| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2021/03156/И |
| Дугаар | 183/ШШ2022/00070 |
| Огноо | 2022-01-06 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2022/00070
| 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр | Дугаар 183/ШШ2022/00070 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, шүүгч Дэ.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 58б байрны 39 тоотод оршин суух, 1940 онд төрсөн, 82 настай, эрэгтэй, Боржигин овогт Хоролын Батбаяр /рд:ЦЗ40070111/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Интермед эмнэлэг, 4 давхарт байрлах, Интернэйшнл медикал сентер ХХК /рд:5387051, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Я.Нямтогтох/,
Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2 054 154 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Батбаяр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саранбаатар, Б.Байгалмаа,
Хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү /ШТЭҮД-2252/,
Гэрч С.Амарсайхан,
Иргэдийн төлөөлөгч М.Ангараг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Батбаяр нь “Интернэйшнл медикал сентер” ХХК-д холбогдуулан 2 054 154 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, би олон улсын жишигт нийцсэн Интермед эмнэлгийн н.Болд гэгч мэс заслын эмчид үзүүлж шинжилгээ, үзлэгийн төлбөрт 1 065 000 төгрөг төлсөн. Шинжилгээний хариуг үзүүлэхэд түрүү булчирхайн хэсэг шулуун гэдсийг дарснаар бие засах, хүндрэхэд хүндрэл учирсан тул урологийн эмч Б.Дөлгөөнд үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Б.Дөлгөөн миний давсгийг дурандаад хагалгаанд орох юм байна гэснийг би зөвшөөрч, 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хагалгаанд орсон ба хагалгаанд орсны дараа миний бөгс, хөл мэдээгүй болсон байсан, 9 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагт Дөлгөөн эмчийн хэлснээр эмнэлгээс гарсан. Гэртээ хариад 7-8 хоноход ууц, толгойгоор яр гарсны дээр давсаг хавиар байнга өвдөж, шөнөд 3-5 удаа шээж их зовуурьтай байхаар нь Б.Дөлгөөн эмчтэй холбогдож хэлтэл “...та яагаад хэрүүлийн үг яриад байгаа юм бэ, би одоо тантай харьцахгүй, гомдлоо гаргахгүй юу” гэсэн. Тус эмнэлэг хагалгаа хийхдээ миний нугасаар мэдээгүйжүүлэлт буюу норкоз хийсэн. Ингэж мэдээгүйжүүлэлт хийхдээ миний биеийг ариутгаагүй бөгөөд яагаад чи ариутгаагүй ийм зүйл хийж байгаа вэ гэхээр орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд тийм зүйл байхгүй гэсэн. Тэгээд цаг хэртэй болоод хагалгаанаас гарахад намайг орон дээр аваачиж хэвтүүлэхэд миний цээжин биеэс доош мэдээ байхгүй, 7, 8 цаг болж байж би орноосоо бууж байж хагас дутуу явсан. Тэр хооронд ялгадас гарсан байсан. Маргааш өглөө н.Дөлгөөн эмч намайг үзэх гэж орж ирэхээр нь хэлэхэд намайг өнөөдөр эмнэлгээс гар гэсэн. Дөлгөөн эмч миний арьс салстыг вирустүүлэх хуйвалдаан хийсэн, өөрөөр хэлбэл намайг хорлосон, тэрийгээ эмчлэхээс зугтаад намайг эмнэлгээс гаргасан. Хагалгаанд орсон атал одоо хэр нь миний давсгаар өвддөг, 5-10 мин суултуур дээр суугаад шээдэг хэвээрээ, ямар нэг үр дүн гараагүй байна. Одоо би шөнө 11 цагт унтах юм бол өглөө 6 хүртэл 3 удаа шээнэ, үүрийн 4 цагаас хойш унтаж чадахгүй байна. Иймд Интермед эмнэлгийн н.Дөлгөөн эмч намайг эмчлэх биш хордуулсан, би эмнэлэгт хандсанаар эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон явдал нь өндөр насанд дарагдаж, өвчинд шаналсан надад байж боломгүй байгаа тул Интермед эмнэлэгт нийт төлсөн 3 924 150 төгрөгөөс Б.Дөлгөөн эмчийн хийсэн хагалгааны зардал 2 054 154 төгрөгийг буцаан гаргуулна” гэж тайлбарласан.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Үйлчлүүлэгч Х.Батбаяр нь тус эмнэлэгт 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр эмчилгээ, үйлчилгээний ерөнхий зөвшөөрлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гарсан бүх төлбөрийг бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрч тус эмнэлэгт мөн өдрөөс эхлэн хэвтэж, эмчилгээ үйлчилгээ авсан. Тэрээр манай эмнэлэгт үйлчлүүлэхээс өмнө 3 удаа түрүү булчирхайн томролтой холбоотойгоор өөр эмнэлгүүдэд мэс засалд орсон өгүүлэмжтэй байсан, манайд эмнэлэгт орсон энэ удаагийн мэс засал нь урд нь хийгдэж байсан дээрх мэс заслуудыг засаж хийсэн мэс засал юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...мэдээгүй болохын өмнө миний биед ариутгал хийгээгүй гэжээ. Ямар нэг ажилбар болон мэс заслын үед ариутгал хийхгүй гэсэн ойлголт хаана ч байдаггүй, тэр тусмаа манай эмнэлгийн хувьд ийм үйлдэл гаргадаггүй. Өөрөөр хэлбэл ариутгал хийн тамедины уусмалаар арчиж, нэг удаагийн ариун даавуу хэрэглэдэг. Мөн “...надаас авсан өвчний эсийг үзүүлээгүй” гэсэн. Х.Батбаярт нугасны мэдээ алдуулалт доор шээсний сүвээр дуран оруулж, шээсний сүвний нарийслыг зүсэж биполиар электрод ашиглан түрүү булчирхайг хусаж ууршуулж аван шээхэд чөлөөтэй болгох мэс засал хийлгэсэн. Өөрөөр хэлбэл эсийг нь ууршуулсан гэсэн үг. Энэ тухайгаа өөрөө ч мэдэж байх ёстой. Учир нь үйлчлүүлэгч маань "Түрүү булчирхай томролыг ууршуулах болон хусах, шээсний сүвний нарийсал зүсэх мэс засал эмчилгээ /TURis/-ний зөвшөөрлийн хуудастай уншиж танилцан гарыг үсгээ зурсан. Мөн нэхэмжлэлд “...хэвтэх орон дээр гарсны дараа бөгс хөл мэдээгүй байсан учир байсан, гэртээ гараад 7-8 хоноход хонго, ууц, толгойгоор яр гарсан, давсаг цайвар өвдөнө, толгой их дүйрч өвдөнө” гэжээ. Бөгсөн бие мэдээгүй байхад шээх, баахаа мэдэрдэггүй. Энэ мэдээ орсны дараа хэвийн болдог. Биеийн дархлаа эсэргүүцэлтэй холбоотойгоор яр гарах, толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Энэ нь мэс засалтай холбоогүй. Давсаг цавиар өвдөх нь мэс заслын хүндрэл биш бөгөөд мэс засал хийлгэсэн хүнд илэрч болдог бөгөөд энэ нь түр зуурын зовуурь юм. Хэрвээ ямар нэгэн зовуурьтай байгаа тохиолдолд эргэн эмнэлэгтэйгээ холбогдох тухай “Эмнэлгээс гарах үед мэдлэг олгох хуудас’'-ыг үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэн, бөглөн бичиж, үйлчлүүлэгчид танилцуулан гарын үсэг зуруулдаг. Х.Батбаяр нь манай эмнэлгийн үйлчлүүлэгчтэй харилцах албанд 2021 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр гомдол гаргасны дагуу тус албанаас түүний өвчний түүхэнд хяналт хийж, мөн мэс засал хийсэн эмч н.Дөлгөөнөөс санал, дүгнэлтийг нь авч, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр утсаар “дурангийн хагалгаанд орохын өмнө унтуулгын эмч нугасны мэдээ алдуулалт хийхийн өмнө заавал хэсэг газрыг ариутгадаг” гэдгийг тайлбарлаж хэлэхэд хүлээж авахгүй байсан. Мөн мэс засал хийсэн н.Дөлгөөн эмчтэй ярилцан хагалгааны дараа зовуурь шаналгаа их байгаа бол дахин цаг товлоод н.Дөлгөөн эмчид үзүүлж зөвлөгөө авах талаар хэлэхэд үйлчлүүлэгч н.Дөлгөөн эмчид дахин хандахыг хүсээгүй. Ингээд эмнэлэгт өөр урологийн эмч байхгүй тул хэрэв н.Дөлгөөн эмчид үзүүлэхгүй гэвэл өөр эмнэлэгт л хандахыг, өвчний цахим түүх, өвчний явц, Дөлгөөн эмчээс ирүүлсэн санал, тайлбар зэргийг үндэслэн энэ тохиолдолд эмчилгээ, тусламж үйлчилгээний төлбөрийг буцаан олгох үндэслэлгүй гэдгийг тайлбарлаж хэлэхэд гомдолтой байгаа тул дараагийн шатанд гомдлоо гаргах болно гэсэн. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
3. Иргэдийн төлөөлөгч “...Хариуцагч тал буруугүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт гаргажээ.
4. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Интернэйшнл медикал сентер” ХХК-д 1 961 154 төгрөг төлсөн баримт, дурангийн шинжилгээний фото зураг зэрэг баримтууд нотлох баримтын шаардлага хангасан, шинжилгээний хариу, зүрхний бичлэг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэл гэсэн баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
5. Хариуцагч талаас, түрүү булчирхайн томролыг ууршуулах болон хусах+шээсний сүвний нарийсал зүсэх мэс засал эмчилгээний зөвшөөрлийн хуудас, эмнэлгээс гарах үед мэдлэг олгох хуудас, Эмчилгээ, үйлчилгээний ерөнхий зөвшөөрөл зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах байдлаар буюу “...Би олон улсын жишигт нийцсэн Интермед эмнэлэгт үзүүлж, шинжилгээ, эмчийн үзлэг, давтан үзлэгт нийт 1 065 000 төгрөг төлсөн. Шинжилгээний хариуг үзээд түрүү булчирхайн хэсэг шулуун гэдсийг дарснаар бие засах, хүндрэхэд хүндрэл учирсан тул урологийн эмч Б.Дөлгөөнд үзүүл гэсэн, Б.Дөлгөөн эмч миний давсгийг дурандаад хагалгаанд орох юм байна гэснийг би зөвшөөрсөн. 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хагалгаанд орсны дараа миний бөгс, хөл мэдээгүй болсон байсан, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгээс гарсан. Гэртээ хариад 7-8 хоноход ууц, толгойгоор яр гарсан, давсаг хавиар байнга өвдөж, шөнөдөө 3-5 удаа шээж их зовуурьтай болсон. Эмнэлэгт хандсанаараа би эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон. Иймд Б.Дөлгөөн эмчийн хагалгааны зардалд төлсөн 2 054 154 төгрөгийг буцаан гаргуулахын дээр давтан шинжилгээ, эмчилгээний зардал гаргуулахгүйгээр эмчилгээ хяналтын дор хийлгэх хоёрын аль нэгээр шийдвэрлүүлэх хүсэлтэй” гэж тайлбарласан тул шүүх нэхэмжлэгчийн гэм хорын хохирол гаргуулахаар шаардаж байна гэж дүгнэн, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд гэм хор учруулсан нь тогтоогдсон байхыг шаарддаг.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч ”...Интермэд эмнэлэгт 2 054 154 төгрөг төлж хагалгаанд орсон боловч хүссэн үр дүн гараагүй тул уг мөнгөө буцаан гаргуулна” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласнаас үзвэл дээрх харилцаа нь зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилецаанд хамаарахгүй, харин тодорхой ажил үйлчилгээ авсны улмаас төлбөр төлсөн, үүнийгээ буцаан шаардаж байгаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулж байна гэж шүүх дүгнэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар буюу “...Х.Батбаяр манай эмнэлэгт үйлчлүүлэхээс өмнө 3 удаа түрүү булчирхайн томролтой холбоотойгоор өөр эмнэлгүүдэд мэс засалд орсон өгүүлэмжтэй байсан, манайд эмнэлэгт орсон энэ удаагийн мэс засал нь урд хийгдэж байсан дээрх мэс заслуудыг засаж хийсэн мэс засал юм. Манай эмнэлэг мэс заслын өмнө ариутгал хийн тамедины уусмалаар арчиж, нэг удаагийн ариун даавуу хэрэглэдэг. Х.Батбаярт нугасны мэдээ алдуулалт доор шээсний сүвээр дуран оруулж, шээсний сүвний нарийслыг зүсэж биполиар электрод ашиглан түрүү булчирхайг хусаж ууршуулж аван шээхэд чөлөөтэй болгох мэс засал хийлгэсэн, эсийг нь ууршуулж авсан тул авсан эсийг үзүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй. Мэдээ алдуулалтын улмаас бөгсөн бие мэдээгүй байхад шээх, баахаа мэдэрдэггүй. Энэ мэдээ орсны дараа хэвийн болдог. Биеийн дархлаа эсэргүүцэлтэй холбоотойгоор яр гарах, толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Энэ нь мэс засалтай холбоогүй. Давсаг цавиар өвдөх нь мэс заслын хүндрэл биш бөгөөд мэс засал хийлгэсэн хүнд илэрч болдог бөгөөд энэ нь түр зуурын зовуурь юм. Манай байгууллагад хандахад нь хагалгааны дараа зовуурь шаналгаа их байгаа бол мэс засал хийсэн н.Дөлгөөн эмчид үзүүлж зөвлөгөө авах талаар хэлэхэд үйлчлүүлэгч н.Дөлгөөн эмчид дахин хандахыг хүсээгүй” гэж үгүйсгэж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн түрүү булчирхайн томролыг ууршуулах болон хусах+шээсний сүвний нарийсал зүсэх мэс засал эмчилгээний зөвшөөрлийн хуудас, эмнэлгээс гарах үед мэдлэг олгох хуудас, Эмчилгээ, үйлчилгээний ерөнхий зөвшөөрөл зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Х.Батбаяр 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Интернэйшнл медикал сентер” ХХК-ийн Интермэд эмнэлэгт түрүү булчирхайн томролыг ууршуулах болон хусах+шээсний сүвний нарийсал зүсэх дурангийн мэс засалд орсон болох нь тогтоогдох бөгөөд талууд уг асуудлаар маргаагүй.
5. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 361 дүгээр зүйлийн 361.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй” гэж тус тус заажээ.
Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болох бөгөөд тус гэрээний онцлог нь хийж гүйцэтгэсэн ажлын тодорхой үр дүнг шаарддаггүй харин ажиллах процесс байдаг тул “Интернэйшнл медикал сентер” ХХК тухайн мэс заслыг эмч н.Дөлгөөнөөр гүйцэтгүүлсэн нь хуулийн дээрх заалттай нийцсэн байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар уг мэс заслын улмаас Х.Батбаярын бөгс, хөл мэдээгүй болсон, ууц, толгойгоор яр гарсан зэрэг үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч байгууллага гэрээгээр тохирсон эмнэлгийн үйлчилгээг үзүүлсэн байх тул нэхэмжлэгч нь төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхгүй гэж шүүх дүгнэв.
5. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан хариуцагч тал буруугүй гэх дүгнэлт үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагад 47 816 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй боловч төлөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс 47 816 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Интернэйшнл медикал сентер ХХК-иас 2 054 154 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.Батбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 47 816 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧ Дэ.ЭНХЦЭЦЭГ