Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/шш2021/03041

 

 

 

 

 

0000 оны 00 сарын000 өдөр Дугаар 102/ШШ2000/000000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүлийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... холбогдох,

4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагч ..., хариуцагчийн өмгөөлөгч ... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч ...гийн хамт гаргасан тайлбартаа:

Миний бие 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ...д машин авахад нь зориулж өөрийн Хаан банк дахь .... тоот төгрөгийн данснаас түүний Хаан банк дахь .... тоот төгрөгийн дансанд машин авахаар тохиролцсон урьдчилгаа төлбөр болох 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Бид хоёрын таарамжгүй харилцаанаас болж ... нь намайг цагдаад өгсөн бөгөөд бид дээрх тохиролцоогоо цуцалсан. Улмаар би ...тай тохиролцсон машин авахад нь зориулж өгсөн 4,000,000 төгрөгийг буцаан шаардсан боловч одоог хүртэл буцаан өгөөгүй шалтаг хэлж маргасаар өнөөдрийг хүрсэн. Иймд би 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

... миний мөнгөнөөс 1,900,000 төгрөгийг буцааж төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагаа 2,100,000 төгрөг болгон багасгаж байна. Энэ мөнгийг би эгчээсээ зээлж авч өгсөн. Тэгэхдээ бид хоёр дундаасаа мөнгө босгож тухайн машиныг ...тай хамтарч эзэмшихээр ярилцсан байсан. ... надтай болон манай эгчтэй хамт аяллаар явахдаа 500,000 төгрөгийг аяллын мөнгө гэж над руу шилжүүлсэн. ...ыг жирэмсэн үед нь би хамт эмнэлэг явж, өглөө ажилд нь хүргэж, орой ажлаас нь авдаг байсан. Намайг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр машин унаж алга болсон гээд цагдаад мэдүүлсэн байсан. Бид 9 дүгээр сар хүртэл хамт байсан. Машиныг дундаа хамтран өмчлөнө гэж авсан. Машины зээлийг төлсний дараа би эгчдээ 4,000,000 төгрөгийг буцааж төлөх байсан.

Өмгөөлөгч: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үүрэг нэхэмжлэгчид үүсээгүй байх тул хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч 2,100,000 төгрөгийг шаардах эрхтэй. ...аас ...ы данс руу 3,450,000 төгрөг хийсэн гэх тайлбар гаргаж байгаа ч тэд хамтын амьдралтай байсан, тэр хугацаанд мөнгө өгч, авалцдаг байсан учир нэхэмжлэлийн дүн 2,100,000 төгрөг гэдгийг тодруулан хэлмээр байна ...гэв.

Хариуцагч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч ...гийн хамт гаргасан тайлбартаа:

Би ...той 2021 оны 7 дугаар сараас эхлэн хамтран амьдарч, мөн оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн ажиллуулдаг тээвэр зуучийн компанид ачаа бараа хүргэх, тээвэрлэлтийн ажил гүйцэтгэхэд ашиглах зорилгоор Приус-30 маркийн автомашиныг 21,760,000 төгрөгөөр худалдан авахаар болж, .... ХХК-д 30 хувийн урьдчилгаа төлбөр 6,800,000 төгрөг төлж, үлдэгдэл 14,960,000 төгрөгийг тус ББСБ-аас зээлж, өөрийн нэр дээр Зээлийн гэрээ байгуулсан. Дээрх автомашиныг худалдан авахад шаардлагатай урьдчилгаа төлбөрөөс ... 4,000,000 төгрөгийг өгсөн ба сар бүр төлөх зээлийн төлбөр 800,000 төгрөгийг бие хугацаа хэтрүүлэлгүй төлсөөр байгаа. Миний хувьд жолоодох эрхийн үнэмлэхгүй учраас ... нь тухайн автомашиныг авсан цагаас эхлэн өөрийн эзэмшил, ашиглалтандаа байлгаж, өдөр тутамдаа хэрэглэж байсан. 2021 оны 8 дугаар сарын эхээр би бие давхар болж, энэ тухай ...д хэлэхэд цаг нь болоогүй гэсэн тул түүний үгэнд итгэж үр хөндүүлсэн бөгөөд үүнээс болж би сэтгэл санаагаар унаж, биеийн байдал хямарч удаан хугацаанд эмнэлгээр явж байсан боловч энэ үед ... надад ямар ч анхаарал, халамж тавихгүй, миний зээлийг нь төлж байгаа автомашинаар найз нөхөдтэйгөө гадуур зугаалж цэнгэхээс өөр зүйл хийдэггүй байсан. 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ... миний автомашиныг унаад надтай огт холбоо барилгүй таг чиг алга болсон тул түүнийг Цагдаагийн байгууллагад хандсан. Улмаар 9 дүгээр сарын 12-ны өдөр түүний эгч ... надтай холбогдож, автомашиныг авчирч өгсөн боловч машины түлхүүр, гэрчилгээг өгөөгүй, мөнгө өг гэж дарамталж байгаад явсан. Би 7 дугаар сарын 18-ны өдөр ...гийн надаас зээлсэн 100,000 төгрөг, мөн 23-ны өдөр зээлсэн 400,000 төгрөг, мөн автомашиныг хэрэглэсэн хугацаанд ногдох 2 сарын зээлийн төлбөр 1,600,000 төгрөгийн хамт 2,100,000 төгрөгийг хасч, түүнд 1,900,000 төгрөгийг Хаан банк дахь данс руу нь 9 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлснээр бидний тооцоо дууссан. Ийнхүү бидний хоорондын хамтын амьдрал дуусч, төлбөр тооцооны ямар ч асуудалгүй болсон байхад надаас авсан мөнгөө аваагүй мэтээр бодит байдалд нийцэхгүй нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. ...г надаас салаад явна гэж бодоогүй, өөр дээрээ зээл гаргуулж машиныг авсан. 8 дугаар сарын сүүлд би үр зулбасан. Гэтэл ...гоос ямар ч сураггүй, 10 гаруй хоног холбоо бариагүй. Энэ хугацаанд 8 сарын зээл нэхэгдэн, би 8 сарын 20-нд төлөлт хийсэн. 8 сарын 10-ны үед машины төлөлт ойртон, ...д цагдаад мэдэгдлээ шүү гэж хэлэхэд дундын өмч юм чинь хамаагүй хэл гэхэд нь цагдаад мэдэгдсэн.

Өмгөөлөгч: ... 4,000,000 төгрөгийг дансаар авснаас ... руу шилжүүлсэн 3,450,000 төгрөг болон бэлнээр өгсөн мөнгийг хасах ёстой ч манай талаас нотолгоо авчраагүй. Бидний зүгээс 550,000 төгрөгийг төлж болох дүн гэж үзэж байгаа. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, хэрэгт авагдсан дансны хуулгаар хариуцагчийн шилжүүлж байсан нийт дүнг хасч нэхэмжлэгч 550,000 төгрөгийг нэхэмжлэх нь зөв юм...гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

... нь ...д холбогдуулан түүнд шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардан нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлсөн 1,900,000 төгрөгийг хассанаар нэхэмжлэлийн шаардлагыг 2,100,000 төгрөг болгон багасгажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, түүнд 3,450,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлан, үлдэх 550,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч ... 4,000,000 төгрөгийг mashaan гэсэн утгатайгаар өөрийн Хаан банк дахь ... тоот харилцах данснаас хариуцагч ...ын Хаан банк дахь....тоот данс руу шилжүүлсэн болох нь дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

..., ... нар Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаатайгаар хамтран амьдарч байхдаа харилцан тохирч хамтран автомашин худалдаж авах, уг хөрөнгийг хамтран өмчлөх зорилгоор ... 4,000,000 төгрөг, ... 2,800,000 төгрөг тус тус нийлүүлж, 21,760,000 төгрөгийн үнэ бүхий Приус-30 автомашин худалдаж авах зорилгоор хэн аль нь урьдчилгаа төлбөрт хөрөнгө оруулж, автомашиныг зээлээр худалдан авсан байна.

Хамтран амьдрах хугацаандаа худалдаж авсан автомашинаа эзэмшиж, ашиглан, ... жолоодох эрхийн үнэмлэхгүйн улмаас ... автомашиныг жолооддог байсан ба тэдний хамтын амьдрал дуусгавар болж, зээлийн төлбөрийг хариуцагч төлж байгаа бол нэхэмжлэгч зээлийн төлбөр төлөөгүй бөгөөд автомашиныг ...ын зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас түүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан байна.

Улмаар нэхэмжлэгч Хариуцагч ...аас 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч ...д 1,900,000 төгрөгийг буцаан төлжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг нь хожим дуусгавар болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Автомашин хамтран өмчлөхөөр тохирсон талуудын хооронд үүссэн үүрэг тэдний хамтын амьдралаа зогсоосноор дуусгавар болсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч оруулсан хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Харин ...ын эзэмшлийн автомашиныг 2 сарын хугацаанд түүний зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулж, эзэмшигч хөрөнгөө ашиглах боломжгүй байсны улмаас цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар 8 дугаар сард тээврийн хэрэгслийг хариуцагчид хүлээлгэн өгсөн боловч түлхүүрийг өгөөгүйн улмаас ашиглах боломжгүй байсан бөгөөд энэ хугацааны зээлийн төлбөрт хариуцагч 1,600,000 төгрөгийг автомашины зээлийн төлбөрт төлж байсан нь түүний дансны хуулгаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах ...зэргээр захиран зарцуулж, бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч 1,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөс татгалзах эрхтэй гэж дүгнэн, хариуцагч ...аас 500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...аас 500,000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 15,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, төлөөлөгчид энэ шийдвэрийг эс зөввшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА