Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0220

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн Д.Я,

Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хүлээн аваагүй нь хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг тухайн өдрөөс эхлэн тооцох, мөн өндөр насны тэтгэврээ сар бүр авах эрхийг хязгаарлаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, Монгол Улсад оршин суухаас үл хамааран өндөр насны тэтгэврийг тогтмол олгохыг хариуцагчид даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн аваагүй нь хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тооцох, өндөр насны тэтгэврээ сар бүр авах эрхийг хязгаарлаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, Монгол Улсад оршин суухаас үл хамааран өндөр насны тэтгэврийг надад тогтмол олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Д овогтой Я нь 1946 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй. 1970 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 1988 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд улсад нийт 18 жил ажилласан. Ардын боловсролын яамны сайдын 1988 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 203 тушаалаар Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Техник мэргэжлийн сургуульд суралцах монгол сурагчдын зохион байгуулагчаар ажиллахаар томилогдон 1993 он хүртэл уг чиглэлээр ажиллаж, үүнээс хойш Герман улсад ажиллаж амьдарсан. Улмаар өөр бусад улс руу ажлаар болон аялалаар явахад хүндрэлтэй байсан учир 2001 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн болсон.

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Нарны замын гудамж 29-34 тоотод түр оршин сууж байхдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гэж заасны дагуу Монгол Улсад 18 жил ажилласан даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлтээ хуульд заасан бичиг баримт болох хөдөлмөрийн дэвтэр, Ардын боловсролын яамны сайдын 1988 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 203 дугаар тушаал, хорооны тодорхойлолт, 2 хувь зураг, итгэмжлэл зэргийг бүрдүүлэн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн баримт хүлээн авч, даатгуулагчид зөвлөгөө өгдөг байцаагчид хандсан боловч иргэний үнэмлэх байхгүй, Монгол Улсын иргэн биш гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1.1-д /даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг, 4 дүгээр зүйлийн 4.2.1-д /өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн гэж тус тус даатгуулахаар заасан бөгөөд даатгуулагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, даатгуулагчид Монгол Улсад ажиллаж, шимтгэл төлсөн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн орох бөгөөд Монгол Улсад 18 жил ажилласан, даатгуулагч учир хүсэлтийг хүлээн авч, өндөр насны тэтгэврийг тогтоож өгөхийг хүссэн хүсэлтийг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хуульд заасан бүрдүүлэх материалын хуулбаруудыг хавсаргаж, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан.

Дээрх хүсэлтийг хүлээн авсан холбогдох мэргэжилтэн нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас зөвлөмж авахаар явуулсан байгаа учир хариу өгөх боломжгүй байна гэсээр 60 хоногийн хугацаа өнгөрсөн учир 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан, ерөнхий газраас утсаар холбогдож, хөдөлмөрийн дэвтрийг эх хувиар нь авч үзсэн бөгөөд хүсэлтийн хариуг албан бичгээр өгнө гэсэн боловч хариуг албан ёсоор ирүүлээгүй. Харин Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодруулга хүсэлтийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас хариу ирүүлснийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр надад мэдэгдсэний дагуу хуульд заасан баримтуудыг Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох байцаагчид мөн өдөр хүлээлгэн өгсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно гэж заасан.

Дээрх хуульд заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тэтгэвэр тогтоолгох материалуудаа өгөхдөө анх 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр хүлээж авах хүсэлт гаргасан боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан бичгийн дагуу хүсэлтийг хүлээн авч байгаа учир хүсэлтээ шинээр бичиж өгөх шаардлага тавьсан нь үндэслэлгүй юм. Миний хувьд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр анх хүсэлт гаргахдаа хуульд заасан бүх шаардлага хангасан баримтуудыг бүрдүүлсэн байхад Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үндэслэлгүйгээр буцаасан буюу тэдний буруутай ажиллагаанаас болж 3 сарын дараа тэтгэвэр тогтоолгох баримтуудаа хүлээлгэн өгсөн учир хүсэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр хүлээн авах ёстой байсан. Мөн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тооцон 17 жил 10 сар ажилласан хугацаанд 243,000 төгрөгийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоож шийдвэрлэсэн боловч уг тэтгэвэр авах эрхийг зөвхөн Монгол Улсад байх хугацаандаа авах ёстой талаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1.8-д зааснаар өндөр насны тэтгэвэр гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгө юм.

Гэтэл дээрх шийдвэр нь нэгэнт тогтоолгосон өндөр насны тэтгэврээ насан туршдаа сар бүр авах хуульд заасан эрхийг хязгаарлаж байгаа үйлдэл бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна. Үүнээс гадна Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд даатгуулагч нь Монгол Улсад оршин сууж байгаа тохиолдолд л тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэсэн зохицуулалт байхгүй болно. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсоохоор заасан. Дээрх байдлаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь миний тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан өдрөөс тэтгэвэр тогтоолгох эрх болон Монгол Улсад оршин сууж байгаагаас үл хамааран өндөр насны тэтгэврээ тогтмол авах эрхийг тус тус зөрчиж байна.

Иймд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн аваагүй нь хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тооцох, мөн өндөр насны тэтгэврээ сар бүр авах эрхийг хязгаарлаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, Монгол Улсад оршин суухаас үл хамааран өндөр насны тэтгэврийг Д.Яд тогтмол олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Д.Я 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан байдаг.

Уг хүсэлтийг тус хэлтсийн тэтгэвэр, тэтгэмжийн зөвлөгөө өгөх улсын байцаагч нар хүлээн авч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Хувийн журмаар гадаадад байнга оршин сууж байгаад эх орондоо байнга амьдрахаар бүрмөсөн ирсэн болон мөн журмаар гадаадад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд, түүнчлэн Монгол Улсад байнга оршин суухаар ирснээс хойш тус улсад ажиллагаагүй гадаадын харьяат иргэдэд тэтгэвэр тогтоох, олгох асуудлыг Монгол Улсаас тухайн улстай байгуулсан нийгэм хангамжийн хэлэлцээр болон олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу гадаадын иргэнд тэтгэвэр, тэтгэмж тогтоох боломжгүй, энэ асуудлаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай байгуулсан олон улсын гэрээ байхгүй гэсэн хариуг өгч хүсэлтийг нь буцаасан.

Ингээд нэхэмжлэгч Д.Я нь дээд шатны байгууллагад өргөдөл гаргасан ба иргэний өргөдөл, гомдол гаргасан өдрөөс эхэлж шийдвэрлэнэ гэж заасан боловч уг хуулийг дагаж мөрдөх журам батлагдсан байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам-ын 3 дугаар зүйлийн 3.6-д Нийгмийн даатгалын хэлтэс /байцаагч/ нь энэ журмын 2-т заасан бүртгэлд хамрагдаагүй, мөн журмын 3.2, 3.3, 3.4-д заасан бусад иргэний тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдлийг тэтгэврийн эрх үүсэх тухайн үед нь бүрэн хангуулж, бүрдүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлнэ гэж заасны дагуу Д.Яд зөвлөгөө хүссэн 548 тоот албан бичгийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн. Энэхүү албан бичиг хэрэгт авагдсан. Ер нь бол нэхэмжлэгчид анхнаасаа тэтгэвэр, тэтгэмж тогтоох ёсгүй байсан гэж хэлмээр байна. Энэ асуудлаар манай байгууллага холбогдох дээд шатны байгууллага, яамнаас чиглэл авч ажилласан.

Энэхүү чиглэлийг нэг нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 3/1986 тоот албан бичигт Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу Монгол улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд зааснаар нийгмийн даатгалд даатгуулснаар тооцуулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин сууж байгаа бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзол нөхцөлийг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоож болно. Харин гадаадын иргэн, харьяалалгүй хүн гадаад улсад амьдарч байгаа тохиолдолд тэтгэвэр олгох тухай асуудлыг хуулиар зохицуулаагүй гэсэн хариуг манай байгууллагад өгч байсан. Тиймээс гадаадын иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох үндэслэлгүй юм.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно гэж заасан. Нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтооход нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн санд тодорхой эрсдэл үүсэх боломжтой. Хэрвээ энэ хүн нас барсан ч байсан сар болгон тэтгэвэр олгох шаардлага үүснэ. Одоогоор энэ харилцааг зохицуулах эрх зүйн зохицуулалт байхгүй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх гэж зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирсэн албан бичгийн дагуу манай байгууллага тогтоосон. Хуулийн үйлчлэлээс давсан албан бичиг гэж байхгүй. Тиймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоох үндэслэлгүй. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын санд манай байгууллага хяналт тавьж ажиллах ёстой. Тухайн даатгуулагч сар бүр тэтгэврээ банкнаас очиж авдаг. Гэтэл гадаад улсад амьдарч буй Монгол Улсын иргэн биш хүнд тэтгэвэр олгоход нийгмийн даатгалын санд хяналт тавих ямар ч боломжгүй болдог. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ[1][1] холбогдох баримтын хамт Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 548 тоот зөвлөмж хүсэх тухай албан бичгийг[2][2] Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт судалгааны газарт хүргүүлсний дагуу Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/2954 тоот албан бичгээр[3][3] зөвлөмжийн хариуг хүргүүлснээр нэхэмжлэгчид 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоожээ[4][4].

Нэхэмжлэгчээс Монгол Улсад 18 жил ажилласан хугацааны, мөн Монгол Улсад оршин суухаас үл хамааран сар бүр тэтгэвэр авах эрхтэй гэж, хариуцагчаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тэтгэвэр тогтоосноор тэтгэврийн олголтод хяналт тавих боломжгүй, эрсдэл үүсэхэд зохицуулах эрх зүйн зохицуулалт байхгүй гэж тус тус маргажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг, мөн хэсгийн 8-д тэтгэвэр гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь ...... нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийг Монгол Улсад 17 жил 10 сар 5 хоног хөдөлмөр эрхэлсэнтэй хэргийн оролцогч нар маргаагүй бөгөөд хариуцагчаас уг хугацаанд ногдох өндөр насны тэтгэврийг /хувь тэнцүүлсэн/ тогтоосон атлаа түүнийг гадаад улсын иргэн, тэтгэвэр тогтоосноор тэтгэврийн олголтонд хяналт тавих боломжгүй, эрсдэл үүсэхэд зохицуулах эрх зүйн зохицуулалт байхгүй, мөн зөвхөн Монгол Улсад оршин сууж байх хугацаанд тэтгэвэр олгоно гэх үндэслэлээр сар бүр тэтгэвэр олгохоос татгалзсан нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна гэж заасан бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл нь иргэн, ажил олгогч нараас сар бүр албан журмаар төлж буй шимтгэл бөгөөд даатгуулагчийг өндөр наслахад түүний нийгмийн баталгааг хангах зорилготой байх тул нэхэмжлэгч нь тухайн улсад хөдөлмөр эрхэлж байсны хувьд тэтгэвэр тогтоолгож, нийгмийн даатгалын сангаас сар бүр тэтгэвэр авах эрхтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид тэтгэвэр тогтоохыг хуулиар хориглоогүй, хязгаарлаагүй байхад хариуцагч захиргааны байгууллагаас өөртөө эрх үүсгэж нэгэнт тогтоосон өндөр насны тэтгэврийг сар бүр олгохоос татгалзаж зөвхөн Монгол Улсад оршин сууж байх хугацаанд олгоно гэж хуульд байхгүй үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй.

            Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно гэж заасан байх тул нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг түүний өргөдөл гаргасан өдрөөс буюу 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна.

            Нөгөөтээгүүр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд Хувийн журмаар гадаадад байнга оршин сууж байгаад эх орондоо байнга амьдрахаар бүрмөсөн ирсэн болон мөн журмаар гадаадад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд, түүнчлэн Монгол Улсад байнга оршин суухаар ирснээс хойш тус улсад ажиллагаагүй гадаадын харьяат иргэдэд тэтгэвэр тогтоох, олгох асуудлыг Монгол Улсаас тухайн улстай байгуулсан нийгэм хангамжийн хэлэлцээр болон олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд дээрх хуулийн заалтад нэхэмжлэгч хамаарахгүй бөгөөд хариуцагчаас дээд шатны байгууллага болох Нийгмийн даатгалын Ерөнхий газраасаа зөвлөмж авсны дагуу түүний тэтгэврийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоож, уг шийдвэрийг өөрчилсөн, хүчингүй болгосон шийдвэр гараагүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбар болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоох ёсгүй" байсан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хүлээн аваагүй нь хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг тухайн өдрөөс эхлэн тооцох, мөн өндөр насны тэтгэврээ сар бүр авах эрхийг хязгаарлаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, Монгол Улсад оршин суухаас үл хамааран өндөр насны тэтгэврийг тогтмол олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 8, 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан Д.Яын нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хүлээн аваагүй нь хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг тухайн өдрөөс эхлэн тооцох, мөн өндөр насны тэтгэврээ сар бүр авах эрхийг хязгаарлаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, Монгол Улсад оршин суухаас үл хамааран өндөр насны тэтгэврийг тогтмол олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 

[1][1] Хавтаст хэргийн 36 дугаар тал

[2][2] Хавтаст хэргийн 35 дугаар тал

[3][3] Хавтаст хэргийн 25 дугаар талын ар

[4][4] Хавтаст хэргийн 25 дугаар тал