| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/02947/И |
| Дугаар | 102/шш2021/03062 |
| Огноо | 2021-11-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 102/шш2021/03062
2021 оны 11 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2021/03062 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүлийг суулган тэмдэглэл хөтлүүлэн, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....холбогдох,
Эрхийн бичгийн төлбөр 350,000 /гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., харуицагчийн төлөөлөгч ...., гэрч ... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ....-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлийг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
.... нь ...-ийн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.2.10 дахь хэсгийг тус тус үндэслэн 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 2 жилийн хугацаатай Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгож, Эрхийн бичгийн гэрээг тус компанитай байгуулсан. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар ... нь Эрхийн бичгийн гэрээнд заасан 2013-2014 оны Эрхийн бичгийн 1 жилийн төлбөр 105,000 төгрөг, 2014-2015 оны 245,000 төгрөг, нийт 350,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Төлбөр төлөх үүрэг үүссэнээс хойшхи хугацаанд ....ноос ...-д төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа өөрт бүртгэлтэй хаягаар нь хүргүүлж байсан. 2021 оны 1 дүгээр сард хаягаар нь очиж, мөн утсаар холбогдоход төлөх үндэслэлгүй гэх хариу өгдөг. Иймд дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Гэрээ байгуулсан талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд гэрээ байгуулснаар төлбөр төлөх үүрэг үүсдэг гэдгийг мэдэх ёстой. Гэрээ байгуулахаас өмнө хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу эрхийн бичиг олгогдох шийдвэр гарах буюу эрхийн бичиг олгогдсоны дараа гэрээ байгуулдаг байгаа. Тиймээс эрхийн бичиг гараагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч 2021 онд шаардлага гаргаж мэдэгдэл хүргүүлсэн учир хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна...гэв.
Хариуцагч ...-ийг төлөөлөн захирал .... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Манай компани 2013 оны 9 дүгээр сарын 10-нд ....нд өөрийн зочид буудалдаа богино долгионы радио станц ашиглах зөвшөөрөл хүсэж, материалаа хүргүүлсэн ба 2013 оны 9 дүгээр сарын сүүлээр гэрээ байгуулсан. Гэвч манайд тусгай зөвшөөрөл ч гаргаж өгөөгүйн дээр ямар нэгэн хариу ирүүлээгүй бөгөөд түүнээс 2 жилийн дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 20-ны огноотой төлбөрийн нэхэмжлэх ирүүлсэн. Манайх 2015 оны 9 дүгээр сарын 03-нд төлбөрийг төлөхөөс татгалзсан хариу хүргүүлсэн. Манай компани тусгай зөвшөөрлийг удаан хүлээх боломжгүй байсан тул ажлын шаардлагаар дотуур холбооны сүлжээгээр тоноглон ашиглаж байгаа тул богино долгионы радио станц огт ашиглаагүй, ашиглах шаардлагагүй болсон тухайгаа ....нд жил болгон нэхэмжлэх бүрт нь удаа дараа мэдэгдэж байсан.
Хариу огт өгөөгүй, эрхийн бичгийг бидэнд мөн өгөөгүй байж гэрээ хийсэн өдрийн огноотой гарсан байгааг сая хэргийн материалтай танилцахдаа олж харлаа. Эрхийн бичиг гэрээ байгуулсан өдрөө гарсан байгаа нь амьдралд байхгүй зүйл, бидэнд гардуулаагүй, ашиглаагүй. 2013 оноос хойш ямар ч төлбөрийн нэхэмжлэх ирүүлж байгаагүй байж 2015 оноос гэнэт л мөнгө нэхэж эхэлсэн. Бидэнд бүрдүүлэх шаардлагатай материалын жагсаалтыг имэйлээр явуулж, гэрээний бэлэн загвар ирүүлснийг нь хэвлээд, гарын үсэг зураад өгсөн. Бичиг баримт, гэрээний гарын үсэг зурсан хувиа ....нд өгөөд явсан. Тэр өдрөө хариу хэлээгүй. Дараа нь шуудангаар гэрээний нэг хувийг л явуулсан байсан. Эргээд бидэнтэй холбогдоогүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...гэв.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
.... нь ...-д холбогдуулан, Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээний дагуу 2013-2015 оны эрхийн бичгийн төлбөр 350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ...-иас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээг бичгээр байгуулсан боловч уг гэрээ хэрэгжээгүй, нэхэмжлэгч тал гэрээний дагуу тусгай зөвшөөрлийн эрхийн бичгийг олгоогүйн улмаас богино долгионы радио станц ашиглаж чадаагүй учир төлбөр төлөх үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.
...-ийн Эрхийн бичиг хүсэх тухай 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан №21 тоотыг .... хүлээн авч, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Радио давтамж ашиглах 87713 улсын бүртгэлийн дугаартай эрхийн бичиг гарч, улмаар талууд 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 87713 тоот Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээг бичгээр байгуулсан байна. /хх 6-10/
Улмаар 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ....ны 66 дугаар тогтоолоор Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, ....ны санхүү ... гарын үсэг зурж баталгаажуулсан тооцоолол бүхий баримтаар ...-ийг 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 105,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 245,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар тооцжээ. /хх-12/
Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна гэж заасны дагуу хариуцагчаас 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүсэлт гаргасны дагуу 9 дүгээр сарын 26-ны өдөр эрхийн бичиг гарч, талууд гэрээг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Иймд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцүүлэн, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.
Харин хариуцагч ... нь гэрээ хэрэгжээгүй буюу гарын үсэг зурсан боловч эрхийн бичиг олгогдоогүйн улмаас богино долгионы радио станц ашиглаж чадалгүй гэрээнээс татгалзсан гэж тайлбарласан боловч тус гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах талаар болон эрхийн бичгийг хүчингүй болгох талаар нэхэмжлэгч ....нд мэдэгдээгүй болох нь хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч ...ийн ...бичиг баримтуудыг би бүрдүүлж өгсөн, имэйлээр ирүүлсэн баримт шаардлагуудыг нь бүрдүүлж өгсөн ч хариу өгөхгүй алга болсон. Эрхийн бичиг ирж аваарай гэж хэлээгүй, гэрчилгээг гар дээр аваагүй... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон.
Талуудын байгуулсан гэрээний 6.1-т Эрхийн бичиг эзэмшигч нь Радио долгионы тухай хуулийн 5.2.3-т заасан журмын дагуу Радио давтамж ашигласны төлбөрийг жил бүр холбогдох үзүүлэлтүүдийг үндэслэж шинэчлэн тооцоолсон хавсралт 1-ээр зохицуулах хорооны ...дансанд жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны дотор багтаан төлнө гэж, гэрээний 6.2-т Энэхүү гэрээний 6.1-д заасан төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсон тохиолдолд төлбөрийг тухай бүр тооцоолж гэрээнд хавсаргана гэж тус тус заасан байна.
Түүнчлэн, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор хуульчилжээ.
Гэтэл ...-д гэрээний дагуу радио давтамж ашиглах нөхцлийг .... бүрдүүлээгүйн улмаас хариуцагч эрхийн бичгийг ашиглаагүй, эрхийн бичгийн төлбөрт өөрчлөлт орсон талаар хариуцагч талд мэдэгдээгүйн зэрэгцээ энэ талаар гэрээнд хавсаргагдсан эсэх нь тодорхойгүй, хариуцагч тал эрхийн бичгийн дагуу тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулаагүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхээ хэрэгжүүлэлгүй хариуцагчаас төлбөр шаардсан нь Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Мөн нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Талуудын байгуулсан гэрээ 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид шаардах эрх 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс үүссэн, хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан тус компанийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч талыг 2018 онд шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж дүгнэн, түүнээс хойш нэхэмжлэл гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул хариуцагч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж дүгнэв.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ....ноос гаргасан ...-иас 350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Төрийн байгууллага байх тул тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...-иас 350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ....ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА