Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1051

 

2020         08           20                                           2020/ДШМ/1051

Л.Эт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,

шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч З.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/484 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Эт холбогдох эрүүгийн 1909046510044 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

.........., 19..... оны ...... дугаар сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Улсын Их хурлын Тамгын газарт эдийн засагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун тасган 1 дүгээр гудамжны 46 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжы 91 дүгээр байрны 50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................/;

 

Л.Э нь 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сентоза” бааранд иргэн М.Түвшинтөрийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “шинэ жилийн үйл ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан” гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамар, дээд уруул, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ...................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Л.Э нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч М.Түвшинтөрийн гэмтлийн талаарх зураг бүхий 1 ширхэг сидиг хавсаргаж ирүүлснийг тус тус дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч миний гаргасан “хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл шалтгааныг бодитой тогтоолгох, гэрчүүдийг заавал оролцуулах, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, тодорхойгүй учир шинжээчийг заавал оролцуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг тодорхой биш, хэргийн газарт үзлэг хийж, хохирогч унах үед эд зүйлд цохигдох боломжтой эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар мухарлан шалгах ёстой” гэсэн саналыг шүүх хүлээн аваагүйд гомдолтой. Хэрэг гарсан үед хохирогч, холбогдогчтой хэн алинтай нь хамт ажилладаг хүмүүс байсан бөгөөд цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхдөө нэгэн ижил байдлаар үзээгүй, хараагүй, согтуурсан байсан гэх мэдүүлгийг яг адил үг, хэллэгээр өгсөн байсан учир шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулж тодруулах асуулт тавих хүсэлтийг хангаагүйд гомдолтой. Хохирогч М.Түвшинтөр тогтвортойгоор мэдүүлсэн учир Л.Эын мэдүүлэг бодитой бус, гэрч нарын мэдүүлэгт эргэлзээ төрүүлэхээр ач холбогдолтой байж чадахааргүй байна гэсэн шүүхийн дүгнэлт хэт өрөөсгөл болсон. Шүүх хуралдаанд оролцох гэрч ямар байдлаар мэдүүлэг өгөхийг урьдаас таамаглах ёсгүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрчийн мэдүүлгийг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үнэлэх нь хуульд харшилна. Зүй нь, хэргийн талаар нэмж мөрдөн шалгах ажиллагааг явуулахгүй гэж үзсэн тохиолдолд хохирогч, холбогдогчийн зөрүүтэй мэдүүлгийг хэргийн бусад баримттай, түүний дотор гэрчийг шүүх хуралдаанд оролцуулж асуух замаар тодруулснаар хэргийн бодит байдлыг тогтооход дөхөм болох байсан. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч, гэрчүүдийг оролцуулах хүсэлтийг хангаж захирамж гаргасан боловч оролцуулалгүй шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Гэмт хэргийн улмаас М.Түвшинтөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нэг мөр тогтоогоогүй, шинжээчийн 2 өөр дүгнэлт гаргасан, тухайлбал хамарт ямар төрлийн гэмтэл учирсан нь ойлгомжгүй атлаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэсэн байхад М.Түвшинтөр нь хамрын гэмтлийн мэс заслын төлбөрт Л.Эаас 2.500.000 төгрөг шаардан авсан, эмнэлгийн төлбөр нэхэмжилсэн хуулбар баримт хэрэгт гарган нөхцөл байдлыг шүүх анхаарч дүгнэсэнгүй. Түүнчлэн хэрэг гарах үед хамт явсан гэрч өөрийн гар утсаа олохгүй учир үйлчлүүлсэн өрөөний камерын бичлэгийг шүүж байж олсон үйл баримтын талаар мэдүүлсэн байхад шалгаагүй, хэргийн газрын үзлэг хийгээгүй, камерын бичлэгийг анхнаасаа бэхжүүлж авалгүй зориуд удаасан зэргээр шалгавал зохих асуудлуудад дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. Иймд Л.Эын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн нөхцөл байдлыг нэг мөр мөрдөн шалгасны дараа хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх саналтай учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шинжээч дүгнэлтэндээ хохирогчид учирсан гэмтлүүдийг тодорхой дурдаж өгсөн. Хоёр удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээч хохирогчид учирсан гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ “бид хоёрын дунд анх удаа маргаан үүссэн. Ийм асуудал болсонд маш их харамсаж байна” гэсэн байдаг. Тухайн үед маргаан өрнөсөн, маргаанаас болж зодоон үүссэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Эыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Л.Э нь 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сентоза” бааранд иргэн М.Түвшинтөрийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “шинэ жилийн үйл ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан” гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамар, дээд уруул, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Түвшинтөрийн “...2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө “Сентоза” бааранд ажлын газрын хүмүүстэйгээ орж үйлчлүүлсэн. Караокед ороод үйлчлүүлж байхад манай ажлын газрын Л.Э юм ярьж байгаад үл ойлголцол гараад маргаж эхэлсэн. ...Л.Э караокены өрөөнд миний нүүр хэсэг рүү 2-оос 3 удаа цохисон. Тэгээд би газар унасан. Миний хамарнаас цус гарсан. ...Тухайн үед би өөр ямар нэгэн хүнтэй маргалдаагүй. ...” /хх 4-5/,

гэрч Б.Жамбал-Очирын “...“Сентоза” караокед орж үйлчлүүлсэн. Караокены өрөөнд М.Түвшинтөр, Л.Э нар зэрэгцээд суучихсан юм яриад сууж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь хоёулаа газар унасан дээр, доор орчихсон ноцолдож байхаар нь салгасан. Тэр үед М.Түвшинтөрийн хамарнаас цус гарчихсан байсан. А.Цэдэнсодном бид хоёр салгасан. ...” /хх 9/,

гэрч А.Цэдэнсодномын “...босоод иртэл Л.Э, М.Түвшинтөр 2 газар уначихсан байсан. М.Түвшинтөр нь явган суучихсан, Л.Э тохойгоороо газар уначихсан байсан. ...Тэгээд тэр хоёрыг салгаад гарцгаасан. М.Түвшинтөрийн хамар хэсгээс цус гарсан байсан. ...” /хх 10/,

шүүгдэгч Л.Эын яллагдагчаар өгсөн “...Бид 2 ноцолдоод газар унасан. Бие биенийхээ дээр гарах гээд ноцолдсон. Караокед байсан Ц.Энхжаргал, Б.Цэцэгдэлгэр, Б.Жамбал-Очир, А.Цэдэнсодном нар салгасан. ...Тухайн үед хамарнаас нь цус гарсан байсан учир би өөрийгөө нэг удаа цохисон байж магадгүй гэж бодсон. Одоо бодоход нудралдсанаас болж цус гарсан гэж бодож байна. ...” /хх 24-25/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 277 дугаартай “...М.Түвшинтөрийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамар, дээд уруул, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, үүдэн 1 шүдний эмтрэл гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /хх 12-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 274 дугаартай “...М.Түвшинтөрийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамар, дээд уруул, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, үүдэн дээд 1 шүдний эмтрэл гэмтэл учирсан. Зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, үүдэн дээд 1 шүдний эмтрэл гэмтэл нь бүрдлээрээ болон дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 58-59/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Л.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Л.Эыг иргэн М.Түвшинтөртэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамар, дээд уруул, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Л.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх “...анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч миний гаргасан “хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл шалтгааныг бодитой тогтоолгох, гэрчүүдийг заавал оролцуулах, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, тодорхойгүй учир шинжээчийг заавал оролцуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг тодорхой биш, хэргийн газарт үзлэг хийж, хохирогч унах үед эд зүйлд цохигдох боломжтой эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар мухарлан шалгах ёстой” гэсэн саналыг шүүх хүлээн аваагүйд гомдолтой. Хэрэг гарсан үед хохирогч, холбогдогчтой хэн алинтай нь хамт ажилладаг хүмүүс байсан бөгөөд цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхдөө нэгэн ижил байдлаар үзээгүй, хараагүй, согтуурсан байсан гэх мэдүүлгийг яг адил үг, хэллэгээр өгсөн байсан учир шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулж тодруулах асуулт тавих хүсэлтийг хангаагүйд гомдолтой. ...Гэмт хэргийн улмаас М.Түвшинтөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нэг мөр тогтоогоогүй, шинжээчийн 2 өөр дүгнэлт гаргасан, тухайлбал хамарт ямар төрлийн гэмтэл учирсан нь ойлгомжгүй атлаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэсэн байхад М.Түвшинтөр нь хамрын гэмтлийн мэс заслын төлбөрт Л.Эаас 2.500.000 төгрөг шаардан авсан, эмнэлгийн төлбөр нэхэмжилсэн хуулбар баримт хэрэгт гарган өгсөн нөхцөл байдлыг шүүх анхаарч дүгнэсэнгүй. ...Иймд Л.Эын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн нөхцөл байдлыг нэг мөр мөрдөн шалгасны дараа хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх саналтай учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрч, шинжээчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтооход сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээргүй байх ба харин тэдний мэдүүлэг болон дүгнэлтэд шүүх үнэлэлт-дүгнэлт өгсөн байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хохирогчид хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон учир Л.Эаас М.Түвшинтөрд өгсөн 2.500.000 төгрөгийн талаар шүүх шийдвэр гаргаагүй байх ба шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.” гэсэн атлаа “Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ...эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ...торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.” гэж хоорондоо зөрчилтэй байдлаар дүгнэлт хийсэн нь буруу болжээ. Гэвч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил биш байна гэж үзэв.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/484 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/484 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ