Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/180

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

Иргэдийн төлөөлөгч Т.Ч,

Улсын яллагч Б.Лувсанцэрэн,

Шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.8-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Уод холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн агуулга:  /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Э.Уод нь 2023 оны 6 дугаар сарын 16-с 17-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн Усны аж ахуй А1-0 тоот хашаанд байрлах монгол гэрт хамтран амьдрагч О, хадам ээж Т.Онарыг байхад гал тавьж хоёр ба түүнээс дээш хүнийг буюу Оамь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.8-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.У нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2334000000002 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хх-ийн 2-5 тал/,

-Мэдүүлгийг газарт дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-10 тал/,

-Шүүгдэгч Э.Уын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хх-ийн 22-39 тал/,

-Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, баримтууд /1-р хх-ийн 40-57 тал/,

Хохирогч П.Б“...Би Э.У гэх залуутай 2021 оноос хойш ирж очин хамт амьдарч байгаа юм. Энэ хүн бол хааяа байж хааяа яваад өгдөг юм. Э.У 2023 оны 6 дугаар 10-ны өдөр гэрээс гараад айлд юм хүргэж өгнө гэж хэлээд л гараад явсан. Түүнээс хойш ирээгүй. 2023 оны 6 дугаар сарын 16-ны орой 21 цаг 30 минутад ажлаасаа тараад 21 цаг 40 минутад гэртээ очсон. Гэрт манай ээж Т.О, хүү н.Төгс-Эрдэнэ нар байсан. 22 цаг 20-30 минутын үед ээж Т.О96353577 дугаарын утас руу Э.У 85110042 дугаарын утсаар залгахаар нь би аваад ярьсан чинь Э.У “чамтай ярихгүй ээ, ээжтэй ярья” гэсэн. Тэгээд ээжтэй яриулсан чинь үүдэнд ирчихсэн байна, гараад ир гэхийн гээд гарсан. Э.У цагаан өнгийн приус-20 маркийн автомашинтай ирчихсэн ээжтэй юм яриад зогсож байсан. Ээж гэрт орж ирэхдээ цагаан өнгийн тортой юм бариад н.Даваадорж ахад чинь өгч байгаа юм гэнээ гээд орж ирсэн. Бид гурав 01 цагийн үед орондоо ороод унтаж байхад 01 цаг 35 минутад миний 95099051 дугаарын утас руу Э.У 85110042 дугаарын утас руу залгаад “ээжтэй яръя” гэхээр нь би “унтаж байна, чи битгий харанхуй шөнө залгаад бай” гэж хэлээд салгасан. Ээж рүү залгахаар нь ээж утсаа аваагүй унтаад өгсөн. Шөнө дунд унтаж байхад ээж намайг дуудаад тэнд нэг юм асаад байх шиг байна үүд рүү заасан чинь гэрийн баруун хатавчинд байх хогийн савны ард талд нь байх хөшиг шатаж байсан. Тэгээд шанагаар ус аваад хоёр удаа цацсан чинь гал нь хана өөд шатаад явчихсан. Ээж хаалга түлхсэн чинь онгойхгүй, бид хоёр хамт түлхээд ч онгойлгохгүй байсан. Би 102 дугаарын утас руу 02 цаг 40 минутад дуудлага өгөөд дараа нь 101 дугаарын утас руу 02 цаг 41 минутад залгаж дуудлага өгсөн. Би гэрийн тооноор гарах гээд пилонкийг зүсээд гарах гээд авирсан чинь хүрэхгүй болохоор нь ээж, хүүхэд бид гурав хам түлхээд завсар гарсан чинь хаалганы гаднаас Э.У хаалга дараад түлхэж байсан. Би “чи наад хаалга онгойлгооч ээ бид нар үхлээ шдээ” гэтэл Э.У “та нар намайг хайрлахгүй байхад, би та нарыг хайрлаж яадаг юм” гээд хаалга түлхээд байсан. Тэгээд бид гурав хаалгаа түлхсээр байгаад гарсан. Бид нар удаан байсан бол угаартаж үхэхээр байсан. Гэрт юу ч харагдахгүй утаа, угаар болчихсон байсан. Тэгээд бид гурвыг гарангуут Э.У гэр рүү гүйж ороод хаалгаа дотроос нь цоожилчихсон. Тэгтэл хашааны баруун талын хаалга нь дээр урд талын айлын эгч орж ирэх гээд зогсож байсан. Би хаалгаа тэр эгчид онгойлгож өгчхөөд онцгойгийн автомашиныг тосож очиж гэрээ зааж өгсөн. Онцгой байдлын алба хаагч нарыг ирэхээр нь би гэр дотор гал тавьсан хүн нь орчихсон гэж хэлтэл алба хаагч нар ороод тэд Э.Уы дамжлаад гаргаад ирсэн. Эмнэлгийн автомашин ирээд Э.Уыг аваад явсан. Э.У гэрт ороод 1 минут ч хүрээгүй байхад онцгой байдлын алба хаагч нар гаргаж ирсэн. Ээж бид хоёр гэрийн үүдэнд байсан савтай усыг цацаж галыг намдаасан Дараа нь харж байхад гэрийн ард байдаг нохой хийдэг цаасан хайрцгийг авч ирж гаднаас нь шатаасан байсан. Мөн цагдаагийн алба хаагч нар ирээд үзлэг хийж байхад гэрийн баруун хойд хаяа хэсгээс шатаасан байсан. Би хашааны үүдэнд кембаб авдаг н.Эрхэмбаатар ахтай яриад зогсож байтал зүүн талын хаалганы буланд хар юм үзэгдэх шиг болохоор нь очоод харсан чинь Э.Уын өмсдөг хар өнгийн пүүз байсан. Би н.Эрхэмбаатар ахаар гэрэл тусгуулж байгаад өөрийнхөө утсаар зургийг нь дарж авсан. Э.Уын төрсөн дүү н.Төрболд нь ирж харчхаад яваад өгсөн, дараа нь эгч н.Солонготуяа, н.Сүүмий нар нь ирээд гэрийн байгаа байдлыг харчхаад буцаад явахдаа Э.Уын гутлыг аваад явчихсан байна лээ. Би тэр хоёр эгчийг нь ирэхэд нь тэр гутлыг нь харуулсан юм. Сая цагдаа дээр ирсэн чинь Э.У гутлаа өмсчихсөн байна. Энэ өмсчихсөн байгаа гутал нь тэнд тайлаад тавьчихсан гутал мөн байна. Э.У түргэний автомашинтай эмнэлэг рүү явахдаа гуталгүй явсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 тал/,

хохирогч П.Бдахин өгсөн “...Би Э.Утой нэг гэрт хамт амьдраад 2 жил гаран бол байгаа юм. Бид хоёрын хувьд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, миний хувьд дагавар хүүтэй бөгөөд хүүгийн овог нэр нь Будын Төгс-Эрдэнэ гэж явдаг. Иймд хүүгийнхээ овог нэрийг солиулсны дараа гэрлэлтээ батлуулна гэж бодоод яардаггүй байсан юм. Э.У бид хоёрын хувьд 2021 оны 03 дугаар сард ажлынхаа хүнээр дамжуулан танилцаж байсан. Тухайн үед Э.У манай ажлын жижүүр залуутай хамт Сэргэлэн сум руу хувиараа алт олборлох гэж явдаг байсан. Түүнээс хойш харилцдаг байж байгаад 2021 оны 7 дугаар сараас нэг гэрт хамт амьдарч эхэлсэн юм. Төв аймгийн Зуунмод сумын усны аж ахуй А1-0 тоотод хамаатны хоосон хашаанд хөдөө гартлаа гээд өөрийн таван ханатай монгол гэрийг бариад амьдарч байсан. Э.У бид хоёрын хувьд хааяадаа муудалцах юм гарж л байдаг, тэр үед Э.У өөрийн гэр лүүгээ ээж, дүү рүүгээ яваад өгдөг. Тэгээд 1-2 хоногийн дараа буцаад хүрээд ирдэг байсан. Бид хоёрын хувьд хэрэг гарахын өмнө нь сүртэй маргалдаж муудалцсан зүйл байгаагүй. Хэрэг гарахаас өмнөх 7 хоногийн 5 дахь өдөр санагдаж байна манай найз н.Буян-Ундрам нөхөр н.Ариунбаяр нар манай гэрт ирсэн. Тэр үед Э.Уын найз н.Бадам-Очир, түүний эхнэр н.Пүрвээ нар ирээд бид зургаа шөнийн 00:00 цаг хүртэл хөзөр тоглож сууж байгаад тарсан. Тэгээд унтаж амраад маргааш өглөө нь 10:00 цагийн үед ээж ах дүү нартайгаа ирсэн. Эгч өөрийн 5 сартай хүүхдээ бид хоёроор түр харуулчхаад хот явсан. Энэ үед Э.У дэлгүүр яваад хүүхдэд сок авчраад ирье гэж хэлээд явсан. Тэгээд тэр чигтээ ямар ч чимээгүй хонуутаар явчихсан. Харин маргааш нь над руу залгаад “би аймагт байхгүй байна” гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгээд Э.Уын эгчийн хоёр дүү нь бүтэн сайн өдөр ирээд хувцас хунарыг нь авч явсан. Бид хоёрын хувьд хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй. Ирээгүй болохоор нь миний хувьд уурласан юм өөр сүртэй зүйл болоогүй. Түүнээс хойш холбоогүй байсан. Мөн үүн шиг тохиолдол өмнө нь хоёр удаа гарч байсан. Зүгээр байж байгаад гэрээсээ гараад яваад утсаа салгаад алга болдог. Тэгээд гэрийнхэн дээрээ очдог юм болов уу гэж бодсон чинь очилгүй өөр газраар хонуутаар явдаг юм болов уу гэж бодож эхэлсэн. Бид хоёрын хувьд залуу хүмүүс маргалдаж муудалцана, нээх шалихгүй зүйл дээрээс маргадаг юм. Миний хувьд чи одоо байс хийгээд гэрлүүгээ зугтаах юм, эмэгтэй хүн гэр орон гэдэг болохоос эрэгтэй хүн явдаг юм уу гэдэг байсан. Би 2022 оны 10 дугаар сараас хойш оройн цагаар 7 хоногийн 6 өдөр нь 88 ширхэг кибаб ороож нийлүүлдэг ажилтай байдаг. Тэр ажилд хааяа туслахаас залхсан шинжтэй харагддаг юм. Түүнээс бүүр аймар бие биенийгээ үзэн ядахаар хэмжээний бол биш гэж үзэж байна..., ...Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл алга. Тухайн хэрэг үйл явдлын үеэр бол маш их гомдолтой байлаа. Одоо тайвширсны дараа бодоод байхад энэ хүнд гомдоод яах билээ гэж бодсон. Миний хувьд дахин энэ хүнтэй амьдрахгүйгээс хойш хоёр биендээ өс санасан байдал үүсгэмээргүй байна. Э.Уын ар гэрийн зүгээс хохирол болох 1.800.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн66-67 тал/,

хохирогч Т.О“...Би Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 2 дугаар багийн Усны аж ахуй А1-0 тоотод хамаатны хашаанд охин П.Б, ач хүү Б.Төгс-Эрдэнэ, хүргэн Э.У нарын хамт амьдраад удаагүй байсан. Миний санаж байгаагаар 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн орой гадаа дуудаж надтай уулзсан. Тухайн үед ойролцоогоор 22:00 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тухайн үед Э.У цагаан приус маркийн машинтай ирээд хашааны гадаа уулзсан. Тухайн үед Э.У надад хандаж “би хойно ажилд орсон, 100,000 төгрөгийн цалин авсан, та ус авах ажил байвал надаа хэлээрэй” гэж хэлээд явсан. Тэгээд тэр өдрийн шөнө 02:00-03:00 цагийн алдад байх шөнө унтаж амар байх үед нэг сэрээд хартал гэрийн баруун хавтаснаас гал гарч байсан. Тэгээд би охин П.Бг дуудаад сэрээгээд гал гарч байгаа хэсэгт ус цацаад унтраагүй. Иймд хаалга түлхэх үед цаанаас нь дарчихсан юм шиг онгойхгүй байсан. Гэрээр дүүрэн утаа болоод байсан тул тооноор гарах гээд чадаагүй. П.Б, Б.Төгс-Эрдэнэ бид гурав нийлээд түлхэх үед хаалганы завсар гарсан. Тухайн үед хаалганы хавтаснаас хүн гараараа бариад хаалга дарсан байсан. Тэгээд хаалгаар гарах үед Э.У зөрөөд гэр лүү ороод дотроос өөрийгөө цоожилсон. П.Б бид хоёр гэрийн гаднах галыг 2 савтай усаар цацаад арай дээр болгосон. Тэгээд хаалга татсан боловч дотроосоо цоожилсон байсан. Тэгээд онцгой байдлын гал унтраах алба хаагч нар ирсэн. Би гал тавьсан хүн нь дотор байгаа гэж хэлсэн. Гал сөнөөгч нар Э.Уыг дамжлаад гараад ирсэн. Өөр зүйл болоогүй..., ...Одоо юу байх вэ дээ, хууль нь одоо яадаг юм байгаа юм. Миний хувьд гомдлоо гээд яах юм билээ, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, гаргаж өгөх баримт байхгүй. Энэ явдлаас болоод сэтгэл санааны хувьд хямраад нэг хэсэг даралт ихэссэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 тал/,

насанд хүрээгүй хохирогч Б.Т“...Тухайн үед унтаж байсан чинь эмээ ээж бид хоёрыг дуудаж сэрээсэн. Тэгээд ээж юу болсон бэ гээд асуусан чинь “гал гарж байна” гэж хэлсэн. Ингээд гэрийн хаалганы хажуу талд гарж байсан гал руу ус хийсэн боловч улам дээшээ ассан. Тэгээд утаа униар болсон. Ээж хаалгаар гарах гэсэн онгойгоогүй, тэгээд тооноор гарах гэсэн хүрээгүй. Тэгээд буцаад хаалгыг сайн түлхсэн чинь эмээ жаахан хөлөө хавчуулсан. Тэгээд хаалгаар гарсны дараа нөгөө хүн буюу Э.У аав шууд гэр лүү орчихсон. Гадаа үүдэнд байсан хоёр савтай усаар ээж, эмээ хоёр гал гарч байгаа хэсэг рүү цацсан. Тухайн үед гал аймар дээшээ гарчихсан байсан. Эмээ гэрээс шанага авах гэхэд Э.У дотроос хаалга цоожилсон байсан. Энэ үед гал командын машинтай хүмүүс ирсэн. Нөгөө нэг хүн чинь хаана байгаа юм бэ гэхээр нь гэрт байгаа гэж хэлсэн. Хаалгыг эвдээд орох үед нөгөө хүн босоод байж байсан. Тэр хүмүүсийг орсны дараа унаад өгсөн гэж ярьж байсан. Дараа нь цагдаа, эмч ирсэн. Өөр зүйл болоогүй..., ...Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Галаас болж ээж, эмээ бид гурав түлэгдсэн, гэмтсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77 тал/,

гэрч Э.О“...2023 оны 6 дугаар сарын 17-ны өглөө мэдээд П.Бгэрт очсон. Гэрийн гадна тал шатсан, гэр дотор ус болчихсон байсан. Тэгээд би тэндээс явахдаа П.Б гутлынх нь зургийг дарчихсан гэхээр нь зүүн талын хаалганы хажууд байсан хар өнгийн пүүзэн гутлыг нь аваад цагдаа руу яваад Э.Уод өгч өмсүүлсэн. Би П.Бг зургийг нь авчихсан гэхээр нь болчихсон юм байх гэж бодоод л аваад явчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84 тал/,

гэрч Л.О“...2023 оны 6 дугаар сарын 17-ны шөнийн 02 цаг 53 минутад дуудлага хүлээн авагч дээр “айл шатаж байна” гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу 1 автомашин, 4 номер. Жолоочтойгоо очиж ажилласан. Төв зам дагуу эмэгтэй тосож аваад хаягаа зааж өгсөн. Дуудлагад очоод тархалтаа хийх үед дотор хүн байгаа гээд орилоод сандраад байсан. Гэрийн баруун хатавчнаас гадна талаасаа шатаж байсан. Гал унтрааж байх үед гэрийн хаалгыг эвдээд 2 алба хаагч ороод гэрийн хойморт газарт хэвтэж байсан 1 залууг гаргах гэсэн чинь "Намайг энд нь битгий гарга, энд нь орхичих" гээд тавилгийн хөлнөөс зуураад тавихгүй байхаар нь хүчээр гарыг тавиулаад хүчээр авч гарч ирсэн. Гэр шатаж байх үеийн утаа маш хортой, удаан байх юм бол шууд үхэхээр байсан. Гэр дотроос гал гарсан зүйл байхгүй байсан. Би тэр эмэгтэйтэй уулзахад 14 хоногийн өмнө маргалдаад тусдаа амьдарч байсан гэж ярьж байсан. Урд талын 2 давхрын эгч гал гарч байхыг харсан байна лээ. Дуудлагад нийт 6 минут ажилласан, 03:00 цагт галыг бүрэн унтрааж дууссан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66 тал/,

гал түймэр унтраасан тухай нотломж №006 /1-р хх-ийн 87-90 тал/,

гэрч Б.Г“...2023 оны 6 дугаар сарын 17-ны шөнө 02 цаг өнгөрөөгөөд гэртээ орж ирээд 03 цаг дөхүүлээд унтах гээд 2 давхрын зүүн тийш харсан цонхны хөшгийг хаах гэтэл хойд талын хашаанд байх гэрийн баруун хатавчинд гал гараад нэг залуу хаалга дээр байгаад байхаар нь би гэрт нь гал гараад хаалгаа онгойлгож чадахгүй ноцолдоод байгаа юм байна гэтэл гаднаас нь хаалгыг нь дараад байсан юм байна лээ. Би айл шатаж байна гэж орилоод хашааных нь баруун талын хаалга дээр очоод онгойлгох гэж байхад П.Байгамаа ирж хаалга онгойлгосон. Намайг анх очиход П.Б хүүхэд нь манай аав гал тавиад шатаачихсан юм гэж хэлсэн. П.Б тэр залуу хоёр муудалцаад тусдаа байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92 тал/,

-Гэрч Ө.Б“...Төв аймгийн Зуунмод суманд эхнэр бид хоёр гэртээ байж байгаад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр н.Балжинням гэх манай найзын төрсөн өдөр байсан бөгөөд манай эхнэр н.Пүрэвцэрэн бид гурав уг өдрийн 20 цагийн үед уулзаад сагс тоглох гэсэн харанхуй болчихоор нь караоке орьё гээд замаараа Э.У гэх найзыгаа ажлаас нь очиж аваад "Од" караоке орсон нэг өрөө аваад 1 цаг дуулаад. нэг, нэг лааз пиво н.Балжинням, Э.У бид гурав уугаад, манай эхнэр ундаа ууж байгаад дуулж дуусаад гарч ирээд эхнэр бид хоёр түрүүлээд гараад явсан. Дараа нь сонсоход дээрх өдөр Э.У тамхи татаж байгаад гэрээ шатаачихсан юм, чи ирж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гээд надад утсаар залгаж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95 тал/,

-Гэрч Э.О“...Миний төрсөн дүү болох Э.У нь 1999 оны 12 дугаар 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд айлын 6 дахь хүүхэд болон төрсөн, дээрээ 2 ах, 3 эгчтэй, доороо 1 дүүтэй. Э.Уын хувьд бага насандаа цэцэрлэгт яваагүй, гэрээр эцэг, эхийн хайр халамжид өссөн. Усны аж ахуйн 5 дугаар сургууль бага, дунд ахлах ангиа төгссөн. Сурлага спортын хувьд сайн, онцгойлж хэлэхэд хайчилбар, зураг зурахдаа маш сайн хүүхэд байгаа юм. Арав дугаар ангиа 2017 онд төгссөн, зан байдлын хувьд маш төлөв даруу, хүнд тусархаг байдаг. Э.Уын хувьд өөрийн ээж н.Алтанцэцэг, дүү н.Төрболдын хамт гурвуулаа нэг гэрт амьдардаг. Миний хувьд хажууд нь өөрийн 3 хүүхдийн хамт амьдардаг тул дүүгээ маш сайн мэдэж байна. Э.У одоо хамтран амьдарч байсан гэх П.Бтай 2021 оны 05 дугаар сард танилцаж, мөн оны 07 дугаар сараас хойш тэдний гэрт амьдардаг, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Манай эцэг н.Энхболд нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зуурдаар нас барсан. Тухайн үед П.Б нь ажил явдлын үеэр ирж манай гэр бүлийнхэнтэй танилцаж байсан юм. Миний хувьд П.Б, Э.У нарын хоорондын харилцааны талаар судалж үзэхэд ерөнхийдөө мөнгөнөөс болж хэрүүл маргаан хийдэг гэж ойлгосон. Манай дүү байс хийгээд хөөгдөөд ирдэг ба юунаас болсон гэхээр "мөнгө төгрөг байхгүй, ажил олж хий, зээлээ төлмөөр байна, танайхны ажил болж байвал манайхны ажил болж болдоггүй юм уу" гэх зэрэг хэрүүл уруул хийгээд байдаг. Манай дүү П.Бтай хамтран амьдрахаас өмнө приус-30 маркийн машин худалдан аваад удаагүй байсан ба түүнийгээ зараад П.Ббаахан өрийг дарсан гэж байсан. Мөн түүний дараа нэг портер авсан байж байгаад зарсан сурагтай байсан. Ер нь бол П.Бтай амьдарснаас хойш маш их хэрэлдэж муудалцдаг, зан ааш нь хүртэл эвдэрч өөрчлөгдсөн. Хүмүүсээс дам яриа сонсоход П.Б нь 2-3 нөхөр сольсон нэг нөхөр нь нас барсан, нөгөө нөхөр нь шоронд явсан, аягүй айхтар хэл амтай, аймар шоуддаг хүүхэн гэж байсан. Мөн П.Б нь Э.Уоор цалингийн зээлийг нь авхуулчхаад манай дүүг хөөж явуулна гэж муулж ярьсан байсан. П.Бгийн хувьд бид нарыг бол хүн гэж тоодоггүй, бид нараас айж ичихгүй, манай гэрт 2-3 удаа согтуу орж ирээд "та нар хүүхдээ дандаа өмөөрдөг" гэж агсар ч байсан. Мөн П.Б би танай дүүгийн машиныг заруулж өрөө дарсан зүйл байхгүй, та намайг тэгж ярьсан гэж намайг яриагүй байхад тэгж ярьсан байсан. П.Б, Э.У нарын дундаас гарсан хүүхэд байхгүй, П.Б нь өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд одоо 4 дүгээр ангийн 9 насны 1 хүүхэдтэй. П.Б цэцэрлэгийн багш ажилтай бөгөөд Э.У ажилгүй үедээ гэр орноо цэвэрлэх, хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх, буцаж авах, хоол унд хийх гээд аль болохлоороо гэр орны ажлаа хийгээд явж байгаа харагддаг. Ээж бид хоёр энэ хэргээс болоод сүүлд П.Бгэрт очоод сөгдөөд уучлалт гуйсан боловч огт тоогоогүй, та нарын буруу гэж юу байх вэ дээ цагдаа, шүүх нь ялыг нь эдлүүлээд явуулах байлгүй гэсэн зүйл ярьж байсан. Манай зүгээс аль болох дүүдээ санаа зовж байгаа тул П.Бтай уулзаад гэрийнх нь хохирол төлбөрт 1.800.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Өөр нэмж хэлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98 тал/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №03/158 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 104-130 тал/,

2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалыг “...Э.У нь одоогоор сэтгэцийн ямар нэг өвчин үгүй гэж үзлээ. Э.У нь сэтгэцийн хувьд мөрдөн байцаах болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. Э.У нь хэрэг хариуцах чадвартай болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 134-135 тал/,

2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн №07/04 дугаартай “...Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Лхагвабаярын 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Төв аймгийн цагдаагийн газрын 121 тоот албан өрөөнд 06 цаг 40 минутад авсан иргэн П.Бгаас авсан тэмдэглэлийн 2 дахь нүүр "Шөнө дунд унтаж байхад ээж намайг дуудаад тэнд нэг юм асаад байх шиг байна, үүд рүү заасан чинь гэрийн баруун хатавчинд байх хогийн савны ард талд нь байх хөшиг шатаж байсан", Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Лхагвабаярын 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Төв аймгийн цагдаагийн газрын 121 тоот албан өрөөнд 08 цаг 07 минутад авсан иргэн Т.Оээс авсан тэмдэглэлийн 1 дэх нүүр “шөнө дунд хашаан дотор гэр тойроод хүн яваад байх шиг байхаар нь би чимээ чагнаад байж байтал унтчихсан, сэрээд харсан чинь хаалганы баруун хатавчнаас гал гарч эхэлсэн”, Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Лхагвабаярын 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Төв аймгийн цагдаагийн газрын 121 тоот албан өрөөнд 11 цаг 00 минутад авсан иргэн Э.Уоос авсан тэмдэглэлийн 1 дэх нүүр "Би гутал чийг татаад байхаар нь хашааны хаалганы тэнд тайлж тавьчхаад тамхи татаж хашаан дотор сууж байгаад асаагуур дарж байснаа ингэж хөөгдөж, туугдаж амьдарч байхаар бөөндөө хамтдаа үхчихсэн ч яахавдээ гээд блокон амбаарт байсан цаасан хайрцгийг гаргаж ирээд гэрийн хаалганы баруун талын хатавчид тавьж байгаад асаагуураар асаагаад хаалгыг нь дарчихсан" гэх тэмдэглэл уг гал түймэр ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна. /Ил гал гэдэгт асаасан лаа, асаасан тамхи, асаасан чүдэнз, асаасан асаагуур. галын цог, ил задгай үнс нурам, болон бусад ил задгай галыг тооцно/ Шинжилгээний явцад тогтоолд дурдагдаагүй хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 142-143 тал/,

2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ЦХШЗ/41 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын саналыг шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж /1-р хх-ийн 157-158 тал/,

2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ЦХШЗ/44 дугаартай “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний нэгдүгээр хугацааг сунгуулах тухай прокурорын саналыг шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж /1-р хх-ийн 170-173 тал/,

шүүгдэгч Э.Уын яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдөр болох 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр орой 20:00-21:00 цагийн үед өөрийн найзууд болох Ө.Бадам-Очир, түүний эхнэр н.Пүрэвцэрэн, найз н.Балжинням нарын хамтаар Төв аймгийн Зуунмод сумын нутагт байрлах Од караоке орж 1 цаг дуулангаа хүн хүний 1 лааз пиво, тус бүр ундаа авч уусан. Үүний дараа н.Балжинням бид хоёр Номт 1 дүгээр баг 1000 айл гэх газар Ихэр заяа нэртэй дэлгүүр орж хоёр шил архи, ундаа, сүү, чихэр, боов зэрэг зүйл аваад Усны аж ахуйн А1-0 тоотод хадам ээж Т.Одээр очиж уулзсан. Тухайн үед нэг шил 750 граммын Хараа архийг авч үлдээд бусдыг нь хадам ээж Т.От 22:00-23:00 цагийн үед өгсөн. Тэгээд н.Балжинням бид хоёр 1000 айлын 304 дүгээр байр 19 тоотод н.Балжиннямын гэрт очиж авсан 1 шил архийг хувааж уусан. Тэгээд тэдний гэрээс хэдэн цагт гарснаа санахгүй байна. Усны аж ахуйд буцаад эхнэр, хүүхэд болон хадам ээжийн гэрт очсон. Тухайн үедээ Монгол гэрийн хаалгийг тогшсон боловч надад тайлж өгөөгүй. Тэгээд гэрийн ард байх нүүрсний амбаарт байж жижиг хэн гөлөгт хоол өгч үү, үгүй юу ч очиж харсан. Тэгээд буцаж ирээд гэрийн үүдэнд суусан. Гэрийн үүдэнд суугаад хэсэг тамхи татсан. Ямар ч байсан хайрцаг тамхины талыг нь татсан. Тэгээд босож яваад гарахдаа хашааны хаалганы ойролцоо хогийн савны хажууд П.Бнадад авч өгсөн хар өнгийн гутлыг тайлаад үлдээсэн. Яагаад гэвэл тэр гутал нь миний хөлийг бариад байдаг, тэгээд ч гомдсондоо гутлаа тайлсан юм. Тэгээд хашааны хаалга хаачаад эргэж харах үед гэрийн баруун хатавч хэсэг шатаж байгаа харагдсан. Би гүйж очоод хаалгыг нь татсан. Тухайн үед урд айлын эгч цонхон дээрээсээ хараад шатаад байгаа юм биш үү гэж хэлж байсан. Би тэр эгчид хандаж харин тиймээ эгчээ та онцгой байдал дуудаарай гэж хэлсэн. Тэгээд хаалгаа татсаар байгаад онгойлгоод эхнэр П.Б, хүү Б.Төгс-Эрдэнэ, хадам ээж Т.Онарыг гаргасан. Би гүйж очоод хаалгыг нь татсан. Тэгээд гэр рүү орж өөрийн худалдан авч байсан зурагт, хөлдөөгч зэрэг эд зүйлсийг гаргах гэж орсон. Тэгээд юу болсныг санахгүй байна, нэг хэсэг ухаан алдсан. Миний хувьд тухайн үед нэлээд согтуу байсан ба зарим зүйл юу болоод байсныг санахгүй байна. Өөр мэдэх зүйл алга..., ...Би хэрэг гарсны маргааш өглөө нь мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй утааны хордлогын байдалтай, архи бүрэн гараагүй байхдаа мэдүүлэг өгсөн. Миний одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв болно..., ...миний хувьд санаатайгаар гал тавьсан асуудал байхгүй. Тэр өдөр П.Бтай орой нь залгаж ярих үед зан нь гайгүй юм шиг болохоор нь очиж эвлэрэх бодолтой байсан юм. Манай хадам ээжийн хувьд надад гайгүй байдаг юм. Хийх юм юу байна гээд хэлсэн зүйлийг нь хиж өгчхөөд явдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187-188 тал/ зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 304 дугаартай яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Уыг “хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хх-ийн 2-5 тал/, мэдүүлгийг газарт дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-10 тал/-Хохирогч П.Б мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 тал/, Хохирогч П.Бдахин өгсөн  мэдүүлэг /1-р хх-ийн66-67 тал/, хохирогч Т.О мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 тал/, Насанд хүрээгүй хохирогч Б.Т мэдүүлэг /1-р хх-ийн 76-77 тал/, гэрч Э.О мэдүүлэг /1-р хх-ийн 84 тал/, гэрч Л.Омэдүүлэг /1-р хх-ийн 66 тал/, Гал түймэр унтраасан тухай нотломж №006 /1-р хх-ийн 87-90 тал/,Гэрч Б.Г мэдүүлэг /1-р хх-ийн 92 тал/, гэрч Ө.Б мэдүүлэг /1-р хх-ийн 97-98 тал/ зэрэг нотлох баримтуудаар гэм буруутайд тооцуулахаар яллах талын нотлох баримтаа болгосон.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгэр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” гэж, 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тус тус заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д заасан ижил зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг давхардуулан зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад “2, түүнээс олон хүнийг” алахыг завдсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Э.У нь Монгол гэрт хүмүүс байгааг мэдэж байсан ба хаалгыг нь гаднаас нь хааж, түлхэн гал тавихад дотор байсан хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд аюул учрахыг ухамсарлаж байсан байх ба улмаар уг үйлдлээ хүсэж хийсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй боловч эд хөрөнгийг шатааж устгасан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл хийжээ.

Тиймээс шүүгдэгч Э.Уын 2023 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн Усны аж ахуй А1-0 тоот хашаанд байрлах монгол гэрт хамтран амьдрагч О, хадам ээж Т.Онарыг байхад гал тавьж О, Т.Онарын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.8-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэх оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.8 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж зааснаар шүүгдэгч Э.У нь гэрийн баруун талын хатавч хэсэгт гал тавьж гэр шатах үед хохирогч Т.Омэдэж хохирогч П.Б, насанд хүрээгүй хохирогч Б.Төгс-Эрдэнэ нарыг сэрээж гэрээс гарах үед шүүгдэгч Э.У гэрийн хааалгыг дарж гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглсэн үйлдэл санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу хохирогч нар хаалгыг түлхэж шатаж байгаа гэрээс гарч ирснээр гэмт хэргээ төгсгөж чадаагүй байна.

   Иргэдийг төлөөлөгч Т.Ч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Э.Уыг "...Хэдийгээр Э.У нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэдий ч залуу хүнд боломж олгож хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, мөн гэр бүлийн хүчирхийллийн нь эрэгтэй хүнээс шалтгаалаагүй гэж үзэж ялыг хөнгөрүүлэх саналтай байна. Иймд ялыг нь багасгаж ял оноох шийдвэр гаргаж байна. Энэ гаргасан хүний гаргасан үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан болно” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, олон хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн” гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Лувсанцэрэнгээс: “Шүүгдэгч Э.Уыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.8-т  зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар нээлттэй байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Э.Уын цагдан хоригдсон 20 хоногийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй байна” гэх ялын дүгнэлтийг,

 

шүүгдэгч Э.Уын өмгөөлөгч Б.Баярмагнайгаас: “Эрүүгийн 2.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийг журамлаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна гэсэн байдаг. Хуульд дээд хэмжээг заагаад өгсөн энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд хорих ялыг тодорхойлсон. 5.6 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин таван жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ гэсэн байдаг. Тэгэхээр эрүүгийн 6.1 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж ял оногдуулна гэсэн. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Энэ дээр хууль хэрэглээний асуудал ярьсан. Эрүүгийн хариуцлагын талаар дурдаагүй. Эрүүгийн хариуцлага оногдуулах нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал. Хэн ч анхан шатны шүүхийн эрх хэмжээнд халдаж чадахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд зааснаар ялын дээд хэмжээг зааж өгсөн. Доод хэмжээг заагаагүй. Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол насны байдал, хохирогч гомдол саналгүй байдлуудыг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан 6 сар эсвэл 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Э.Уын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.8-т заасан гэмт хэрэг нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, олон хүний амь , эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн үйлдсэн бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ...” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д “ Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна “ гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээг тогтоосноос тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг тогтоогоогүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т “ Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин таван жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ. “ гэж заасан байна.  

 

Иймд шүүгдэгч Э.Уод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирлын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.8-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уын цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтоолоо.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь шүүх хүнлэг энэрэнгүй байх, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хохирсон байх шударга ёсны зарчмыг удирдлага болгосон.

 

Шүүгдэгч Э.Уын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөр нөхөн төлөгдсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерэнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

Шүүх хуралдааны товыг насанд хүрээгүй хохирогч Б.Төгс-Эрдэнэ, хохирогч П.Б, Т.Онарт мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо бүрэн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Уоос гаргуулах хохирол төлбөргүй,

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон 20 хоногтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.8-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан “хоёр, түүнээс олон хүнийг” алахыг завдсан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.8-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уын цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрээс эхлэн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

           5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.У нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон 20 /хорь/ хоногтойг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
  2. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
  3. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ю.ЭНХМАА

 

                            ШҮҮГЧИД                             Ш.ГАНДАНСҮРЭН

 

                                                                                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН