| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 307/2025/00116/И |
| Дугаар | 001/ХТ2025/00143 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2025/00143
“Г” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Баярмаа, Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 209/МА2025/00033 дугаар магадлалтай
Ц.Э-д холбогдох
34,082,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.А, хариуцагчийн өмгөөлөгч Ө.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Ц.Э-д холбогдуулж 34,082,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 307/ШШ2025/00250 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э-гаас 22,721,456 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,360,728 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,361 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-гаас 271,557 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 209/МА2025/00033 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2025/00250 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 242 дугаар зүйлийн 242.11, 236 дугаар зүйлийн 236.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.Э-гаас 11,360,728 төгрөгийг гаргуулж, “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,721,456 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “...хариуцагч Ц.Э-гаас улсын тэмдэгтийн хураамж 196,722 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.05.12-ны 209/МА2025/00033 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх иргэний хэргийг өөр өөрөөр шийдвэрлэж давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 11,360,728 төгрөг буюу үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талыг хассан нь нотлох баримтад ташаа хандаж, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Хэргийн үйл баримтыг тодруулахад Ц.Э урд нь эхнэртэйгээ манай байгууллагад Улаанбаатарт ажиллаж байгаад ажлаас гарч Дархан-Уул аймагт суурьшсан байхдаа дахин ирж уулзан гэрээ байгуулж Дархан дахь салбарт гэрээт борлуулагчаар гуйж эхнэрийн хамт ажиллах болсон. Ц.Э, түүний гэр бүлийн хүн болох Б.М нарын хооронд ажил үүрэг, хохирлыг төлөх талаар маргасан зүйл байдаггүй, хэрэв Ц.Э гомдол байдаг бол Б.М-д нэхэмжлэлээ гаргах эрх нь хуульд нээлттэй байгаа. Хавтаст хэрэгт болон шүүхэд Ц.Э бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэн хувьдаа хэрэглэж хөрөнгө завшсан асуудал яригддаг бөгөөд түүнийгээ цагдаагаар шалгуулахгүйн тулд байгууллагын удирдлага, санхүүтэй уулзаж гуйж, хүсэж иргэний журмаар хохирлоо өөрөө бүрэн хариуцаж байгууллагыг хохиролгүй болгон, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагчийг оролцуулахгүй байх, борлуулалтын барааны үнийг тоглоом тоглож, шоудаж өөртөө зарцуулсан, Б.М-д хамааралгүй болохоо илэрхийлэн Б.М-тэй ярьсан утасны бичлэгийг нотолгоо болгон сонсгон зөвхөн өөрийгөө хариуцагч болгон шүүхэд хандахыг зөвшөөрсөн өргөдлийг нотлох баримт болгон өгснийг давахын шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай ташаа болсон. Жич: Анхан шатны шүүх хуралдааны 2025.02.13-ны 00053 тоот тэмдэглэл /1-р хуудас/, "...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Миний утсан дээр бичлэг байгаа. Үүнийг сонсгож болох уу ... 2024.11.18-ны Ц.Э, Т.С, Б.М нарын нотариатаар батлуулсан гэрээ...гаргаж өгье.” гэсэн байдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус байгууллагад агуулахын нярав хийдэг, надтай Ц.Э уулзангаа удирдлагад хэлээд намайг цагдаад өгөхгүй байгаач, энэ хэрэгт эхнэрээ оролцуулмааргүй байна, би Б.М-д мэдэгдэхгүйгээр борлуулалтын мөнгийг цахим мөрийтэй тоглоом, покер, койн зэрэгт мөнгө оруулж тоглож бусадтай нийлж наргисан, зарим үед Б.М ирж борлуулалтын бараатай машиныг надаас авч явдаг байснаа учирлан энэ тухайгаа Б.М-тэй ярьсан бичлэг, буруугаа хүлээж зөвхөн би хариуцна гэж гуйсан тул хүсэлтийн дагуу Б.М-г оролцуулаагүй учир шалтгааныг давах шатны шүүх анхаарсангүй. Ц.Э анхан шатны шүүхэд Б.М-г хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргах, энэ талаар нэхэмжлэгчид мөн санал хэлсэн баримт байдаггүй. Ц.Э-гийн ээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болохоор итгэмжлэлд тусгаагүй, өөрийн бодол санаагаа илэрхийлээд байгааг анхаарна уу. Гэр бүлийн хоёрын хэн нь ч борлуулалтаа хийж, машин барих боломжтой нарийн тусгайлах зааг ялгаа байхгүй ажил, үүрэг байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар Ц.Э-гийн эрх зөрчигдөөгүй. Тухайлбал, эрүүгийн журмаар хохирлоо барагдуулаагүй гэр бүлийн хүнээ хэрэгт оролцуулаагүй, алданги төлөөгүй /11 сая төгрөг/ ашигтай, байгууллагад хохиролтой хэдий ч анхан шатны шүүхийн 2025.02.13-ны 00250 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 00033 тоот магадлалыг хүчингүй болгож, хууль хэрэглээний зөрчлийг арилгана уу гэжээ.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.06.27-ны өдрийн 001/ШХТ2025/00659 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Ц.Э-д холбогдуулан бараа борлуулсны төлбөр болон алдангид нийт 34,082,184 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “...манайх ус ундааны борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Б.М, Ц.Э нартай 2024.07.18-ны өдөр “Гэрээт борлуулагчийн гэрээ”-г байгуулж, борлуулагч нар Дархан-Уул аймагт түгээлт хийж байсан. 2024.11.01-2024.11.05-ны хооронд тооцоо нийлэхэд 22,721,456 төгрөгийн дутагдал илэрсэн ба тэд тухайн үед дутагдлыг хүлээн зөвшөөрч, төлбөр тооцоог барагдуулна гэсэн ч хохирлыг барагдуулаагүй. Уг төлбөрийг Ц.Э хариуцна гэсэн учраас Ц.Э-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Гэрээний 6.5 дахь заалтад 0.5 хувийн алданги тохирсон тул гэрээний үүргийн гүйцэтгэл биелэх өдөр буюу 2025.08.18-ны өдрөөс хойш тооцоход алданги 11,360,728 төгрөг байна. Иймд хариуцагч Ц.Э-гаас бараа борлуулсны төлбөр 22,721,456 төгрөг, алданги 11,360,728 төгрөг, нийт 34,082,184 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан байна.
Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргахдаа “... Ц.Э, Б.М нар гэрээт борлуулагчаар ажиллаж байсан. Б.М нь хамтран амьдрагч Ц.Э-тай хамт борлуулалт хийдэг байсан ба Б.М л барааг хүлээн авч гарын үсгээ зурдаг, тэрээр бараа борлуулсны төлбөрийг өөрийн дансаар авч, компанийн дансанд тушаадаг зарчмаар ажиллаж байсан. Ц.Э нь ачаагаа ачиж буулгаад, машинаа жолоодоод, өөрийнхөө хамтран амьдрагчдаа туслаад явж байсан. Улмаар 2024.10.29-ний өдөр үлдэгдэл бараагаа тушаагаад, энэ харилцаа дуусгавар болсон. Тус компанийн нярав Т.С нь намайг цагдаад өгнө гэж 2024.11.03-ны өдөр ярьсан тул 2024.11.05-ны өдөр хүсэлт бичээд, нотариатаар батлуулж өгсөн. 2024.11.18-ны өдрийн Тооцоо нийлэх гэрээ нь 22,721,456 төгрөгийг 2025.03.18-ны дотор хэсэгчлэн төлж болно, хүү тооцохгүй гэсэн нөхцөлтэй. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч нь намайг ганцааранг нь хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн алдангийг 2024.08.18-ны өдрөөс хойш тооцсон гэж байгаа нь ойлгомжгүй байна” гэжээ.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...талуудын хооронд Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2 дахь хэсэгт заасан комиссын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй. Талууд 2024.11.05-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, Б.М, Ц.Э нар нь 22,721,456 төгрөгийн өртэй гарсныг баталгаажуулсан байх тул “Г” ХХК нь Б.М, Ц.Э нараас тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдсон төлбөр болох 22,721,456 төгрөгийг шаардах эрхтэй. “Гэрээт борлуулагчийн гэрээ”-нд Б.М, Ц.Э нар гарын үсэг зурж, гэрээт борлуулалтын ажлыг Б.М, Ц.Э нар хамтран гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул Б.М, Ц.Э нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Түүнчлэн, хариуцагч Ц.Э-гийн 2024.11.05-нд гаргасан баталгаанд тэрээр нэхэмжлэгч компанид гэрээт борлуулагч хийж байснаа зөвшөөрсөн тул “Г” ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас бүхэлд нь нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нь Б.М, Ц.Э нартай 2024.11.18-ны өдөр “Тооцоо нийлэх гэрээ” байгуулахдаа компаниас итгэмжлэл аваагүй байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах боловч энэ нь хариуцагчийг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч Ц.Э нь 22,721,456 төгрөгийг төлөх үүрэгтэй” гэж үзсэн. Харин алдангийн тухайд “... гэрээний 6.5-д заасан Төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, алдангийн тооцоолол нь хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн төгрөгөөс алданги тооцож нэхэмжилсэн нь тодорхойгүй” гэж дүгнэн, алданги 11,360,728 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.
9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй буюу ”Гэрээт борлуулагчийн гэрээ-гээр хариуцагч нь компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, нэхэмжлэгч нь борлуулсан бүтээгдэхүүний 10 хувийг хөлс болгож өгөх талаар тохиролцсоноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан ба Б.М, Ц.Э нар нь 22,721,456 төгрөгийн өртэй гарсныг баталгаажуулсан баримт байна. “Г” ХХК нь Б.М, Ц.Э нараас тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдсон төлбөр болох 22,721,456 төгрөгийг шаардах эрхтэй гэсэн нь үндэслэлтэй. Компанийн гэрээт борлуулалтын ажлыг Б.М, Ц.Э нар хамтран гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул тэднийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Хэрэгт авагдсан баримт зохигчийн тайлбараас үзвэл үүргийг зөвхөн нэг үүрэг гүйцэтгэгчээс шаардсаныг бүрэн хангах боломжгүй байх тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар үүрэг тэнцүү байх журмын дагуу үүргийг хариуцуулах нь зүйтэй. Хамтран үүрэг гүйцэтгэгч нар өөрсдийн гүйцэтгэх үүргийн талаар гэрээнд тодорхойлоогүй, хэн нь ямар үүрэг гүйцэтгэх талаар тохиролцоогүй байгаа тул Б.М, Ц.Э нарын үүргийг тэнцүү гэж дүгнэн дагуу хариуцагч Ц.Э-гаас 11,360,728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэж дүгнэсэн. Түүнчлэн анхан шатны шүүх “...алдангийн тооцоолол тодорхойгүй, алданги тооцох тухай гэрээний заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна гэж дүгнэн алдангийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй” гэсний зэрэгцээ гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болох Б.М-гээс гэрээний үүргийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй гэжээ.
10.Нэхэмжлэгч “Г” ХХК нь Б.М, Ц.Э нартай 2024.07.18-ны өдөр “Гэрээт борлуулагчийн гэрээ” байгуулсан бөгөөд борлуулагч нар 2024.07.18-2024.10.29-ний өдрийг хүртэл нийт 65,310,160 төгрөгийн бараа авч, 38,805,704 төгрөгийг компанид төлж, 26,504,456 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба тооцоо нийлснээр Б.М, Ц.Э нар нь 22,721,456 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж, гарын үсэг зурсан. Түүнчлэн хариуцагч Ц.Э нь 2024.11.05-ны өдөр тус компанид 2024.07.18-ны өдрөөс гэрээт борлуулагч хийж байсан тухай болон компанид өгөх үлдэгдэл тооцоо 18,700,000 төгрөг байгаа. 2024.11.15-нд бүрэн төлж барагдуулах болно гэх баталгаа бичиж өгч, нотариатаар гэрчлүүлжээ. Улмаар 2024.11.18-ны өдөр “Тооцоо нийлэх гэрээ” байгуулж, борлуулагч Б.М, Ц.Э нар нь тооцооны үлдэгдэл 22,721,456 төгрөгийг 202.03.18-ны өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцож, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон байна.
11.Талуудын хооронд анх үүссэн харилцааны эрх зүйн үндэслэлийг анхан шатны шүүх комиссын гэрээ гэж, давж заалдах шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээ гэж зөрүүтэй тодорхойлсон.
12.Хэрэгт авагдсан 2024.07.18-ны өдрийн “Гэрээт борлуулагчийн гэрээ”-нээс талуудын хүсэл зориг, тохиролцсон нөхцөл, гэрээний зорилго, хэрэгцээ шаардлага, гэрээ хэрэгжсэн байдал зэргийг тодорхой болгосноор зохигчийн хооронд үүссэн гэрээний үүргийн төрлийг тогтоох боломжтой.
12.1.Гэрээний эхлэлд “...талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү Бараа бүтээгдэхүүн хөлсөөр тээвэрлэх, түгээх гэрээг байгуулав” гэсэн бол нийтлэг үндэслэл буюу 1.1-д “Г” ХХК нь өөрийн импортолсон болон үйлдвэрлэсэн чанарын өндөр үзүүлэлт бүхий, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахуйц, эрхийн болон биет байдлын доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр нийлүүлэх, Б.М, Ц.Э нар нь хэрэглэгч болон үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг ханган өндөр түвшинд үйлчлэх, нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах хамтын үйл ажиллагааг зохицуулна” гэж,
12.2.Харин 3.5-д “...гэрээт борлуулагч талтай хамтран төлөвлөгөө баталж, барааны идэвхжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол нийлүүлэгчийн урамшуулал нь өмнө нийлүүлэгдсэн бараанд үйлчлэхгүй...” гэсэн бол 3.7-д “Нийлүүлэгч барааны борлуулалтын байдалтай танилцаж, гэрээт борлуулагчийн түгээсэн худалдааны цэгүүд дээр барааны борлуулалтын үйл ажиллагаанд санал өгөх эрхтэй” гэж,
12.3.Гэрээний 6.1-д “Зээлээр авсан барааг тухайн сардаа багтааж төлбөрийг төлж барагдуулсан байна” гэж, 6.2-т “Гэрээт борлуулагч тал нь тээвэрлэлт, үйлчилгээний төлбөрт борлуулсан барааны үнийн дүнгээс 10 хувиар борлуулалт түгээлтийн төлбөрийг тооцож өгнө” гэж,
12.4.Нийлүүлэгчийн эрх, үүрэг гэсэн хэсгийн 7.2.6-д “Зээлээр худалдан авалт хийж буй тохиолдолд гэрээт борлуулагч талын агуулахын өөрийн бүтээгдэхүүний нөөцөд тооллого хийж, акт үйлдэх эрхтэй” гэсэн бол гэрээт борлуулагчийн эрх, үүрэг хэсгийн 8.1.3-т “гэрээт борлуулагч тал нь хугацааны буцаалт гаргахгүй ажиллах үүрэгтэй” гэж,
12.5.Гэрээний 9.4-т “Талуудын аль нэг нь нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд гэрээний эрх, үүргээ шилжүүлэх, мөн нөгөө талдаа урьдчилан мэдэгдэхгүйгээр гэрээг дангаараа цуцлахыг хориглоно” гэсний зэрэгцээ 9.5-д “Талууд хамтран ажиллах хугацаандаа 2 талын бизнесийн болон санхүүгийн нууцтай холбоотой мэдээллийг бусдад мэдэгдэхийг хориглоно. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг буруутай тал бүрэн хариуцна” гэж тус тус тохиролцсон байна.
Хэргийн баримт, талуудын тайлбар болон “талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр Бараа бүтээгдэхүүн хөлсөөр тээвэрлэх, түгээх гэрээг байгуулав” гэсний зэрэгцээ уг гэрээний 3.7, 6.1, 6.2, 7.2.6, 8.1.3-т заасан нөхцөлөөс /Тогтоолын 12.2-12.2.4/ үзэхэд Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2-т заасан комиссын гэрээ гэж тодорхойлох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээнд борлуулагч гэж нэрлэгдсэн Б.М, Ц.Э нар нь бараа бүтээгдэхүүнийг өөрийн нэрээр борлуулж байсан тухай болон “Г” ХХК-ийн зардлаар барааг борлуулж, эрх хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдохгүй байх тул “Өөрийн нэрийн өмнөөс, гэхдээ бусдын зардлаар барааг борлуулж, эрх хэрэгжүүлэх этгээдийг комисс гэнэ.” гэсэн зохицуулалтад хамаарахгүй. Комисс нь үйлчлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг түүний зардлаар, өөрийн нэрийн өмнөөс худалдан борлуулж, уг борлуулалтын орлогоос хувь, урамшуулал авахаар тохиролцдог бөгөөд талуудын хийсэн гэрээнд борлуулагч тал барааг зээлээр авах, улмаар гэрээт борлуулагч тал нь хугацааны буцаалт гаргахгүй ажиллах үүрэгтэй гэж тохиролцсон нь комиссын гэрээний үндсэн зорилгод нийцэхгүй байна.
13.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэсэн байх боловч “Гэрээт борлуулагчийн гэрээ”-ний 3.5, 6.1, 7.2.6, 8.1.3-т заасан тохиролцоог хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт хамааруулах боломжгүй. Түүнчлэн мөн хуулийн 363 дугаар зүйлийн 363.1-д заасан “Ажиллуулагч нь ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй” гэсэн агуулгатай нөхцөл уг гэрээнд тусгагдаагүй, талуудын хооронд ажиллагч, ажиллуулагч гэх эрх зүйн байдал үүсээгүй байх тул давж заалдах шатны шүүх комиссын гэрээ биш харин хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь гэрээний агуулга болон нөхцөлд тохирсонгүй.
14.Иргэний эрх зүй дэх гэрээний тусгай төрлүүд нь өөр өөрийн үндсэн шинжээрээ нэг нь нөгөөгөөсөө ялгагдаж, эрх үүрэг, хариуцлага, үр дагаврын эрх зүйн зохицуулалт нь ялгаатай байдаг. Иргэний болон арилжааны эрх зүйн харилцаанд шинэ харилцаа, гэрээний шинэ төрлүүд бий болох нь зах зээлийн эдийн засгийн хөгжлийнх нь зүй тогтол учраас 2002 оны Иргэний хуульд нэрлэгдээгүй гэрээний зохицуулалт орсон.
15.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна” гэснээр зохигчийн хооронд хуульд тухайлан заагаагүй нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн, нэг тал гэрээний үүргээ зөрчсөнөөс нөгөө тал учирсан хохирлоо Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардсан гэж үзнэ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
15.1.Анхан шатны шүүх хариуцагч Ц.Э-гаас тооцоо нийлэх гэрээгээр төлөхөөр тохиролцсон 22,721,456 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шийдэл нь үндэслэлтэй байх бөгөөд шүүх хамтран үүрэг гүйцэтгэгч нарын үүргийн эрх зүйн зохицуулалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хохирол шаардсан хэсэгт хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.
15.2.Давж заалдах шатны шүүх хохирлын тал хувийг хариуцагч Ц.Э хариуцах ёстой гэсэн үндэслэлээр 11,360,728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа маргааны үйл баримтад Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх ба магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.
16.Нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлагын талаар хяналтын шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийнэ. Нэхэмжлэгч нь “Гэрээт борлуулагчийн гэрээ”-ний 6.5 дахь заалтад 0.5 хувийн алданги тохирсон гэсэн нөхцөлөөр хариуцагчаас 11,360,728 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан. Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2024.11.18-ны өдрийн “Тооцоо нийлэх гэрээ”-ний 3.5-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж тусгайлан тохиролцсон ба үүрэг гүйцэтгэх хугацааг 2025.03.18-ны өдрөөр тогтоосон байна. Гэвч нэхэмжлэгч тал энэ хугацаа дуусаагүй байхад буюу 2025.01.13-ны өдөр шүүхэд хандахдаа хариуцагчаас алдангийг шаардсан нь үндэслэлгүй буюу хариуцагчийг гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шаардлагын үндэслэл болж буй гэрээний нөхцөлийг зөв тодорхойлоогүйгээс “алдангийг хэзээнээс тооцох нь ойлгомжгүй” гэх агуулгатай буруу дүгнэлт хийснийг залруулав.
17.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 209/МА2025/00033 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 307/ШШ2025/00250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э-гаас 22,721,456 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,360,728 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 198,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД