Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 136/ШШ2022/00055

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Бгийн Б /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1988 онд анх ажилд орсон. Би нэгдэлд ажиллаж байхдаа хонь маллаж байсан. Учир нь би 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цэрэгт яваад 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр халагдаж ирсэн. Ирээд шууд Гэрэлт зам нэгдэлд ажилласан. Миний цэргийн батлахыг сумын захиргааны ажилтан аваад буцаад авч чадаагүй, үрэгдсэн болно. Архиваас шүүлгэж үзэхэд цэрэгт татагдсан бүртгэл байгаа мөртлөө баримт бичиг маань байхгүй гэсэн болно. Иймд 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цэргийн албан хаасан болон 1994-1995 он мөн 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх2/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 08/3021 дугаартай лавлагаа /хх3/, 2791 дугаартай Дорноговь аймгийн 80 жилийн ойн хүндэт медалийн хуулбар /хх4/, Дорноговь аймгийн Замаг даргын тамгын газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 301 дугаартай цалингийн тодорхойлолт /хх5/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаартай тодорхойлолт /хх6/, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1984 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай тушаалын хуулбар /хх7/, малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх8/, гэрч Б.Сугарын тодорхойлолт /хх9/, түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх10/, цэргийн батлахын хуулбар /хх11-12/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх13-14/, гэрч Д.Цэцэгмаагийн тодорхойлолт /хх15/, түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх16/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх17-18/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх19-20/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай тодорхойлолт /хх33/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 88 дугаартай тодорхойлолт /хх34/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Б.С, Д.Цэцэгмаа нарыг гэрчээр асуусан байна.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь цэргийн 0202 дугаар ангид 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цэргийн албан хаасан, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас цэргийн 0202 дугаар ангид 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цэргийн алба хаасан, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хангаж, үлдэх 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар цэргийн 0202 дугаар ангид цэрэгт татагдаж, тус яамны 1987 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Улсын чухал обьеътыг хамгаалах тухай б/23 дугаартай тушаалд байлдагч Бэд баяр хүргэх гэж дурдагдаж байсан нь Тагнуулын ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 08/3021 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

Мөн гэрч Б.С 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ... 1983-1986 оны хооронд цэрэгт яваад ирээд тухайн нэгдэлдээ буцаад малчнаар ажилласан гэх мэдүүлэг, нэхэмжлэгч Б.Бийн шүүх хуралдаанд гаргасан Би Б.Стай хамт нутгаасаа нэг өдөр нэг тушаалаар цэрэгт татагдаад, нэг тушаалаар халагдаж ирсэн гэх тайлбараар нэхэмжлэгч нь 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр цэргийн албанаас халагдсан гэж дүгнэлээ.

Иймд Б.Бийг цэргийн 0202 дугаар ангид 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цэргийн алба хаасан болохын тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Бийг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1988 оны 10 дугаар сараас 1994 оны 01 дүгээр сар хүртэл малчнаар ажиллаж цалин авч байсан талаар Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 301 тоот, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 88 тоот цалингийн тодорхойлолтод тодорхойлжээ.

Мөн гэрч Д.Цэцэгмаа нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Б.Бийг Гэрэлт зам нэгдэлд 1988-1994 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн боловч түүний шүүхэд ирүүлсэн 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээгдсэн Хөдөлмөрийн дэвтэрт Д.Цэцэгмааг 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 12 сарыг дуустал ажилласан талаар бичилт хийж тэмдэглэсэн байна. Д.Цэцэгмаа нь тус нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан нь баримтаар тогтоогдохгүй байх тул тус хугацаанд Б.Бийг ажиллаж байсан талаар гэрчилсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлцэл Д.Цэцэгмаа нь нэхэмжлэгчийг 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 12 сарыг дуустал хугацаанд ажиллаж байсныг гэрчилсэн гэж үзлээ.

Гэрч Б.С нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Б.Бийг Гэрэлт зам нэгдэлд 1980-1994 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн боловч түүний шүүхэд ирүүлсэн 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээгдсэн Хөдөлмөрийн дэвтэрт Б.Сугарыг 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарыг дуустал ажилласан талаар бичилт хийж тэмдэглэсэн байна. Б.С тус нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан нь баримтаар тогтоогдохгүй байх тул тус хугацаанд Б.Бийг ажиллаж байсан талаар гэрчилсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлцэл Б.С нь нэхэмжлэгчийг 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 12 сарыг дуустал хугацаанд ажиллаж байсныг гэрчилсэн гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд хамаарах ажлаас гарсан тухай тушаал аймгийн архивт байхгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх бөгөөд Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаартай Тус архивт хадгалагдаж буй Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн 1984-1993 оны даргын тушаалыг шүүн үзэхэд Бгийн Бийг ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй болно... гэх тодорхойлолт, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай Тус архивт хадгалагдаж буй Хөвсгөл сумын гэрэлт зам нэгдлийн 1984-1994 оны даргын тушаал, 1984-1987 оны цалингийн хүснэгтийг шүүн үзэхэд Бгийн Бэд холбогдох лавлагаа гараагүй болно... гэх архивын тодорхойлолт зэргээр үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

Иймд Б.Бийг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хутаг овогт Бгийн Б /РД:***/-ийг цэргийн 0202 дугаар ангид 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цэргийн алба хаасан болохын тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хутаг овогт Бгийн Бийг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА