| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/03199/И |
| Дугаар | 102/шш2021/03426 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 102/шш2021/03426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
.........дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, Ерөнхий шүүгч М.Баясгалан, шүүгч З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .........дүүрэг, ....дүгээр хороо, ....дугаар байр, .... тоотод оршин суух, ......... овогт ......... ......... /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .........дүүрэг, ....дугаар хороо, .... дүгээр байр, ....тоотод оршин суух, ......... овогт ......... ......... /РД:........./-д холбогдох,
Гэм хорын хохиролд ............ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .........., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .......... нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн .......... нь манай байрны дээд давхрын ....тоотод амьдардаг бөгөөд тэдний орон сууцны халаалтын паар болон гал тогооны шугамнаас 3 удаа ус алдаж хохирол учруулсан бөгөөд утсаар ус алдаад байна гэхэд огт тоохгүй ирэх ч үгүй бид хохироод л үлддэг. Энэ үйлдэл нь одоо хэрээс хэтэрч байна. 2 удаа бид өөрсдийн материалаар янзлуулсан. Эхний удаад ....оны ....дугаар сарын ....-ны өдөр ус алдахад материалын зардалд ........ төгрөг, ажлын хөлсөнд ........ төгрөг, нийт ........ төгрөгийн зардал гарсан, дараа нь ....оны ....сард наадмын үеэр ус алдсан. Энэ үед материалын зардал .... төгрөг, ажлын хөлс .... төгрөг, нийт ........ төгрөгийн зардал гарсан, сүүлд ....оны ....дугаар сарын сүүлээр ус алдсанаас болж ........ төгрөгийн зардал гарсан Иймд би дээрх хохирол зарцуулсан ........ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч .......... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч .......... танайхаас ус алдлаа гэж над руу ярьсан. Ажил дээрээсээ шуурхай ирж тухайн өдрийн сантехникчид үзүүлэхэд манайхаас ус алдсан зүйл байхгүй байсан. Дараа нь манай байрыг хариуцсан сантехникчид дуудлага өгч үзүүлэхэд ус алдаагүй байсан. Дараа нь далд доошоо ус алдах боломжтой шугамуудыг ханаа нураан өрөмдүүлж ил болгон үзүүлэхэд давхар дундын шугам хэрэглээний элэгдэлд орж доошоо ус дусалсан байсан. ..........гийн бичсэн шиг тийм их ус алдаагүй. Дусалж байсан. Энэ талаар тухайн үед ирж ажиллаж байсан сантехникч нар мэдэж байгаа. Намайг худалдаж авахаас өмнө их хэмжээний ус алдаж байсан талаар мэднэ. Би уг байрыг худалдаж аваад ил харагдах хуучирч муудсан сантехникийн деталуудыг бүгдийг нь конторт дуудлага өгч мэргэжлийн хүмүүсээр солиулж янзлуулсан. Харин ус дусаж байсан давхар дундын шугам нь ил харагдахгүй далд хананы цаана байдаг бөгөөд эзэмшигч миний буруу биш, тухайн барилгын инженерийн шугам сүлжээ тоноглолын элэгдэл гэмтэл учраас миний бие хохирлыг хариуцахгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .......... нь хариуцагч ..........эд холбогдуулан гэм хорын хохиролд ........ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч .......... нь шүүх хуралдааныг өөрийнх нь эзгүйд хийлгэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч ..........ийн эзгүйд, мөн тус хэрэгт сонгогдсон иргэдийн төлөөлөгч ........ шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч нь иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд тус тус хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... .........дүүрэг, ....дугаар хороо, ....дүгээр байр, ....тоот айл болох хариуцагч ..........ийн орон сууцны халаалтын паар болон гал тогооны шугамнаас ....оны ....дугаар сарын ....-ны өдөр, ....оны ....сард наадмын үеэр, ....оны ....дугаар сарын сүүлээр тус тус ус алдаж, материалын зардал болон ажлын хөлсөнд нийт ........ төгрөгийг зарцуулсан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... ус алдсан явдалд миний буруутай үйл ажиллагаа байхгүй, манай гэрийн паар болон гал тогооны шугамнаас ус алдаагүй, дундын шугамнаас ус алдсан гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Энэхүү хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагч гэм буруутай байхаас гадна учирсан хохирол нь нотлох баримтаар нотлогдсон байхыг шаардана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн паар болон гал тогооны шугамнаас 3 удаа ус алдсаны улмаас ........ төгрөгийг хохирол учирсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд өгөөгүй байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн дээд айлаас ус алдсан эсэх, ус алдсан бол ........ төгрөгийн хохирол учирсан эсэх, тухайн хохиролд хариуцагч гэм буруутай гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэлээр ........ төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч ..........гийн хариуцагч ..........эд холбогдуулан гаргасан ........ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..........ээс ........ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ..........гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН