нь би зөндөө хэлээд дахиад ийм асуудал гаргавал би шүүх цагдаад хэлээд явдаг газраар нь явна шүү гэж хэлсэн. Жирэмсэн 6 сартай эхнэрээ ингэж зодсон гэхээр нь би маш их гомдолтой байна. Өмнө нь 2020 оны 09 дүгээр сард хүргэн О.Б манай охиныг гэрээсээ хөөгөөд явуулсан байсан. О.Б ах дүү нарынхаа хүүхдүүдийг явуулаад эхнэрээ дуудуулаад байхаар нь би заавал өөрийг нь ирж уулзахаас нааш явуулахгүй гэсэн чинь хэд хоногийн дараа өөрийг нь ирэхэд нь би дахиад ийм асуудал байхгүй шүү хэрвээ ийм асуудал гарвал би явдаг газраар нь явж шалгуулна шүү гэдгээ хэлээд ам өчгийг нь авч байж охиноо явуулсан…”гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Гэрч Б.Сийн мэдүүлсэн “...Манай нөхөр бид хоёр 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр найз нөхдийн хүрээнд баяр тэмдэглэдэг юм уу хорхог хийж идээд жаахан юм ярьж сууя гээд Н.Ц руу утсаар ярьсан чинь хадмууд ирчихсэн архи уугаад янз бүрийн юм жаахан тиймэрхүү байна гэхээр нь яах вэ очоод авах юм уу яах вэ гэсэн чинь за яах вэ гээд өнгөрсөн тэгсэн. Маргааш нь манай найз Т, Н.Цтай хамт Цын 2 хүүхэдтэй манайд хүрээд ирсэн тэгэхээр нь би Тгээс яасан юу болсон гэсэн чинь Ц над руу утсаар яриад ирээд аваадах нөхөр зодоод байна гэхээр нь би очоод аваад ирлээ гэж хэлсэн. Би тухайн үед Цаас юу болсон талаар асуусан чинь нөхөр Б нь зодсон гэж ярьсан намайг харахад 2 нүдны нь дээд талын зовхинууд нь жаахан жаахан хөхрөөд хавдсан, 2 шанаа болон хацрын товгор яс нь улайгаад хавдсан байхаар нь би хүйтэн жин тавьж өгсөн, манайд өдөржингөө толгой өвдөөд гээд хэвтсэн тэгэхээр нь би оройхон чиний тархи хөдөлсөн хоёулаа Д эмч дээр очиж толгойг чинь бариулъя гээд явж байсан чинь гэрлийн монтёр байсан Д гэдэг хүн тааралдахаар нь Д эмчид толгойгоо бариулах гээд явж байна гэсэн чинь ах нь толгой барьдаг ш дээ гэхээр нь Жаст-Ойл Станцын хажууд сууж байгаад Д гэдэг хүнээр толгойгоо бариулчхаад манайх руу яваад манайд 2 хүүхэдтэйгээ хоносон намайг өглөө нь ажилдаа хойгуур Тгээр ээжийндээ хүргүүлсэн байна лээ. Н.Ц надад ярихдаа дээлийнхээ гадуур бүсэлдэг сураар намайг өргөн суран бүсээрээ намайг ороолгосон гэсэн хувцсыг нь тайлаад харсан зүүн гарын булчингийн ар хэсэг нь хөхрөөд улайсан, нурууны хэсэгт нь бас 3-4 хэсэг газар хөхрөөд улайсан байсан 2 нүднийх нь дээд талын зовхинууд нь жаахан н хөхрөөд хавдсан, 2 шанаа болон хацрын товгор яс нь улайгаад хавдсан ар нь би хүйтэн жин тавьж өгсөн, манайд өдөржингөө толгой өвдөөд гээд хэвтсэн ээр нь би тархи нь хөдөлсөн байх хоёулаа Д эмч дээр очиж толгойг чинь бариулъя гээд явж байсан чинь гэрлийн монтёр байсан. Д гэдэг хүн тааралдахаар нь Д эмчид толгойгоо бариулах гээд явж байна гэсэн чинь ах нь барьдаг ш дээ гэхээр нь Жаст-Ойл ШТСтанцын хажууд сууж байгаад Д хүнээр толгойгоо бариулчхаад манайд ирсэн хүйтэн жин тавьсан даа ч тэр юм тэднийх нь хөх арилаад хавдар нь буусан байсан. Урд өдөр нь хадмууд нь нөхөртэй нь хамт архи уугаад хэл амаар доромжлоод байхаар нь тэрийг нь маргааш нь нөхөртөө хэлсэн чинь нөхөр нь зодсон гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах...” гэсэн дүгнэлт гаргасан.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бийг 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ...... аймгийн ........ сумын ........ багийн .......... гэх газарт байрлах гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Цтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дээлийн суран бүсээр түүний нуруун тус газарт нэг удаа ороолгож, хоёр хацар руу нь хоёр гараараа нэг нэг удаа алгадан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийн зүйлчлэл тогтоогддог.
Хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар шүүгдэгч О.Б хохирогч Н.Ц нар нь 2018 онд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн үйлчлэлд хамаарч байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгодог боловч “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эсхүл тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг үйл баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.
Хэрэгт авагдсан хохирогч Н.Цын “...Тэгээд миний уур хүрээд байхаар нь өмсөж байсан 2 таавчигаа авч шидээд орны толгой дээр байсан дээл нь дээр бүсэлдэг өргөн суран бүсийг нь аваад нөхрийгөө дал хавьцаа нь ороолгосон чинь манай нөхөр О.Б босож ирээд өргөн суран бүсээ надаас булааж аваад миний зүүн гарын булчингийн ар хэсгийг оруулаад нуруу руу ороолгохоор нь би чанга орилоод ёолсон чинь бүсээ хаячихаад миний хажууд ирээд миний хоёр хацар руу хоёр гараараа алгадсан...”,
Гэрч Ө.Дын мэдүүлсэн “…Хоорондоо хэрэлдэж маргалдаж л байсан гэхдээ арай зодож байгаагүй…”
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “... манай эхнэр намайг эхлээд суран бүрээс ороолгосон би эргүүлээд ороолгож, 2 алгадсан өөрөөр зодоогүй...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч О.Б нь өөрийн эхнэр Н.Цыг гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас үүссэн хохирогчийн буруутай үйлдлийн улмаас буюу өмсөж байсан 2 таавчигаа авч шидэж, суран бүсээр нөхрийгөө ороолгосноос болж гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд хооронд үүссэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчлэх боломжгүй.
Иймд Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ....... аймгийн ....... сумын Эр.......... багийн Х........ гэх газарт байрлах гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Цтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж, дээлний суран бүсээр түүний нуруун тус газарт нэг удаа ороолгож, хоёр хацар руу нь хоёр гараараа нэг нэг удаа алгадан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Н.Цын мэдүүлсэн “...Тэгээд маргааш нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн үдээс өмнө 11 цаг өнгөрч байсан байх, нөхөр бид 2 гэртээ байхдаа би танайхан удам судар яриад байсан. Дгийн удмынхан гээд байсан яг яривал Дгийн удмын дэргэд миний удам илүү байгаа даа гээд хэлсэн чинь миний урдаас юм ярьсан чухам юу гэж ярьсныг нь би санахгүй байна. Тэгээд миний уур хүрээд байхаар нь өмсөж байсан 2 таавчигаа авч шидээд орны толгой дээр байсан дээл нь дээр бүсэлдэг өргөн суран бүсийг нь аваад нөхрийгөө дал хавьцаа нь ороолгосон чинь манай нөхөр О.Б босож ирээд өргөн суран бүсээ надаас булааж аваад миний зүүн гарын булчингийн ар хэсгийг оруулаад нуруу руу ороолгохоор нь би чанга орилоод ёолсон чинь бүсээ хаячхаад миний хажууд ирээд миний хоёр хацар руу хоёр гараараа алгадсан. Би нэг хэсэг манарсан байсан. Тэгээд нэлээн хэвтэж байгаад овоо гайгүй болоод босоод би нөхөртөө би чамаас сална гэсэн чинь сал сал гэсэн би жижиг гэртээ амьдарна гэсэн чинь тэг тэг жижиг гэртээ амьдар гэж хэлсэн. Тэгээд би сумын төвөөс өөрийн найз Тг дуудаад намайг манай нөхөр Б зодчихлоо чи намайг ирээд аваадах гэсэн чинь манай найз ирээд намайг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,
Гэрч Ө.Дын мэдүүлсэн “…Тэгсэн 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна. Манай охин Н.Ц над руу утсаар яриад манай нөхөр О.Б намайг зодоод байна. Та ирээд намайг аваадах гээд уйлаад ярихаар нь ээж нь очиж амжихгүй нь дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүмүүс их байна болохгүй бол миний охин өвөөгийнх рүүгээ яваад оч гэж хэлсэн....О.Б ах дүү нарынхаа хүүхдүүдийг явуулаад эхнэрээ дуудуулаад байхаар нь би заавал өөрийг нь ирж уулзахаас нааш явуулахгүй гэсэн чинь хэд хоногийн дараа өөрийг нь ирэхэд нь би дахиад ийм асуудал байхгүй шүү хэрвээ ийм асуудал гарвал би явдаг газраар нь явж шалгуулна шүү гэдгээ хэлээд ам өчгийг нь авч байж охиноо явуулсан…”гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Гэрч Б.Сийн мэдүүлсэн “...Манай нөхөр бид хоёр 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр найз нөхдийн хүрээнд баяр тэмдэглэдэг юм уу хорхог хийж идээд жаахан юм ярьж сууя гээд Н.Ц руу утсаар ярьсан чинь хадмууд ирчихсэн архи уугаад янз бүрийн юм жаахан тиймэрхүү байна гэхээр нь яах вэ очоод авах юм уу яах вэ гэсэн чинь за яах вэ гээд өнгөрсөн тэгсэн. Маргааш нь манай найз Т, Н.Цтай хамт Цын 2 хүүхэдтэй манайд хүрээд ирсэн тэгэхээр нь би Тгээс яасан юу болсон гэсэн чинь Ц над руу утсаар яриад ирээд аваадах нөхөр зодоод байна гэхээр нь би очоод аваад ирлээ гэж хэлсэн. Би тухайн үед Цаас юу болсон талаар асуусан чинь нөхөр Б нь зодсон гэж ярьсан намайг харахад 2 нүдны нь дээд талын зовхинууд нь жаахан жаахан хөхрөөд хавдсан, 2 шанаа болон хацрын товгор яс нь улайгаад хавдсан байхаар нь би хүйтэн жин тавьж өгсөн, манайд өдөржингөө толгой өвдөөд гээд хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч О.Бийн дээлийн суран бүсээр ороолгож, алгадсан гэм буруутай үйдлийн улмаас хохирогч Н.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Бийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж гэрчид эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгаа авч хавтаст хэргийн 19-23 дугаар талд гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Н.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Н.Ц нь мөрдөн байцаалтын шатанд “...сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч О.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн хэрэгт гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гаргуулах баримт авагдаагүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Үүнд: Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас тохиолдлын шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Н.Цын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл бүрдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нь 6 сартай жирэмсэн байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 эгнээ сүлжсэн 130 см урттай 7,5 см өргөн суран бүс 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэхэлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Оын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бид оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 эгнээ сүлжсэн 130 см урттай 7,5 см өргөн суран бүс 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР