Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 183/2022/00072/И |
Дугаар | 183/ШШ2022/00266 |
Огноо | 2022-02-08 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2022/00266
2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр | Дугаар 183/ШШ2022/00266 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Гарден вилла хотхон, 186 дугаар байрны 80 тоотод оршин суух,******* онд төрсөн,******* настай, эмэгтэй, Ёохон овогт******* /рд:*******/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунднаран 7 дугаар гудамж, 188 тоотод оршин суух, 1994 онд төрсөн,******* настай, эрэгтэй, Шарав овогт******* /рд:ЛЮ94082513/,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч*******,
Хариуцагч*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие*******тай 2018 онд танилцаж, 2018 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бидний охин 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Охиноо төрөхөд бид Өмнөговь аймгийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч охин маань эцгээрээ овоглосон. Бид зан харьцаа болон нөхрийн талын эцэг, эхээс болж 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс тусдаа амьдарч байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд охинт эцгээс тэтгэлэг тогтоож өгнө үү” гэж тайлбарласан.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “...У.Сондор нь миний төрсөн охин мөн бөгөөд охиндоо тэтгэлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Өөр тайлбар байхгүй” гэв.
3. Нэхэмжлэгч талаас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, охинын эрүүл бойжиж буй талаарх тодорхойлолт болон түүний төрсний гэрчилгээ зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах байдлаар буюу “...Би*******тай 2018 онд танилцаж, бидний дундаас 2019 оны 3 дугаар сарын 01-ний охин төрсөн. Бид зан харьцаа болон нөхрийн талын эцэг, эхээс болж 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс тусдаа амьдарч байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байгаа тул тэтгэлэг тогтоож өгнө үү” гэж тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, “...У.Сондор нь миний төрсөн охин мөн бөгөөд охиндоо тэтгэлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Өөр тайлбар байхгүй” гэв.
4. Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан 0000360165 дугаар төрсний гэрчилгээгээр*******,******* нарын дундаас 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр охин төрсөн, хүүхдийн эцэг******* болохыг Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар захиргааны журмаар тогтоосон болох нь тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр, эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охиныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг*******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүх гэр бүлийн хэрэг маргаан шийдвэрлэхдээ хүүхдийн асрамжийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтой, хариуцагч хүүхдийн асрамжид маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охиныг эх*******ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг******* хүүхэдтэйгээ уулзах эрхтэй.
6. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 779 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин /рд:КЮ19230142/-ыг эх*******ын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охиныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг*******аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг*******, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх******* нарт тус тус даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 779 төгрөгийг улсын орлогоос буцааж гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ