| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0084/Э/202/2019/0039/ |
| Дугаар | 2019/ШЦТ/87 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Од холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Г.О,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Г.О нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр .... тоотод гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эх, хохирогч Ж.Сын толгойн үснээс зулгааж, түлхүүрийн оосор шидэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мэдүүлэг өгөхгүй …” гэв.
Шүүгдэгч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 сарын 06-ны өдөр .... тоотод гэртээ байж байсан. Манай ээж Ж.С нь аймгийн тамгын газарт бариач хийдэг юм. Тэгээд ээжийг ажлаасаа гар гээд хэрүүл маргаан болоод манай ээж үгүй гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд ээж Сын үснээс нь зүүн гараараа зулгааж байгаад тавьчихсан юм. Тэгээд гэрийнхээ хаалгаар гарах гээд явж байтал ээж араас юм хэлээд байх шиг байсан. Тэгэхээр нь эргэж хараад баруун гартаа барьж байсан түлхүүрийн оосроо нүүрэн хэсэг рүү нь шидсэн, тэгтэл ээжийн нүүрэн тус газарт оносон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/
Хохирогч Ж.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед ажлаасаа цайндаа орох гээд гэртээ ирэхэд манай хүү О их ууртай нохой зодож, цохиж байсан юм. Тэгээд би чи ямар ууртай юм бэ битгий ингэж бай, нохойгоо битгий зод гэж хэлсэн юм. Тэгтэл миний өөдөөс уурлаад гэр дотор шууд үсдээд ална шүү гэж хэлээд л над руу гартаа барьж байсан түлхүүрийн оосроо миний өөдөөс шидсэн. Тэгтэл миний зүүн нүдний хөмсөгний орчим онох шиг болсон. Нилээн урт түлхүүрийн оосор байсан. Хамар, ам, нүд оногдож цохигдсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, шинжээч О.Баатаржав, Я.Г, Э.А нарын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “...Г.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.О нь өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байна. Г.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.О нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн 609 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2019 оны 03-р сарын 15-ны өдрийн “...Ж.Сын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Ж.Сын биед учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.О нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр .... тоотод гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эх, хохирогч Ж.Сын толгойн үснээс зулгааж, түлхүүрийн оосор шидэн түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 сарын 06-ны өдөр .... тоотод гэртээ байж байсан. Манай ээж Ж.С нь аймгийн тамгын газарт бариач хийдэг юм. Тэгээд ээжийг ажлаасаа гар гээд хэрүүл маргаан болоод манай ээж үгүй гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд ээж Сын үснээс нь зүүн гараараа зулгааж байгаад тавьчихсан юм. Тэгээд гэрийнхээ хаалгаар гарах гээд явж байтал ээж араас юм хэлээд байх шиг байсан. Тэгэхээр нь эргэж хараад баруун гартаа барьж байсан түлхүүрийн оосроо нүүрэн хэсэг рүү нь шидсэн, тэгтэл ээжийн нүүрэн тус газарт оносон юм...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед ажлаасаа цайндаа орох гээд гэртээ ирэхэд манай хүү О их ууртай нохой зодож, цохиж байсан юм. Тэгээд би чи ямар ууртай юм бэ битгий ингэж бай, нохойгоо битгий зод гэж хэлсэн юм. Тэгтэл миний өөдөөс уурлаад гэр дотор шууд үсдээд ална шүү гэж хэлээд л над руу гартаа барьж байсан түлхүүрийн оосроо миний өөдөөс шидсэн. Тэгтэл миний зүүн нүдний хөмсөгний орчим онох шиг болсон. Нилээн урт түлхүүрийн оосор байсан. Хамар, ам, нүд оногдож цохигдсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2019 оны 03-р сарын 15-ны өдрийн “...Ж.Сын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Ж.Сын биед учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, шинжээч О.Баатаржав, Я.Г, Э.А нарын 2019 оны 04 дүгээр сарын 17 ны өдрийн “...Г.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.О нь өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байна. Г.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.О нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн 609 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Г.О нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн эх Ж.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл явдал тогтоогдож, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж заасан байна.
Хуулийн энэхүү зохицуулалтаар шүүгдэгч Г.О нь гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий этгээд болох төрсөн эхийнхээ эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” гэнэ.
Энэ хуулийн 6.3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ” гэж заасан.
Хавтаст хэрэгт авагдсанаар хохирогч Ж.С нь 62 настай, дээд боловсролтой, бага эмч сувилахуй арга зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан хэдий ч аймгийн тамгын газарт эмч ажилтай болох нь тогтоогдсон байна. Хохирогчийн өөрийн хүсэл сонирхлын дагуу мэргэжлийн ажлаа хийж байгааг шүүгдэгч О үл зөвшөөрч ажлаасаа гар гэсэн шаардлага тавьж түүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл буюу ажлаа хийхгүй байхыг албадаж сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж улмаар түлхүүр нүүр рүү нь шидэж тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл учруулан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн нь хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтаар тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан ба харин хүндрүүлэх нөхцөл байдалтай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулахаар заасан.
Иймд шүүгдэгч Г.Оийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасныг баримтлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ж.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О нь “...би өөрөө ямар ч орлого байхгүй, хувьд ногдох эд хөрөнгөгүй, гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаад торгох ялын мөнгийг ээж маань ажил хийж байгаа болохоор надад өгнө гэсэн...” мэдүүлэг,
хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь эд хөрөнгөгүй, цалин хөлс байхгүй, орлого олох боломжтой гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн шударга ёсны зарчимд харшилж байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульд заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт: “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан нь прокурорын саналын хүрээнд ял оногдуулна гэсэн зохицуулалт биш юм.
Харин Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “ Шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгох нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Од холбогдох хэргийг зөрчлийн хэргээр шалгах явцад хүнийг саатуулах тухай тогтоолоор 24 цаг /хх-ийн 19/ саатуулсан, Хавтаст хэргийн 22 дугаар хуудаст шүүгчийн 2019/ШЗЗ/45 дугаартай захирамжаар Г.Оийг 2019 оны 03 сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл 2 хоног саатуулсан, нийт 72 цагаар саатуулсан нь түүний эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарласан байна.
Иймд зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгох зарчимтай тул түүний саатуулагдсан 3 хоногийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзсэн болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оийн саатуулагдсан 72 цагийг эдлэх ялаас хасч тооцон нийтэд тустай ажил хийлгэх ялыг 428 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА