Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
Хэргийн индекс | 136/2022/00040/И |
Дугаар | 136/ШШ2022/00056 |
Огноо | 2022-02-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 136/ШШ2022/00056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Мын Ц /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: М.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ц нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1988 оны 06 дугаар сард Ерөнхий боловсролын 10 дугаар ангийг төгсөөд, 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн, Дорноговь аймгийн Мандах сумын Хүүхдийн цэцэрлэгт яслийн асрагчаар ажилд орсон ба 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авсан ба эргэж цэцэрлэгт ажилд ороогүй. 1993 оноос эхлэн одоог хүртэл мал маллаж байна. Миний бие 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарах байсан боловч Дорноговь аймгийн Мандах сумын Хүүхдийн цэцэрлэгт яслийн асрагч, туслах багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байсан тул одоог хүртэл тэтгэвэрт гараагүй байна. Иймд миний 1988 оны 06 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Хүүхдийн цэцэрлэгт яслийн асрагч, туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаар албан бичиг /хх-3/, Дорноговь аймгийн Мандах сумын 4 дүгээр багийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаартай албан бичиг /хх4/, Дорноговь аймгийн Засаг даргын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 534 дугаартай албан бичиг /хх5/, Мандах сумын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 3 дугаартай тушаалын хуулбар /хх6/, Мандах сумын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 9 дугаартай тушаалын хуулбар /хх7/, Мандах сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаартай тушаалын хуулбар /хх8/, гэрч Ч.Бгийн тодорхойлолт /хх9/, түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх10/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх11-12/, Ё.Сгийн тодорхойлолт /хх13/, түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх14/, 306412 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх15/ цалингийн тодорхойлолтын хуулбар /хх16-19/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх20-21/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Б.Б, Ё.С нарыг гэрчээр асуусан байна.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ц нь Дорноговь аймгийн Мандах сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл яслын асрагч, туслах багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Дорноговь аймгийн Мандах сумын 4 дүгээр багийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаартай М овогтой Ц (***) нь тус багийн байнгын оршин суугч мөн бөгөөд 1988-1992 онд сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов. гэх албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 534 дугаартай М овогтой Ц нь тус багийн байнгын оршин суугч мөн бөгөөд 1988-1992 онд сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов. гэх албан бичиг хэрэгт авагджээ.
М.Цг Мандах сумын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай 3 дугаартай тушаалаар яслын асрагчаар томилсон, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Зарим хүмүүсийг ажилд томилох тухай 9 дугаартай тушаалаар туслах багшаар томилсон, Мандах сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаартай тушаалаар туслах багшийн ажлаас чөлөөлсөн тушаалууд тус тус хэрэгт авагджээ.
Дээрх тушаалаас үзэхэд М.Цг 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Мандах сумын ясли цэцэрлэгт ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Мөн гэрч Ч.Бгийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд мэдүүлсэн Би М.Цг 1988 онд 10 дугаар ангиа төгсөөд 06 дугаар сард цэцэрлэгийн асрагчаар анх орж ирж байсан. Тэгээд таньдаг болсон. ... 1988 оны 06 дугаар сараас эхэлж ажиллаад 1992 он хүртэл ажилласан. Эхлээд асрагчаар ороод тэгээд дунд ангийн туслах багш хийж байгаад ажлаасаа халагдсан даа. Дотроо сэлгэж ажилласан. гэх, гэрч Ё.Сгийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд мэдүүлсэн М.Ц нь 1988 оны 06 дугаар сард анх ажилд орж байсан. Намайг 1991 онд ажлаасаа гарахад байж л байсан. Тэгээд би ажлаасаа гараад сумын төвдөө амьдарч байхад цэцэрлэгт ажиллаж байсан хүмүүс өвдвөл оронд нь очиж хааяа ажилладаг байсан. Тэгэхэд ажиллаж л байсан. Миний санаж байгаагаар 1992 он хүртэл ямар ч байсан ажиллаж байсан шүү. гэх мэдүүлгээр М.Ц нь 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгт ажиллаж эхэлсэн гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Цгийн Мандах сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд авах тухай болон ажлаас өөрчлөх тухай 33 дугаартай тушаалд М.Ц нь жирэмсний амралт авсан тухай дурсан байх тул түүний жирэмсний амралттай байсныг харгалзан 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр М.Цг Мандах сумын ясли цэцэрлэгт 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл яслын асрагчаар, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах багшаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар М.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дамбий овогт Мын Ц /РД:***/-ийг Дорноговь аймгийн Мандах хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл яслийн асрагчаар, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА