Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/212

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

Улсын яллагч Э.Уянга,

Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Нид холбогдох эрүүгийн дугаартай хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь Б.С, Н.Г, Ц.Б, нартай бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидрозаннабинол” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн “Тоёота приус-20” маркийн “04-12 УНБ” улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Н нь: “Миний бие 2021 онд найзуудынхаа хамт энэ гэмт хэргийг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байгаа. Энэ хэрэг гарснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд би амьдралд ямар байр суурь эзлэх ёстойгоо ухаарч одоо л төлөвшиж байна. Ардаа байгаа ганц ээжийгээ амьдралд түшиж дэмжинэ. Цаашдаа алдаа дутагдал гаргахгүй амьдрахаар хичээж байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг болон зөрчлийн хэрэгт холбогдоогүй. Учруулсан хохирлоо нөхөн төлөх болно. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: Шүүгдэгч Г.Н нь Б.С, Н.Г, Ц.Б нартай бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидрозаннабинол” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн “Тоёота приус-20” маркийн “04-12 УНБ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан гэх үйл баримт нь:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-17 тал/,

-Мансууруулах, сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй бодис хэрэглэсэн эсэхийг анхан шатны тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-25 тал/,

-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 26-33 тал/,

-Иргэний нэхэмжлэгч У.М“...Уг машиныг 2018 онд төрсөн ахаасаа худалдан авч нэр дээрээ шилжүүлэн ашиглаж байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын дундуур байсан шиг санагдаж байна уг машиныг бүтэн нэрийг нь мэдэхгүй н.Ариука гэдэг залууд 8.800.000 төгрөгөөр худалдсан бөгөөд мөнгөө бүрэн авсан байгаа. Нэрээ шилжүүлэх гэсэн боловч торгууль, татвар оношилгоо төлөөгүй гээд нэр шилжихгүй байгаа юм. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38 тал/,

-Гэрч Ц.Бийн “...Би 2021 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 8 цагт гэртээ сэрээд 9 цагийн орчим намайн үеэл дүү Г.Н над руу залгаад бид 3 Борнуур орох гэсэн юм Борнуурын замыг мэдэх үү гэж асуугаад 32-ын тойрог дээр уулзахаар болсон. Ингээд Би гэрээсээ гараад яваад очиход н.Г, Б.С, Г.Н нар гурвуулаа саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй намайг хүлээгээд сууж байсан. Тэгээд бид 4 10 цагийн орчим Борнуур сум руу хөдөлсөн. Ингээд 13 цагийн орчим Борнуур сумын бичигт 3 дугаар багийн шар хоолой гэх газарт ирэхэд замын жалга дагуу каннабис харагдаж байсан. Тэгээд цаашаа 5-6 км явж үзэхэд улам ихсэж байсан. Тэгээд буугаад дөрвүүлээ цэнхэр өнгийн 100-ийн тор гэх уутанд түүж эхэлсэн. Түүсэн каннабисаа машины багаж шал руу нууж болох бүхий л газар нуусан нийт 10 торыг 15-16 цагийн орчимд түүж дуусаад Улаанбаатар руу хөдөлсөн. Ингээд Борнуур сумаас гараад Баянчандмань сумын нутаг дэвсгэрт орж ирээд замын постод замын цагдаа зогсоож шалгаад баригдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №3179 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал гэх хэргийн газрын үзлэгээр хураан авсан 39,35 гр шинжилгээний обьект хэсгийн төлөөлөгч Г.Ган-Эрдэнэ ТӨА ЦАГ” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамал гэх хэргийн газрын үзлэгээр хураан авсан 39,35 гр шинжилгээний обьект хэсгийн төлөөлөгч Г.Ган-Эрдэнэ ТӨА ЦАГ гэж хягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 59-61 тал/,

-Яллагдагч Ц.Бийн “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өглөө Г.Н хоёр найзынхаа хамт манай гэр болох 32-ийн тойргийн тэнд ирээд Төв аймаг Борнуур сум явах зам заагаад өгчих гэж хэлсэн. Тэгээд приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй бид дөрөв Төв аймаг, Борнуур суманд үдээс хойш очоод цаашаа мод руу байрлах газраа очих гэж явж байсан. Тэгтэл н.Г жалганд өвс ургаж байгааг хараад бие засангаа буугаадахая гээд буусан. Тэгээд цаашаа явж байхад бид дөрөв машин дотор өвс байна аа түүцгээх үү гэж ярилцаад машинаас буугаад тухайн өвс ургасан газраас 1 цаг гаран түүсэн өвсөө машиндаа хийгээд цаашаа байрлах модны захад очиж байрласан. Тэгээд н.Г машин дотор өвсөө хатаагаад тавьчихсан байсан бөгөөд тэндээс бид дөрөв сорсон. Тэгээд тухайн шөнөө унтчихаад маргааш нь хот руу явахдаа цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74 тал/,

-Шүүгдэгч Г.Нийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өглөө Б.С, н.Г хоёр манай гэр болох Улаанбаатар хот Дамбадаржаа 15-р хороо 20-38 тоотод ирээд хальт гарья аяны эд зүйлүүдээ авчих гэж хэлсэн. Тэгээд хаашаа явах вэ гэж хоорондоо ярилцаж байтал н.Г Төв аймаг Борнуур сум явж үзье гээд бид хэд Төв аймаг Борнуур сум руу Б.Сын ахын приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явах болсон. Тэгээд зам заалгаад цуг амарчхаад салхинд гарах гээд хамаатны ах Ц.Бийг аваад Төв аймгийн Борнуур сум руу хөдөлсөн. Тэгээд Төв аймаг Борнуур сум руу явахад зам жоохон бартаатай муухай байсан бөгөөд өдөрхөн 15 цагийн үед Борнуур сумын төв дээр очоод хуушуур бууз идээд мод руу орж буудлах газраа олох гээд сумын төвөөс хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад н.Г зам дагуу ургасан байсан каннабис өвсийг олж хараад машинаас бууж түүх сэдэл гаргаж бид хэдийг ятгаад бид хэд бууж түүцгээсэн. Тэгээд ойролцоогоор 9-10 уутнууддаа 1-3 цагийн хооронд жалга дагасан газруудыг самнаад түүгээд явсан, түүж явсан өвснүүдээ хэсэг өвсийг нь тастаж аваад н.Г машины агааржуулагч дээр тавьж хатаасан. Тэгээд түүсэн өвснүүдээ багажинд болон нууж болох газар суудлын доор шалавчин доор нууцгаасан. Тэгээд буудалж хонох газраа олоод цайлцгаагаад цай ууж байх хоорондоо н.Г тухайн хатаасан өвсөө НӨАТ-ын баримт хэвлэдэг цаасанд ороогоод сууж байсан. Ороож дуусчхаад асаагаад татаж эхлээд бид хэдийг сорж үз гээд ерөнхийдөө бид дөрөв хувааж татсан. Тэгээд машиндаа хөгжим сонсож байцгааж байгаад машиндаа унтсан. Маргааш нь буюу 2021.06.25-ны өглөө 10 цагийн үед сэрцгээгээд Улаанбаатар хот руу буцна гэдгээ ярилцаад Улаанбаатар хот руу явж байгаад Баянчандмань сумын замын постод цагдаа зогсоож шалгаад баригдсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82 тал/,

-Яллагдагч Б.Сын “...Миний хичээл амарчихсан таньдаг ах н.Ариукагийн 0412 УНБ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр хотод таксинд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хойш Улаанбаатар хотод таксинд явсан. Тэгээд 2021.06.24-ны өглөө найз н.Гтэй уулзахад н.Г нь Төв аймаг явах ажил байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Улаанбаатар хотод найз Г.Нийнх руу очоод Г.Нийг аваад Төв аймаг Борнуур сум руу орох болоод газар мэдэхгүй байсан болохоор Г.Нийн ах Ц.Б руу яриад замаасаа аваад Төв аймаг Борнуур сум руу 2021.06.04-ний өглөө 10 цагийн орчим явсан. Тэгээд Төв аймаг Борнуур суманд очиход н.Г энд өвс ургаж байна хэдүүлээ энэ өвснүүдийг гялс түүчихье гэж хэлсэн. Тэр үед нь би уг нь түүхгүй гэж бодсон. Тэгээд гялс хамжаад түүхээр болоод тухайн газраас бид хэд гараараа зулгаагаад өвснүүдийг түүцгээсэн. Тэгээд түүсэн өвснүүдээ машиныхаа гадна байлгаж байсан. Тэгтэл н.Г нэг ширхэг өвсийг нь машины урд талын салхины шилний дотор талд наранд тавьж хатаагаад, тэгээд баримт хэвлэдэг нарийнхан цаасанд тухайн өвсийг хийж тамхи шиг болгож асаагаад өөрөө сорж татаад н.Г.Н, Ц.Б бид гуравт май гээд өгсөн. Би уг нь татахгүй гэж бодож байтал нөгөө хоёр татаад гайгүй яах ч үгүй гэхээр нь сонирхоод гурваас дөрвөн удаа сорсон. Тэгээд тэр хавьцаа байж байгаад машиныхаа хойд талын суудлыг хэвтүүлж байгаад орой бид хэд машиндаа унтсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөрхөн сэрээд Улаанбаатар хот руу хөдлөөд явсан ба Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн постон дээр замын цагдаа зогсоож шалгаад цагдаад баригдсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89 тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай прокурорын тогтоол /1-р хх-ийн 101-102 тал/,

-Хил хамгаалах Ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2-4в/4406 дугаартай “Нямпүрэвийн Г /РД:УХ01250814, ПД:Е2895815/ нь Чингис хаан боомтоор 2021 оны 07 дугаар сарын 27-н өдөр БНТурк улс руу Улаанбаатар-Истанбул чиглэлийн ТК-4925 дугаар аяллын онгоцоор улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна” гэх албан бичиг /1-р хх-ийн 157 тал/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №07/248 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 162-174 тал/,

-Яллагдагч Ц.Боос дахин авсан “...Миний хувьд н.Гтэй баригдсанаасаа хойш огт уулзаагүй. н.Стай бол одоогоос жилийн өмнө байсан байх мэдүүлэг өгөх үедээ л уулзаж байсан. Тэрнээс хойш огт таараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195 тал/,

-Шүүгдэгч Г.Нийн яллагдагчаар дахин өгсөн “...Миний хувьд н.Гтэй баригдсанаасаа хойш огт уулзаагүй. н.Стай бол сүүлд мэдүүлэг авах ажиллагаа дээр хоёр талаасаа өмгөөлөгчтэй хамт уулзсан. Тэрнээс хойш 2021 оны 08 дугаар сард байсан байх манай гэрийн гадаа уулзаж байсан. Тэрнээс хойш уулзаагүй..., Би Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт байрлах Гранд плаза-д байрлах Мед экстрейм хувцас дизайны дэлгүүрт хувцасны модел хийж байгаа. Гэрийн хаяг хуучнаараа хэвээ байгаа. Утасны дугаар гэвэл манай ээж н.Нанжидмаагийн дугаар болох 99631250 гэсэн дугаараар холбогдоно. Удахгүй өөрийнхөө 89818583 гэсэн дугаарыг барина...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Н.А“...Тухайн машиныг би У.Мягмарсүрэн гэх хүнээс худалдан авч байсан бөгөөд нэрээ шилжүүлээгүй байсан юм. Тэгтэл манай нэг танил ах надаас машин гуйхаар нь өгчхөөд хэд хонуулаад авсан байгаа. Тэр хооронд цагдаад хүүхэд нь унаж яваад баригдаад саатуулагдаж байгаад гаргаж өгсөн гэж байсан. Тэр машиныг би дараа нь жолоодож яваад осолд ороод тэгээд задлаад зарчихсан байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-227 тал/,

-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1291 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 1-2 тал/,

-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 44 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 7-8 тал/,

-Төв аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 45/04-107 дугаартай албан бичиг, ажиллагааны баримт /2-р хх-ийн 10-14 тал/,

-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 92 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 19-20 тал/,

-Хил хамгаалах ерөнхий газар 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/4в/3367 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 25 тал/,

-Хил хамгаалах ерөнхий газар 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2/4в/4692 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 27 тал/,

-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 970 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 30-31 тал/,

-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 986 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 36-39 тал/,

-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №141 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 101 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Г.Н нь Б.С, Н.Г, Ц.Б нартай бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидрозаннабинол” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн “Тоёота приус-20” маркийн “04-12 УНБ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.:.” гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, улсын хилээр нэвтрүүлэх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

 

Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг ойлгоно.

 

Монгол Улсад хар тамхи буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалахыг эрүүгийн хуулиар хориглодог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үздэг.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд  мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидрозаннабинол” гэх ургамлыг “хууль бусаар хадгалсан” гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Харин Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн атлаа 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 382 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Нийг “...яллагдагч Г.Н нь Б.С, Н.Г, Ц.Б, нартай бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидрозаннабинол” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн “Тоёота приус-20” маркийн “04-12 УНБ” улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг дурдаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг,

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Уянга нь “Яллах дүгнэлтэд бэлтгэсэн хадгалсан шинж нотлогдсон тогтоогдож байх тул Тээвэрлэсэн гэж буруу бичигдсэн үгийг шүүхийн шийтгэх тогтоолоор зөвтгүүлэх саналтай байна” гэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Н болон түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нараас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийн үйлдэл байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс маргахгүй” гэсэн байх тул зөвтөх нь зүйтэй гэж үзсэн тул шүүгдэгч Г.Нийг Б.С, Н.Г, Ц.Б нартай бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий, “өвс” гэх нэршилтэй 10 грамм цэвэр жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн “Тоёота приус-20” маркийн “04-12 УНБ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж, хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд Төв аймгийн Прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд, шүүгдэгч Г.Нийг НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхийөвс” гэх нэршилтэй нийт жин нь 10 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Э.Уянга нь: “Шүүгдэгч Г.Нийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Г.Нид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэх санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн  5.6 дугаар зүйлд зааснаар тухайн хорих нээлттэй байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон 78 хоногтой. Энэ хоногийг эдлэх ялаас хасаж тооцох санал гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин нь: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь санкцийн хувьд 1-5 жил хүртэл зорчих эрх хязгаарлах болон хорих ялтай. Энэ гэмт хэрэг үйлдэгдээд 3 жил болсон. Үйлдсэн хэрэгтээ маргахгүй байна. Г.Н энэ  3 жилийн хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг зөрчил үйлдээгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж тунгааж байсан. Заавал нийгмээс тусгаарлаж хорих нь үр дүнгээ өгдөг асуудал байхгүй. Гэм буруугаа хэрхэн ойлгож байгаа байдал чухал. Г.Н амьдрал зохиож удахгүй шинэ гэр бүл мэндэлнэ. Нийгэмд үр ашигтай ажил төрөл эрхлээд явна гэж итгэж байна. Тиймээс зорчих эрх хязгаарлах ял сонгож хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхй ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаардаг, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

 

Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Г.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Г.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Нийн цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Г.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэж хорих ял эдлүүлэхээр тогтсон тул хорих ял эдлэх байгууллагыг гэм буруугийн талаар маргадаггүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглсан тээврийн хэрэгслийн хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Нид эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар 1 удаагийн ял шийтгэлтэй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...зорчих эрх хязгаарлах ял сонгож хэрэглэж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй.

Шүүгдэгч Г.Нийн хувьд урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан, үүндээ ухамсарлаж дүгнэлт хийгээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл шүүхийн шатнаас оргон зайлж, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан зэрэг нөхцөл байдлуудыг дүгнэн шүүгдэгч Г.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “...зорчих эрхийг хязгаарлах...” ялыг сонгож хэрэглэх боломжгүй,

Түүнчлэн Г.Нид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаас

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд шийдвэрлэхээр тогтсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтгүй, эрүүгийн дугаатай хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй тул улсын яллагчаас оногдуулсан 2/ хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасанг хууль ёсны болон шудрага ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

Төв аймгийн Прокурорын газраас Ц.Б, Г.Н, Б.С нарт Эрүүгийн дугаарт хэрэгт 2022 оны 09 дүгээр сарын 6-ны өдрийн №382 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ц.Б нь шүүхийн шатанд оргон зайлсан тул 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №194 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Бид холбогдох хэргийг түдгэлзүүлсэн болно.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Шүүх хуралдааны товыг иргэний нэхэмжлэгч У.Мягмарсүрэн, Н.Ариунболд нарт мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч У.Мэзэмшлийн “04-12 УНБ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн үнэ болох 5.616.000 төгрөгөөс 1.404.000 төгрөгийг хувь тэнцүүлж, шүүгдэгч Г.Ноос гаргуулж улсын орлого болгож,

Эрүүгийн дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 13 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10.00 гр делта-9 тетрагидроканнабинолыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №522 дугаартай шүүгдэгч Б.Сад холбогдох шийтгэх тогтоолоор устгасан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийн цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч У.Мэзэмшлийн “04-12 УНБ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн үнэ болох 5.616.000 төгрөгөөс 1.404.000 төгрөгийг шүүгдэгч Г.Ноос гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Эрүүгийн дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10.00 гр делта-9 тетрагидроканнабинолыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №522 дугаартай шүүгдэгч Б.Сад холбогдох шийтгэх тогтоолоор устгасан болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Нид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА