Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1076

 

2020         08           25                                           2020/ДШМ/1076

Б.Х, М.М нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,

шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Мын гаргасан давж заалдах гомдлоор Б.Х, М.М нарт холбогдох эрүүгийн 2007000610042 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .................., 19..... оны .... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 3-10 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................../,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 66 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаас 140 цагийн ялыг биелүүлж, ял эдлэхээс санаатай зайлсхийсэн үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай прокурорын тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, одоо 310 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй;

2. .............., 19....... оны ....... дугаар сарын ............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, ах, эгч нарын хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ Налайх байр 9-14 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.............../,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Б.Х, М.М нар нь бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 52Б гудамжны 9 тоотод оршин суух иргэн Х.Мөнхсайханы монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, 32 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч, 195.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Х, М.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Х, М.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Мт 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Хт 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Б.Хыг 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 310 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлин 4 дэх хэсэгт зааснаар 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 39 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 9 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Хт оногдуулсан 1 жил 6 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х, М.М нарын тус бүр цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.М гаргасан давж заалдах гомдолдоо: “Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар намайг Б.Хтай бүлэглэн иргэн Х.Мөнхсайханы монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, 32 инчийн зурагт хулгайлсан гэж дүгнэжээ. Иймд дээрх хэргийг дахин хянан хэлэлцэж, Б.Хтай бүлэглэн уг гэмт хэргийг үйлдээгүй болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч М.Мын гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд шүүгдэгч М.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.Х, М.М нар нь бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 52Б гудамжны 9 тоотод оршин суух иргэн Х.Мөнхсайханы монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, 32 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч, 195.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Мөнхсайханы “...2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 13 цаг өнгөрөөгөөд над руу Налайхын Цагдаагийн хэлтсээс яриад “танай гэрт хулгай орсон юм шиг байна. Та хурдан гэртээ ирэхгүй юу, гэр чинь онгорхой байна” гэж хэлэхээр нь би гэртээ ирээд үзсэн чинь гэрийн цоож эвдрээд гэрийн хойморт байсан 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байхаар нь Цагдаагийн хэлтэст өөрийн биеэр очиж мэдэгдсэн юм. ...” /хх 6-8/,

гэрч Ц.Түвшинтөгсийн “...2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр манай нөхөр над руу залгаад “гэрт хулгайч орж зурагт хулгайлаад авч явж байгаад цагдаад баригдсан байна. Зурагтаа буцаагаад авчихлаа” гэж ярьсан. ...” /хх 19-20/,

гэрч Б.Батхүрэлийн “...Би 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ахлах ахлагч Эрхэмбаатарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд Налайх дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр байрны хажууд байдаг ломбардны урдуур гарч явтал Б.Х нь ногоон өнгийн аранз гэмээр уутанд LCD зурагт хийсэн нь багтахгүй, амсар нь онгорхой өргөөд орж явахаар нь зогсоогоод юун зурагт авч яваа талаар асуухад “миний зурагт, би өөрийнхөө юмыг авч явна” гэхээр нь “гэр чинь хаана байдаг юм бэ, гэрт чинь очъё” гэхэд зөвшөөрөөд машиндаа суулгаад зааж өгсөн. Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 52Б-9 тоотод очиход монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд онгойлгосон, гэр нь эзэнгүй байхаар нь хөрш айл руу ороход нэг залуу байсан ба “энэ залууг таних уу, энд амьдардаг уу” гэж асуухад “танихгүй, энэ гэрт цэргийн ангид ажилладаг залуу эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг” гэж хэлсэн. Тэгээд цэргийн анги ороод Мөнхсайхан гэх хүний утасны дугаарыг аваад түүн рүү залгаад “Б.Х гэдэг хүн танай гэрийн хаалганы цоожийг эвдээд зурагтыг чинь аваад явж байна” гэхэд “Аан таньдаг хүн байна, гэхдээ сайн танихгүй, яагаад манай гэрт орсон юм бол” гэж байсан. Тухайн зурагт хийсэн аранз гэмээр зүйл дотор зурагтаас өөр эд зүйл байгаагүй. ...” /хх 30/,

шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн “...Хуягбаатар ах түрүүлээд хүн байна уу үзээд ирье гээд ороод гарч ирэхгүй 3-4 минут болсон. Тэгэхээр нь араас нь хашаа руу яваад ортол гэрийн хаалга онгорхой байхаар нь бид дөрөв шууд гэрт нь яваад ороход Хуягбаатар ах зүүн талын орон дээр ганцаараа сууж байсан. ...Ингээд Хуягбаатар ах бид хоёр “ахиад нэмж архи ууя, мөнгө яаж олох уу” гэхэд Хуягтбаатар ах тухайн айлын “зурагтыг аваад гаръя, ломбарданд тавиад архи аваад уучихая” гэхээр нь би “болох юм уу” гэхэд Хуягбаатар “манай найз байгаа юм зүгээрээ, ах нь өөрөө мэдэж байна” гээд зурагтыг Хуягбаатар ах очоод тэврээд гэрээс нь гараад ...Налайх дүүргийн 2 дугаар хороо, Ордны хажуу талын шатаар дээш өгсдөг ломбард руу Хуягбаатар ах зурагтыг тэврээд орж явтал 2 цагдаа ирээд Хуягбаатар ах бид хоёрыг зогсоогоод “хаанаас юун зурагт авч яваа юм” гээд шалгахаар нь би таксинаас буугаагүй байсан болохоор шууд явсан. ...Отгоо ах, Цэнгэл ах хоёр түрүүлээд гараад явсан. Харин Бомбо ах архиндаа согтоод тасраад унтсан байсан болохоор Хуягбаатар ах бид 2 хулгайн гэмт хэрэг үйлдсэн. ...” /хх 52-54/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Х, М.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүх шүүгдэгч Б.Х, М.М нарын бүлэглэн, иргэн Х.Мөнхсайханы монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн LCD зурагтыг авч, 195,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М.Мт 1 жилийн хугацаагаар хорих ял, Б.Хт 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч М.М “...Б.Хтай бүлэглэн уг гэмт хэргийг үйлдээгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэргээс үзэхэд, шүүгдэгч М.М нь Б.Хын гэр биш гэдгийг мэдсээр байж хамт танихгүй айлд орж архи уусан, мөн түүнтэй сэдэл, санаа зорилгоороо санаатай нэгдэж зурагтыг авч гаран ломбарданд тавьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасан “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэх шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч М.Мын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ

                         ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ