Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 02291

 

     М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2018/02398 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч МЦ ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 14 764 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У, хариуцагчийн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь үйлдвэрийн барилгын түрээсийн үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд зарын дагуу байгууллагууд ханддаг. МЦ ХХК-ийн захирал Л.Т-тай түрээсийн гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулж, уг байранд эмийн ариутгалын үйлдвэрлэл эрхэлнэ гэж байсан. Түрээсийн гэрээ байгуулснаас хойш МЦ ХХК түрээсийн барьцаа болон нэг сарын түрээсийн төлбөр төлсөн. М Ц ХХК-аас бичиг баримт хөөцөлдөж байгаа учраас тодорхой хуваарийн дагуу төлбөр төлөх хүсэлтийг зөвшөөрсөн.

МЦ ХХК-аас түрээсийн гэрээнд заасны дагуу 06, 07 дугаар сарын түрээсийн төлбөр 1 400 000 төгрөг, 08 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх түрээсийн 6 640 000 төгрөг, нийт 8 040 000 төгрөгөөс барьцаа 800 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 7 240 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын халаалтын төлбөр 1 336 500 төгрөг, алданги 4 288 250 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 1 900 000 төгрөг, нийт 14 764 750 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 27-нд уулзахдаа тусгай зөвшөөрөл хөөцөлдөж байгаа гэж ярьсан болохоос орчин бохир учраас байрыг түрээслэхээ болилоо гэж бичгээр мэдэгдээгүй. Түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч хэн хэн нь түрээсийн гэрээг дуусгавар болсон талаар нэгэндээ албан бичгээр мэдэгдээгүй тохиолдолд хугацааг 1 жилээр сунгасан гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн гүйцэтгэх захирлаар миний ээж Л.Т ажиллаж байхдаа М ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 29-нд түрээсийн гэрээ байгуулахдаа барьцаа болон 1 сарын түрээс нийт 1 500 000 төгрөг өгсөн. Манайх ариутгал халдваргүйжүүлэлтийн бэлдмэл үйлдвэрлэх эмийн үйлдвэр юм. Тухайн байрыг  зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагааг явуулахаар гэрээ байгуулаад байранд ороход орчны ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт шаардлага хангахгүй байсан тул нэг сар гаруйн хугацаанд ариутгал, цэвэрлэгээ хийгээд болохгүй болоод гарсан. Ээж Л.Т М ХХК-ийн захирал Д.Х-тай 2017 оны 09 дүгээр сард уулзаад байрыг түрээслэхээ болих тухайгаа биечлэн уулзаж, албан ёсоор хэлсэн байдаг.

Манайх 1 сар цэвэрлэгээ хийсэн хугацааны ус, тогны төлбөр 58 000 төгрөгийг төлсөн. Гэрээ байгуулснаас хойш манайх нэг ч өдөр уг байранд үйл ажиллагаа явуулаагүй тул түрээсийн тог болон ус, дулааны мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Би ч гэсэн өөрийн биеэр очиж түрээсийн гэрээг цуцлах тухайгаа хэлсэн. Түрээсийн байрны хашаан дээр манай хаяг, мөн цэвэрлэгээ хийсэн хувин сав материалаа авах гээд очиход орох боломжгүй хаалганы цоожны голыг сольсон үйлдлийг биднийг түрээслэхээ больж байгааг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон. Нэхэмжлэгч талыг хохирсон зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 290 дугаар зүйлийн 290.5, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан М ХХК-ны нэхэмжлэлтэй хариуцагч МЦ ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 240 000 төгрөг, халаалтын төлбөр 1 336 500 төгрөг, алданги 4 288 250 төгрөг, өмгөөллийн үйлчилгээ авсан төлбөр 1 900 000 төгрөг, нийт 14 764 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 7 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг бүрэн бодитой дүгнэлт хийлгүй, хуулийг оновчтой зөв хэрэглээгүй гэж үзэж байна.

М ХХК-ийн эзэмшилд байдаг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Да хүрээ 64 хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай барилгын 2 дугаар давхарын 150 кв.м талбайг эмийн үйлдвэрийн зориулалтаар ашиглахаар ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд үйл ажиллагаагаа 2017 оны 05 дугаар сарын 01-нд эхлүүлэх, түрээсийн барьцаанд 800 000 төгрөг, нэг сарын түрээсийн төлбөр 700 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөг төлөхдөө эмийн үйл ажиллагаа явуулахад тохироно гэж үзээд гэрээ байгуулж, урьдчилгаа өгсөн байхад цэвэр орчинтой эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх хөлслүүлэгчийн үүргээ биелүүлээгүй бол гэрээнээс татгалзах үндэслэл болохоор зохицуулсан байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Хариуцагч талын тайлбарыг үнэлж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан МЦ ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар хүсэлт болох нотлох баримтыг үнэлсэнгүй. Хүсэлтийн утга нь түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, түрээсийн төлбөрийг хойшлуулж өгөхийг хүсч, түрээсийн төлбөрийг яаж төлөх хугацаагаа графикаар харуулсан хавсралтыг манай компанид өгсөн. Тусгай зөвшөөрлөө гаргуулахаар хөөцөлдөж байсан гэж ойлгосон. Гэтэл шүүх талуудын хооронд гэрээ цуцлах талаар эсхүл гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярьсан эсэх талаар маргаж талууд өөрсдийнхөө байр суурийг аль аль нь бичгийн баримтаар нотолж чадахгүй гэж үзсэн нь нотлох баримтыг үнэлсэнгүй гэж үзэхээр байна.

Шүүх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт мөн түрээсийн гэрээний 2.3-д зааснаар 2017 оны 09 дүгээр сард гэрээ цуцлах тухай нөгөө талдаа хариуцагч тал мэдэгдсэн байна гэж үзээд энэ үеэс хойш нэхэмжлэгч нь хариуцагчийн түрээсэлж байсан байрны хаалганы цоожны гол сольсон, мөн орчны бохирдолтой, хүнсний муудсан бараа бүтээгдэхүүний үнэртэй, ялаа батгана ихтэй байсан нөхцөлөөс хамаарч “эмийн үйлдвэр” явуулах стандарт нөхцөл тохирохгүй, эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон гэж дүгнээд байгаа нь хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргалаа. Шүүх хуралдаанд хариуцагч тал илт худал ярьж, тайлбарласнийг шийдвэрт тусгасанд гомдож байна. Цэвэрлэгээгээ хийж дуусчихаад тусгай зөвшөөрлөө хөөцөлдөнө гэж түлхүүрээ орхиод явсан байгууллагын цоожны голыг солих ямар ч шаардлага байхгүй, цоож урьдын хэвээр байхад 2017 оны 09 дүгээр сард гэрээ цуцлах тухай хариуцагч тал мэдэгдсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Түрээсийн гэрээний 3.11-д заасны дагуу МЦ ХХК нь түрээсийн гэрээ цуцлах саналаа түрээслүүлэгчид мэдэгдээгүй, энэ талаар нотлох баримтаа шүүхэд өгөөгүй байхад 2017 оны 09 дүгээр сард цуцлах тухайгаа мэдэгдсэнийг шүүх ямар баримтаар нотолсон нь ойлгомжгүй. МЦ ХХК нь нэхэмжпэгчийн эзэмшиж буй талбайг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасантай харшлаагүй, хүчин төгөлдөр гэрээ болно. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн зориулалттай барилгын тусгаарлагдсан нэг хэсэг юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч МЦ ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 7 240 000 төгрөг, алданги 4 288 250 төгрөг,  халаалтын төлбөр 1 336 500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 900 000 төгрөг, нийт 14 764 750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Ажлын байр түрээслэх гэрээ”-гээр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Да хүрээ 64 хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай барилгын 2 дугаар давхарын 150 кв.м талбайг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс эхлэн нэг жилийн хугацаагаар, МЦ ХХК-д түрээслүүлж, эмийн үйлдвэрийн зориулалтаар ашиглуулахаар, түрээсийн төлбөрийг эхний 3 сард 700 000 төгрөг, 4 дэх сараас сарын 800 000 төгрөгөөр харилцан тохиролцсон, түрээсийн барьцаанд 800 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй.

Хариуцагч түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй байсан тул үйл ажиллагаа явуулаагүй, 2017 оны 09 дүгээр сард уулзаж, байрыг түрээслэхгүй талаар хэлсэн гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж, маргасан.

Зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцсэн боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнэсэнийг зөвтгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, түрээсэлсэн тухайн байр нь бие даасан обьект биш үйлдвэрийн зориулалтай барилгын нэг хэсэг тул түрээсийн гэрээг улсын бүртгэлд заавал бүртгүүлэх шаардлагагүй тул гэрээ хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түрээсийн гэрээ байгуулагдсан хугацаагаар төлбөр төлөх ёстой гэж тодорхойлсон. Хэрэгт авагдсан түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хариуцагчийн хүсэлт, түүний хавсралт бүхий /х.х-ийн 11 дүгээр тал/ нотлох баримтаас үзэхэд хариуцагч байгууллага нь тухайн байрыг түрээсийн гэрээний хугацааны турш эзэмшилдээ байлгасан, ашигласан гэх үйл баримт тогтоогдсонгүй. Харин Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар өөрөө нотолгооны хэрэгсэл болох тул гэрч Л.Түмэнжаргалын мэдүүлэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Ц-ны тайлбараас 2017 оны 9 дүгээр сар хүртэл тухайн байранд байсан гэх үйл баримт тогтоогдсон гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс  хариуцагчийн энэ тайлбарыг няцаасан баримт шүүхэд ирүүлсэн нь тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй. Хариуцагч нь 2017 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Түрээсийн гэрээнд зааснаар талууд түрээсийн төлбөрийг 2017 оны 08 сараас 800 000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон байх тул 2017 оны 06, 07 дугаар сарын түрээсийн төлбөрийг сарын 700 000 төгрөгөөр тооцон 1 400 000 төгрөг, 2017 оны 08, 09 дүгээр сарын түрээсийн төлбөрт 1 600 000 төгрөг нийт 3 000 000 төгрөг төлөхөөс барьцаа 800 000 төгрөгийг хасч, 2 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь өөртөө авсан өмгөөллийн үйлчилгээний хөлс 1 900 000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2018/02398 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МЦ ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 2 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 564 750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтад “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч МЦ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 50 150 төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 774 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.ИЧИНХОРЛОО

                                                   ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                               Д.БАЙГАЛМАА