Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 102/шш2021/03258

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 07 өдөр Дугаар 102/ШШ2021/03258 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүлийг суулгаж тэмдэглэл хөтлүүлэн, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... холбогдох,

84,875,000 /наян дөрвөн сая найман зуун далан таван мянган/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

...-иас 16,586,000 /арван зургаан сая таван зуун наян зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай ...-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ...-ийг төлөөлөн захирал ..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Барилга угсралтын үйл ажиллагаа явуулах ... нь 2018 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажилд хөөсөнцөр нийлүүлэх зохих этгээдийг судлан, гэрээ байгуулах хэрэгцээ шаардлага гарсан. Энэ үед ... хөөсөнцөр үйлдвэрлэх өөрийн үйлдвэртэй хэмээн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах хөөсөнцөрийн үйлдвэрийг танилцуулан, шаардлагатай байсан 32-34 нягттай хөөсөнцөр нийлүүлэх боломжтой гэсэн учраас тус компанитай 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр НД/251/18/ХЭ-74 дугаартай Бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Худалдагч ... нь 1 м.куб нь 159,000 төгрөгийн үнэтэй 1250 м.куб хөөсөнцөр хавтангаас эхний ээлжийн 165 м.куб EPS хөөсөнцөр хавтанг 3 хоногийн хугацаанд нийлүүлэх, цаашид бусад хэсгийг нийлүүлэх, худалдан авагч ... нь нийт төлбөр 198,750,000 төгрөгийг барааны нийлүүлэлтийн хувь хэмжээнээс хамааран төлөх, ингэхдээ төлбөрийн 65,000,000 төгрөгт тооцон 2010 нд үйлдвэрлэгдсэн, JTMHV09J4B055918 арлын дугаартай Ланд Круйзер-200 маркийн автомашиныг шилжүүлэхээр хэлэлцэн тохиролцсон. Гэтэл гэрээний төслөө бэлтгэж, хараахан гэрээнд гарын үсэг зураагүй байхад 2018 оны 7 дугаар сарын 21-нд ...-ийн захирал ... шавдуулан төлбөрт оруулан тооцохоор тохирсон машиныг өөрийн хүүгийн нэр дээр албан бичиг хийлгэн, машины эзэмшлийг тэр өдрөө шилжүүлж авсан. 2018 оны 7 дугаар сарын 23-нд гэрээнд гарын үсэг зурсан. 7 дугаар сарын 27-ны орой эхний 54 м.куб хөөсөнцөр хавтанг манай барилгын талбайд буулгасан. Гэтэл уг хавтан гарын хуруугаар дарахад л шалчийдаг, нягтрал маш муу, чанарын шаардлага хангахгүй, доголдол бүхий хөөсөнцөр байсан. Энэ нь Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр 14 нягттай гэж тогтоосон дүгнэлтээр батлагддаг. Иймд ...-ийн зүгээс гэрээнд заасан шаардлага хангасан 34 нягттай хөөсөнцөрөөр сольж өгөхийг, мөн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан. Хариуцагчийн дээрх үйлдэлтэй холбогдуулан бид бусдын хөрөнгийг өөрийн хэмээн итгэл төрүүлэн гэрээ хийж, үнэ бүхий хөрөнгийг шилжүүлэн авсан, чанарын шаардлага хангахгүй бараа нийлүүлсэн гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч гэрээнээс үүдэлтэй маргаан, иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 29/А дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн прокуророос 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мөн гэрээний маргаан гэж шийдвэрлэсэн. ...-ийн гэрээний үүргээ зөрчсөн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, гэрээний 65,000,000 төгрөгийн төлбөрт тооцон Ланд круйзер 200 машиныг шилжүүлж аваад бараагаа нийлүүлээгүй хэрнээ машиныг буцааж өгөөгүй, гуравдагч этгээдэд худалдаж, бидэнд өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр огт төлөөгүй хохироогоод байна. ... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бараа биет байдлын доголдолтой, доголдлыг арилгахгүй, чанарын шаардлага хангахгүй байсны улмаас гэрээний 6.1-д заасны дагуу гэрээг цуцалж, гэрээний нийт үнэ 198,750,000 төгрөгийн 10 хувь 19,875,000 төгрөг, мөн урьдчилгаа төлбөрт тооцож өгсөн машины үнэ 65,000,000 төгрөг, нийт 84,875,000 төгрөгийг ...-иас шаардаж байна...гэжээ.

Хариуцагч ...-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Мандах сентурион констракшн ХХК нь ...-д холбогдуулан тус дүүргийн шүүхэд 84,875,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Талууд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ... нь 1 м.куб хөөсөнцөрийг 159,000 төгрөгөөр тооцож, нийт 1250 м.куб хөөсөнцөр нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээний нийт үнийн дүн нь 198,750,000 төгрөг байсан. Гэрээний 3.3-т эхний ээлжинд 165 м.куб хөөсөнцөр нийлүүлэхээр байсан бөгөөд захиалга өгсөн даруйд урьдчилгаа 30 хувь 7,870,500 төгрөг, барааний нийлүүлэлт 80 хувьд хүрснээр төлбөрийн 30 хувь 7,870,500 төгрөг, нийлүүлэлт дууссанаар үлдэгдэл 40 хувь 10,494,000 төгрөгийг ...-ийн Голомт банкны харилцах данс руу тус тус шилжүүлэхээр байсан. Гэвч .... ХХК нь гэрээний 3.3-т заасан үүргээ биелүүлээгүй, гуравдагч этгээдээс 2010 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг гэрээний үнийн төлбөрт тооцож өгсөн. ... нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 54 м.куб хөөсөнцөрийг нийлүүлсэн бөгөөд худалдан авагч талаас хөөсөнцөрийг хүлээн авсан. Гэтэл ...-ийн зүгээс хэд хоногийн дараа нийлүүлсэн хөөсөнцөр нь чанарын шаардлага хангахгүй байна, үнээ буулга, солих шаардлага гаргасан. Үнэ буулгах боломжгүй, хөөсөнцөр нь шаардлага хангаж байгаа гэж хариу өгсөн бөгөөд худалдан авагчийн зүгээс үйлдвэрлэлийн процесст хяналт тавих инженерийг ирүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу ...-ийн зүгээс инженер ирж үйлдвэрлэлийн процесст хяналт тавьж, үйлдвэрлэсэн хөөсөнцөр нь шаардлага хангаж байгаа, үргэлжлүүлж үйлдвэрлэж болно, үйлдвэрлэсэн хөөсөнцөрийг хүргэх талаар гараар бичиг үйлдэж гарын үсэг зурсан. Үйлдвэрлэсэн хөөсөнцөрийг хүргэх гэсэн боловч нэхэмжлэгч манай үнээс хямд үнээр өөр байгууллагатай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан бөгөөд манай хөөсөнцөрийг хүлээн авахгүй, гэрээ цуцлах тухай ярьсан. ... нь нийлүүлсэн хөөсөнцөрийг буцаан авах, төлбөрт өгсөн машиныг нь эргүүлэн өгөх гэсэн боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй бөгөөд уг хөөсөнцөрийг ашигласан байсан. Иймд ... нь талууд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний дагуу эхний удаагийн нийлүүлсэн 54 м.куб хөөсөнцөрийн төлбөр 8,586,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Гэрээний дагуу төлбөрт тооцож авсан автомашиныг иргэн ...д 52,000,000 төгрөгөөр тооцож худалдсан. Анх тооцож авсан үнээс бууруулж худалдсан нь тухайн тээврийн хэрэгсэл засвар хийгдэх шаардлагатай байсантай холбоотой. Засаж солих сэлбэг, тос маслын зардал нь нийтдээ 8,000,000 орчим төгрөг болсон, солих сэлбэг эд ангийг хямд үнийг харгалзан үзэж хувь хүмүүсийн гар дээрээс Авто плаза худалдааны төвөөс худалдан авч солиулсан. Иймд ... нь талуудын байгуулсан Бараа материал худалдах, худалдан авах гэрээний арилжааны гэрээний дагуу шилжүүлсэн 12-34 ӨМҮ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашины биет байдлын доголдлыг засаж арилгахад шаардлагатай 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ...-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээ ихэсгэж, нийт 16,586,000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч нь 14 нягттай 54 м.куб хөөсөнцөр нийлүүлсэн атлаа гэрээгээр тохирсон 32-34 нягттай хөөсөнцөр нийлүүлсэн мэтээр 1 м.куб хөөсөнцөрийг 159,000 төгрөгөөр тооцож 8,586,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч талаас ирүүлсэн үнийн саналд 13-14 нягттай хөөсөнцөрийн үнэлгээ нь 78,000 төгрөг гэж тусгагдсан. Уг саналаар тооцвол ... нь манай компанид 14 нягттай нийт 54 м.куб 4,212,000 төгрөгийн хөөсөнцөр нийлүүлсэн байна. Иймд үнийн дүнгийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн гэрээ цуцлагдсаны дараа нэхэмжлэгч талаас удаа дараа бараа материалаа буцаан авахыг шаардсан ч өөрсдөө ирж аваагүй чанарын доголдолтой барааны үнийг шаардах эрх ...-д байхгүй гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох мэтгэлцэх зарчмын үндэслэлийн дагуу ...-ийг тус хөөсөнцөрийг ашигласан гэж сөрөг нэхэмжлэлдээ бичсэнийгээ ... нотлох ёстой болов уу гэж үзэж байна. Хариуцагчтай гэрээ байгуулснаар ямар ч үр дүн гараагүй, харин ч цаг нартай уралдан явагддаг барилгын ажилд саад учруулах, хугацаа алдах, бусдыг хохироосон үйлдлийг шалгуулах зэргээр ажлын хажуугаар ажил удсан олон асуудлыг бий болгосон. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учир гэрээг цуцалж, талбай дээр буулгасан бараа материалаа буцаан авч, урьдчилгаа мөнгөнд тооцож авсан Ланд круйзер 200 машиныг буцаан өгөхийг сануулж байсан ч одоог хүртэл машиныг буцаан өгөлгүй манай компанийг өнөөдрийг хүртэл хохироосон, иймд энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... үндсэн нэхэмжлэлээ дэмжиж, сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрөн тайлбарлахдаа:

Барилгын хөгжлийн төвөөс 14 нягттай хөөсөнцөр байна гэх магадлал гарсан. Бид гэрээгээр 32-34 нягттай хөөсөнцөр авна гэж тохирсон боловч хариуцагч талын нийлүүлсэн хөөсөнцөр энэ хэмжээнд хүрээгүй. Тиймээс яаралтай сольж өг, үгүй бол гэрээгээ цуцла гэх мэдэгдэл хариуцагчид явуулсан. Энэ мэдэгдлийг ...-ийн үнийн санал өгч байсан хуудас дээрх имэйл рүү явуулсан, утсаар ч мэдэгдсэн. Гэвч ... захирал хариу ирүүлээгүй. Чанарын шаардлага хангаагүй бараа материал нийлүүлсэн учраас 8 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцлагдсан. Улмаар чанарын шаардлага хангаагүй хөөсөнцөр буцаан авж, гэрээний урьдчилгаа болгон захиалагч талаас өгсөн Ланд круйзер 200 маркийн автомашиныг манай талд буцаан өгөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл ... машиныг буцаан өгөөгүй, хөөсөнцөрөө ч аваагүй сураггүй алга болсон. Манай зүгээс цагдаагийн байгууллагад хандаж, мөрдөн шалгах ажиллагаа нээсэн боловч гэрээнээс үүдэлтэй иргэний маргаан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэг 2018 оны 8 дугаар сараас хойш үргэлжилсэн. Гэтэл ... манай машиныг ч тэр, машины оронд мөнгө ч өгөхгүй, хүнд зарж, гэмшсэн ч зүйлгүй байгаа нь харамсалтай байна. Иймд гэрээний урьдчилгаанд өгсөн машины үнэ болох 65,000,000 төгрөг, гэрээний 6.1-т заасан 10 хувийн торгууль буюу нийт 84,875,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Гэрээний дагуу нийлүүлэх ёстой байсан хөөсөнцөр нь дээврийн дулаалгын хөөс байсан учир өндөр нягттай байх шаардлагатай. Хариуцагчийн анх авчирсан хөөсөнцөр шалчийж, чанарын хувьд доголдолтой байсан. Уг хөөсөнцөрийг ашиглах боломжгүй байсан. Шинжилгээгээр 14 нягттай гэж гарсан учраас ашиглах боломжгүй юм. Гэрээний 2.4-т зааснаар нийлүүлэгч талд мэдэгдэхэд чанарын шаардлага хангаж сольж өгөөгүй, шаардлага хангасан байдлаар хүргүүлээгүй. Үнийн санал дээрээ 30-34 нягттай хөөсөнцөрийн үнээр 14 нягттай хөөсөнцөрийн үнийг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагчийг хүлээж 14 хоногийн хугацаа алдсан. Засварын үнийн хувьд хариуцагч талын захирал ... нь машиныг гуйж байгаад гэрээ байгуулахын өмнө 7 дугаар сарын 21-нд шилжүүлж авсан. Хэрэв доголдолтой байсан бол шилжүүлж авснаасаа хойш биднийг шүүхэд хандах хүртэл доголдлын талаар шаардаагүй. Манайхаас шилжүүлж аваад бусдад худалдсан, ингэснээр эрсдэл шилжсэн байх тул эдгээр үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... болон ...-ийн хооронд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ. Тухайн үед гэрээг хүчингүй болгох болон хүчингүй болгуулахаар шүүхэд хандаагүй. Хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тухайн үед хөөсөнцөр нийлүүлэгдсэн нь харагдана. Харин нийлүүлсэн хөөсөнцөр чанарын шаардлага хангаагүй гэдэгтэй манай тал эвлэрэхгүй. Манай зүгээс мөн адил хөөсөнцөрийн дээжийн чанарын шаардлага хангасан эсэхийг шинжлүүлэхээр Барилгын хөгжлийн төвийн лабораторид шинжлүүлэхэд тухайн хөөсөнцөр чанарын шаардлага хангасан нь тогтоогдсон. Нэхэмжлэгч талаас өөр компанитай гэрээ байгуулсан байгаа нь хэргийн материалд авагдсан байгаа. Тухайн гэрээний үнийн дүн манайхаас бага. Өөрөөр хэлбэл ...-тай гэрээ цуцлах шалтаг хайн, тэр нь чанарын шаардлага хангаагүй хөөсөнцөр гэх шалтгаан байсан. Магадгүй өөр газрын хөөсөнцрийг шинжлүүлсэн байж болзошгүй. Гэрээний урьдчилгаанд өгсөн машины хувьд энэ нь арилжааны гэрээний шинжтэй үйлдэл. Гэрээг цуцалсан гэхэд машинаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу зохих элэгдлийг тооцон машиныг нэхэмжлэх ёстой. Гэрээ цуцлах болсон шалтгаан нь манай хөөсөнцрийн чанараас бус илүү хямд гэрээ өөр байгууллагатай хийснээс үүдсэн юм. Нөгөө талаас гэрээний 6.1-т заасан шаардлага дунд ийм зүйл болоогүй. Манай компанид гэм буруу байхгүй, ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэн ... өөрсдөө гэрээгээ цуцалсан. Иймд 65,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Арилжааны гэрээний дагуу өгсөн авснаа буцаан шилжүүлэх ёстой. Иймд машин засвар хийлгэсэн 8,000,000 төгрөг, нийлүүлсэн хөөсөнцрийн үнэ болох 8,586,000 төгрөг нийт 16,586,000 төгрөгийг нэхэмжилж байна...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт тооцож шилжүүлсэн автомашины үнэ 65,000,000 төгрөг, чанарын доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас гэрээ цуцлагдсаны торгууль 19,875,000 төгрөг, нийт 84,875,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...нийлүүлсэн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогдохгүй, гэрээнд дээврийн хөөсөнцөр нийлүүлэхээр тусгайлан заагаагүй, гэрээ цуцлах талаар худалдана авагч тал мэдэгдээгүй, шинжилгээнд өгсөн хөөсөнцөр хариуцагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдэг нь тогтоогдохгүй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр ...-иас худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээлгэн өгсөн 54 м.куб хөөсөнцөрийг биет байдлаар буцаан авах боломжгүй болсон учир үнэ 8,586,000 төгрөгийг гаргуулах, мөн гэрээний төлбөрт тооцож шилжүүлсэн автомашин биет байдлын доголдолтой байсны улмаас засварлаж, эд ангийг солиулахад гарсан зардал 8,000,000 төгрөг, нийт 16,586,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч: ......-ийн нийлүүлсэн хөөсөнцөр гэрээнд заасан 32-34 нягттай байх чанарын шаардлага хангаагүй, 14 нягттай байсан учир үнийн саналд заасан хэмжээгээр төлбөр тооцогдоно, нийлүүлсэн хөөсөнцрийг буцаан авахыг мэдэгдсэн боловч хариуцагч тал буцааж аваагүй, шилжүүлж авсан автомашин доголдолтой байсан бол энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, баримтаар шаардлагын үндэслэлээ нотлоогүй... гэж тус тус тайлбарлана.

Талуудын хооронд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ГД/251/18/ХЭ-47 тоот Бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нийлүүлэгч ... нь худалдан авагч ...-д биет байдлын болон эрхийн доголдолгүй, 1м х 2м-ийн хэмжээтэй, 10 см-ийн зузаантай, 32-34 нягттай EPS хөөсөнцөр хавтан, нийт 1250 м.куб хэмжээтэйг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд нийлүүлэх, захиалагч нь 1 м.куб хөөсөнцөрийг 159,000 төгрөгөөр тооцож, гэрээний нийт дүн 198,750,000 төгрөгийг захиалга өгсөн даруйд 30 хувь 7,870,000 төгрөг, барааны нийлүүлэлт 80 хувьд хүрч, бүрэн бууж, хүлээлцсэнээр үнийн дүнгийн 30 хувь 7,870,000 төгрөгийг, нийлүүлэлт дуусгавар болж үнийн дүнгийн 40 хувь 10,494,000 төгрөгийг төлөх, худалдан авагчаас худалдагчийн өмчлөлд гэрээний төлбөрийн 65,000,000 төгрөгтэй дүйцэх хэсэгт тооцон 2010 онд үйлдвэрлэгдсэн JTMHV09J4B4055918 арлын дугаартай Ланд круйзер 200 автомашиныг шилжүүлэхээр тохиролцож, бусад зүйлийг тусган, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ бөгөөд зохигчид гэрээ байгуулагдсан болон гэрээний нөхцөл, үнэ, хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин гэрээний зүйлийн чанарын доголдол, гэрээ цуцлагдсан эсэх талаар тайлбар гарган маргаж мэтгэлцлээ.

Талууд гэрээг бичгээр байгуулахын өмнө 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төлбөрийн 65,000,000 төгрөгтэй дүйцэх хэсэгт тооцсон Ланд круйзер 200 автомашиныг хариуцагч ...-ийн захирал ...ийн хүү гэх иргэн ...д шилжүүлж Машин шилжүүлэн авсан тухай акт үйлдэН хүлээлцэж, улмаар 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ...гээс ...д Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр 52,000,000 төгрөгөөр уг автомашиныг худалдсан байна. /хх-88, 121/

Бараа материал худалдах, худалдан авах гэрээний дагуу ... хөөсөнцөрийн эхний нийлүүлэлтийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 18 м.куб (72 ширхэг) нийт 2,862,000 төгрөгийн хөөсөнцөр нийлүүлсэн болох нь хавтаст хэргийн 110 дугаар талд авагдсан 02 тоот зарлагын баримтаар тогтоогдсон.

Хэдийгээр хариуцагчаас нийт 54 м.куб хөөсөнцөр нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байх боловч энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй, нийт 54 м.куб хөөсөнцөр хүлээн авсан тухай тайлбарлаж байх тул шүүх хариуцагч талыг гэрээний дагуу нийт 54 м.куб хөөсөнцөр нийлүүлсэн гэж үзлээ.

Хариуцагч талын нийлүүлсэн гэх хөөсөнцөр гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй гэж нэхэмжлэгч тайлбарласан ба Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дээж хүлээлгэн өгснөөр 8 дугаар сарын 01-ний өдрийн 0003025 тоот Сорилт, шинжилгээний дүн гарч, уг шинжилгээнд өгсөн хөөсөнцөр полистрол 14,42 нягттай гарсан байна. /хх-89/

Харин нийлүүлэгч ... нь мөн лабораторид 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн дээжийг шинжилснээр 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0003026 дугаартай Сорилт, шинжилгээний дүн гарч, уг шинжилгээнд өгсөн хөөсөнцөр полистрол 27,28 нягттай гарсан бол, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн захиалгын дагуу 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 0003904 тоот сорилт шинжилгээний дүнгээр шинжилгээнд ирүүлсэн хөөсөнцөр полистрол 12,91 нягттай гарсныг зохигчид хэрэгт нотлох баримтаар гаргасан. /хх-107, 91/

Дээрх шинжилгээний дүн бүхий дүгнэлтүүдэд дурдсанаар сорилд хүргүүлсэн хөөсөнцөрийн дээжүүд бүгд талуудын байгуулсан гэрээнд заасан 32-34 нягттай байх хэмжээнд хүрэхгүй байх боловч тэдгээр дээжүүд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ...-иас ...-д нийлүүлсэн хөөсөнцөр мөн эсэхийг талууд хэн аль нь нотлоогүй, Орд газрыг ..., Монгол үйлдвэрлэгч зэргээр тодорхойлсон, шинжилгээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ...-иас хүргүүлсэн дээжийг ...-иас 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн дээжийн дараа дүгнэсэн байх тул нэхэмжлэгч талын чанарын доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас гэрээг цуцалсан гэх тайлбар нотлогдоогүй гэж дүгнэлээ.

2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр талуудын инженер, менежерүүд уулзаж 8 дугаар сарын 05-ны өдрөөс үйлдвэрлэлт хийхээр тохиролцон, энэ талаар тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурсан байх боловч худалдан авагч тал хөөсөнцөр хүлээн авахаас татгалзсанаар дахин нийлүүлэлт хийгээгүй, нийлүүлэгдсэн хөөсөнцөрийг буцааж аваагүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. /хх-109/

Нэхэмжлэгч тал ийнхүү гэрээнээс татгалзаж, улмаар 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ГД: 318/18 тоот Бараа материал нийлүүлэх гэрээг Пирамид индастри ХХК-тай байгуулан Эмнэлгийн барилгын дээврийн ажилд хэрэглэгдэх 31-33 кг/м.куб-ын нягттай EPS хөөсөнцөр хавтанг 1 м.кубыг 157,320 төгрөгөөр, нийт 1352,5 м.куб хөөсөнцөрийг 212,775,300 төгрөгөөр авахаар тохиролцсон байна. /хх-123/

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, 205.7 дахь хэсэгт Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан тул гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж өгөх үүрэг хүлээсэн боловч гэрээний урьдчилгаа төлбөр 65,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн автомашиныг бусдын өмчлөлд шилжүүлсэн, хариуцагчийн нийлүүлсэн хөөсөнцөрийг биет байдлаар буцаан хүлээлгэж өгөөгүй зэргийг үндэслэн Иргэний хуулийн 205.2.2 дахь хэсэгт зааснаар гэрээгээр тохирсон 65,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэгч ...-иас хүлээн авсан хөөсөнцөрийн үнэ 8,586,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч тал гэрээний 6.1 дэх хэсэгт ...чанарын шаардлага хангахгүй байх, худалдан авагч төлбөрийг зохих ёсоор төлөхгүй байх нөхцөлд нөгөө тал нь гэм буруутай талд гэрээг цуцлах, гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү хэмжээний торгуулийг хариу төлбөрөөс суутгах эрхтэй гэж заасны дагуу гэрээг цуцалж, хариуцагчаас торгууль 19,875,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж заасан ба талууд гэрээний 6.1 дэх хэсэгт торгуулийн талаар тохиролцож тусгасан боловч хариуцагчийн нийлүүлсэн бараа чанарын шаардлага хангаагүй гэх байдал хангалттай нотлогдохгүй байх тул гэрээ биелэгдээгүй буюу худалдан авагч тал гэрээнээс татгалзсан байх тул нэхэмжлэгч анз шаардах эрхгүй гэж дүгнэн, торгууль 19,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч ... нь сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт тооцон хүлээж авсан автомашиныг засварлахад гаргасан зардал 8,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 6,340,000 төгрөгийн Авто плаза төвийн зарлагын баримтыг нотлох баримтаар гаргасан байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу ... нь ...-иас гэрээний төлбөрт хүлээн авсан автомашины доголдлын талаар гэрээний нөгөө талд шаардлага гаргаагүй, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр автомашиныг бусдад худалдсан, үүнээс хойш 8 дугаар сарын 19-ний өдөр Авто плаза төвөөс Уугнаа гэх иргэний худалдан авалт хийсэн 6,340,000 төгрөгийн баримт сөрөг нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийн доголдолтой ямар хамааралтай болох нь тодорхойгүй байхын зэрэгцээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан бөгөөд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул сөрөг нэхэмжлэлээс 8,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хулийн 205 дугаар зүйлийн 205.2.2, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...-иас 65,000,000 /жаран таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,875,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2, 255 дугаар зүйлийн 255.1.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Магнус сентурион конутракшн ХХК-иас 8,586,000 төгрөг гаргуулан хариуцагч ...-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА