| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2023/05750/И |
| Дугаар | 001/хт2025/00183 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 001/хт2025/00183
Н.Х-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/01674 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/00925 дугаар магадлалтай,
Н.Х-ийн нэхэмжлэлтэй,
Ю.Н-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 304,500,000 гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч Ю.Н-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 304,500,000 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/01674 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч Ю.Н /РД:0000/-гаас 273,800,000 /хоёр зуун далан гурван сая найман зуун мянган/ төгрөг гаргуулж Н.Х /РД:0000/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсен 2,362,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Н-гаас 1,526,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Х-д олгуулахаар шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/00925 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/01674 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад “...273,800,000...” гэснийг “209,960,000” гэж, “...30,700,000...” гэснийг “94,540,000” гэж,
2 дахь заалтад “...1,526,950...” гэснийг “1,207,750” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 1,286,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.05.30-ны өдрийн 210/МА2025/00925 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч Н.Х нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 10 сараас 2023 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 294,000,000 төгрөг, алданги 144,000,000 төгрөг гэж нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзахдаа 2019 оны 6 сараас 2023 оны 3 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн. Гэтэл шүүх 2019 оны 6 сараас эхэлж түрээсийн төлбөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан асуудлыг шийдвэрлэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгч Н.Х нь нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 10 сараас хойш хариуцагчийг түрээсийн төлбөр огт төлөөгүй гэж маргасан. Хариуцагч талаас түрээсийн төлбөр төлж байсан тухай зарим баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Зарим баримтыг хариуцагч яагаад гаргаж өгөөгүй вэ гэвэл нэхэмжлэгч талаас 2024.10.30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзах хүсэлт гаргахдаа 90,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн төрсөн охин Х.Х-Н 0000 тоот данс руу шилжүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас түүний төрсөн охин Х.Х Хны 0000 тоот данс руу 2020.09.09-ний өдөр шилжүүлсэн 18,000,000 төгрөгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй юм. Энэ нь нэхэмжлэгч Н.Х-ийн 2024.10.30-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзах тухай” шүүхэд гаргаж өгсөн “…Түрээслэгч Ю.Н нь 2019 оны 6,7,8,9,10,11,12 сарын түрээсийн төлбөр 2020.08.13-ны өдөр 2019 оны 12 сарын 2020 оны 1,2,3,4 сарын 30,000,000 төгрөг, 2021.06.28-нд 2020 оны 5,6,7 сарын түрээсийн төлбөр 20,000,000 төгрөг, 2021.07.30-ны өдөр, 2020 оны 8,9,10 сарын түрээсийн төлбөрт 20,000,000 төгрөг нийт 90,000,000 төгрөгийг миний төрсөн охин 0000 дугаартай тоот дансруу шилжүүлэн төлсөн байна.” гэх баримтаас тодорхой харагдана. Энэ бол түрээсийн төлбөрт зөвхөн түүний төрсөн охин Х.Х-дансанд шилжүүлсэн 90,000,000 төгрөг юм. Мөн эхнэр И.О-гийн данс руу түрээсийн төлбөр шилжүүлдэг байдаг.
Харин 2 шатны шүүх нэхэмжлэгчийн эхнэр болох И.О-гийн данс руу шилжүүлсэн 2019.05.02-ны өдрийн 35,000,000 төгрөг, 2019.07.08-ны өдрийн 20,000,000 төгрөг, 2019.12.17-ны өдрийн 20,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөг шилжүүлсэн байхад илүү төлсөн 33,000,000 төгрөгийг хасч гэсэн ойлгомжгүй байдлаар тайлбар хийж, түрээсийн төлбөрт төлсөн 42,000,000 төгрөгийг хасч тооцоогүйд маш их гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүхэд хариуцагч талаас нэхэмжлэгчийн төрсөн охин Х.Х 0000 тоот данс руу шилжүүлсэн 90,000,000 төгрөгөөс тусдаа нэхэмжлэгчийн эхнэр болох И.О-гийн Хны данс руу шилжүүлсэн түрээсийн төлбөрийг бүрэн гүйцэд үнэлээгүйд гомдолтой байна. Эдгээр баримтууд хэрэгт авагдсан байгаа.
Үүнд: Х И.О-гийн 0000 тоот данс руу
Гэтэл анхан шатны шүүх 33,000,000 төгрөгийг илүү төлсөн байна гэж үзээд түрээсийн төлбөрөөс хассан бөгөөд давж заалдах шатны шүүх эдгээр төлбөрийн баримтыг үнэлж, дүгнэлт хийж чадаагүйд маш их гомдолтой байна.
Нэхэмжлэгч анх нийт 42 сарын түрээсийн төлбөр нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндэслэлгүйгээр 4 сарын хугацааны түрээсийн төлбөр нэмж тооцсон боловч /2019 оны 6,7,8,9 сарын/ шүүх үүнийг үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх үндэслэлгүйгээр 4 сарын хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн нэхэмжлэгч 2023 оны 3 сар хүртэл нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх 2023 оны 3 дугаар сарын төлбөрийг бас нэмж тооцсонд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хугацаанаас нийт 5 сарын түрээсийн төлбөрийг илүү төлөхөөр болж байгаа нь хариуцагчид маш их хохиролтой асуудал болж байна. Үүнийг шүүх анхаарч үзэхийг хүсэе. Харин давж заалдах шатны шүүх бидний огт маргаагүй 2022.09.09-ний өдрийн 200,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасч тооцсон. Энэ бол буруу энэхүү төлбөрийн асуудал дээр талууд огт маргаагүй юмаа.
Нэхэмжлэгч Н.Х 2023 оны 3 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөр нэхэмжилдэг. Харин хариуцагч талаас 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1, 2 сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэж маргасан. Учир нь, хариуцагч Ю.Н нь 2022.12.01-ний өдрөөс 2023 оны 3 сар хүртэл нэхэмжлэгч Н.Х-ийн авто гаражийг ашиглаагүй. Нэхэмжлэгч Н.Х нь өөрийн биеэр “А” ХХК дээр ирж 2022.11.30-ны өдөр түлхүүр, цоожоо сольсон. Энэ үйлдлээр хариуцагч Ю.Н-тай тохиролцсон түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон.
2022.12.01-ний өдрөөс эхлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С надтай тухайн объектыг 1 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцож, гэрээний загварыг facebook чатаар явуулсан.
Энэ үеэс эхэлж би “А” ХХК-ийн нэрийг ашиглаж, инженер О.Б-той харилцан тохиролцож дундын данс нээж олсон ашгаа тэнцүү хувааж авахаар тохиролцсон. Дундын данс нээсэн талаарх баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мен facebook чатаар ирсэн баримт болон бичвэрүүдэд шүүх үзлэг хийсэн учир эдгээр нь баримтаар нотлогдож байгаа. Гэтэл эдгээр баримтад үнэлэлт, дүгнэлт хийхгүй байгаад маш их гомдолтой байна.
Харин Баянгол дүүргийн Засаг даргын тодорхойлолтыг илүүд үзэж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Засаг дарга бидний хоорондын харилцан тохиролцсон асуудлыг мэдэхгүй. Цахилгааны төлбөрийн баримт ч үүнийг нотлохгүй. Өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн цахилгаан түгээх сүлжээ компаниас “А” ХХК-ийн нэрийг солихгүй цахилгааны төлбөрийн нэхэмжлэх болон төлбөр төлсөн баримтыг байнга мэйл хаягаар ирүүлдэг. Энэ тухай баримтыг ч шүүхэд хариуцагч талаас гаргаж өгсөн байгаа. Эдгээр баримтад мөн үнэлэлт дүгнэлт хийсэнгүй.
Нэхэмжлэгч Н.Х нь надтай түрээсийн гэрээ байгуулахаар 2022.12.01-ний өдөр facebook чатаасаа түрээсийн гэрээний драфтыг гарын үсэг зурж явуулсан. Мөн үлдэгдэл бараа материалын талаар чат бичсэн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Эдгээр баримтуудаас үзэхэд хариуцагч Ю.Н нь 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1, 2 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөх ёсгүй гэж үзэж байна. Миний бие 2022 оны 12, 2023 оны 1, 2 сарын түрээсийн төлбөрийг үнэхээр төлье гэсэн ч төлж чадаагүй. Ямар ч ашиг байхгүй. Алдагдалтай ажилласан. Энэхүү байдлаа нэхэмжлэгч Н.Х ахад хэлсэн. Посын машины зээл авах шаардлага хангахаар таньд зээл авч өгье ч гэж хэлж үзсэн. Гэтэл Н.Х нь Е-ийн барааг агуулах сав байхгүй болчихлоо. Өндөр түрээс төлж байхаар авто гаражаа янзалж засвар хийх байгаад агуулах болгомоор байна гэж хэлсэн. Тэгвэл ямар ч ашиггүй, алдагдалтай байсан 3 сарын түрээсийн төлбөрөөс та намайг чөлөөлөх юм бол тоног төхөөрөмж бүх юмаа аваад чөлөөлье гэхэд тэгье гэж Урт цагааны гудамжинд байрлах Еврокостетик дэлгүүрийн хажууд өөрийнхөө машин дотор сууж байгаад тохиролцсон асуудал юм. Гэтэл энэ хугацааны мөнгийг надаас ч, хариуцагч Ю.Н-гаас ч нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Түүнчлэн авто засварын газар нь улирлын чанартай. Хүйтний улиралд алдагдалтай, дулааны улиралд ашигтай ажилладаг ба тухайн объект нь төвийн шугам, сүлжээнд холбогдоогүй учраас дан ганц цахилгаанаар халаалтын асуудлыг шийдсэн. Ийм учраас талууд харилцан тохиролцож нэхэмжлэгч Н.Х нь хүйтний улирлын саруудыг 1,000,000 төгрөгөөр хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон. Өөрөө үүнийг сайн мэдэж байгаа.
Нэхэмжлэгч Н.Х, хариуцагч Ю.Н нар нь 2014.05.05-ны өдөр тухайн авто гаражийг түрээслэхээр 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хугацаа 2019.05.20-ны өдөр дуусгавар болсон. Үүнийг тухайн гэрээний 1.1-д заасан байгаа. Дараа нь 2019 онд түрээсийн гэрээг дахин шинээр бичгээр байгуулсан ба зөвхөн нэг хувь байгуулсныг нэхэмжлэгч Н.Х өөрөө авсан байдаг. Нэхэмжлэгч Н.Х нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж ашиг олдог учраас Баянгол дүүргийн Татварын хэлтэст тухайн гэрээ хадгалагдаж байх ёстой гэж үзэж хариуцагч талаас хүсэлт гаргасан. Гэтэл Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нотариатын гэрээ, иргэд хоорондын гэрээний хуулбар байхгүй гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлсэн. Ингээд 2019 оны гэрээгүйгээр шүүх хуралдаанд оролцсон. Хариуцагч талаас нэгдүгээрт 2014.05.05-ны өдрийн түрээсийн гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргасан. Хоёрдугаарт 2019 оны гэрээ нотлох баримтаар авагдаагүй учраас байгуулаагүй гэж үзэн алданги нэхэмжлэх эрхгүй гэж маргасан. Энэ нь 2025.02.26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дахь хуудсанд “... Хуульд заасны дагуу тус байгуулсан гэрээ нь бүртгэгдээгүй бөгөөд амаар байгуулсан тул алдангийг шаардах эрхгүй болохыг анхаарч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэж дутуу хагас тэмдэглэсэн байна. Харин нэхэмжлэгч талаас тухайн авто гаражид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй учраас үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй гэж маргасан. Гэтэл маргасан асуудлыг анхан шатны шүүх маргаагүй гэж шийдвэртээ бичсэн, үүнд ямар ч дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар 2014.05.05-ны өдрийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж хариуцагч талаас үзэж байна. Энэхүү түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгүүлийн газарт бүртгүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа. 2019 оны түрээсийн гэрээ хэрэгт авагдаагүй. 2014.05.05-ны өдрийн түрээсийн гэрээ дуусгавар болсон. 2019 онд бичгээр байгуулсан гэрээ байхгүй учраас аман хэлцэлд алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Гэтэл анхан шатны шүүх 2014.05.05-ны өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтыг хангаагүй байхад, мөн 2019 оны бичгээр байгуулсан гэрээ байхгүй байхад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.
Мөн 2014 оны түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалт үйлчилнэ, харин Иргэний хуулийн 296.1 дэх заалтыг хэрэглэх ёсгүй гэж үзэж байна. 2020 оны 11 дүгээр сард Ковид цар тахал дэлхий нийтээр тархасны улмаас Монгол Улсын Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааr хязгаарласан. Энэ бол давагдашгүй хүчин зүйл юм. Энэхүү нөхцөл байдлаас болж 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сарыг дуустал ажлаа хэвийн явуулж чадаагүй. Зөвхөн нэг удаа очиж харилцагчийн машиныг гаргаж өгөхөөр ачлагын машин дуудаж авто гаражийн хаалга онгойлгох үйлдэл хийснээр цагдаагийн байгууллагаас торгуулийн арга хэмжээ авагдсан. Энэ нь нийтэд илэрхий баримт юм. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн алдангийн хэмжээг 10 хувь багасгаж шийдвэрлэж байгаа нь бас үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.
Эцэст нь дүгнэхэд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байхад 2019 оны 6,7,8,9 сарын түрээсийн төлбөр болох 28,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, анх түрээсийн төлбөр гаргуулах нэхэмжлэл 294,000,000 төгрөг байхад 28,000,000 төгрөгөөр нэмэгдэж нийт 322,000,000 төгрөгийн төлбөрийг үндсэн түрээсийн төлбөрт тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан асуудлыг шүүх шийдвэрлээгүй нь улмаас 20,000,000 төгрөгийн баримт гаргаж өгөөгүйгээс болж энэхүү төлбөр түрээсийн төлбөрөөс хасагдахгүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүх засаж шийдвэрлээгүй, үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй. Эхнэр И.О-гийн данс руу шилжүүлсэн нийт 75,000,000 төгрөгөөс 33,000,000 төгрөг илүү төлсөн гэж хассан атлаа ямар учраас үлдсэн 42,000,000 төгрөгийг хасч тооцоогүй талаар тайлбарлаагүй, эдгээр баримтыг үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй. Мөн 2023 оны 3 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн байхад 2023 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрийг тооцож 7,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1, 2 дугаар саруудад авто гаражийг ашиглаагүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байхад нотлох баримтыг үнэлж дүгнэлт хийгээгүй. Алданги нэхэмжлэх эрхгүй байхад алданги тооцож хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, давагдашгүй хүчин зүйл, хүйтний улирлын хөнгөлөлтийг хасч тооцоогүй зэрэг алдаа дутагдал гарсан.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.02.26-ны өдрийн 192/ШШ2025/01674 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.05.30-ны өдрийн 210/MA2025/00925 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.18-ны өдрийн 001/ШХТ2025/00867 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ын хяналтын журмаар гаргасан гомдолыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч Ю.Н-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 441,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 304,500,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгаж, үндэслэлээ “…Би Ю.Н-тай 2014.05.05-ны өдөр 0000 хойд талд байрлах газар дээрх объектыг Авто засварын үйл ажиллагаа явуулахаар 2014.05.20-ны өдрөөс 2019.05.20-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай түрээслэх гэрээг байгуулж, хугацаа дууссан боловч үргэлжлүүлэн 2023 оны 3 сар хүртэл түрээсэлсэн. Түрээсийн төлбөрийг сард 7,000,000 төгрөгөөр тохиролцсон ба ...2019 оны 10 сараас хойш төлбөр төлөөгүй. ... төлсөн нийт 90,000,000 төгрөгийг хасч 2020 оны 11 сараас 2023 оны 3 сар хүртэл хугацааны нийт 29 сарын түрээсийн төлбөр 203,000,000 төгрөгийг, гэрээний 1.4-т зааснаар түрээсийн төлбөрийн хугацаанд нь төлөхгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүрийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алданги 101,500,000 төгрөг, нийт 304,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэжээ.
8. Хариуцагч Ю.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Талууд 2014.05.05-ны өдөр түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулсан. Энэ гэрээний хугацаа дууссан бөгөөд үүргээ биелүүлсэн. 2019 оноос хойш түрээсийн гэрээг байгуулаагүй байх тул алдангийг шаардах эрхгүй. Гэрээг амаар харилцан тохиролцож, үргэлжлүүлж түрээсэлж байсан нь үнэн. 2022.11.30-ны өдөр нэхэмжлэгчийн Ю.Н-тай байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болсон. ...өвлийн улиралд цахилгааны төлбөр өндөр төлдөг байсан тул жил бүрийн өвлийн улиралд буюу цахилгааны төлбөр өндөр гардаг тухайн жилийн 10 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал нийт 7 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг 1,000,000 төгрөгөөр бууруулж 6,000,000 төгрөг болгохоор тохиролцсон. 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сар хүртэлх буюу 8 сарын хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас ашиглаагүй тул тус хугацааны түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрийг мөн хүлээн зөвшөөрөхгүй ба 2022.11.30-ны өдөр хүлээлгэж өгсөн. 2022.12.05-ны өдрөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нэхэмжлэгчтэй тохиролцож, Х ХК дахь 0000 дугаар дундын данс нээсэн бөгөөд хэрэгт авагдсан дансны хуулганд бусдаас засварын үйлчилгээ авсан төлбөр нь А гэж орсноор нотлогдоно. Ю.Н хариуцах үндэслэлгүй. Охин Х.Х-ынх нь данс руу нийт 90,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс гадна 2022.06.23-ны өдөр Ю.Н-гийн Хас банк ХК дахь 0000 дугаар данснаас Н.Х-ийн Е компанийн данс руу 10,000,000 төгрөгийг, 2019.12.17-ны өдөр эхнэр н.О-гийн 0000 дугаар данс руу А-ийн данснаас 20,000,000 төгрөгийг, 2020.09.12-ны өдөр хариуцагч Ю.Н-гийн Х ХК дахь данснаас Н.Х-ийн 0000 дугаар данс руу 9,000,000, нийт 39,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ төлбөрийг түрээсийн төлбөрт төлсөн тул хасагдах ёстой.” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “... Ю.Н нь гэрээнд заасан хугацааны туршид хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах буюу авто засварын газар ажиллуулж ашиг олох зорилготой гэрээ байгуулсан тул талуудын хооронд 2014.05.05-ны өдөр байгуулагдсан гэрээг түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасантай нийцнэ. Зохигч гэрээг бичгэн хэлбэрээр байгуулсан, харин тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй болохыг зохигч маргаагүй, улсын бүртгэлийг шаардах боломжгүй тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Түүнчлэн, зохигч 2019.05.05-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон тул алданги шаардах эрхтэй эсэх талаар маргасан бөгөөд 2019.05.05-ны өдрөөс хойш хариуцагчийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгө хэвээр байсан тухайд маргаагүй тул ... хариуцагчийг 2020 оны 11 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг, алдангийн хамт шаардах эрхтэй гэж дүгнэв. ... Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг 164,000,000 төгрөгөөр тогтоов. ... Гэрээ нь урт хугацаатай гэрээ байгааг, тухайн хугацаанд ковид цар тахлын улмаас аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа доголдсон нийтэд илэрхий үйл баримтыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан эрхийн хүрээнд алдангийн хэмжээг 10 хувиар багасгаж, 73,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Хариуцагчийн, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг Ю.Н хариуцвал зохих этгээд биш, жил бүрийн 10 дугаар сараас 4 дүгээр сарыг дуусах хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 1,000,000 төгрөгийн халаалтын зардлын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон, 39,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн гэх татгалзлууд хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн болно.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэхдээ “... Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. … хариуцагч Ю.Н нь түрээсийн зүйлийг 2023 оны 03 сарыг хүртэл хугацаанд ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан ... гэж үзэхээр байна. Нөгөө талаар, хариуцагч Ю.Н нь 2022.11.30-ны өдрөөр гэрээ дуусгавар болсон, 2022.12.01-ний өдрөөс нэхэмжлэгч нь эхнэр Ц.С-т түрээслүүлэхээр тохиролцсон гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийг 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Иймд, энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал болон гомдол үндэслэлгүй. … Анхан шатны шүүхийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээ үргэлжлэх буюу сунгасан талаарх дүгнэлт үндэслэлтэй ... Иймд, нэхэмжлэгч Н.Х нь хууль болон гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийг алдангийн хамт хариуцагч Ю.Н-гаас шаардах эрхтэй. ... анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны төлбөрийг сарын 6,000,000 төгрөгөөр, үлдэх буюу 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар, 2021 оны 04 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл хугацааны сарын төлбөрийг гэрээнд заасан 7,000,000 төгрөгөөр тооцож, хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг 164,000,000 төгрөгөөр тогтоосныг буруутгахгүй үндэслэлгүй. ... Хариуцагч Ю.Н-гийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 19,200,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцон хасах нь зүйтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 1.4-т тус тус зааснаар алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байх тул алдангийг үнийн дүнгийн 50 хувиар тооцож, үүнээс хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 10 хувиар бууруулан тооцсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн байна. …” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг түрээсийн гэрээ байгуулагдсан гэж тодорхойлж, адил дүгнэлт хийсэн боловч түрээсийн төлбөрийн тооцооллын хувьд хамаарах нотлох баримтыг зөрүүтэй үнэлж, өөр шийдэл гаргасан ба энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
12. Хэргийн баримтаар нэхэмжлэгч Н.Х, хариуцагч Ю.Н нарын хооронд 2014.05.05-ны өдөр 0000 хойд талд байрлах газар дээрх объектыг Авто засварын үйл ажиллагаа явуулахаар 2014.05.20-ны өдрөөс 2019.05.20-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээнд түрээсийн төлбөрийг “...эхний гурван сард тус бүр 6,000,000 төгрөгөөр, түүнээс хойш буюу 4 дэх сараас эхэлж жил тутамд сар 7,000,000 төгрөгөөр тооцож түрээслэгчид төлнө.” гэж тохиролцсон талаар зохигч маргаагүй, энэ үйл баримтыг хоёр шатны шүүх зөрүүгүй тогтоосон.
13. Иймд хоёр шатны шүүхийн зохигчийн хооронд авто засварын буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилготой Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т нийцсэн.
14. Зохигч түрээсийн гэрээний хугацаа сунгагдсан эсэх буюу алданги шаардах эрх, түрээсийн төлбөрийн зарим хэсгийг өөр этгээд төлөх эсэх асуудлаар маргажээ.
15. Талуудын бичгээр байгуулсан түрээсийн гэрээнд хугацааг 5 жил байхаар заасан ба уг хугацаа дууссан ч хариуцагч 2022 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд түрээсийн зүйлийг ашиглаж байсан болохоо үгүйсгээгүй байна.
Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д заасныг үндэслэн мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д заасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцно” гэснийг хэрэглэж зохигчийн хооронд байгуулсан гэрээг сунгагдсан гэж үзсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.
Түүнчлэн хариуцагч 2022 оны 12 сараас 2023 оны 03 сарын түрээсийн төлбөрийг төлөхгүй, өөр этгээдтэй гэрээ байгуулсан гэж маргасан боловч ийнхүү дүгнэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Тодруулбал, хариуцагч нь дээрх хугацаанд өөрийн эхнэр Ц.С нэхэмжлэгч Н.Х-той тохиролцон үйл ажиллагаа явуулсан гэсэн татгалзал нь нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүхийн журмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ын гар утаст үзлэг хийж, ажлын байр түрээслэх гэрээг гэрэл зургаар баримтжуулан хэрэгт хавсаргасан байх боловч энэ нь энэхүү үйл баримтыг нотолсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
16. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар 2019 оны 06 сараас 2023 оны 03 сарын хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч Ю.Н-гаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлохдоо хариуцагчийг төлбөл зохих түрээсийн төлбөрт нийт 90,000,000 төгрөгийг буюу 2020 оны 11 сар хүртэл хугацааны төлбөрийг төлсөн үндэслэлээр 2020 оны 11 сараас 2023 оны 03 сарын түрээсийн төлбөрт нийт 203,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.
17. Хоёр шатны шүүх энэ талаарх тооцооллыг буюу түрээсийн төлбөрт төлсөн нийт дүнг зөрүүтэй дүгнэснээс хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг өөрөөр тогтоосон байна.
Тухайлбал шүүхүүд хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг буюу 2020 оны 11 сараас 2023 оны 03 сарын хугацааны түрээсийн төлбөрийг 164,000,000 төгрөг гэж адил дүгнэсэн ба харин анхан шатны шүүх хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн зарим төлбөрийг хасаагүй гэж үзэж давж заалдах шатны шүүх тооцооллын хувьд шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хариуцагчийг 2019.05.02-ны өдрөөс 2023.06.23 хүртэл хугацаанд нийт 10 удаагийн гүйлгээгээр нийт 173,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, үүнээс нийт 28,700,000 төгрөгийн талаар анхан шатны шүүх дүгнээгүйг залруулж, уг төлбөрөөс 9,500,000 төгрөгийг автомашины төлбөрт төлсөн талаар зохигч маргаагүй тул түрээсийн гэрээний төлбөрт хамааралгүй, 10,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэг болохыг нэхэмжлэгч нотлоогүй гэж үзэж, нийт 19,200,000 төгрөгийг хариуцагчийн төлбөл зохих төлбөрөөс хасч тооцсон нь хэргийн баримтад үндэслэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй.
18. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа сунгагдсанаас хойших хугацаа буюу 2019 оны 06 сараас эхлэн 2023 оны 03 сарын хугацааны 46 сарын түрээсийн төлбөрт нийт 322,000,000 (46x7,000,000) төгрөг төлөх ба үүнээс нийт төлсөн 164,200,000 (173,700,000-9,500,000) төгрөгийг хасвал 157,800,000 төгрөг, үүнээс халаалтын зардалд нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр хассан 6,000,000 төгрөгийг хасвал 151,800,000 төгрөг болох ба энэ дүнг давж заалдах шатны шүүх 144,800,000 төгрөг гэж дүгнэсэн.
19. Хариуцагч өвлийн улиралд халаалтын зардалд 1,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасч тооцохоор тохиролцсон гэж тайлбарласныг хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэл 6 сарын хугацаанд нийт 6,000,000 төгрөг хасахаар тооцсоныг буруутгах үндэслэлгүй, нотлох баримтыг үнэлэх журамд нийцсэн.
20. Зохигч түрээсийн гэрээг 2014.05.20-ны өдрөөс 2019.05.20-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай бичгээр байгуулсан бөгөөд гэрээний 1.4-т “Түрээсийн төлбөр нь хуанлийн 2 сараар төлөгдсөн байх бөгөөд төлбөрийн хугацааг хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож, Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн дагуу түрээслэгчид алданги төлнө.” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.”, 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй.” гэж заасантай нийцсэн.
Түүнчлэн Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар гэрээг тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцдог тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.
Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.” гэж заасныг хэрэглэж, гэрээний хугацаа болон тухайн хугацаанд ковид цар тахлын улмаас аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа доголдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн төлбөл зохих алдангийн хэмжээг 10 хувиар багасгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн тул буруутгах үндэслэлгүй.
21. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ю.Н-гаас түрээсийн гэрээний төлбөрт 144,800,000 төгрөг, алданги 65,160,000 төгрөг, нийт 209,960,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/00925 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Ю.Н хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.07.21-ний өдөр төлсөн 1,207,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН