Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2020/0750

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, У.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: У ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э,

Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, өмгөөлөгч Д.Э, хариуцагч О.Б, Ц.Ц, Ч.Э, цахимаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 83 дугаар тушаалаар улсын тусгай хамгаалалт бүсэд газар ашиглах тухай 797 дугаартай гэрчилгээний үндсэнд Дархан цаазат газар ашиглах эрхтэй байсан. Энэ хуулийн этгээд нь газрын төлбөрөө Хан-Уул дүүргийн Засаг дарга болоод Богдхан уулын тусгай хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулсан байдаг.

Газар ашиглах гэрээний дагуу газрын төлбөрөө удаа дараа төлж, үүнийгээ Хан-Уул дүүргийн Газрын албатай тооцоо нийлсэн акт үйлдэж явж байсан. Тухайн ашиглаж байсан газартаа Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, холбогдох дүрэм журамд заасан аялал жуулчлалын шаардлага хангасан жуулчлалын бааз, цан чарга бүхий өвлийн амралт зугаалгын төвийн үйл ажиллагааг явуулж ирсэн юм. Хариуцагч талаас 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дүгнэлт гаргаад манай байгууллагын газрын төлбөрийг ноогдуулж, татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гээд Эрүүгийн хэрэг үүсгэх гэж хандсан байдаг. Үүнийг нь прокурор хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл хариуцагч нар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдээд, мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл ноогдуулсан.

Шийтгэлийн хуудасны үндэслэл агуулга нь холбогдох зүйл заалтын дагуу газрын төлбөрийг төлөөгүй гэдэг үндэслэлээр шийтгэл оногдуулж, тодорхой хэмжээний торгууль дутуу төлсөн албан татвар, алданги зэргийг шаардсан байдаг. Бид нар энэ шийтгэлийн хуудсыг гаргах үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгт: хариуцагч нар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаартай Газрын төлбөр ноогдуулах хэмжээг тогтоох тухай тогтоолыг үндэслэл болгосон байдаг.

Гэтэл энэ тогтоол нь Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар шийдвэрээр илт хүчин төгөлдөр бус болохыг нь тогтоосон байдаг. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар дахин шинэ акт гарах хүртэл үйлчилгээг нь түдгэлзүүлэх шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл 2012 оны Давж заалдах шатны шүүхийн 269 дүгээр магадлалаар энэхүү тогтоолын эрх зүйн үйлчлэлийг нь түдгэлзүүлсэн байгаа. Үүнээс хойш тогтоолыг эрх бүхий байгууллагуудаас шинэчилсэн зүйл байдаггүй. Тэгэхээр эрх зүйн үйлчил нь түдгэлзсэн тогтоолоор шийтгэлийн хуудасны үндэслэлээ тогтоогоод байна. Иймд үндэслэлгүй гэж харж байна.

Хоёрт: Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот тогтоолд зааснаар татварыг нэмэгдүүлэн төлөх ёстой гэж байгаа. Үүнийг бид үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Хан-Уул Дүүргийн Засаг дарга болоод Богд-хан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаатай гурван талт гэрээ байгуулсан. Энэ гэрээнд газрын төлбөрийн хэмжээг тогтоож өгсөн байдаг. Төлбөрийг нэхэмжлэгч тогтоож өгдөггүй. Төрийн захиргааны байгууллага тогтоогоод үүнийг нь Хан-Уул Дүүргийн Засаг дарга хянан баталгаажуулаад гэрээ байгуулагдсан.

Энэ гэрээнд 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 797 дугаартай улсын тусгай хамгаалалттай газар нутаг ашиглах газар ашиглах гэрээ гэж байгаа. Энэ гэрээний 6 дугаар зүйлд газрын төлбөрийн хэмжээ нэгжийн төлбөр нь 88 төгрөг байна гэж заасан байдаг. Үүний дагуу газрын төлбөрөө төлөөд явж байсан юм. Ийм маргаан мөн өмнө нь шүүхээр явж байсан. Нэхэмжлэгчийг газрын төлбөрөө дутуу төлсөн гэдэг үндэслэлээр төрийн захиргааны байгууллага буюу Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас газар ашиглах эрхийг нь хүчингүй болгоход Нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь захиргааны эрх бүхий байгууллага байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулаагүй байхад нэхэмжлэгчийг уг гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж байсныг буруутгах үндэслэл болохгүй гэж дурдсан.

Өнгөрсөн хугацаанд буюу шийтгэлийн хуудас гарах хугацаанд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөд үүнийгээ баталгаажуулаад хариуцаж байсан дүүргийн газрын албатай тооцоо нийлсэн акт үйлдэж байсан. Тухайлбал 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 7 тоот актаар 2012 болоод, 2013 онд 0 төгрөгийг үлдэгдэлтэй байна гэж байдаг. 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 158 тоот актаар мөн газрын төлбөрийн тооцооны актыг нийлэхдээ 0 төгрөг гэж гарсан байгаа.

Мөн 2015 оны 01 дүгээр сарын тооцоо нийлсэн актаар үлдэгдэл нь 6 сая байна гэж байдаг. Ингээд тухай бүрд нь газрын албатай нь тооцоо нийлээд явж байсан. Ийм байтал хариуцагч нар нь эрх зүйн үйлчлэл нь түдгэлзсэн тогтоолыг үндэслэл болгож мөн нэхэмжлэгчийг гэрээнд зааснаас илүү төлбөр төлөөгүй байна гэж шийтгэлийн хуудас гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.

Цаашид газрын төлбөр төлөх нь мэдээж. Зөвхөн хууль зүйн үндэслэлтэй л байж төлнө гэх үндсэн маргаан яваад байгаа юм. Хувь хэмжээ нь яг тодорхой биш байгаа учир бид гэрээний дагуу төлөх ёстой гэж хэлж байгаа юм. гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий акт нь гарахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, материаллаг хуулийг зөрчсөн гэдэг байдлаар тайлбарлая. Энэ хэрэг нь 3 шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн хурал байгаа. Улсын дээд шүүхээс эхний удаа буцаахдаа шийтгэлийн хуудаст хууль зүйн дүгнэлт өгөөгүй буюу газрын төлбөр дутуу төлсөн нь татварын зөрчил буюу татварын хууль тогтоомжийг зөрчсөн байх бөгөөд татварын төлөгчийн үйлдэлтэй хэрхэн холбогдож байгааг дүгнээгүй гэж дүгнэлт өгсөн. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явуулсан. Материалаас үзэхэд зөрчил шийдвэрлэх ажиллагаанд уг зөрчилд холбогдож байгаа оролцогчийг эрхийг хангасан эсэх талаар тодорхой баримтгүй. Нэхэмжлэгч нь

Нэгт: шийтгэлийн хуудсыг баримталсан хуулийг харах юм бол 2008 оны Татварын тухай хууль байсан. Энэ нь зүй ёсны бөгөөд Татварын тухай шинэ хууль гараагүй байсан үе юм. Хоёрт: 2017 оны 7 дугаар сараас өмнө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бол хуучин хуулиараа шийдвэрлэнэ гэж байдаг. Тэгэхээр хялбаршуулсан журмаар шийдсэн хэргийн материал байгаа.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар 6.6 дугаар зүйлийн 6.6.1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол, 6.6.1.2-т зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол гэж заажээ. Энэ хоёрын аль зүйл заалтыг ашиглан хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн баримт нь тогтоогдохгүй байгаа. Дээд шүүх үүнийг олж харсан бололтой байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс энэ нь зөрчил биш, гэрээний дагуу газрын төлбөрөө төлж ирсэн гэдэг асуудал гаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар 6.6 дугаар зүйлийн 6.6.1.1 дэх заалтыг барьсан бол тус хуульд заасан зөрчлийн хэргийг танилцуулах гэх журмыг хангаагүй байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийг ч баримтлах ёстой. Зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангаагүй бөгөөд анх 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр н.Бд ирж шалгалт хийх тухайгаа мэдэгдсэн. Тэр уулзалтын тэмдэглэл байгаа. Түүнээс биш нэхэмжлэгчид зөрчлийг танилцуулсан баримт байхгүй. Иймд зөрчлийн хэргийг танилцуулах заалтыг зөрчсөн байгаа юм. Зөрчлийн хэрэгт хяналт шалгалт гэж юм байсан. Хяналт шалгалтыг удирдамжтай явуулдаг. Гэтэл удирдамж байхгүй. Энэ нь бас хуулийн заалт зөрчсөн байгаа.

Иргэдийн гомдлоор хяналт шалгалт явуулсан гэж ярьдаг. Хуульд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хуулиар тогтоож өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн нэр ус хаягтай байх ёстой. Гэтэл нэг хүний гараар бичигдсэн 5-6 хүний гарын үсэгтэй ийм гомдол гэх юмаар хяналт шалгалт явуулсан байгаа. Тэгэхээр энэ хуулийн заалтуудыг зөрчсөн юм. Энэ хуулийн 6.2 дахь зүйлийн 6.2.2-т Гомдол, мэдээллийг бичгээр гаргасан бол гомдол гаргагч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, эсхүл шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан байна гэж заасан байдаг.

Энэ журам нь биелэгдээгүй учир энэ яг иргэдийн гомдол байсан юм уу эсхүл тодорхой ашиг сонирхол байсан юм уу гэдэг нь эргэлзээтэй байна. Үнэхээр иргэдийн гомдлоор хяналт шалгалт хийсэн бол гомдол нь үндэслэл бүхий байх ёстой. Иймд гомдлын шаардлага хангаагүй байж хяналт шалгалт явуулсан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж заасан. Энэ заалтаар зөрчил гаргах этгээд нь хүн эсхүл хуулийн этгээд байх ёстой. Маргаан бүхий акт нь хуулийн этгээдээр байх боловч шийтгэх хуудас нь байгууллагын захирал н.Б дээр гарсан байдаг. Тэгэхээр энэ акт н.*******аар төлүүлсүгэй гэж байх бөгөөд акт нь хуулийн этгээдэд чиглэсэн бол хуулийн этгээдийн нэр дээр гарна. Тэгэхээр н.******* гэдэг хүнээр торгууль төлбөр хийхээр гарсан байна гэж харагдаж байна.

Тухайн үед 2008 оны Татварын ерөнхий хуульд зааснаар татварын зөрчил байвал татварын акт гардаг. Татварын шинэ хуулиар зөрчил гаргасны төлөө шийтгэл оногдуулна. Татварын зөрчил байвал нөхөн олголтын акт гэж гарах ёстой. 2 тусдаа гарах ёстой. н.*******д алданги торгууль тавьсан. Тэгэхээр шийтгэлийн хуудсаар нөхөн татвар, торгууль алданги төлүүлэх ёсгүй юм.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарласан. Хамгийн гол нь татвар төлөх ёстой үндэслэлгүй бууруулсан гэж бариад байгаа. Эрх зүйн баримт бичиг буюу Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газрын төлбөрийн хэмжээг тогтоож байгаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 239 дүгээр тогтоол нь өөрсдөө үйлчлэлгүй байсан. Үйлчлэлгүй баримт бичгийг үндэслэж акт гарган, татвар ноогдуулсан байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь шинээр тогтоосон нь үндэслэлгүй учир хуучин мөрдөгдөж байсан хэмжээгээр нь төлөх нь зүйтэй гэдэг зүйлийг зайлшгүй хэлэх шаардлагатай байна. Итгэлцүүр нь Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгэлгүй байгаа. Тэгэхээр хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэх журмын тухай хуульд зааснаар Улсын бүртгэлд бүртгэж байж хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр болдог.

Мөн өөр нэг зүйл байгаа нь зөрчил гаргасан гээд тогтоож байгаа актын үндэслэл хэсгийг танилцуулаагүй, тайлбар нотлох баримт гаргуулаагүй, процессын үйл ажиллагааг зөрчсөн гэдгийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна... гэв.

Хариуцагч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2017 оны 12 дугаар сарын 19-нд гарсан шийдвэр 2017 оны 03 сард гомдлоор ирж байсан. Шийтгэлийн хуудас гарах болсон гол зүйл заалт нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-т зааснаар шийтгэлийн хуудсыг бичсэн. Эднийх 2008 оноос аялал жуулчлалын чиглэлээр газрыг ашиглаж ирсэн. Энэ талаар манай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч талаас төрийн захиргааны байгууллагуудтай гэрээ хийсэн гэдэг үндэслэлээр төлж явсан гэдэг. Бид Татварын тухай хуульд зааснаар албан татвар, төлбөр хураамж нь татварын бүрэлдэхүүн байна гэж байдаг. Хэн албан татвар хураамж, тогтоолд хяналт шалгалт хийх вэ гэхээр татварын улсын байцаагч байна. Үүнийг үндэслэж бид нар төлбөрийг нь зөрчилтэй байна гэж шийтгэлийн хуудас гаргасан юм.

Яг шалгаж байх хугацаанд н.Б гэх хүнтэй удаа дараа ирж уулзсан. Энэ шийтгэлийн хуудсыг гардуулсан байдаг. Гардуулаагүй гэж өмгөөлөгч хэлж байна. Өөрөө зөвшөөрөхгүй гэсэн гарын үсэг зураад, танилцуулсан байдаг.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Богины ам гэдэг газар 30 га орчим газрынхан эзэмшсэн байдлын нөхцөлийг бид нар мэдэж байгаа. Тэнд 2008 оноос хойш аялал жуулчлалын чиглэлээр эзэмшинэ гэсэн. Тэгтэл тусгай хамгаалалтын газар маш олон барилга байшин барьсан байдал нь зориулалтаараа биш.

Гол нь сая тайлбарлаад байгаа тогтоол нь хүчингүй гэж үзэж байгаа. Ер нь тэр тогтоол нь хүчингүй байвал бусад тусгай хамгаалалтын газар эзэмшиж байгаа газрын төлбөрөө бүгдээрээ 3 дахин нэмээд л төлөөд явсан байж таараа.

Эднийх 2013 онд гэрээ хийхдээ 3 дахин нэмэгдүүлсэн гэрээ хийсэн мөртөө. Хан-Уул дүүргийн Засаг дарга н.Г гэдэг хүн гарын үсэг зураагүй гэдэг үндэслэлээр төлөөгүй гэх тайлбар хэлдэг. Юу гэх гээд байна вэ гэхээр өөрсдөө хэдэн төгрөг төлөх ёстой байсан тухайгаа мэдэж байсан гэсэн үг. Бид нар хууль тогтоомжоо үндэслэн тогтоосон. Гол нь итгэлцүүрийг өөрсдөө мэдэхгүй байж гэг яриад байна. Бид нар тухайн итгэлцүүрийг мэдэхгүй байна гэж байхгүй. Учир нь итгэлцүүр гээд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2005 оны 4/21 гэдэг тогтоол байгаа... гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд 3 талт гэрээ аялал жуулчлалын зориулалтаар гэж байгуулагдсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь ерөөсөө аялал жуулчлалын чиглэлээр ашиглаагүй байдаг. Маргааны гол зүйл нь Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон суурь үнэлгээ буюу энгийн газрын төлбөрийг 3 дахин их тогтоох ёстой байсан. Энгийн газрын төлбөр нь энгийн газартаа л хэрэглэгдэнэ. Манай тохиолдолд нэхэмжлэгч нь тусгай зориулалтын газар хэрэглэдэг. Гэтэл нэхэмжлэгч нь тусгай зориулалтын газар хэрэглэсэн хэр нь энгийн зориулалттай газрын төлбөр төлөөд яваад байсан. Үүнийг татварын алба нь хуулийн дагуу тогтоосон байгаа юм. 3 талт гэрээ нь 3 талын хүсэл зоригийн дагуу тогтоосон гэж нэхэмжлэгч нь үзээд байдаг. 2009 оны 07 дугаар сарын 22-ны гэрээнд Газрын тухай хуулийн дагуу буюу 3 дахин их тогтооно гээд заагаад өгсөн байдаг. 2013 оны 09 сарын 14-ний гэрээнд 3 дахин тогтооно гээд заагаад өгсөн байдаг. Талууд бүгдээрээ 3 дахин их төлнө гэдгээ мэдэж байсан гэсэн үг. Ямар үндэслэл, ашиг сонирхлоор хуульд заасан хэмжээнээс багаар төлөөд байсан талаар бол мэдэхгүй байна.

Газрын албатай байнга тооцоо нийлсэн акт үйлдээд явсан байдаг гэдэг. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Хан-Уул Дүүргийн Газрын албанаас бичиг өгсөн байдаг. Тооцоо нийлсэн акт гаргасан байдаг. Төлбөрөө төлөөгүй гэж байдаг. Нийт төлбөл зохих төлбөр нь 2 тэрбум орчим төгрөг байна гэж байдаг. Ерөөсөө хэрэг үүссэн хугацаанаас хойш тооцоо нийлсэн актаар өргүй гэсэн нэг ч баримт байхгүй.

Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших газрын эрхийг Улсын дээд шүүхээр хэлэлцэгдээд тусгай эрхийн гэрчилгээг нь цуцалсан байдаг. Өөрөөр хэлбэл газрын төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр цуцалсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрөө төлж байнгын тооцоо нийлсэн акт хийдэг байсан гэдэг нь үүгээр үндэслэлгүй болж байгаа гэж үзэж байна.

2012 оны 09 дүгээр сард Иргэдийн төлөөлөгчдийн тогтоол нь түдгэлзсэн гэдэг. Гэтэл манай гэрээ бол 2009 оноос хойш хийсэн гэрээ юм. Өөрөөр хэлбэл түдгэлзэх хүртэлх 3 жилийн өмнөөс энэ гэрээгээ хийсэн гэсэн үг. Дээрээс нь энэ гэрээний дагуу суурь үнэлгээг нэхэмжлэгч нь зөвшөөрөөд төлбөрөө төлөөд яваад байсан. Хуульд заасан гол зүйл нь суурь үнэлгээг тусгай зориулалттай газар 3 дахин их төлөх гэж байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн тогтоол нь түдгэлзсэн байсан боловч түүнийг үл харгалзан энгийнээр төлөөд яваад байсан.

Энгийн газар эзэмшсэн төлбөр төлж тусгай хэрэгцээний газар ашиглаж байгаа нь шударга бус гэж хэлмээр байна. Захиргааны ерөнхий хуульд хуульд үндэслэсэн байх гэдэг зарчим байдаг. Гэтэл талуудын гэрээ нь ерөөсөө хуульд үндэслээгүй. Мөн хуульд зорилгодоо нийцсэн байх ёстой байдаг. Яагаад тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглаад, маш их ашиг олсон атлаа энгийн газар ашигласан юм шиг татвар төлж байгаа юм бэ. Энэ нь өөрөө Монгол улсыг хохироогоод байгаа юм.

Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж байна. Яг хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдээд явж байна гэдгийг захиралд нь танилцуулсан байгаа. Тэгэхэд ямар нэгэн гомдол гаргаагүй. Хуульд заасны дагуу 3 дахин их төлбөрийг төлөх ёстой байна гэдэг нь тодорхой байсны улмаас хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

Мөн дараагийн зүйл нь гомдол мэдээллийн шаардлага гаргаагүй гэж байна. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн хууль бус газрын төлбөр төлөхгүй байна гэдэг гомдлыг гаргасан хүн нь өмнөх 6 удаагийн шүүх хуралдаанаар бүгдэд нь суусан байдаг. Үүнд ямар нэгэн асуудал байхгүй.

Зөрчлийн тухай хууль болон Татварын тухай хуулиар холбогдогч этгээдийн аль эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг ашиглана гэж байдаг тул торгууль, нөхөн төлбөрийг байцаагч нар нь тавьсан байгаа.

Нэхэмжлэгч нь тусгай хэрэгцээт нутаг дэвсгэрийг ашигладаг. Бид нар тэнд нь хяналт шалгалтаа хийсэн. Талуудын хуульд заасны дагуу төлбөрөө төлсөн эсэх талаар хяналт шалгалт хийж байсан. Гэтэл 3 дахин их төлөх ёстой байсан төлбөрийг төлөөгүй байна гэх актыг манайх гаргасан. Тусгай хамгаалалттай газар нутгийг ашигласан хир нь энгийн газар ашигласан юм шиг байсан. Ашиглаад улсад төлөх ёстой төлбөрөө төлөөгүй байна Өөрөөр хэлбэл давуу эрх эдэлсэн байх буюу шударга ёсны зарчим нь алдагдсан байна.

Өмнөх гэрээгээ баримталсан гэж яриад байгаа. Нэхэмжлэгч нь өөрөө суурь үнэлгээгээ хүлээн зөвшөөрсөн. Суурь үнэлгээгээ 3 дахин их төлнө гэж заасан байдаг. Газар зохион байгуулалтын албанаас ийм асуудал гарлаа гэж яриагүй. Бид нар мэдээгүй гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан байгаагаар газрын төлбөрийг 3 дахин их төлөх ёстой байсан гэх бүх задаргааг нь гаргаад өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ярьж байгаа тайлбарыг дэмжих нотлох баримт хэрэг авагдаагүй.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давуу эрх олгож улсад хохирол учруулж байна. Энэ газрын ашиглаад нэг мөсөн дууссан. Энэ хохирлыг яах юм бэ... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг 2012 онд 211,200,000.00, 2013 онд 211,200,000.00, 2014 онд 230,000,000.00, 2015 онд 294,644,500.00, 2016 онд 279,114,000.00 төгрөг, нийт 1,226,158,500.00 төгрөгийн газрын төлбөрыг дутуу төлсөн зөрчилд 1,226,158,500.00 төгрөгийн нөхөн татвар, 367,847,550.00 төгрөгийн торгууль, 232,950,684.00 төгрөгийн нөхөн төлбөр нийт 1,826,956,734.00 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.

            Гомдол гаргагчаас татварын улсын байцаагч нар нь хууль буруу хэрэглэсэн, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлсөн гэж, хариуцагчаас газрын төлбөрийг дутуу төлсөн, 3 дахин үржүүлж төлнө гэдгээ мэдэж байсан, ******* дугаар гэрээгээр хүлээн зөвшөөрсөн гэж тус тус маргажээ.

            Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино, 1.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно, 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж тус тус заажээ.

            Мөн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно, 7 дугаар зүйлийн 6-д Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно гэжээ.

            Дээрхээс дүгнэвэл иргэн, хуулийн этгээд нь хууль, түүнд нийцсэн хэм хэмжээний актыг зөрчсөн бөгөөд татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлээ нуусан, эсхүл нуух гэсэн санаа зорилгыг агуулсан тохиолдолд зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

            Гэтэл хуулиар тусгай хамгаалалтай газар нутгийн газрын суурь үнэлгээг тухайлан тогтоогоогүй, маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 03 дугаар тогтоолыг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж тус тус шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэж хариуцлага ногдуулсан үндэслэлгүй байна.

            Учир нь нэхэмжлэгч хуулиар тухайлан хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоосон захиргааны актуудыг захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу зөвтгөгдөж гаргаагүй байхад зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан зорилгод нийцэхгүй байна.

            Өөрөөр хэлбэл зөрчлийг зөвхөн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, түүнд нийцүүлж гарсан хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд л шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зорилгоор хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бөгөөд газрын төлбөрийн хэмжээг ихэсгэсэн дээрх тогтоолууд хүчин төгөлдөр бус байх тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

            Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь газар ашиглах гуравласан гэрээний дагуу газрын төлбөрийг төлж байсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Мөн шүүхээс нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзээгүй тул шийтгэл ногдуулсан процесс болон төлбөр тооцсон аргачлалд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус заасныг баримтлан У ХХК-ийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

У.БАДАМСҮРЭН