| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0177/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/188 |
| Огноо | 2024-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
-улсын яллагчаар М.Хэрлэнчимэг,
-насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч П.О,
-шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д Д.Мэд холбогдох эрүүгийн 2434000000144 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг, Баянчандмань суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгчийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Д Д.Мэ
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь Төв аймаг, газарт оршин суух Мгийн гэрт 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн үед насанд хүрээгүй хохирогч Э.Эыг “хаана унтахыг минь заалаа” гэж уурлан түүн рүү үнсний сав шидэх, нуруу руу нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.М нь: “12 өнгөрч байсан. Би ажлаа тараад морьдоо тараад унтаж байтал орж ирээд та ямар тансаг хоол хийсэн юм, наад чинь унтдаг газар биш одоо бос гээд байсан. Чи юу гээд байгаа юм гэсэн чинь одоо бос бос морьдоо эртхэн тэжээ гэхээр нь ахын дүү морьдынхоо эмээлийг авчих тэгээд өвс тавиад өгий гэсэн чинь өөдөөс томроод байхаар нь санаандгүй үсний сав аваад шидсэн. Тэгээд гараад явсан” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Э.Э нь: “3 сарын 18-ны өдөр орой морио тэжээх гээд очсон. Д.Мэ ах унтаж байсан тэгээд би агаа хоол хийсэн юм уу ямар гоё хоол хийсэн юм гээд идэх гээд сууж байсан. Би агаа та наад дээрээ унтах хэрэггүй байсан юм даа Шагай ах ирээд таныг бараг хөөнө дөө нөгөө талд нь унтахгүй яасан юм гэсэн чинь над руу үнсний сав шидсэн тэгээд би уйлсан чинь босож ирээд намайг хөшиглөөд хөөсөн” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О нь: “Шөнө над руу манай хүү залгаад ээжээ хүүгээ хурдан ирж аваарай гээд орилоод байхаар нь би миний хүү одоохон очлоо яасан юм гэсэн чинь зүгээрээ ээжээ хурдан ирээрэй гэсэн. Гэртээ аваад ирсэн хөмсгийг язалсан. Хоолойтой цамцаар боогоод чирсэн байсан. Тэгээд хэн ингэсэн бэ гэхэд Д.Мэ ах ингэсэн гэж байсан. Нуруу нь улаан нялга болсон байсан. Чамайг ална гээд чирээд байсан. Ирээдүйд ямар ч үр дагавар гараа билээ. Би гомдолтой гэж мэдүүлэг өгсөн байгаа. Эмнэлэгт үзүүлсэн эмч нар цагдаа дуудсан. Ах нь ч надаас гуйгаад байгаа би гомдолтой гэж өгсөн манай хүүхэд дараа нь зодох байх гэж айгаад байх шиг байна лээ гомдолгүй гээд өгчих л гээд байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч Д.М нь гэх газарт оршин суух Мгийн гэрт 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн үед насанд хүрээгүй хохирогч Э.Эыг “хаана унтахыг минь заалаа” гэж уурлан түүн рүү үнсний сав шидэх, нуруу руу нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Насанд хүрээгүй хохирогч Э.Эын “...2024 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн үед очиж өвс тавьж өгөхөөр М гэх айл руу очсон. Тэгээд М ахын гэрт ороод Д.М ах утсаа оролдоод хэвтэж байгаад ороо засах гэхээр нь агаа та нөгөө талдаа ороо засаад унтчихгүй юу наана чинь н.Шагай ах ирээд унтана гэж хэлсэн чинь би гэртээ хаана унтахаа чамаар заалгах юм уу гээд зуухны хажууд байсан төмөр үнсний савыг аваад миний нүүр рүү шидчсэн. Үнсний сав миний баруун хөмсгөн дээр оноод цус гоожсон чинь Д.М ах босож ирээд миний цээж рүү жийж газар унагаад цамцны малгайнаас хойш нь татаж хоолой боогоод чамайг одоо гадаа гаргаж байгаад ална даа гээд дээрээс дэвсээд толгой руу өшиглөөд байсан. Тэгээд цамцны малгайнаас үүд рүү чирээд галын дэгээ төмрөөр зүүн хөлийн шилбэ рүү 2, 3 удаа цохисон. Н.Анхбаяр ах босож ирээд та арай их хүүхэд зодоод байна одоо болно гэж хэлээд салгасан. Тэгээд би уйлаад зогсож байсан чинь н.Анхбаяр цусаа угаачих гээд гар дээр ус хийж өгсөн. Д.М ах хувцсаа өмсөж байхдаа над руу хараад чамайг гадаа гаргаж байгаад алаад булчихая гээд занаад байсан. Тэгээд би цусаа угаагаад тэндээсээ уйлаад шууд гэр рүүгээ явсан. Гэртээ хариад ээжид хэлээд ээжтэйгээ Баянчандмань сумын эмнэлэг дээр очиж боолт хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
-Насанд хүрээгүй гэрч Б.Очиржанлавын “...2024 оны 03 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд найз н.Анхбаяртай хамт Баянчандмань сумын 3 дугаар хороонд байдаг М гэдэг айлд очоод унаж явсан морио тавих гээд очоод Д.М ахтай юм яриад сууж байсан чинь хойноос Э.Э орж ирээд бид хоёртой юм яриад сууж байгаад Д.М ахыг ороо засаад унтаж байхад нь та наанаа унтдаггүй юм аа н.Шагай ах ирээд хөөгдөнө дөө гэж хэлсэн чинь Д.М ах уурлаад хажуудаа байсан үнсний төмөр савыг аваад Э.Эын нүүр рүү шидээд босч ирээд би гэртээ хаана унтахыг чи надад заах уу гээд бөгс рүү нь 3 удаа нүцгэн хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд манай найз н.Анхбаяр Д.М ахыг хориод салгасан чинь гутлаа өмсөж байхдаа чамайг гадаа гаргаж байгаад ална пизда минь өвлөөс хойш би тэсээд байгаа шүү гээд байсан. Тэгээд Э.Э мориныхоо эмээлийг аваад машин дотор хийгээд нүүрээ угаагаад явлаа гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
-Насанд хүрээгүй гэрч Х.Анхбаярын “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр орой 19 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 3-р хороонд байдаг М гэдэг айлд 22 цагийн үед найз н.Очиржанлавын хамт ороод Д.М ахтай юм яриад моринд өвс тавьж өгөх гээд байж байтал араас танил дүү Э.Э орж ирсэн. Д.М ах гэрийн баруун талд ороо засаад унтах гээд хэвтэж байсан чинь Э.Э та наанаа унтахгүй дээ н.Шагай ах хөөнө дөө гэж хэлсэн чинь Э.Д.Мэ ах уурлаад босож ирээд зуухны доор байдаг тавиур дээр байсан үнсний төмөр савыг аваад Э.Эын нүүр рүү шидээд би чамаар хаана унатахаа заалгах уу гээд ууралсан. Э.Эын баруун хөмсгөн дээрээс цус гараад Э.Э уйлаад хөмсгөө гараараа дараад сууж байсан чинь Д.М малгайтай цамцны малгайнаас нь хойш нь татаад газар унагаагаад үүд рүү чирсэн. Нуруу бөгсны хавьд 2, 3 удаа өшиглөөд би одоо чамайг гаргаж байгаад алнаа гээд байсан. Тэгээд буцаад орон дээрээ суугаад гутлаа өмсөөд гаргаж байгаад дэвснээ гээд босоод ирэхээр нь би одоо болно оо та цаашаа суу гээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
-Шүүгдэгч Д.Д.Мийн гэрчээр өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 18-ны шөнө ах Мгийн гэрт унтаж байсан чинь Э.Э гэдэг хүүхэд орж ирээд ямар гоё хоол иддэг юм, ямар тансаг юм гэхээр дуугай наанаасаа идээч гэсэн чинь аягатай хоол аваад н.Анхбаяртай идэж байсан. Тэгээд над руу хараад наанаа унтаж болохгүй хөөгдөнө шдээ гээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд хажууд байсан төмөр үнсний сав аваад Э.Э руу шидсэн чинь баруун хөмсөгний дээр цохисон. Тэгээд Э.Эын хөмсөгнөөс цус гарч байсан. Тэгээд малгайтай цамцны малгайнаас нь дээш нь татаж босгож бөгс рүү нь хоёр удаа өшиглөсөн. Жоохон юм байж дандаа өөдөөс хуцаж байх юм хүний морь унаж байгаа, чимээгүй уна л даа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/,
-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №162 дугаартай “...Э.Эын духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, чихний арын хөхлөг сэртэнд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 тал/,
-Шүүгдэгч Д.Д.Мийн яллагдагчаар өгсөн “...Би уг тогтоолтой танилцлаа, тогтоолыг ойлгосон, би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..., Одоогоор эмчилгээний зардал болон хохирлын мөнгө өгөөгүй байгаа. Хохирогчийн зүгээс баримт гаргаж өгвөл тухайн мөнгийг өгнө...” гэх мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.М нь Төв аймаг, Баянчандмань сум, Эрдэнэ 3 дугаар баг, Ханангийн хүр гэх газарт оршин суух Мгийн гэрт 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн үед насанд хүрээгүй хохирогч Э.Эыг “хаана унтахыг минь заалаа” гэж уурлан түүн рүү үнсний сав шидэх, нуруу руу нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Прокуророос шүүгдэгч Д.Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Д.Д.Мийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Д.М нь насанд хүрээгүй хохирогч Э.Эыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Шүүгдэгч Д.М нь насанд хүрээгүй хохирогч Э.Эыг “хаана унтахыг минь заалаа” гэж уурлан түүн рүү үнсний сав шидэж нуруу руу нь өшиглөж байгаа үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас хохирочийн биед хөнгөн хохирол учруулж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Д.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Д.Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч М.Хэрлэнчимэг нь: “Шүүгдэгч Д.Д.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирол нөхөн төлсөн байдал хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх санал гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар нь: “Гэм буруу болон зүйлчлэл дээр маргаан байхгүй. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Шүүгдэгчийн хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, уурын зууханд галч слесарь хийдэг сард 700.000-800.000 төгрөг авдаг. Ээлжийн ажилтай тул 500.000-600.000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Д.Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Д.Мийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Эын биед “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, чихний арын хөхлөг сэртэнд зулгаралт, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирчээ.
Насанд хүрээгүй хохироч Э.Э болон түүний хууль ёсны төлөөлөгч П.О нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд 88.300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, шүүхийн шатанд 616.700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, нийт 705.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүгдэгч Д.М нь шүүхийн шатанд 158.800 төгрөгийг төлсөнг дурдаж,
Насанд хүрээгүй хохироч Э.Э болон түүний хууль ёсны төлөөлөгч П.О нар нь 546.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага /эмчилгээнд зарцуулсан эм тарианы баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй/ болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг,
Эрүүгийн 2434000000144 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр үнсний савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Д.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Шүүгдэгч Д Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Шүүгдэгч Д.Мд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2434000000099 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр үнсний савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Д.Мөнх -Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА