Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/046

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй ******* овогт ******* *******/ *******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 15-17 тоот хашааны үүдэнд тавьсан байсан иргэн ******* эзэмшлийн цагаан өнгийн улсын дугааргүй мустанг-5 матоциклийг хулгайлж 500000 төгрийг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор , давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 9-3 тоот хашааны үүдэнд тавьсан байсан иргэн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй мустанг-5 матоциклийг хулгайлж 400000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, бусдад нийт 900000 төгрөгийн буюу бага бус хэмжэээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оын 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор сумын 5 дугаар багийн гудамжид явж байсан чинь нэг хашааны гадна цагаан өнгийн улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоцикль байж байхаар нь би очоод эхлээд гудамжны зүүн талын үзүүрлүү түрж хашаанаас нь холдуулж байгаад гудамжны зүүн талын үзүүр дээр очоод кундакторынх нь утсыг нь салгаад маниулыг нь гишгэж асаагаад унаад явсан. Тэгээд тэр өдрийнхөө орой нь Өлзийт суманд найз Ариунбилэгт дээр очоод би сая энэ мотоцклийг худалдаж авлаа гээд тэрний мотоциклийн улаан өнгийн банк, хоёр талын таг, бөгсний корпус зэргийг нь аваад өөрийнхөө унаж очсон нөгөө цагаан өнгийн мотоциклийн банк, хоёр талын таг, бөгсний корпус зэргийг нь сольж өгөөд явсан.

...2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор сумын 2 дугаар багийн нутагт гуамжид явж байсан чинь нэг гудамжид нэг хашааны гадаа улаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикль байж байхаар нь түрж хашааных нь үүднээс холдуулж байгаад зүүн талынх нь гудамжных нь үзүүр дээр очоод маниулыг нь гишгэсэн чинь асчихаар нь унаж яваад өөрийн төрсөн ах болох Баяраагийн хашаанд нь аваачаад амбаарт нь оруулаад тавьчихсан. Би энэ хоёр мотоциклийг хулгайлах үедээ ганцаараа явж байсан. Тэр үед би архи уугаагүй байсан, цагаан өнгийн мотоциклийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг өнгөрч байхад хулгайлсан, харин улаан өнгийн мотоциклийг нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цагийн үед хулгайлсан юм. Би тэр мотоциклиуд байсан газрын хаалга, гудамжных нь дугаарыг сайн мэдэхгүй байна, тэр үедээ дугааруудыг нь хараагүй. Ариунбилэгт дээр очоод би энэ цагаан өнгийн мотоциклийг худалдаж авсан юм гээд хоёулаа өнгө хальсийг нь тулчихъя гэж хэлээд сольсон, Ариунбилэгтээс би дээр нь нэмж 10000 төгрөг авсан… гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-115 /

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар багийн 15 дугаар гудамжны 17 тоот хашаанд байдаг айлд малын хивэг авах гээд 14 цагийн үед очоод өөрийн эзэмшлийн цагаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклио хашааных нь гадаа данхраадаж үлдээгээд гэрт нь ороод цай уучихаад гараад ирсэн чинь миний мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд би мөрийг нь хөөгөөд явсан чинь гудамжны үзүүр тойроод мөр нь мэдэгдэхээ больчихсон, тэгээд өнөөдрийг хүртэл олоогүй байгаа. Би тэр үедээ болон өнөөдрийг хүртэл өөрийн мотоциклио хулгайд алдсан талаараа цагдаад ерөөсөө мэдэгдээгүй. Би хөгшин хүн болохоороо яаж цагдаад мэдэгддэгийг нь ч мэдээгүй, тэгээд ч би өөрөө хайнга хандаж айлын хашааны гадаа үлдээсэн болохоороо өөрөө л олчих санаатай гадуур хайгаад яваад байсан. Тухайн үед өөрийн мотоциклио хулгайд алдсан нь үнэн мотоциклио харвал танина, цагаан өнгийн мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоцикль байгаа. Би мотоциклио унаж төврүү нэг их орж ирдэггүй болохоор одоог хүртэл улсын дугаар аваагүй байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-56 /

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай гэр Баянхонгор сумын 2 дугаар багийн 9 дүгээр гудамжны 3 тоот хашаанд байдаг. 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө ажилдаа өөрийн эзэмшлийн улаан өнгөтэй мустанг-5 маркийн мотоциклиор яваад орой ажлаа тараад ирэхдээ замаараа Есөн-Эрдэнэ захаас 25 кг гурил аваад гэртээ орой 16 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд гэрийнхээ гадаа ирээд мотоциклио хашааныхаа гадаа үүдэн дээр данхраадаж үлдээгээд гэртээ гурилаа оруулчихаад цай уучихаад мотоциклио оруулах гээд хашаанаасаа гарсан чинь миний мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд мотоциклио алдчихлаа гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг гэртээ ороход ойр хавьд хүн харж байсан эсэхийг би анзаараагүй. Би тухайн үед гэртээ байхдаа ямарч чимээ сонсоогүй, гэртээ гурилаа оруулчихаад, нэг аяга цай уучихаад мотоциклио хашаандаа оруулах гээд гараад ирэхэд л алга болчихсон байсан. Миний мотоцикль уг нь түлхүүрээрээ л асдаг юм. Тэгээд ер нь хятад мотоциклийг түлхүүргүйгээр амархан асаачихдаг гэсэн, яаж асааж авч явсныг нь би мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 /

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ******* манайд нэг цагаан өнгөтэй, улсын дугааргүй, мустанг-5 маркийн мотоцикль уначихсан ирээд энэ мотоциклийг би 500000 төгрөгөөр худалдаж авсан, 400000 төгрөгийг нь өгөөд, 100000 төгрөгийг нь хавар өгөхөөр боллоо гэж хэлсэн. Тэгээд надаас бензин байдаггүй, бензин байна уу гэхээр нь би байхгүй гэхэд хоёулаа мотоциклийнхоо хальсыг сольчихъё яахав чи дээр нь надад бензиний 10000 төгрөг өгчих гээд хоргоосоор байгаад миний улаан өнгийн мотоциклийн банк, хоёр талын таг, бөгсний корпус зэргийг сольж аваад өөрийнхөө унаж ирсэн цагаан өнгийн улсын мустанг-5 маркийн мотоциклийн банк, 2 талын таг, бөгсний корпус зэргийг нь надад өгсөн . Тэгээд тэр өдөртөө надаас авсан эд ангиудаа мотоцикльдоо тавиад яваад өгсөн. Би дээр нь нэмж 10000 төгрөг өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр орой манай нөхөр Б.Бямбацогт нь захаас мотоциклиороо гурил авчираад гэртээ гурилаа оруулж ирээд цай уучихаад мотоциклио оруулъя гээд гэрээсээ гарснаа эргэж орж ирээд мотоцикль алга болчихсон байна гээд цагдаа дуудсан . Би тэр үед гэртээ байж байсан, ямар нэгэн чимээ сонсоогүй,орой болж байсан, цагийг нь би хараагүй, 17-18 цаг болж байсан байх. Хашааны гадаа данхраадаад үлдээсэн гэсэн,тэр үед гэрээсээ гараагүй… гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийн нөхрийн хамт нөхрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклиор 14 цагийн үед Баянхонгор сумын 5 дугаар багийн 15 дугаар гудамжны 17 тоот хашаанд байдаг айлд очоод манай нөхөр мотоциклио тэр айлын хашааных нь гадаа данхраадаж үлдээгээд бид хоёр гэрт нь ороод цай уучихаад ойролцоогоор 20-30 минут болоод гараад ирсэн чинь манай нөхрийн эзэмшлийн цагаан өнгийн мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд нөхөр бид хоёр тэр хавиараа хайгаад ерөөсөө олоогүй. Бид хоёр тэр үедээ сандраад тэр хавиараа хайгаад л гүйцгээгээд байсан, тэр үедээ цагдаад мэдэгдээгүй, манай нөхөр цагдаад мэдэгдсэн эсэхийг би мэдэхгүй байна. Манай нөхөр өөрөө л мотоциклио хайж байгаа гээд л захаар явлаа гээд байсан сүүлдээ олдохгүй болохоор нь манай нөхөр хөдөө яваад саяхан ирсэн … гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ******* нь Өлзийт суманд байдаг манай гэрт нэг цагаан өнгийн мотоцикль уначихсан ирээд манай нөхөр Ариунбилэгттэй хоёулаа мотоциклийнхоо хальсийг сольчихъё гэхээр нь бид хоёр солихгүй, мотоциклио хүнд зарах гээд ярьчихсан байгаа гэсэн чинь та хоёр сольчихооч дээ найзтайгаа сольчих гээд манай нөхрийг хоргоогоод байсан тэгээд манай нөхөртэй тэр өөрийнхөө унаж ирсэн мотоциклийн банк, хоёр талын таг, бөгсний корпус зэргийг нь сольсон. Тэр үед ******* нь ганцаараа манайд ирсэн бөгөөд, урьд нь хааяа манайд ирдэг байсан. Тэр унаж ирсэн мотоцикль нь цагаан өнгөтэй, мустанг-5 маркийн мотоцикль байсан. ******* нь мотоциклио аймгаас хүнээс 500000 төгрөгөөр худалдан авсан, цалингаасаа 400000 төгрөгийг нь өгсөн хавар 100000 төгрөгийг нь өгөхөөр болсон гэж хэлж байсан. Мөн бензиний мөнгө гээд манай нөхрөөс 10000 төгрөг дээр нь нэмээд аваад явсан. Тэр үед манай нөхөр бид хоёр хулгайн мотоцикль гэж мэдээгүй, хүнээс худалдан авсан гэхээр нь итгэсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 /

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, 2011 онд 1100000 төгрөгөөр худалдан авч байсан, улсын дугаар, бичиг баримт байхгүй, арал моторын дугаар тодорхойгүй, Мустанг-5 маркийн улаан өнгийн хуучин мотоцикль...400000 төгрөгөөр үнэлсэн тухай дүгнэлт /хх-ийн 87-88/

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, 2014 онд 1500000 төгрөгөөр худалдан авч байсан, улсын дугаар, бичиг баримт байхгүй, арал моторын дугаар тодорхойгүй, Мустанг-5 маркийн цагаан өнгийн хуучин мотоцикль 500000 төгрөгөөр...,

Мустанг-5 маркийн мотоциклийн банк нэг ширхэгийг 60000 төгрөг, мустанг-5 маркийн мотоциклийн хоёр талын таг хоёр ширхэгийг 40000 төгрөг, Мустанг-5 маркийн мотоциклийн бөгсний корпус нэг ширхэг 30000 төгрөөөр ...үнэлсэн тухай дүгнэлт /хх-ийн 94-96/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1-2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5, 14-15 /, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6, 16-18, 23-25, 35-36, 49-50, 105-108 /, хураан авах тогтоол, эд зүйлийг хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-22, 31-34, 38-44/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26, 37 /, эд хөрөнгө битүүмжилэх тогтоол, тэмдэглэл / хх-ийн 44-45 /, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлтүүд /хх-ийн 86-88, 94-96/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаар дүгнэлт / хх-ийн 103-104 / шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 тоот тодорхойлолт /хх-ийн 122/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 123/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 15-17 тоот хашааны үүдэнд тавьсан байсан иргэн ******* эзэмшлийн цагаан өнгийн улсын дугааргүй мустанг-5 мотоциклийг хулгайлж 500000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор , давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 9-3 тоот хашааны үүдэнд тавьсан байсан иргэн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй мустанг-5 матоциклийг хулгайлж 400000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, бусдад нийт 900000 төгрөгийн буюу бага бус хэмжэээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх –ийн 114-115 /, хохирогч ******* / хх -ийн 54-56 /,хохирогч / хх-ийн 62-63 /, иргэний нэхэмжлэгч / хх-ийн 68-69 /, гэрч / хх -ийн 75-76 /, гэрч / хх-ийн 77-78 /, гэрч Б.Энхцэцэг / хх-ийн 81-82/, нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “... эд зүйлсийг 400000 төгрөгөөр ...”, 2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн “... эд зүйлсийг 760000 төгрөгөөр ....үнэлсэн дүгнэлтүүд /хх-ийн 86-88, 94-96 /зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Иймд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Н.Зундуй, Б.Бямбацогт, иргэний нэхэмжлэгч Э.Баярбаясгалан, Л.Ариунбилэгт нараас “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******аас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 124/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан арзгар ултай, хагас түрүүтэй, үдээстэй хар өнгийн гутал нэг ширхэгийг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ын өмчлөлийн...14 инчийн хар өнгийн зурагтыг ...битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг эзэмшигч *******ад буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ад эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан арзгар ултай, хагас түрүүтэй, үдээстэй хар өнгийн гутал нэг ширхэгийг эзэмшигч *******ад буцаан олгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Шүүгдэгч *******ын дундын өмчлөлийн...14 инчийн хар өнгийн зурагтыг ...битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг шүүгдэгч *******ад буцаан олгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч *******ад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА