| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/03879/И |
| Дугаар | 102/шш2021/03203 |
| Огноо | 2021-12-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 102/шш2021/03203
2021 оны 12 сарын 03 өдөр Дугаар 102/ШШ2021/03203 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүлийг суулгаж тэмдэглэл хөтлүүлэн, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .....
Хариуцагч: ..... нарт холбогдох,
...-иас гэрээнээс учирсан хохирол 107,136,000 төгрөг гаргуулах, ...-иас зураг төслийн ажлын хөлсний үлдэгдэл 29,569,018 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., ..., хариуцагч ...-ийн төлөөлөгч ..., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч нарын өмгөөлөгч ... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа:
Миний бие ...-д 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын хооронд барилга, бүтээцийн инженерээр ажиллахдаа өөрт ногдох 158,274,918 төгрөг бүхий есөн иргэн, аж ахуй нэгж байгууллагын барилгын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай захирал миний ажлын хөлсөнд ....... өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцож нийт 107,136,000 төгрөгийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу ...-д 100% төлж барагдуулсан байсан учраас би 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2019/24 тоот Орон сууцны захиалгын гэрээ-г тус компанитай байгуулсан. ...-ийн захирал ... бидний хооронд таарамжгүй харилцаа үүсээд маргаж байхй үед ... нь миний өмчлөлд бүртгэгдэх маргаан бүхий орон сууцыг надад мэдэгдэхгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлсэн байна. Иймд ...ыг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгуулах нэхэмжлэл гаргасан.
... гэрээний үндсэн үүрэг болох орон сууцны өмчлөх эрхийг ...т шилжүүлж өгөх боломжгүй буюу шүүхээс ...ыг орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй нөхцөл байдал тогтоогдож, улсын бүртгэлийн байгууллагад уг орон сууцны өмчлөгчөөр нэгэнт өөр этгээд бүртгүүлсэн байх тул ... нь гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид орон сууцны төлбөрийн хэмжээгээр хохирол үүссэн байна. Иймд ...-иас 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2019/24 дугаартай Орон сууцны захиалгын гэрээнд заасны дагуу үүргээ зөрчсөний улмаас ...т учирсан хохирол 107,136,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Барилгын бүтээцийн инженер нь барилгын үндсэн зураг төсөлд алдаа гарсан тохиолдолд шууд хариуцлага хүлээдэг өндөр хариуцлагатай ажил юм. Тиймээс Монгол улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас 2012 онд батлан мөрдүүлж байсан Зураг төслийн ажлын жишиг үнэ БД-81-16-12 дүрэмд заасны дагуу тухайн барилгын зураг төслийн үнийн 30-35 хувиас 60 хувийг ажлын хөлс тооцож авдаг. Үүний дагуу ... нь ...т барилгын зураг төслийн ажлын хөлсөнд тооцож орон сууц, авто зогсоолын өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцож, энэ талаараа Хөдөлмөрийн гэрээнүүдэд нэмэлт нөхцөл болгон тусгаж байсан. ... нь 2018 оны 4 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд ...-ийн хариуцсан нийт 8 барилгын зураг төслийн барилгын бүтээцийн инженерээр ажилласан бөгөөд дээр дурдсан дүрмийн дагуу нийт 158,274,918 төгрөгийн ажлын хөлс авах ёстой юм. Үүнээс цалин хэлбэрээр 21,569,900 төгрөгийг ..., мөн тус компани 107,136,000 төгрөгийг ...-д төлсөн тул орон сууцаа шилжүүлж авч болно гээд дээрх орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Харин орон сууцны төлбөр болон цалин хэлбэрээр олгосон мөнгийг нийт ажлын хөлснөөс хассан зөрүү болох үлдэгдэл 29,569,018 төгрөгийг ... өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд үлдэгдэл ажлын хөлс 29,569,018 төгрөгийг ...-иас гаргуулж өгнө үү.
...-иас цалин олгохдоо хоёр захирал дансаар шилжүүлдэг байсан. Дансны хуулганд ... цалин гэх утгатай хийгдсэн зарим орлогыг би өөрөө хийдэг байсан. Нийт ажлын хөлс 55,500,000 төгрөг гэдгийг би өнөөдөр л сонсч байна. ...-ийн хувьд орон сууцны өмчлөх эрхийг ...т шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэнээр тус компани гэрээнд заасан үндсэн үүргээ зөрчсөн учраас Иргэний хуулийн 226.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл үүсээгүй. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үнэ 107,136,000 төгрөгийг шаардсан. ... ажлын хөлсөндөө орон сууц авахаар тохиролцсон. Хариуцагч ... нь 8 төрлийн ажил гүйцэтгэсэн гэдэгт маргадаггүй. Харин ажлын хөлсний зөрүү гардаг. Энэ тооцоолол нь ойлгомжгүй. Талууд ажлын хөлс хэдэн хувь байх талаар тохиролцоогүй. ...-иас 32,831,150 төгрөгийг цалинд өгсөн гэх боловч холбогдох баримт байхгүй, хариуцагчаас 21,569,900 төгрөг авсан нь дансны хуулгаар нотлогдоно. Нэхэмжлэгчийн тооцооллоор нийт ажлын хөлсөөс 40 хувь нь ...-д олгогдох ба энд татвар бусад зардал тооцогдоно, үлдсэн 60 хувиас цалинг тооцсон байгаа. Дураа дүн тавьсан зүйл байхгүй. Талууд анхнаасаа гүйцэтгэлийн хэдэн хувьд ажлын хөлс тооцох талаар хөдөлмөрийн гэрээнд дурдаагүй. Хийснээр олгогдох цалин хөлс, ажлын хувьд ... болон ... нарын хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа юм...гэв.
Хариуцагч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч ... өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Манай компани Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамжид байрлах өөрийн эзэмшлийн орон сууцны барилга барих зориулалт бүхий газар дээр ...-тай хамтран 50, 50-н хувийн хөрөнгө оруулалтаар 2019 онд 68 айлын орон сууцны барилга барьж байнгын ашиглалтад оруулсан билээ. Тухайн үед барилгыг барьж байх хугацаанд ...-ийн захирал ... нь өөрийн компанийн ажилчдад орон сууц өгөх шаардлагатай, орон сууц захиалгын төлбөрийг ажил гүйцэтгэлээр ажилчдын цалингаас суутган авна гэх хүсэлтийн дагуу манай компани иргэн ...ын нэр дээр орон сууц захиалгын гэрээ хийсэн. Иргэн ...ын гаргасан нэхэмжлэл дээр Орон сууц захиалгын төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан гэж бичсэн боловч манай байгууллагад нэг ч төлбөр шилжүүлээгүй, төлбөр төлсөн баримт байхгүй, мөн ...-ийн захирал ... нь өөрийн компанийн ажилтан ...ын гэрээг цуцлах шаардлагатай гэж хүсэлт тавьсны дагуу бид орон сууц захиалгын гэрээг цуцалсан. Нэхэмжлэлд бичсэнээр манай байгууллага ... болон ...-ийн захирал ... нарын хооронд үүссэн харилцааг манай байгууллага мэдээгүй бөгөөд тус компанийн захирал ... нь ажилтан ...тай хийсэн гэрээг цуцалж өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу тухайн байрыг бид шилжүүлсэн.
Орон сууцны захиалгын гэрээний 2.1 дэх хэсэгт нэхэмжлэгч ...аас бус харин ...-иас төлбөрийг төлсөн гэж тусгасан байгаа. Энэ гэрээний дагуу ... төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Тиймээс бид Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалсан. ...аас манай компанид төлбөр шилжүүлсэн баримт байхгүй. ...-д ажилласан ажлын хөлсөө ...-иас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. ... нь ганц ...тай ийм гэрээ хийгээгүй. Тус компанийн захиалга өгсөн бусад ажилтнууд гэрээний дагуу төлбөрөө төлөөд явж байгаа. ...-иас ч орон сууцны төлбөр гэж шилжүүлээгүй. Тиймээс тус компанид холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.
Хариуцагч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагаас 22,126,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь ... ...-д ажиллаж байх хугацаанд манай байгууллага тогтмол цалинг олгохын хамт нэхэмжлэгчийн хийсэн ажлаас нь хамааруулан өөрийн дотооддоо тогтоосон журмын дагуу зураг төслийн ажлын үнийн 30 хувиас 50 хувийг цалин болгон олгож байсан. Энэ дүн нь 22,126,600 төгрөг бөгөөд энэхүү дүнг нэхэмжлэгчийн ...-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээний дагуу суутгаж явж байсан боловч нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаандаа зөрчил гарган ажлаас халагдсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 22,126,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч нь огт төлөөгүй мөнгийг гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэлд хавсаргасан гэрээнүүд нь манай байгууллагын захиалагч нартай байгуулсан гэрээ биш, харин Барилгын хөгжлийн төвийн зураг төслийн ажилд Магадлал хийх ажлын гэрээнүүд байна. Жишээ нь Эн Эй Пи групп ХХК-тай байгуулсан гэрээт ажилд бид туслан гүйцэтгэгчээр оролцсон. Гэтэл уг компанийн ерөнхий захиалагчтай байгуулсан гэрээний үнээс тооцсон байгаа учраас гэрээний дүн худал гарсан байна. Зарим гэрээт ажилд ... оролцоогүй, дуусгавар болоогүй гэрээнүүдийн дүнг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Орон сууцны захиалгын гэрээний тухайд ... өөрөө гэрээний үүргээ биелүүлж байж шаардах эрх үүснэ. Бид хамтран ажиллах гэрээгээр тухайн орон сууц бүхий барилгыг 50:50 хувь өмчлөхөөр тохиролцсон. Гэрээний үүргээ биелүүлээгүй байж шаардах эрх үүсэхгүй. Нийт 13 сар ажиллахдаа 158 сая төгрөгийн ажил хийсэн гэдэг нь үндэслэлгүй. Жишиг үнийн тооцооллоор ч тэр НӨАТ, байгууллагын бусад зардал зэргийг хассаны дараа хувь тооцдог. Энэ талаар байгууллагын дотоод журмаар баталсан байгаа. Нэхэмжлэгч энэ бүгдийг мэдэхгүй, захиалагч нартай байгуулсан гэрээнүүдийн үнийг мэдэхгүй учраас ийм хийсвэр тооцоолол хийсэн байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Бидний тооцооллоор 22,126,600 төгрөгийн цалингийн үлдэгдэлтэй байгаа ч хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч цалингаа бодож чадахгүй байна. Мөн нэхэмжлэгчийн дансны хуулгыг харахад ...-д ажиллаж байх хугацаандаа өөр газар давхар ажиллаж байсан байна. Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг хувь хүн гүйцэтгэх эрхгүй, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хийдэг. Цалингийн тооцооллыг зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээнээс биш, харин Магадлалын гэрээнээс тооцсон учир бодит бус, хийсвэр тооцоолол байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.
Шүүх хуралдаанд зохигчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...-д холбогдуулан гэрээнээс учирсан хохирол 107,136,000 төгрөг гаргуулах, хариуцагч ...-д холбогдуулан зураг төслийн ажлын хөлсний үлдэгдэл 29,569,018 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хариуцагч ...-иас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ... төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, Гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар тус компанийн ...-тай хийсэн Хамтран ажиллах гэрээний дагуу тооцогдохоор тохиролцсон боловч төлбөр хийгдээгүй, ... ажлаас чөлөөлөгдсөнөөр ...-иас гэрээ цуцлахыг мэдэгдсэний дагуу гэрээ цуцлагдсан, энэ нэхэмжлэл нь ... болон ... нарын хоорондын хөдөлмөрийн харилцааны буюу ажлын хөлсний маргаан байгаа учир нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд биш... гэж тайлбарласан.
Хариуцагч ...-ийн хувьд өөрт холбогдох нэхэмжлэлээс 22,126,600 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг ...... нь тус компанийн хийсэн гэрээт ажлуудын дүнг мэдэхгүйгээс буруу тооцож өөрийн хийснээр цалинжих урамшууллын хөлсийг 158,274,918 төгрөгөөр буюу хэт өндөр үнээр тооцсон, зарим ажлуудад туслах гүйцэтгэгчээр орж ажилласан байхад тухайн гэрээний үнийг захиалагч талтай үндсэн гүйцэтгэгчийн хийсэн үнээр тооцсон, Барилгын хөгжлийн төвийн Магадлал тооцох хувиас ажлын хөлсийг тооцож гаргасан, нийт тооцоог мэдэхгүйгээс НӨАТ болон бусад зардлуудыг хасахгүйгээр нийт орлогоос хувь тооцсон, хамт ажилласан бусад хүмүүсийг хасч тооцсон, нийт 54,045,600 төгрөгийн ажил хийснээс 31,649,900 төгрөг олгогдсон, үлдэгдэл 22,126,600 төгрөг байгааг төлөхийг зөвшөөрнө... гэж тайлбарлан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж маргасан.
Нэхэмжлэгч нь ...-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар тус хариуцагчийг талуудын байгуулсан Орон сууцны захиалгын гэрээний дагуу ...ын өмчлөлд ... талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй гуравдагч этгээдэд шилжүүлсний улмаас учирсан хохиролд тухайн орон сууцны үнэ 107,136,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр №2019/24 тоот Орон сууцны захиалгын гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч ... нь ....3 өрөө орон сууцыг 2019 оны 1 дүгээр улиралд багтааж ашиглалтанд оруулан захиалагч ...т түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барилгыг чанартай барьж улсын комисст хүлээлгэн өгөх, захиалагч ... нь харилцан тохиролцсон хугацаанд төлбөр 107,136,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулан, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 5-8 дугаар тал/
Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Захиалагч тал нь захиалсан орон сууцны нийт төлбөр болох 107,136,000 төгрөгийг ...-ийн захирал ..., ...-ийн захирал ... нарын хийсэн гэрээний дагуу 100 хувь төлж барагдуулсан болно гэж заасан ба нэхэмжлэгч тал гэрээний энэ заалтын дагуу төлбөр бүрэн төлөгдсөн учир орон сууцыг өөрийн өмчлөлд авах эрхтэй, уг төлбөрийг ...-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу хийснээр олгогдох цалингаас суутгуулахаар ажил олгогчтой тохиролцон, ажиллах хугацаандаа төлсөн гэж, хариуцагч ... ...ыг ажил олгогч ...-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан учир гэрээний уг заалтын дагуу Хамтран ажиллах гэрээнээс хамааралтайгаар ...-ийн хүсэлтээр Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээг цуцалсан, ... гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир хохирол шаардах эрхгүй гэх тайлбарыг гаргаж маргасан.
Талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны захиалгын гэрээ нь агуулгын хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр гэрээ ба зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээний үнэ, ерөнхий нөхцлийн талаар маргаагүй. Харин гэрээний дагуу захиалагчаас төлбөр төлөгдсөн эсэх, гэрээ цуцлагдсан эсэх талаар өөр өөрийн үндэслэл заан маргаж байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Гэрээний 2.1 дэх хэсэгт нийт төлбөр 107,136,000 төгрөгийг гүйцэтгэгч ... болон ...ын ажил олгогч ... нарын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний дагуу 100 хувь төлөгдсөн талаар дурдсан байна.
Уг гэрээ нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр ..., ... нарын байгуулсан 01 тоот Хамтран ажиллах гэрээ байх бөгөөд гэрээний талууд Улаанбаатар хот, .... рон сууцны барилгыг 50:50 хувийн хөрөнгө оруулалт гарган бариулахад үүсэх харилцааг зохицуулах гэж гэрээний гол зорилгоо тодорхойлж, гэрээний 2.3 дахь хэсэгт Талуудын аль нэг нь өөрт оногдох хэсгээ бусдад худалдах, бэлэглэх, зээлээр олгох, арилжих эрхтэй бөгөөд ийм тохиолдолд нөгөө талд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж тусгасан байна.
Нэхэмжлэгч нь ...-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо ...-д Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллахдаа хийснээр олгогдох нэмэлт хөлс нийт 158,274,918 төгрөгийн ажлын хөлс авахаас 107,136,000 төгрөгт тооцон орон сууц, үлдэх 51,138,918 төгрөгийг мөнгөн хэлбэрээр авна гэж тайлбарласан.
Хариуцагч ...-иас ийнхүү үндсэн цалингаас гадна хийснээр олгогдох цалин нийт 158,274,918 төгрөгөөс ...-тай байгуулсан гэрээний дагуу 107,136,000 төгрөгийн ажлын хөлсөнд тооцож орон сууц олгогдох, үлдэх 51,138,918 төгрөгөөс 21,569,000 төгрөгийг хариуцагч ...-иас хүлээн авсныг хасч, төлөгдөөгүй үлдсэн 29,569,018 төгрөгийг ...-иас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулна гэж тайлбарлан шаардаж байна.
... нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ...-тай Хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, тус компанид Барилга бүтээцийн инженерийн ажилд томилогдон, сард олгогдох ажлын хөлс 1,500,000 төгрөг байхаар тусгаж, талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон, гэрээний Нэмэлт өөрчлөлт гэх заалтаар Ажил олгогч нь ...т Баянгол дүүргийн 3 дугаар хороонд баригдах 16 давхар бүрэн цутгамал орон сууцнаас 9 давхарт 2 өрөө байрыг ашиглалтанд ороход өгнө. Нэг м.кв-ын үнэ 1,800,000 төгрөг. Тус байрны төлбөрийг хийснээр олгох цалингаас суутгаж тооцно. Уг зээл нь хүүгүй зээл байна. Байрны төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь ..., ... нарын нэр дээр байх ба төлбөр дууссанаар гэрчилгээг ...т шилжүүлнэ гэж тохиролцон, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дугаар тал/
Дээрх хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө талууд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дахин Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ... нь ...-ийн барилгын инженерийн албан тушаалд, сард олгогдох ажлын хөлс 1,500,000 төгрөг байх, гэрээний бусад нөхцлүүд өмнөх гэрээтэй адил боловч Нэмэлт өөрчлөлт хэсэгт өмнөх гэрээгээр тохирсон 2 өрөө орон сууцыг 3 өрөө орон сууц болгон, орон сууцны талбайн хэмжээ 60 м.кв болж өөрчлөгдөн, 10А дугаар дулаан зогсоолыг 25,000,000 төгрөг байхаар зааж, бусад нөхцлүүд өмнөх гэрээний тохиролцоотой адил хийгджээ. /1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр тал/
Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулснаас хойш 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ...-ийн гүйцэтгэх захирал ...гийн ЗТ/19/03 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ...ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу мөн өдрөөс инженерийн албан тушаалаас чөлөөлсөн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар тал/
... ажилд орсон 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдөх хүртэл ...-ийн захирал ..., ... нараас дансаар нийт 17 удаагийн шилжүүлгээр 21,569,000 төгрөгийн цалин хүлээн авсан болох нь түүний Худалдаа хөгжлийн банк ХХК дахь банкны харилцах дансны хуулгаар тогтоогдсон. /1 дүгээр хавтаст хэргийн 119-134 дүгээр тал/
...-иас ...т ажилласан хугацаанд нь үндсэн цалинд нийт 32,831,150 төгрөг төлсөн гэж тайлбарлан, нэхэмжлэгчийн дансны хуулгаас бэлнээр цалин гэх гүйлгээний утгатай хийгдсэн орлогуудыг цалинд тооцох, мөн торгууль 6,781,150 төгрөг, лира сургалтын төлбөр гэх 1,050,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг бэлнээр олгосон гэх жагсаалт гаргасан боловч эдгээр тайлбараа баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.
Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт хэсэгт тусгагдсан хийснээр олгогдох цалин-г нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж тайлбарласан. Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээх бөгөөд ..., ... нарын хооронд ийм харилцаа үүсээгүй, харин Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн тул шүүх уг нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос нэмэлт хөлс гаргуулахаар шаардсан ажилтны нэхэмжлэл гэж дүгнэн, уг хуульд нийцүүлэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...-тай байгуулсан Орон сууцны захиалгын гэрээний төлбөрийг хариуцагч ...-тай хийсэн Хөдөлмөрийн гэрээний дагуу өөрт олгогдох цалин хэмээн тодорхойлж, нийт ажилласан хугацаандаа 158,274,918 төгрөгийн цалин олгогдохоос 107,136,000 төгрөгийг ...-д Орон сууцны захиалгын гэрээний дагуу төлөгдсөн гэж тайлбарласан бол хариуцагч ...-иас уг тооцооллыг хийсвэр байдлаар гаргасан гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.
Нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэсэн ажлын хөлсний тооцооллыг гаргахдаа Барилгын хөгжлийн төвийн ..., Эн Эй Пи ХХК, Классик дизайн констракшн ХХК нартай байгуулсан Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ гэх нийт 8 гэрээг нотлох баримтаар гаргаж, эдгээр гэрээнүүдийн Магадлалын ажлын төлбөр тооцсон Зураг төслийн гэрээний үнийн дүнгээс Зураг төслийн ажлын жишиг үнэ БД-81-16-12 дүрмийн дагуу хувь тооцож гаргажээ.
Гэвч тухайн 158,274,918 төгрөгийн тооцооллыг гаргахдаа өөрийн гүйцэтгэсэн гэх ажлын тооцооллыг буруу гаргасан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл: Барилгын хөгжлийн төвийн ... болон бусад байгууллагуудтай хийгдсэн Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээнд бичигдсэн зураг төслийн гэрээний үнийн дүнгээс тооцсон нь түүний ажил олгогч ...-ийн захиалагч байгууллагуудтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнээс зөрүүтэй, зарим гэрээнд туслан гүйцэтгэгчээр оролцсон байхад тухайн гэрээний захиалагч талын үндсэн захиалагчтай байгуулсан гэрээний үнийн дүнгээр буюу бодит бус тооцоолол хийсэн болох нь хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан тус компанийн Эн Эй Пи групп ХХК-тай хийсэн ТГ-02/18 тоот Барилгын зураг төсөл боловсруулах ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх гэрээ, зарим гэрээний ажлууд /Камдер ХХК-ийн Энканто таун-4 төслийн хүзүүвчний барилгын ажлын зураг төсөл г.м/ дуусаагүй үргэлжилж буйг нотлох 2019 оны 12 дугаар сарын 19 болон 23-ны өдрийн, 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралт, ...-ийн Камдер ХХК-тай байгуулсан Барилгын зураг төсөл боловсруулах тухай гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
/1 дүгээр хавтаст хэргийн 35-63, 189, 191, 209-211, 233-238 дугаар талууд/
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ...-ийн гаргасан ...ын ажилласан хугацаанд олгогдвол зохих нийт хийснээр олгогдох цалингийн тооцооллыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд нотлогдож байна гэж дүгнэн, нийт ажлын хөлс 55,500,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 21,569,900 төгрөгийг хасч, үлдэх 33,930,100 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 29,569,018 төгрөгийг ...-иас гаргуулан нэхэмжлэгч ...т олгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. /2 дугаар хавтаст хэргийн 60, 61 дүгээр тал/
Харин хариуцагч ...-тай байгуулсан Орон сууцны захиалгын гэрээний тухайд нэхэмжлэгч ... нь өөрийн гаргасан тооцооллыг үндэслэн дээрх гэрээний үнэ 107,136,000 төгрөгийг ...-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу олгогдох цалингаас хасагдсан гэж уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан учир энэ гэрээний үнэ бодитоор төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр ... нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээг цуцалсан гэж дүгнэн, тус хариуцагчид холбогдох 107,136,000 төгрөг гаргуулахыг хүссэн ...ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 226 дугаар зүйлийн 226.1.1, 369 дүгээр зүйлийн 369.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...-иас 29,569,018 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...т олгож, хариуцагч ...-иас 107,136,000 төгрөг гаргуулах тухай ...ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 999,425 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...-иас 305,795 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА