| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/02029/И |
| Дугаар | 102/шш2021/03206 |
| Огноо | 2021-12-03 |
| Маргааны төрөл | Хоршооны хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 102/шш2021/03206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ......дүүрэг, ......дүгээр хороо, ...... хотхон, ...... гудамж, ...... тоотод байрлах, ...... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......дүүрэг, ......дүгээр хороо,...... хотхон, ...... гудамж, ...... дугаар байр, ......тоотод оршин суух, ...... овогт ...... /РД:....../-д холбогдох,
...... төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Б......, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Б...... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ...... нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу ......дүүргийн засаг даргын тамгын газарт болон татварын албанд бүртгүүлж гэрчилгээ, тамга, харилцах данс нээлгэж ......оны 1 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ийнхүү үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ бүх гишүүдийн хурлаар сууц өмчлөгчдийн төлөх төлбөрийг тогтоосон. Гэтэл тус сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг 23 дугаар байрны оршин суугч Ц.Б нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө ......оны 8 дугаар сараас эхлэн удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөхгүй хууль бус үйлдэл гаргаж байна. Учир нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй, эсрэг санал өгсөн /оршин суугчид/ гишүүд биелүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж байна.
Түүнчлэн энэхүү оршин суугч нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа нь 21, 22, 23 дугаар байрны нийт 380 оршин суугч нарын эрх ашгийг хөндөж байна. Өөрөөр хэлбэл эдгээр оршин суугч нар төлбөрөө төлөхгүй байгаагаас шалтгаалан сууц өмчлөгчдийн холбоо хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байдалд хүрч төлбөрөө төлж байгаа оршин суугч нар хохирч байна.
Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх хэсэг болон Иргэний хуулийн 148.2, мөн хуулийн 149.2 дахь хэсэгт заасны дагуу 23 дугаар байрны 19 тоотод оршин суугч Ц.Б-аас ......оны 8 дугаар сараас ......оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөр болох ...... төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Ц...... овогтой Б миний бие ......дүүргийн ......дүгээр хороо ...... хотхон ...... байрны ......тоотод оршин суудаг. Миний бие иргэний үүргээ биелүүлж, тус сууц өмчлөгчдийн холбоонд тодорхой, бодит зардлыг төлөх боломжтой гэдгээ удаа дараа мэдэгдэж уулзаж байсан болно. Монгол Улсын Засгийн газрын ......оны ......дугаар сарын ......-ны өдрийн Дугаар 211 тоот Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх арга хэмжээний тухай тогтоолд Айл өрхийн болон дор дурдсанаас бусад аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг ......оны 12 дугаар сарын ......-ний өдрөөс тооцож ......оны 12 дугаар сарын ......-ний өдрийг дуустал хугацаанд төрөөс хариуцах талаар тусгасан байтал Тус СӨХ нь хогны төлбөр дээр 1,500 төгрөгийг нэмж тооцсон төдийгүй Ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлгүй мөртлөө ариутгалын хураамж 2,500 төгрөгийг оршин суугчдаас төлбөр дээр нэмж авч байгаа нь өөрөө хууль зөрчсөн, оршин суугчдыг хохироосон үйлдэл гэж үзэж байна. Үйлчилгээний зардалд ...... төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Сууц өмчлөгчдийн холбооны төлөх мөнгөн дүнг сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, сууц өмчлөгчдийн холбооны дүрмээр тогтоодог гэх боловч тус сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчдын хурлыг зарлан хуралдуулдаггүй, тайланг оршин суугчдад танилцуулдаггүй.
Манай зүгээс ......оны 8 дугаар сараас ......дугаар сар хүртэлх төлбөрийг төлсөн. Түүнээс хойш ......оны 1 дүгээр сараас ........оны 5 дугаар сар хүртэлх 41 сарын төлбөрийг тооцоолоход бодит зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд 41 сарын төлбөр болох ......төгрөг төлөхөөр тооцсон, үүнээс ....... төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлээс үлдэх төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар: нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч....... сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Б-аад холбогдуулан ...... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ....... сууц өмчлөгчдийн холбоо нь ......дүүргийн .......дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... хотхоны ....... дугаар орон сууцны ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажилладаг болох нь сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, ....... сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн тогтоол /хх-4/ зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагч Ц.Б нь ......дүүрэг, .......дүгээр хороо, ..............хотхон, ...... гудамж, ....... дугаар байр, .......тоот байранд амьдардаг болохоо хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас .......оны 8 дугаар сараас .......оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох ...... төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, үндэслэлээ ..........оны 12 сар хүртэлх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, ..........оны 1 сараас хойшхи хугацааны төлбөрөөс засвар үйлчилгээний зардал гэх .......төгрөгийг, лифтний .......төгрөгийг, цэвэрлэгээний .......төгрөгийг, нийт .......төгрөгөөр 1 сарын төлбөрийг тооцож төлнө. Харин хог, харуул хамгаалалт, ариутгал, гэрэлтүүлгийн мөнгийг төлөхгүй гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ...төлнө гэжээ.
Иймд хариуцагч Ц.Б нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг СӨХ-д төлөх үүрэгтэй байх ба СӨХ-ны үйлчилгээ хангалтгүй, үйл ажиллагаагаа тайлагнадаг эсэх хариуцагчийг СӨХ-ны төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэжээ.
Сууц өмчлөгчийн өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөр төлөх үүрэг нь тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгт хамаарна.
Нэхэмжлэгч нь .......оны 06 дугаар сарын .......-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул уг хугацаанаас өмнөх 3 жилийн хугацааны СӨХ-ны төлбөрийг хариуцагчаас шаардах нь хуульд нийцнэ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаас .......оны 07 дугаар сараас .......оны 07 дугаар сарыг дуусталх хугацааны СӨХ-ны төлбөрийг шаардах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан ....... СӨХ-ны .......оны 01 дүгээр сарын .......-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор 1 өрхийн 1 сарын СӨХ-д төлөх төлбөрийн хэмжээг .......төгрөгөөр, .......оны 08 дугаар сарын .......-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор хогны мөнгийг .......төгрөгөөр нэмэгдүүлж, .......оны 09 дүгээр сараас эхлэн 1 сарын СӨХ-ны төлбөрийг нийт .......төгрөгөөр тооцсон байх бөгөөд энэхүү төлбөрийн хэмжээ тогтоосон Удирдах зөвлөлийн тогтоолууд хүчин төгөлдөр байна.
Иймд хариуцагч Ц.Баас нэхэмжлэл гаргахаас өмнөх 3 жилийн хугацааны буюу .......оны 7 дугаар сараас .......оны 8 дугаар сарыг дуусталх 26 сарын төлбөрт .......төгрөгийг, .......оны 09 сараас .......оны 05 дугаар сарыг дуустал 9 сарын төлбөрт .......төгрөгийг, нийт .......төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх .......төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нь СӨХ-ны төлөх ёстой төлбөрөөс .......оны 12 сарыг хүртэл хугацааны төлбөрт .......оны 12 дугаар сарын .......-ны өдөр төлсөн .......төгрөгийг хасагдах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч шүүх .......оны 07 дугаар сараас өмнөх хугацааны төлбөрийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч талаас гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн тул хариуцагчийн төлбөл зохих .......төгрөгөөс .......төгрөгийг хасч тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Б-аас .......төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч....... сууц өмчлөгчдийн холбоонд олгож, үлдэх .......төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч .......сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .......төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас .......төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....... сууц өмчлөгчдийн холбоо-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА