| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 181/2022/01578/И |
| Дугаар | 001/ХТ2025/00149 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2025/00149
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/04125 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2025/00500 дугаар магадлалтай
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Х” ХК-д холбогдох
"Х” ХК-д төлөх өр төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах, төлбөрийн үлдэгдлийг төлснөөр ... хаягт байрлах ... дугаарт бүртгэлтэй, 4321.49 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын ... дугаар бүхий 2734 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах, зочид буудлыг хэвийн ашиглах эрхийг “Г” ХХК-д шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э-ны хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Т.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Х” ХК-д холбогдуулж төлөх өр төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах, төлбөрийн үлдэгдлийг төлснөөр ... хаягт байрлах ... дугаарт бүртгэлтэй, 4321.49 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын ... дугаар бүхий 2734 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах, зочид буудлыг хэвийн ашиглах эрхийг “Г” ХХК-д шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/04125 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хариуцагч “Х” ХК-д төлөх өр төлбөрийн үлдэгдлийг шүүхээр баталгаажуулж, тухайн төлбөрийн үлдэгдлийг төлснөөр ... хаягт байршилтай, ... дугаарт бүртгэлтэй, 4321.49 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 2734 м.кв талбайтай газрын хамт шилжүүлэн өгөхийг даалгаж, зочид буудлыг хэвийн ашиглах эрхийг “Г” ХХК-д шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2025/00500 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/04125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хариуцагч “Х” ХК-д холбогдуулан гаргасан тус банканд төлөх төлбөрийн үлдэгдлийг шүүхээр баталгаажуулж, төлбөрийн үлдэгдлийг төлснөөр ... хаягт байршилтай, ... дугаартай, 4321.49 м.кв талбайтай зочид буудлын барилга, мөн хаягт орших нэгж талбарын ... дугаартай, 2734 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар болон зочид буудлыг ашиглах эрхийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Х” ХК-аас 2,635,278,454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай” гэж өөрчилж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Х” ХК-аас 13,334,342 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгч Ц.Э-ны хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.23-ны өдрийн 181/ШШ2024/04125 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхийн 2025.03.24-ний өдрийн 210/МА2025/00500 дугаар магадлалыг шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэлээр тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас “Х" ХК-д төлөх өр төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах, төлбөрийн үлдэгдлийг төлснөөр ... байрлах 4321.49 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, мөн хаягт байрлах 2734 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг даалгуулах, зочид буудлыг хэвийн ашиглах эрхийг “Г” ХХК-д шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлагыг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Ажиллагааны явцад нэхэмжлэгч тал төлбөрийн үлдэгдэл 991,674,854 төгрөг болохыг шүүхээр баталгаажуулах, тухайн төлбөрийн үлдэгдлийг төлснөөр ... хаягт байрлах 4321.49 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, мөн хаягт байрлах 2734 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг даалгуулах, зочид буудлыг хэвийн ашиглах эрхийг “Г” ХХК-д шилжүүлэхийг даалгуулахаар шаардлагаа тодруулсан.
Хариуцагч тал сөрөг шаардлага гаргаагүй, өөрөөр хэлбэл, талуудын хооронд хийгдсэн гэрээ хэлцлүүдэд маргаагүй, харин төлбөр барагдуулахаар тохиролцсон хэлцлээс татгалзсан гэж маргасан. Бид шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон зээлийн үүргийн төлбөрөөс тус банктай тохиролцсоны үндсэн дээр дийлэнх хэсгийг хэсэгчлэн төлж барагдуулсан, харин үлдэгдэл төлбөрийг төлөх арга хэмжээ авах гэхэд хариуцагч банкнаас үлдэгдэл төлбөрөө баталгаажуулахгүй байх, төлбөрийн өөр өөр дүн бүхий санал гаргах, элдэв болзол тавих, төлбөрийн нөхцлийг дураар өөрчлөн шинэ зүйлүүд гаргаж ирэх, тохиролцсон зүйлээ биелүүлэхгүй байх, гарын үсэг зуруулсны дараа хэдхэн хоногийн дотор өөр зүйл ярьж, өөр зүйл шаардах, гэнэт өөрчлөх зэргээр эргэлзээ төрүүлж, шулуухан хэлэхэд айдас болгоомжлол үүсгээд байсан юм. Мөн манайх төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд зочид буудлын барилгыг “Г” ХХК-д эсвэл бидний заасан иргэн, хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлж өгнө гэсэн тодорхойлолт, албан тоот гаргаж өгнө гэж амласан боловч тэр бичгээ хэзээ ч гаргаж өгөөгүй. Ийм байхад манайх төлбөрөө төлөх зориулалтаар зээл авах, хамтрагч олох, хөрөнгө оруулагчид санал болгох болон бусад байдлаар мөнгө олох боломжгүй болж, санхүүжилтийн асуудлыг шийдэх үндсэн хөшүүрэг болох нөгөө талын баталгаа байхгүй болж, гацаанд орсон билээ. Ийнхүү, аргагүйн эрхэнд талуудын олон удаагийн хүсэл зориг илэрхийлсэн албан тоот, албаны цахим байдлаар харилцсан албан ёсны саналуудыг үндэслэн төлбөрийн үлдэгдлийг шүүхээр баталгаажуулах, мөн төлбөрөө төлсөн тохиолдолд манайх барилгаа авахаар шүүхэд хандсан билээ. Ингэж баталгаажуулсны үндсэн дээр төлбөр барагдуулах үндэслэл бүрдэж, талуудын тохиролцоо хэрэгжиж ирсэн. Банкны өмчлөлд түр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр буцаан авах болзолт нөхцөлтэй гэрээний үүрэг биелэгдэж, зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, мөн хаягт байрлах 2734 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн хамт буцаан шилжүүлэх үндэслэл бий болох юм. Гэтэл шүүх иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага маргааны үйл баримтыг огт авч хэлэлцэлгүй, хэргийн үйл баримтыг ч тодорхойлолгүй орхигдуулж, харин үүсгэсэн хэрэгт байхгүй, талуудын мэтгэлцээнд дурьдагдаагүй, зөвхөн шүүхээс өмнө хариуцагч Х-наас нэхэмжлэгчид санал тавьж байсан нэг удаагийн тоон дүнгээр шийдвэрлэгдэж буй маргаан мэтгэлцээнд огт дурьдагдаагүй тоо дүнг гарган тогтоож шийдвэрлэсэн нь маргаан үүсгэсэн нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, гаргасан зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
Зээлийн төлбөрийн талаар тооцон гаргасан дүнгээ харилцан баталгаажуулна гэсэн боловч банкны зүгээс актаар баталгаажуулаагүй, тооцоо нийлсэн акт үйлдэхгүй, аль болохоор зайлсхийж байгаа нь банк зээлийн төлбөрөө авах бус харин зочид буудлыг авах зорилготой нь харагдаж байгаа юм. Банк шүүхийн шийдвэрээр тогтоосон болон харилцан тохиролцсон зээлийн төлбөрөө авах нь гол зорилго биш, харин аж ахуйн нэгжийн олон жилийн хөлс хүчээр бий болгож босгосон эд хөрөнгө зочид буудлын барилгыг ямар ч хамаагүй аргаар авах нь тэргүүн зэрэгт тавигдаж байгааг хэлэхээс өөр аргагүй байна. Мөн тус зочид буудлын барилгыг барьж босгохоос гадна ханхай хоосон барилгыг орчин үеийн тохижилттой, менежмент сайтай тогтсон бизнес болгохын төлөө асар их нэмэлт хөрөнгө оруулалт, хичээл зүтгэл, цаг хугацаа зарцуулан байж бий болгосон өндөр орлоготой бэлэн бизнесийг эзэгнэн авахыг санаархаж байгаа нь илт юм. Энэ санаархлыг шүүх хангаж, хамгаалж болохгүй. Банкны өмчлөлд түр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр буцаан авах болзолт нөхцөлтэй 208/2013 дугаар гэрээ, уг гэрээг хэрэгжүүлэх хэлцэл, гэрээнүүдийг зохигч талуудын эрх бүхий этгээдүүд байгуулсан, харин шүүхийн уг хэрэгжүүлэх хэлцлээс татгалзсан гэж авч үзсэн 2 албан бичгийг хуулийн этгээдийг тухайн гэрээнд санал гаргах эрх олгогдоогүй этгээдийн орлогч гэх нэрээр гаргасан баримтыг гэрээний нэг талын хүсэл зориг мэт тооцож авч үзэж үнэлсэн нь учир дутагдалтай, энэ эрх зүйн үйл баримтаас хойш зохигч талуудын хооронд олон удаагийн Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан хэлбэрээр хийгдсэн, гэрээ хэлцэл гэрээний саналууд тохиролцоонууд байхад шүүх үнэлээгүй.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.25-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.Э-гаас “Эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг, Монгол Улсын хилээр 2024.10.09-ний өдөр гарсан талаарх гадаад паспортны дардас, эмнэлгийн баримт, нислэгийн тийзний хамт ... хаягнаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын ... хаяг руу болон шүүгчийн туслахын ... хаяг руу тус тус явуулсан. Өмгөөлөгчийн хүсэлт дээрх мэйл хаягууд руу очсон хэрнээ хавсралт баримт ирүүлээгүй гэдэг нь ямар ч үндэслэлгүй, өмгөөлөгчийн явуулсан хавсралтуудаас үзэхэд баримтууд болон хүсэлтийг хамт явуулсан нь харагдаж байна. Тухайн баримтыг давж заалдах гомдолд хавсарган өгсөн болно. Өмгөөлөгч хүнд өвчний улмаас мэс засалд орж байгаагаа, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримтаар нотлон, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргахад үндэслэлгүй хангахаас татгалзаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч талын өмгөөлөгчтэй оролцох эрхийг хязгаарласан, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэл болж байна.
Мөн нэхэмжлэгч компанийн захирал Ц.Э-аас “Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байгаа, өмгөөлөгчийг Монгол Улсад ирсэн даруйд Улаанбаатар хотод очиж ажиллана, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцоно” гэсэн хүсэлтийг 2024.10.24-ний өдөр шүүхэд бие хүнээр хүргүүлэн өгсөн. Гэтэл түүний хүсэлтийг мөн хэлэлцээгүй, огт хүсэлт өгөөгүй мэтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хүсэлтийг шийдвэрлэлгүй орхисон нь зохигчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.
Шүүх хуралдааны товыг 2024.10.25-ны өдөр гэж утсаар нэхэмжлэгчид хэлсэн, шүүх хуралдаан мөн өдөр хуралдсан болох нь хэрэг хэлэлцэх тухай захирамж, 2024.10.25-ны өдөр хөтлөгдсөн 181/ТМ2024/05927 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдоно. Гэтэл анхан шатны шүүхийн 181/ШШ2024/04125 дугаар шийдвэр нь 2024.10.23-ны өдөр гэж огноолсон нь манай нэхэмжлэл бүхий хэргийг хэлэлцсэн шүүх хуралдааныг болохоос өмнө шийдвэрлэсэн, энэ шийдвэр хүчин төгөлдөр үлдвэл хэрэг хэлэлцсэн шүүх хуралдаанаас өөр эрх зүйн үйл баримт болон тогтоогдох болно. ИХШХШТХ-ийн 118 дугаар зүйлийн 118.2-т “Удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана” гэжээ. Иймд, 181/ШШ2024/04125 дугаар шийдвэр нь хэрэг хэлэлцэх тухай захирамж, 2024.10.25-ны өдрийн 181/ТМ2024/05927 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэгдсэн шүүх хуралдааны шийдвэр гэж үзэх үндэсгүй, хуулийн заалт шаардлагыг зөрчсөн байхад магадлал хуулийг өөрөөр хэрэглэсэн байна. Шүүх эрх ашиг нь хөндөгдөж буй бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “ГТ” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан боловч шүүх хуралдааны тов мэдэгдлийг хүргэдэггүй, хэргийн материал бүрэн танилцуулдаггүй, ганц удаа энэ өдрийн хуралдаанд биечлэн оролцож байхад өмгөөлөгч авах хүсэлтийг нь шийдвэрлэлгүй орхигдуулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Энэ нь хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн эрх ашгийг дордуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хууль зөрчсөн нөхцөл болж байна. Шүүх маргаан үүссэн нөхцөл байдлыг огт тодруулаагүй, маргааны үндэслэл болох 2013.03.26-ны өдрийн 208/2013 тоот гэрээний эрх зүйн үндэслэлийг гаргалгүй, ирээдүйд биелэгдэх болзол тавьж хийсэн хэлцэл гэдэгт хоёр тал маргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрээр зээлийн гүйцэтгээгүй үүргийн дүн тогтоосон төлбөрийг барагдуулах талаар талууд харилцан тохиролцож олон удаагийн 2020, 2021 онуудад гэрээ хэлцэл тохироонууд хийгдсэн. Үүний үндсэн дээр тооцоо нийлсэн акт үйлдсэн эрх зүйн үйл баримт, түүний үр дагаврыг шүүх огт авч үзэлгүй, дүгнэлт гаргаагүй болно. 2020.07.09-ний өдрийн эрх бүхий этгээдүүд байгуулсан “Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ"-д талууд маргаагүй, харин уг гэрээний төлбөрийн үлдэгдэлд маргасан тул нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээнд дурдсанаар төлбөрийн үлдэгдлээ баталгаажуулан тогтоолгох шаардлагаа шүүхэд тодруулан дэмжсэн.
Гэтэл шүүхийн шийдвэр, магадлалд анхны нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн авч үзэж, хуулийн шаардлага хангасан баримт, эрх зүйн үйл баримтыг огт үнэлээгүй, нэхэмжлэгчийн 2023.03.01-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулга шүүхэд гарган хариуцагчид гардуулагдаж ажиллагаа хийгдсэнийг хэрхэх нь тодорхойгүй үлдээсэн байна.
Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээнд 1,7 тэрбум төгрөг гэсэн дүн байхад хариуцагч зөвшөөрөхгүй 5,012,300,000 төгрөг болгон нэхсэнээс талууд маргаж, нэхэмжлэл гаргах үндэслэл шалтгаан 2022 онд бий болсон. Хэрэв төлбөрийн үлдэгдлийг тохирчихвол бид төлөхийг зөвшөөрч байгаа болно. Өнөөдөр ч хариуцагч тал өмнө гэрээ, хэлцлүүд байгуулж хэрэгжүүлсэн талаар нэг ч үг маргаагүй. Харин төлбөрөө төлөөгүй л гэж маргадаг. Гэтэл шүүх 04125 дугаар шийдвэрээр хариуцагч талын болон нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээг хүлээн зөвшөөрч зөвшилцсөн, маш олон албан бичиг, уулзалтын тэмдэглэлүүд хэрэгт байхад огт үнэлэлгүй, цор ганц 2021.10.12-ны өдрийн 5/8724 мэдэгдэл гэж авч үзээд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзсэн нь хэнд ч илэрхий учир дутагдалтай байна. Хэрэв гэрээнээс татгалзсан гэж үзсэн юм бол хуулинд заасан татгалзах хүндэтгэн үзэх шалтгаан нь юу юм, энэ ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т заасан татгалзсан бол мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилж хэрэгжсэнээр үр дагавар шийдвэрлэгдэх нь зүй юм. Энэ талаар авч үзээгүй тул гэрээний татгалзал гэдэг нь хууль бус дүгнэлт гэж үзэх үндэслэл болж байна. Шүүх талуудын маргааныг гэрээний татгалзал бий болсон гэж дүгнэчихээд Иргэний хуулийн 189.5-д заасан гэрээний үүргээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн үйл баримтыг дүгнээгүй, маргааны эрх зүйн үйл баримтыг аль нь болохыг авч үзээгүй, дүгнээгүй болохоор шийдвэрийн маргааныг огт шийдээгүй үлдээсэн гэх үндэслэл бий болгосон. Магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцүүлэн өөрчилж буй үндэслэлээ огт заалгүй, маргаанаас өөр шийдэл гаргасан нь хууль бус гэж үзнэ. Шүүхээс маргаан үүссэн нөхцөл байдлыг огт тодруулалгүй, маргааны үндэслэл болох 2013.03.26-ны өдрийн 85/2023 гэрээний эрх зүйн үндсийг гаргалгүй, ирээдүйд биелэгдэх болзол тохирч хийсэн хэлцэл гэдэгт хоёр тал маргаагүй, энэ гэрээний биелэлтийг талууд харилцан тохиролцож, 2020, 2021 онуудад гэрээ хэлцэл, тохиролцоо хийсэн, тооцоо нийлсэн акт үйлдсэн эрх зүйн үйл баримт, түүний үр дагаварыг шүүх огт авч үзээгүй, хуульд заасан үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй гэж үзэж байна. Дээрх байдлуудаас үзэхэд ИХШХШТХ-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, мөн зүйлийн 116.3-т шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан хуулийг илт ноцтой зөрчсөн, хуулийг өөрчлөн хэрэглэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.23-ны өдрийн 181/ШШ2024/04125 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.03.24-ний өдрийн 210/МА2025/00500 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж, зохигч болон оролцогчийн эрхийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг олгож өгнө үү гэжээ.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгч Ц.Э-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.07.01-ний өдрийн 001/ШХТ2025/00694 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгч Ц.Э-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Х” ХК-д холбогдуулан “...төлөх өр төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах, үлдэгдлийг төлснөөр ... хаягт байрлах ... дугаарт бүртгэлтэй, 4321.49 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын ... дугаар бүхий 2734 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах, зочид буудлыг хэвийн ашиглах эрхийг “Г” ХХК-д шилжүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “... аймагт зочид буудал барихад зориулан авсан зээлийн тухайд анхан шатны шүүхийн 2012.05.23-ны өдрийн шүүгчийн 857 захирамжаар үндсэн зээл, зээлийн хүүд нийт 4,201,986,124 төгрөгийг 2013 онд багтаан төлөхөөр шийдвэрлэсэн. Одоогоор 3,235,278,455 төгрөгийн төлөлт хийгээд байгаа. Зээлийн эргэн төлөлт, буцаан худалдан авах гэрээний хэрэгжилтийн талаар харилцан хүлээцтэй хандаж, талуудын эрх ашгийг харгалзаж үзсэн шийдвэрүүд гаргаж ирсэн. 2013 онд итгэлцлийн үүднээс Зочид буудлын барилгын гэрчилгээг газрын хамт “ХХБ” ХК-д шилжүүлэн өгч, “Г” ХХК зочид буудлын менежментийг хариуцаж, бүх зардлыг хариуцан төлж, орлогоо зээл төлөхөд зориулж ирсэн. ...2013.03.26-ны өдрийн 208/2013 тоот "Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр буцаан худалдан авах тухай гэрээ"-г байгуулсан ба талууд үүнийг эрсдэлгүй, зардалгүй, зөв арга гэж харилцан үзсэн. Жилд 100,000,000-935,500,000 хүртэлх төгрөгийн төлбөрийг төлж, банктай харилцсаар ирсэн. Гэвч орлого олж эхлэхийг далимдуулан, хугацаа зааж их хэмжээний төлбөр төлөхийг шаардсан албан тоот, мэдэгдэл удаа дараа хүргүүлж, эцэст нь менежментийг хүлээж авна гэж мэдэгдсэн. 2021.10.14-ний өдөр зочид буудлыг нөгөө талд хүлээлгэн өгч, акт үйлдсэн. Банкнаас төлбөрийн үлдэгдэл 1,091,674,854 төгрөг байх тооцоог гаргасныг манай зүгээс хүлээн зөвшөөрсөн. Гэвч үлдэгдэл төлбөрийг 460% өсгөн, зочид буудлын барилгыг 5,012,300,000 төгрөгөөр 12 хоногт багтаан худалдан авахыг бидэнд тулган шаардсан албан бичгийг 2021.12.03-ны өдөр ирүүлж, 12 сарын 09-ний дотор оффисоо чөлөөлөхийг шаардсан. Монголын банкны салбарын томоохон төлөөлөгчийн хувьд эдийн засгийн хүнд үед бүтээн байгуулалт хийж байгаа аж ахуйн нэгжийг шахалт дарамтад оруулж, улмаар өмч хөрөнгийг нь дээрэмдэх гэсэн ойлголт, айдсыг төрүүлж байна. ...төлбөр төлөгдөх хүртэлх хугацаанд зочид буудлаа хаасан нь ойлгомжгүй байдалд орлоо” гэжээ.
Хариуцагч “Х” ХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргахдаа “...2013.03.26-ны өдрийн "Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай гэрээ"-ээр банкны өмчлөлийн зочид буудлын барилгыг өр төлбөрөө бүрэн барагдуулан тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч түүнээс хойш 8 жил, 5 сар гаруй хугацаа өнгөрч, гэрээ сунгагдаагүй дуусгавар болсон. “Г” ХХК-д 2021.12.03-нд 5,012,300,000.00 төгрөгөөр худалдах үнийн саналыг хүргүүлж байсан хэдий ч заасан хугацаанд хөрөнгийг худалдан авах мөнгийг төлж, гэрээ байгуулаагүй. 2021.10.25-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчтэй тооцоо нийлж, үндэслэлгүй шилжүүлсэн төлбөрийн дансны хуулгыг гарган өгч, актаар тохиролцсон нөхцөлийг биелүүлсэн. Банк өөрийн өмчлөлийн хөрөнгийг өнөөдрийг хүртэл эзэмшил, ашиглалтыг хариуцаж байгаа ба нэхэмжлэгч нь хууль болон гэрээгээр шаардах эрх эдлэх үндэслэл байхгүй юм. Нэхэмжлэгчтэй хууль болон аливаа гэрээ, хэлцлээр үүрэг хүлээгээгүй байхад хууль бус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Банк энэ хөрөнгийг авснаар “Г” ХХК-ийн зээл хаагдсан. ... одоогоор нийт төлсөн байгаа 2,635,278,454 төгрөгийг буцааж авахад ямар ч асуудалгүй...” гэсэн агуулгатай тайлбар гаргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ГТ” ХХК нь ”Г” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжсэн тайлбар гаргасан байна.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012.05.23-ны өдрийн 857 дугаар захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. ...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн. Зохигчид 2013.03.26-ны өдөр № 85/2013 Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулж, хөрөнгө Х-ны нэр дээр шилжсэн. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байна. Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар зохигчид 2013.03.26-ны өдөр № 208/2013 “Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай гэрээ” байгуулсан. Нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь 2020.07.09-ний өдөр “Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ” байгуулсан нь Нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байна. Хариуцагч нь 2021.10.12-ны өдрийн мэдэгдлээр дээрх гэрээнээс татгалзсан байна. Иргэний хуулийн 205.1, 221.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийднэ” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.
9.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Магадлалд “... 857 дугаартай шүүгчийн захирамжид зааснаас өөрөөр тохиролцож 2013.03.26-ны өдөр 85/2013 Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах гэрээ байгуулсан ч төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс гэрээ дуусгавар болсон тул талууд 2020.07.09-ний өдөр Төлбөр тооцоог гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч сар бүр 50,000,000 төгрөгийг 35 сарын хугацаанд тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нь 2021.10.12-ны өдрийн мэдэгдлээр гэрээнээс татгалзсан тул зочид буудлын барилгын эзэмшлийг банкны мэдэлд шилжүүлэн өгөхийг мэдэгдсэн байна. Нэхэмжлэгч нь 2013, 2020 онд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний үүргээ зөрчсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Хариуцагч хамгийн сүүлд 2020.07.09-ний өдөр байгуулсан Төлбөр тооцоог гүйцэтгэх гэрээнээс 2021.10.12-ны өдөр татгалзсан тухайд анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Гэвч гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлээгүй орхисон тул давж заалдах шатны шүүхээс залруулна. Талууд хоорондоо тооцоо нийлээгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь 4,201,986,124 төгрөгийн төлбөрөөс ямар хугацаанд, хэдэн төгрөг төлсөн талаарх өөрийн тооцоолол, баримтыг шүүхэд гаргаагүй, харин мөнгөн төлбөрийн үүргээс төлөгдөөгүй үлдсэн дүнг 991,674,854.38 төгрөг гэж тодорхойлж Тооцоо нийлэх акт гэсэн баримтыг гаргасан ба энэ нь нэг талын баримтад тооцогдох учир шүүх уг баримтад үндэслэн гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэхгүй бөгөөд хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт нэхэмжлэгчийн нийт төлсөн төлбөрийг 2,635,278,454 төгрөг гэж тайлбарласныг үндэслэн “Х” ХК-д 2,635,278,454 төгрөг төлсөн гэж дүгнэж, хариуцагчаас энэ төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн.
Түүнчлэн “анхан шатны шүүх хэргийг 2024 оны 10 сарын 25-ны өдөр хянан шийдвэрлэсэн атлаа 23-ны өдөр хянан шийдвэрлэсэн тухай огноог шүүхийн шийдвэрт тусган гаргасан нь хуульд нийцэхгүйг шүүх цаашид анхаарах нь зүйтэй” гэжээ.
10.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Х” ХК-тай 2009.10.29-ний өдөр Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулсан ба энэ гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 857 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Захирамжид зааснаар хариуцагч нь 2,100,993,062 төгрөгийг 2012 онд багтаан, үлдэх 2,100,993,062 төгрөгийн төлбөрийг 2013 онд багтааж төлөхөөр, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрчээ.
11.“Х” ХК нь ... дугаарт бүртгэгдсэн ... дугаар гэрчилгээтэй 80 хувийн гүйцэтгэлтэй барилга, 722 м.кв талбай бүхий газар эзэмших ... эрхийг барьцаалж, Зээлийн хувийн батлан даалтын №ЗХБД/125-1 тоот гэрээ, №ЗХБД/125-2 гэрээг байгуулан, 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №3Б/125-1 тоот Зээлийн барьцааны нэмэлт гэрээгээр харилцах дансны орлого, түүхий эд, бараа материал, авлага, “Г”, П цогцолборууд, Ө, Д аймгуудад хэрэгжиж байгаа төслүүдээс орж ирэх борлуулалтын орлогыг барьцаалж, 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗБ/125/1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр ... байршилтай эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... дугаар гэрчилгээтэй зочид буудлын зориулалттай газар эзэмших ... эрхийг тус тус барьцаалсан байна.
12.Талуудын хооронд анхан шатны шүүхийн шүүгчийн 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 857 дугаар захирамж гарахаас өмнө болон гарсны дараа зээлийн өр төлбөр болон барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн талаар хэд хэдэн хэлцэл хийгдсэн байх бөгөөд захирамж гарснаас хойших үйл баримтыг энэ маргаанд хамааралтай гэж үзэхээр байна.
13.Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд ... хаягт байршилтай 4,557 м.кв талбайтай, 90%-тай дуусаагүй Зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн болох нь ... дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
14.Зохигчид 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр № 85/2013 “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан ба гэрээний 1.1-д зааснаар нэхэмжлэгч нь 3,214,715.00 ам.долларын төлбөрт тооцон ... хаягт байрлах, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын 13 давхрын 257.5 м.кв талбайг, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... хаягт орших зочид буудлын зориулалттай 60 хувийн гүйцэтгэлтэй нийт 4,557.0 м.кв талбай бүхий зочид буудлын зориулалттай барилгыг, дээрх хаягт орших, Ө аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 303 тоот шийдвэрээр олгогдсон, нэгж талбарын ... тоот дугаар бүхий 1,000 м.кв талбай бүхий газрын хамт хариуцагч буюу банканд шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээжээ.
15.Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд ... байршилтай 4,557 м.кв талбайтай, 90%-тай дуусаагүй Зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн болох нь ... дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Түүнчлэн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбараас үзэхэд нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу газрыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн байна.
16.Талууд мөн өдрөө буюу 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр №208/2013 “Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай гэрээ” байгуулсан ба гэрээний 1.1-д зааснаар нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 857 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид заасан үндсэн зээлийн болон хуримтлагдсан хүүгийн төлбөрт тооцон шилжүүлсэн ... хаягт байрлах, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын 13 давхрын 257.5 м.кв талбайг, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... хаягт байрлах 4,195.92 м.кв талбай бүхий зочид буудлын зориулалттай барилгыг, дээрх хаягт орших газрын хамт 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор үнийг бүрэн төлж, хөрөнгийг шилжүүлэн авах, хариуцагч нь шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээжээ.
17.Хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 5/1588 дугаар албан бичгээр дээрх 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №208/2013 “Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай гэрээ”-ний төлбөр төлөгдөөгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
18.Нэхэмжлэгч болон хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба гэрээний 1.1, 2.1, 2.1.1-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь 4,201,986,124 төгрөгийн төлбөрийг хариуцагчид бүрэн төлж барагдуулсан тохиолдолд хариуцагч нь ... хаягт байрлах 4,557 м.кв талбай бүхий зочид буудлын зориулалттай барилгыг, дээрх хаягт орших 2,734 м.кв газрын хамт нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Түүнчлэн энэ гэрээний 2.1.3-т зааснаар хариуцагч нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Хөрөнгийн үнийн төлбөрт тооцон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн 414001452 тоот данснаас 883,648,613.78 /найман зуун наян гурван сая зургаан зуун дөчин найман мянга зургаан зуун арван гурван төгрөг далан найман мөнгө/ төгрөг нэхэмжлэгчийн ... тоот дансанд татан авсан нь тогтоогдож байх бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хөрөнгийн үнийн төлбөрийн үлдэгдэл 1,753,123,421.32 /нэг тэрбум долоон зуун тавин гурван сая нэг зуун хорин гурван мянга дөрвөн зуун хорин нэгэн төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг гэж энэ гэрээгээр тогтоосон.
19.Дээрх Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээний 5.1, 5.1.1-д зохигчийн тохиролцсон нөхцөл биелэгдсэнээр гэрээ дуусгавар болох тухай заасан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээнд зааснаар төлбөрийг төлөөгүй үндэслэлээр 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5/8724 Мэдэгдлээр гэрээнээс татгалзсан гэсэн байна. Улмаар мөн өдрөө хариуцагч “Х” ХК нь уг зочид буудлыг өөрийн мэдэлдээ бүрэн авчээ.
20.Гэвч 2021.12.03-ны өдрийн 5/10504 тоот албан бичгээр маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг 5,012,300,000 төгрөгөөр худалдах үнийн саналыг нэхэмжлэгч талд хүргүүлсэн ба энэ саналаа 2021.12.15-ны өдөр хүртэл буюу 12 хоногийн хугацаанд хүчинтэй гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ тухай тайлбартаа “банк хураан авсан зочид буудлын үнийг үндэслэлгүйгээр 460 хувь өсгөн 5,012,300,000 төгрөгөөр 12 хоног багтаах худалдан авахыг бидэнд тулгасан” гэжээ.
21.Нэхэмжлэгчийн хариуцагчид төлөх зээлийн төлбөрийн үүргийн биелэлтийн хэмжээний талаар талууд өөр өөр тайлбар гаргасан байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь 3,235,278,455 төгрөг төлсөн гэж, хариуцагч нь 2,635,278,454 төгрөг гэж тайлбар гаргасан бол хооронд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ байгуулагдахад 1,753,123,421 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэсэн. Түүнчлэн нэгдүгээр хавтасны 114 дэх талд авагдсан “Тооцоо нийлэх акт” гэх баримтад 2013-2021 он үлдэгдэл 991,674,854.38 төгрөг гэж, мөн хавтасны 118-д Хариуцагчийн акт гэх баримтад 1,091,674,854.38 төгрөг гэх зэргээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэх үүргийн хэмжээ маргаантай байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх үүргийн хэмжээг зөв тогтоосны эцэст барьцааны зүйлээс үүргийг ямар хэмжээгээр хангуулах нь тодорхой болохын зэрэгцээ барьцааны зүйлийн үнэ, гүйцэтгэх үүргийн хэмжээг харьцуулан барьцааны зүйлийг үүрэгт тооцох нь үндэслэлтэй эсэх зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй байжээ.
22.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй гэж ижил агуулгатай дүгнэлт хийж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх хариуцагч “Х” ХК-аас 2,635,278,454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхгүй.
23.Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд тэрээр хариуцагч “Х” ХК-аас зочид буудал барихад зориулан авсан 5,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдүүлэгчид барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгөөс энэхүү маргааны зүйл болж буй зочид буудал, газрыг өөрийн өмчлөлд буцаан авах зорилгоор хариуцагчид төлөх төлбөрийн үлдэгдлийг шүүхээр тогтоолгож, өмчлөх эрхээ сэргээлгэх агуулгатай гэж үзэхээр байна.
24.Хэрэгт зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой талуудын хооронд хийгдсэн хэд хэдэн хэлцэл байгаагаас аль хэлцэл нь нэхэмжлэлийн шаардлагад хэрхэн хамаарч байгаа талаар болон эдгээр хэлцлийн агуулга, зорилго, хэрэгжих боломжийн талаар талууд мэтгэлцээгүйгээс шүүх маргааны үйл баримтад холбогдох хэлцлийг тодорхойлж, эрх зүйн дүгнэлт өгөх нөхцөл бүрдээгүй байна.
Тухайлбал, Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид зааснаас өөрөөр тохиролцож байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 85/2013, 208/2013 дугаартай хоёр гэрээ нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хэрхэн хамаарч байгаа тухай болон хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг шүүх дүгнээгүй атлаа 208/2013 гэрээний үүрэгт шууд хамаарах 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ”-нээс хариуцагчийг татгалзсан нь үндэслэлтэй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
25.Энэ маргаан нь нэг талаас аж ахуйн нэгж, нөгөө талаас зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг арилжааны банк хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа, улмаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байх бөгөөд барьцааны зүйлийг зээлдүүлэгч тал өөрийн өмчлөлдөө авсан байдал, улмаар зээлдэгчид буцаан худалдахаар тохирсон, гэрээнээс татгалзсан зэрэг үйл баримтад Иргэний хууль болон банкны салбарын хууль тогтоомжийг хэрэглэх нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.
Гэвч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд талууд дээр дурдсан нөхцөлөөр мэтгэлцээгүй, энэ талаарх баримт хангалтгүй, улмаар зээлдүүлэгчийн төлсөн зээлийн хэмжээний талаар талуудын тайлбар зөрүүтэй, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан бусад үл хөдлөх эд хөрөнгө зээлийн төлбөрт хэрхэн тооцогдсон зэрэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад хяналтын шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/04125 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2025/00500 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2025 оны 05 сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН