| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2024/0189/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/207 |
| Огноо | 2024-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням
Хохирогч М.Б
Шүүгдэгч Б.Уийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Уэд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2024 оны 08 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.У
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Уэ нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, намын хорооны байрны урд байрлах сааданд М.Бийг тамхи асуухад байхгүй гэлээ гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь цохиж, газарт унаган зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Уийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”Би 2024 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-ний шилжих шөнө хүний машины цонх хагалаад хүнтэй зодолдсон хэргээр цагдаа дээр шалгагдаж байсан. Тухайн үед цагдаа дээр шалгуулж байхдаа өөр гэмт хэрэгт холбогдоогүй. Би Б гэх хүнийг танихгүй гэсэн мэдүүлэг
Хохирогч М.Бий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед найзтайгаа биллиард тоглочхоод тэр газрынх нь нэрийг сайн мэдэхгүй сүүлд л мэддэг болсон юм. Номингоос доошоо уруудаж явж байгаад найзыгаа таксинд суулгаж өгөх гэж явж байсан чинь шүүгдэгч залуу тамхи байна уу гэхлээр нь байхгүй гэсэн. Тэгээд цааш явж байсан чинь татаж байгаа тамхиа өгчхөөч дээ гэсэн тэгэхээр нь би “чи чинь яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь харанхуй сааднаас хэдэн хүүхэд дуудаад орилоод л байсан. Гараад ир, хүрээд ир гээд тэгсэн цаанаас нь 6 хүн хүрээд ирсэн юм. Манай найз танихгүй хүмүүстэй муудаж яах гээд байгаа юм бэ. Наадах чинь олуулаа юм байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд эргээд алхаж байсан чинь хойноос гүйж ирээд л цохиод дээрээс дэвсээд нэг мэдэхэд л эмнэлэгт сэрсэн. Гэрэлтэйд энэ залуугийн нүүр лүү нь хараад ярьж байсан болохоор сайн харж таньж байна гэсэн мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манай найз бид хоёрыг явж байхад нэг залуу тамхи асуугаад байхгүй гэсэн чинь араас дуудаж ирснээ намайг шууд цохиод авсан. Тэгтэл цаанаас нь хэдэн залуучууд ирээд манай найз бид хоёрыг тойроод зогссон. Намайг цохисон залуу намайг зодож газар унагаагаад дээрээс өшиглөж байсан. Миний хамар луу нэлээн чанга цохисон. Намайг зодсон гэх залуугийн царайг би сайн харж авсан. Бусад нь намайг цохиж зодоогүй. Тэгээд сураг сонссон чинь Уэ гэдэг залуу гэж байсан... Маргааш өглөө нь би тухайн зодуулсан газрын ойролцоо гар утсаа хайж явж байгаад олсон. Зодуулах үедээ унагаасан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал)
Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн .... дугаартай шинжээчийн "М.Бий биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духны цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 29-31 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Уэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Уэ нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, намын хорооны байрны урд байрлах сааданд М.Бийг тамхи асуухад байхгүй гэлээ гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь цохиж, газарт унаган зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох хохирогч М.Бий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Манай найз бид хоёрыг явж байхад нэг залуу тамхи асуугаад байхгүй гэсэн чинь араас дуудаж ирснээ намайг шууд цохиод авсан. Тэгтэл цаанаас нь хэдэн залуучууд ирээд манай найз бид хоёрыг тойроод зогссон. Намайг цохисон залуу намайг зодож газар унагаагаад дээрээс өшиглөж байсан. Миний хамар луу нэлээн чанга цохисон. Намайг зодсон гэх залуугийн царайг би сайн харж авсан. Бусад нь намайг цохиж зодоогүй. Тэгээд сураг сонссон чинь Уэ гэдэг залуу гэж байсан... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хавтаст хэргийн 29-31/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу явагдаж “тэмдэглэл” үйлдэн бэхжүүлсэн байх ба таньж олуулах ажиллагаагаар хохирогчоос таныг зодсон хүнийг заана гэхэд 4 болон 1 дугаартай Б.Уийн зургийг заасан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос мэдүүлэхдээ “Гэрэлтэйд энэ залуугийн нүүр лүү нь хараад ярьж байсан болохоор сайн таньж байна. Шүүгдэгчийн ширээнд сууж байгаа хүн намайг зодсон хүн мөн” гэж нэрлэн заасан байна.
Шүүгдэгч Б.Уий хохирогч М.Бий биед учруулсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд хамаарч байх тул эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.Уийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.Уэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Хохирол төлбөрийн талаар: Хохирогч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ” “Би энэ удаа ирэхтэйгээ нийлээд 6 удаа ирж байгаа юм. Тэгээд 6 удаа ирэхэд 1 талдаа 111,000 төгрөг болсон юм. Бензиний мөнгөн дээр нэмж сэтгэл санааныхаа хохирлоо нэхэмжилж байна” гэжээ.
Хохирогч нь шүүх хуралдаанд ирж оролцсон шатахууны зардалд 111,050 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлсэн тул уг хохирлыг гаргуулан олгох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу тооцож, хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогчийн эрүүл мэндийн байдал сайжирч ажлаа эрхэлж байгаа боловч цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа, баруун нүдэнд үүссэн зовхины цус хуралт гэмтлийн улмаас гэрээр 14 хоног хэвтсэн зэргийг харгалзан гэмтлийн дараах стрессийн эмгэг үүсч сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарч байна гэж үзлээ.
Сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /660,000/ 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхээс шүүгдэгч Б.Уэд Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: шүүгдэгч Б.Уэд Эрүүгийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргаж оролцсон байна.
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт/хх-64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-32/, захиргааны зөрчил хүлээж байсан эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.Уийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Уийн гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан, шүүхээс ял шийтгүүлэх үедээ 18 нас 6 сар 27 хоногтой байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахаар шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Уэ нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уэд 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уийн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3-аас дээшгүй цагаар тогтоосугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Уэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 ,510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уээс сэтгэл санааны хохиролд 3,300,000, шатахууны зардал 111,050, нийт 3,411,050 төгрөгийг гаргуулан хохирогч М.Бд олгосугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН